Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 236

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Ц.Батбямба,

Шүүгдэгч Р.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Цд холбогдох эрүүгийн 1911 02997 0003 дугаартай хэргийг 2020 оны 01 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Таван хошуу овогт 1997 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг, Ягаан толгойн 37-383 тоотод оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 7-402 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЙН97120716/.

 

Шүүгдэгч Р.Ц нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2019 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 23 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Согоотын 59-778 тоотод хохирогч Б.Даваацэндтэй “ээжийг нь уруу татаж архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар орноос татаж унагаан эрүүл мэндэд нь зүүн тал бөмбөлгийн тархмал хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, цусан хурааг авах мэс заслын дараах байдал, бугалга, эгэмд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Р.Цаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Р.Цаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-60-61/ “..2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай найз Мөнхжаргалын хамт ээжийгээ хайгаад манай гэрийн хажууханд байдаг Баатар гэх айлд оройхон 22-23 цагийн орчим ороход ээж Энх-Амгалангийн хамтран амьдрагч Даваацэнд зүүн талын орон дээр суучихсан, Баяраа ах баруун талын орон дээр суучихсан, Баатар нь тасарчихсан суугаа байдалтай унтаж байсан. Гэрт ороод ээжийгээ асуухад мэдэхгүй гэж хэлж байсан ба Мөнхжаргал бид хоёр тамхи татаад хийж өгсөн архинаас нь амсаад байж байтал Даваацэнд ээжийг доромжлоод, танай ээж бол архичин, банзал гэх мэтээр доромжлоод байхаар нь би уур хүрээд орон дээр сууж байхад нь очоод энгэрээс нь барьж аваад урагш нь угзарч татаад газар унагаахад хойшоо саваад дагз хэсгээрээ хивсэн дээр саваад унасан. Тэгтэл найз Мөнхжаргал болон Баяраа хоёр боль гэхээр нь би болиод шууд гэрээс нь гараад явсан..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Даваацэндээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-13-14/ “..Энх-Амгалан тухайн гэрт байхгүй байсан. Гэтэл гаднаас Цэнд-Аюуш нэг үл таних найзтайгаа хамт Баатарын гэрт орж ирээд надаас ээж хаана байна, чи дандаа ээжийг доромжилдог гэж хэлээд сууж байснаа гэнэт босож ирээд намайг заамдаж аваад миний баруун, зүүн чамархай, толгой руу ээлжлэн 3-4 удаа цохисон чинь Баяраа дундуур орж ирээд салгасан санагдаад байгаа юм. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд Цэнд-Аюуш гэрт байхгүй, Баяраа хойморт суучихсан би гэрийн зүүн талд буюу Цэнд-Аюуштай ноцолдож байсан газартаа шалан дээр сэрсэн. Өөрийн хүү Даваадоржийн гэрт очиход Тамир гэх Даваадоржийн найз байсан. Би болсон асуудлын талаар хэлэхэд охин Оюунцэцэгийг дуудсан. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлээд тархины цус хуралттай гэсэн оноштойгоор хагалгаанд орж, хэвтэж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эмнэлгээс гарсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Мөнхжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ : /хх-18-19/ “..