| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0161/Э |
| Дугаар | 180 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 180
2020 03 05 2020/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
Улсын яллагч Ц.Хулан,
Шүүгдэгч Т.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Т.Бд холбогдох эрүүгийн 2011001400065 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Шарнууд овогт Т.Б, Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо С.Шаравын гудамж, “Мичид Алтай” ХХК-1 тоотод оршин суух,
Урьд: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ..................
/холбогдсон хэргийн талаар/
Шүүгдэгч Түмэнцогтын Билгүүн нь 2020 оны 01 дүгээр сарын 04-05-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ойн булаг” амралтын газарт иргэн Ч.Ононтой “ахмад хүнээ хүндэлсэнгүй” гэх зэргээр маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн гэмтэл цус хуралт зүүн гайморын хөндийн өмнөд болон дотор хана, хамрын зүүн хажуу хана цөмөрсөн хугарал, зүүн ухархайн доод ханын хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би найзуудтайгаа “Ойн булаг” гэх амралтын газар руу явсан. Гэтэл Х.Намхайнямбуу гэдэг найз ирсэн байсан. Би Х.Намхайнямбууг ирсэн гэдгийг нь мэдээгүй байсан. Тэгээд манай хажуу гэрт ирсэн байна гэхээр нь орсон чинь дүү нь нилээн согтуу байсан. Тэгээд дүүтэй нь жоохон маргалдаад яг гарах гэж байсан чинь куртикнээс зулгаагаад энгэрийг нь урсан байсан. Буцаад гэр рүү ортол хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би ганц л цохисон. Өөр зүйл болоогүй” гэв.
Хохирогч Ч.Ононгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн хуурай ах Намхайнямбуутай 18 цагийн үед уулзаад цагтаа амралтанд явахаар болоод Намхайнямбуу ах “Ойн булаг” гэдэг амралтанд манай найзууд байна, тийшээ явъя” гэхээр нь өөрийн найз Ану, Хүслэн нартай хамт бид дөрөв Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ойн булаг” нэртэй амралт руу 2 шил виски авч яваад 1 шилийг нь хувааж уугаад амралтын газар очиж ууцгаагаад сууж байсан чинь Намхайнямбуу ах найзууд дээрээ ороод ирье гэж гараад буцаж орж ирэхдээ Билгүүн, Бадамсэд, Ангараг нар орж ирсэн. Тэгээд бид нар хоорондоо мэндлээд сууцгааж байсан чинь Бадамсэд гэх залуу “чи намайг хүндэлсэнгүй, чи намайг мэдэх үү, таних уу” гэхээр нь “таныг мэднэ, танина, Намхайнямбуу ахын найз нь гэж сонссон” гэсэн чинь тэд нар над руу уурлаад орилсон чинь Намхайнямбуу ах Билгүүн, Ангараг хоёрыг авч гарсан чинь удалгүй Билгүүн нь орж ирээд миний хамар луу цохиод авсан. Тухайн үед миний хамар хугарсныг би мэдсэн учир нь хамрын яс дуу гараад цус гараад эхлэхээр нь би найз Анудаа утсаа өгөөд цагдаа дууд гэж хэлсэн юм. Билгүүн гэх залуу намайг цохиж зодсон бөгөөд миний биед гэмтэл учруулж, миний хамар луу 1 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-9-11х/,
Гэрч Х.Намхайнямбуугаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 18 цагийн үед ...Онон, Ану, Хүслэн нартай хамт “Ойн булаг” амралтын газар очсон чинь манай 10 жилийн ангийнхнаас Билгүүн, Мөнхжин, Ангараг, Бадамсэд нар архи уусан байдалтай байсан бөгөөд Онон бид 2 өөрсдийн захиалсан гэрт Ану, Хүслэн гэх охидуудтай хамт нэг шил виски задалж уугаад Онон гэрийн хойморт суусан чинь Билгүүн Онон руу “Чи ахмад хүмүүс байхад хүн хүндлэхгүй, хойморт гарч суулаа” гэж хэлээд жоохон уурлаад байхаар нь би Ангараг, Билгүүн хоёрыг гэрээс авч гараад зогсож байсан чинь Билгүүн буцаж гэр лүү орохоор нь удалгүй би хойноос нь яваад орсон чинь Ононгийн хамарнаас нь цус гарчихсан байхаар нь би уурлаад Ононг өөрийн гэр лүүгээ дагуулж орж хэвтүүлээд ...миний бодлоор Билгүүн цохисон байх гэж бодоод байна, учир нь Билгүүн тухайн үед ууртай Ононтой маргалдсан болохоор ...” гэсэн мэдүүлэг /хх-14-15х/,