тус өдрийн орой 18-19 цагийн үед өөрийн найз Цэнд-Аюуштай Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр "Union" нэртэй интернет тоглоомын газарт уулзаад бид 2 манай гэрт очоод хамтдаа 2.5-литрийн Боргио пиво хувааж уугаад сууж байсан чинь Цэнд-Аюуш 2 уулаа манай гэр лүү явъя гэж хэлэхээр нь дагаад гэрлүү нь яваад очсон чинь гэрт нь хүн байхгүй байсан. Цэнд-Аюуш манай ээжийг хайя, энэ нэг ойрхон айлд байгаа байх гэж хэлээд гэрээс нь холгүй Баатар гэх хүний гэрлүү яваад орсон чинь Цэнд-Аюушийн ээжийн нь найз Даваацэнд болон үл таних 2 эрэгтэй хүний хамт архи нэлээн уусан байдалтай нэг эрэгтэй нь бүр тасраад уначихсан гэрийн баруун талын орон дээр суучихсан байхаар нь Цэнд-Аюуш ээж хаана байна гэсэн чинь Даваацэнд мэдэхгүй, ээж чинь орж ирээгүй гэж хэлсэн чинь Баяраа гэх хүн архи ууцгаа дүү нар гэж хэлээд стканд архи хийгээд бид 2-т өгөхөөр нь бид хоёр уугаад сууж байсан чинь Даваацэнд гэнэт чиний ээж чинь архичин шдээ гэж хэлсэн чинь Цэнд-Аюуш уурлаад, миний ээж архичин биш шүү, та битгий давраад байгаарай, битгий ээжийг уруу татаж уугаад бай гэж хэлсэн. Даваацэнд сууж байсан зүүн талын орон дээрээс босож зогсоод гараараа Цэнд-Аюушийг чичлээд “чи ёстой нээрээ” гээд байсан чинь Цэнд-Аюуш тухайн хүний зүүн талын цээжнээс нь зулгаагаад өөрлүүгээ татаад, буцаагаад түлхсэн чинь Даваацэнд газар уначихсан чинь Баяраа гэх хүн тэр хоёрын дундуур орсон чинь Цэнд-Аюуш нь Даваацэндийн хөл рүү 1 удаа өшиглөхөөр нь явъя гээд найзыгаа аваад тухайн гэрээс гарсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Баяраагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-20-21/ “..орой 21-22 цагийн үед гаднаас Энх-Амгалангийн хүү Цэнд-Аюуш нэг үл таних хүнтэй хамт ороод ирсэн зогсож байснаа Даваацэндтэй маргалдаад байгаа бололтой чанга, чанга дугаар яриад байхаар нь би эргээд харсан чинь Даваацэнд гэрийн зүүн талын орон дээр суучихсан байхад нь Цэнд-Аюуш 2 хөлөөс нь татаж байгаад орон дээрээс унагаах үед би явж очоод боль хөгшин, настай хүнийг гэж хэлсэн чинь Цэнд-Аюуш нь Даваацэндийн хөл рүү өшиглөөд хамт ирсэн хүнтэйгээ гэрээс гараад яваад өгсөн. Би Даваацэнд дээр очоод зүгээр үү гэсэн чинь, би зүгээрээ хөл жоохон эвгүй байна. Бие бадайраад байна, давгүй юм шиг байна гэхээр нь тэр өдөртөө унтаж амараад өглөө би хүүхдүүдэд нь мэдэгдээд таксинд Даваацэндийг суулгасан. Даваацэнд дээшээ хараад, толгой нь зүүн талаараа унах шиг болсон санагдаад байна..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Даваадоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-32-33/ “..2019 оны 11 дүгээр сарын 11-ний орой 23 цагийн орчим байх ажил дээрээ байхад манай эгч Оюунцэцэг над руу яриад аавын бие өвдөөд байна гэж найз нь ярилаа, би ажилтай байна, чи нэг ярь гэхээр нь аавынхаа 88648045 гэсэн дугаар луу залгахад найз нь гэх нэг утсыг нь аваад аавч инь ухаан алддчихлаа, одоо бол сэргээд зүгээр болчихсон байна гээд намайг аавтай яриулсан. Тэгэхэд аав Даваацэнд надтай яриад би одоо зүгээрээ, сая толгой эргээд ойчсон юм, одоо санаа зоволтгүй гэж хэлэхээр нь би за гэж хэлээд утсаа салгасан. Түүнээс хойш 3 хоногийн дараа  буюу 11 дүгээр сарын 14-ний өглөө 11-12 цагийн орчим байх аав над руу өөрийнхөө утсаар залгаад аавынх нь бие өвдөөд байна гэж хэлэхээр нь би ажилтай байсан учраас шууд манай гэр лүү буюу Баянмонгол хороолол руу такси бариад оччих гэж хэлсэн. Тэгээд би ажлаа хийж байгаад 15-16 цагийн орчим эгч Оюунцэцэгтэй яриад 1 дүгээр эмнэлэг дээр аавыг үзүүлж байхад нь очсон. Тэгээд эгч бид хоёр үзүүлж, харуулаад гэмтэл байна гэсэн онош гарсан учир Гэмтлийн эмнэлэг рүү авч очиж хэвтүүлэн маргааш нь тархины мэс засалд орсон. Гэмтлийн эмнэлэг дээр очсон хойноо эгч Алтанзулд хамтран амьдаргчийн хүүхэд болох Аюушд зодуулчихсхан гэж хэлсэн байсан..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №13875 дугаар дүгнэлтэнд: /хх-35-37/ “..1. Б.Даваацэндийн биед зүүн тал бөмбөлгийн тархмал хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, цусан хурааг авах мэс заслын дараах байдал, бугалга, эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна..” гэх дүгнэлт,

 

Шинжээч эмч Ц.Нандинцэцэгээс мөрдөн шалгах ажиллаганы үед мэдүүлэхдээ: /хх-38-39/ “..Тархин дахь гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цохих, цохигдох үйлчлэлийн аль алинд нь үүсэх болно. Энэ гэмтэл авснаас хойш толгой эргэх, өвдөх, дотор муухайрах, тэнцвэргүйтэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Цусан хураа нь илүү ихээр нэмэгдэж тархи дарагдвал үхэлд хүргэж болно..” гэх мэдүүлэг, Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б.Даваацэндийн өвчний түүх, Толгойн тодосгогчгүй компьютер томографийн шинжилгээний хариу /хх-41-43/, шүүгдэгч Р.Цийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-62/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-63/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-65/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Р.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 23 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Согоотын 59-778 тоотод  хохирогч Б.Даваацэндтэй “ээжийг нь уруу татаж архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар орноос татаж унагаан зүүн тал бөмбөлгийн тархмал хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, цусан хурааг авах мэс заслын дараах байдал, бугалга, эгэмд цус хуралт бүхий гэмтэл үүсгэжээ.

Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хүнд хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийг орноос татаж унагаан, үүний улмаас түүнд хүнд зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөн түүнчлэн хохирогчийн зүй бус үйлдэл буюу түүний зүгээс шүүгдэгчийн ээжийг хэл амаар доромжилсон зэрэг байдлуудыг тухайн үед гаргаж байсан байсан боловч түүний улмаас шүүгдэгч Р.Цийн санаа сэтгэл хүчтэй цочирон давчидсан байдал хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Тэрээр хэрэг болсон газар ирэхээс өмнө найзын хамт пиво уусан байсан бөгөөд тухайн гэрт байсан хүмүүсээс архи хундгалж өгөхөд уусан, тухайн болсон асуудлуудыг бүрэн мэдэж байсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, мөн гэрч А.Мөнхжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-18-19/ “..2.5-литрийн Боргио пиво хувааж уугаад сууж байсан чинь Цэнд-Аюуш 2 уулаа манай гэр лүү явъя гэж хэлэхээр нь дагаад гэрлүү нь яваад очсон чинь гэрт нь хүн байхгүй байсан. Цэнд-Аюуш манай ээжийг хайя, энэ нэг ойрхон айлд байгаа байх гэж хэлээд гэрээс нь холгүй Баатар гэх хүний гэрлүү яваад орсон чинь Цэнд-Аюушийн ээжийн нь найз Даваацэнд болон үл таних 2 эрэгтэй хүний хамт архи нэлээн уусан байдалтай нэг эрэгтэй нь бүр тасраад уначихсан гэрийн баруун талын орон дээр суучихсан байхаар нь Цэнд-Аюуш ээж хаана байна гэсэн чинь Даваацэнд мэдэхгүй, ээж чинь орж ирээгүй гэж хэлсэн чинь Баяраа гэх хүн архи ууцгаа дүү нар гэж хэлээд стканд архи хийгээд бид 2-т өгөхөөр нь бид хоёр уугаад сууж байсан чинь Даваацэнд гэнэт чиний ээж чинь архичин шдээ гэж хэлсэн чинь Цэнд-Аюуш уурлаад, миний ээж архичин биш шүү, та битгий давраад байгаарай, битгий ээжийг уруу татаж уугаад бай гэж хэлсэн. Даваацэнд сууж байсан зүүн талын орон дээрээс босож зогсоод гараараа Цэнд-Аюушийг чичлээд “чи ёстой нээрээ” гээд байсан чинь Цэнд-Аюуш тухайн хүний зүүн талын цээжнээс нь зулгаагаад өөрлүүгээ татаад, буцаагаад түлхсэн чинь Даваацэнд газар уначихсан чинь Баяраа гэх хүн тэр хоёрын дундуур орсон чинь Цэнд-Аюуш нь Даваацэндийн хөл рүү 1 удаа өшиглөхөөр нь явъя гээд найзыгаа аваад тухайн гэрээс гарсан..” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Р.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Даваацэндээс мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрт учирсан хохирол гэж Толгойн томографик зураг авахуулсан 180.000 төгрөг, хагалгааны төлбөрт 450.000 төгрөг /дансаар шилжүүлсэн/, гавал ясны титан суулгац 600.000 төгрөг /бэлнээр/, сахиур 50.000 /дансаар/ асаргааны төлбөрт 1.350.000 /бэлнээр болон дансаар/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ор хоног 145.494 төгрөг, хагалгааны дараах боолт, физик нөхөн сэргээх эмчилгээ 448.000 төгрөг, эм тарианд 1.754.213 төгрөг, амбулторын өдрийн эмчилгээ 825.000 төгрөг нийт 5.802.707 төгрөгийг шүүгдэгч Р.Цаас нэхэмжилж холбогдох баримтыг гаргаж өгчээ.

 

Шүүхээс дээрх хохирогчийн гаргаж өгсөн баримтаас нотлох баримтын шаардлага хангасан /хх-99-111/ 1.547.250 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгуулахаар шийдвэрлэж, үлдэх 4.255.457 төгрөгийг холбогдох нотлох баримтын шаардлага хангасан баримтаа хэрэгт ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж хэлэлцээгүй баримт болон цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулинд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдаанаас шүүгчдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлөх талаар хүсэлт гаргаж, түүнийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан ажлын 2 хоногийн хугацаанд шүүхээс гаргуулсан хохирол болох 1.547.250 төгрөгийг тус шүүхийн төрийн сангийн 100900005406 дугаар хохирлын мөнгө байршуулах дансанд төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн тул тус шүүхийн төрийн сангийн 100900005406 дугаартай хохирлын мөнгө байршуулах данснаас 1.547.250 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Даваацэндэд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Р.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Р.Цд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч Р.Цд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Шүүгдэгч Р.Цаас цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Таван хошуу овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Цд оногдуулсан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохиролд хохирогчоос нэхэмжилсэн 5.802.707 төгрөгийн нэхэмжлэлээс 4.255.457 төгрөгийг хэлэлцэлгүй орхиж, тус шүүхийн төрийн сангийн 100900005406 дугаартай хохирлын мөнгө байршуулах данснаас 1.547.250 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Даваацэндэд олгож, нэхэмжлэлээс хэлэлцэлгүй орхисон 4.255.457 төгрөг болон хохирогчийн биед гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг цаашид эмчлүүлэхтэй холбон гарах зардлыг хохирогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулинд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үйлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Р.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.МӨНХБАЯР