Гэрч Б.Бадамсэдээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...бид дөрөв Ононтой мэндлээд юм яриад сууж байсан чинь Онон хараалын үг хэлж яриад байхаар нь Билгүүн “чи ахмад хүнийг хүндлэхгүй, ямар том дуутай юм бэ” гээд уурласан чинь Ангараг бас Онон руу зандарч загнасан чинь Намхайнямбуу Билгүүн, Ангараг хоёрыг гэрээс аваад гарсан. Гэтэл түд удалгүй Билгүүн буцаж орж ирээд Ононгийн хамар, нүүр, лүү нэг удаа гараараа цохисон чинь Ононгийн хамарнаас цус гараад эхэлсэн бөгөөд би тэр хоёрыг хоёр биенээс нь холдуулаад гэрээс аваад гарсан ...Ононгийн биед Билгүүн л гар хүрч нүүр лүү нь 1 удаа цохисон. Намхайнямбуу, Ангараг 2 гадаа байсан. Гэр дотор нэг охин, Онон бид 3 л байсан ...” гэх мэдүүлэг /хх-16-17х/,
Гэрч А.Ангарагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд Онон бид гурвыг наашаа суу гэхээр нь “Чи ахмад хүнтэй ингэж ярьж болохгүй” гээд жоохон уурласан чинь Намхайнямбуу, Билгүүн бид хоёрыг аваад гарсан. Тэгээд Намхайнямбуутай юм яриад зогсож байсан чинь Билгүүн түрүүлж гэр лүү ороод удалгүй араас нь яваад орсон чинь Онон гэх залуугийн хамарнаас нь цус гарсан байхаар нь Билгүүнийг Бадамсэд бид 2 аваад өөрсдийн гэр лүүгээ дагуулж ороод ...Тухайн үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн болохоор хэн ч мэдээгүй, ямар ч эд зүйлс эвдрээгүй ...” гэх мэдүүлэг /хх-18-19х/,
Гэрч А.Анугаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тэгээд удалгүй Хүслэнгийн найз залуу ирээд Хүслэнг дагуулаад яваад өгсөн. Гэтэл Ононтой нэг өндөр залуу муудалцаад байхаар нь Намхайнямбуу хоёр залууг нь дагуулж авч гарсан чинь удалгүй өндөр залуу нь орж ирээд Ононгийн нүүр лүү цохисон чинь Ононгийн хамарнаас цус гарахаар нь би дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-20-21х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1123 тоот дүгнэлтэд:
“1.Ч.Ононгийн биед зүүн дээд доод зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, зүүн гайморын хөндийн өмнөд болон дотор хана, хамрын зүүн хажуу хана цөмөрсөн хугарал, зүүн ухархайн доод ханын хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно.
4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-23-24х/,
Шүүгдэгч Т.Бий иргэний үнэмлэхний лавлагаа /хх-53х/, Э
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46х/,
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-49-50х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Түмэнцогтын Билгүүн нь 2020 оны 01 дүгээр сарын 04-05-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ойн булаг” амралтын газарт иргэн Ч.Ононтой “ахмад хүнээ хүндэлсэнгүй” гэх зэргээр маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн гэмтэл цус хуралт зүүн гайморын хөндийн өмнөд болон дотор хана, хамрын зүүн хажуу хана цөмөрсөн хугарал, зүүн ухархайн доод ханын хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Т.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзээд түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ч.Ононгоос: “...Т.Бээс хохирол, цаашид хийгдэх эмчилгээний зардлын мөнгө болох 2.000.000 төгрөг авсан ...одоо уг асуудалтай холбоотой гэм буруу болон хохирлын ямар нэг маргаангүй болсон ...” гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.