Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 715

 

 

 

 

 

 

 

 

 

         Г.Т-рт холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                             

            прокурор М.Цэнд-Аюуш,

            ялтан Г.Т-рийн өмгөөлөгч Д.Дарханбаатар,

            хохирогч Ж.Н-ж,

            хохирогч Ц.Э-н, түүний өмгөөлөгч Б.Төмөрбаатар,

            иргэний нэхэмжлэгч Б.Бямбажаргалын өмгөөлөгч Б.Баттөр,

            иргэний нэхэмжлэгч “Тайган булаг” ХХК-ийн төлөөлөгч Т.Багахүү,  

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Т-рийн өмгөөлөгч Д.Дарханбаатар, хохирогч Ц.Э-н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Т-рт холбогдох 201525011931 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Хотгойд овгийн Гантөмөрийн Г.Т-р, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1985 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; эхийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжны 15/1 байрны 28 тоотод оршин суух албан ёсны хаягтай, хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива Сити” хорооллын М-5-3-5 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ФА85082713/

Г.Т-р нь 2015 оны 1 дүгээр сард Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Энхбатад “баригдаж байгаа орон сууцнаас байр авч өгнө” гэж хуурч мэхлэн 62,000,000 төгрөг авсан,

2015 оны 2 дугаар сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бумбат” барилгын материалын дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулдаг Л.Бат-Эрдэнээс “холбоо дохиолол, барилгын цахилгааны материал зээлээр авна” гэж хуурч мэхлэх, илтэл эвдэх аргаар 10,980,000 төгрөг бараа, материал авсан,

2015 оны 5 дугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагийн гүүрний орчим хохирогч Э.Мөнхтулгын эзэмшлийн “Ланд круйзер-80” загварын, 88-54 УБГ улсын дугаартай автомашиныг “7 хоног хэрэглээд өгье” гэж хуурч мэхлэн авч, бусдад зээлийн барьцаанд тавьж 16,000,000 төгрөгийн,

2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Э-ны эзэмшлийн 81-18 ӨМӨ улсын дугаартай, “Ланд круйзер-76” загварын автомашиныг “Хятадуудад зарж мөнгө өгнө” гэж хуурч мэхлэх аргаар залилан авч 66,000,000 төгрөгийн,

2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” зах дээр хохирогч Д.Доржпүрэвээс “барилга бариулж байгаа, мөнгө нь орж ирэхээр үнийг нь төлнө” гэж хуурч мэхлэх аргаар “Toyota Harrier” загварын автомашиныг залилан авч 26,000,000 төгрөгийн,

2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Н-жийн 93-31 УНЯ улын дугаартай, “Тоёота Тундра” загварын  автомашиныг “худалдаж авна” гэж хуурч мэхлэн өөрийн нэр дээр шилжүүлэн авч, барьцаалан зээлдүүлэх газар зээлийн барьцаанд тавьж 17,500,000 төгрөгийн хохирол учруулж, давтан үйлдлээр залилан мэхэлж бусдад нийт 198,480,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн сэжигтнээр тооцогдож, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 128 хоног мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Т-рийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Г.Т-рт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон өөрчилж,

Г.Т-рийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 91 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн “Ланд Круйзер-76” загварын, 14-88 УБП улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Б.Бямбажаргалд, “Toyota Harier” загварын, 32-20 УБП улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Э.Чүлтэмдоржид тус тус буцаан олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх
хэсэгт зааснаар Г.Т-рийн хувьд ногдох хөрөнгөөс 90,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Э-нд 66,000,000 төгрөг, хохирогч Д.Доржпүрэвт 24,000,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Ялтан Г.Т-рийн өмгөөлөгч Д.Дарханбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Г.Т-рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “хохирогч нарт учирсан хохирлыг төлөөгүй байдал нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно” гэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасан заалтыг зөрчиж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Г.Т-р нь “Эс девелопмент” ХХК болон “Ноёд констракшн” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж холбоо, дохиолол, цахилгааны холболтын ажил хийж гүйцэтгэсэн ба энэ ажлыг хийж гүйцэтгэхэд Г.Т-рт хөрөнгө мөнгө шаардлагатай болсон тул хохирогч Д.Доржпүрэвийн “Toyota Harier” загварын автомашин, хохирогч Ц.Э-ны “Ланд круйзер-76” загварын автомашиныг тус тус авч бусдад худалдаж холбоо, дохиолол, цахилгааны материал худалдаж авч гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг.

Г.Т-р нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээд хэлэлцэн тохирсон хөлсөө аваад хохирогч Д.Доржпүрэв, Ц.Э-н нарын мөнгийг өгөх байсан боловч өнөөдрийг хүртэл хэлэлцэн тохирсон хөлсөө “Эс деволопмент” ХХК, “Ноёд констракшн” ХХК-иас авч чадаагүйн улмаас хохирогч Д.Доржпүрэв, Ц.Э-н нарт төлөх төлбөрөө төлж чадаагүй юм. Г.Т-р нь дээрх компаниудаас хэлэлцэн тохирсон хөлсөө авсан тохиолдолд бусдад учруулсан хохирлоо бүрэн төлөх боломжтой. Мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан үзэж Г.Т-рт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Ц.Э-н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... өөрийн эзэмшлийн “Ланд крузер-76” загварын автомашинаа 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 65,000,000 төгрөгөөр Г.Т-рт худалдах, худалдан авах гэрээ байгуулан өгсөн боловч залилан мэхлүүлсэн.

Би “Бодиз автомотив” ХХК-иас 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Тоёота Ланд крузер-76” автомашиныг 93,300,000 төгрөгөөр худалдан авч байсан ба хууль ёсны эзэмшигч, өмчлөгч юм. Харин Г.Т-ртэй хийсэн автомашин худалдах, худалдан авах гэрээ нь хууль бус, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хүчин Г.Т-р бус гэрээ байх тул өөрийн өмчлөлийн “Тоёота Ланд крузер-76” автомашиныг нэхэмжлэн авах эрхтэй гэж үзэн иргэний нэхэмжлэл гаргасан билээ.

Анхан шатны шүүх миний гаргасан иргэний нэхэмжлэлийн шаардлага болох “Г.Т-ртэй 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин Г.Т-р бусад тооцож, “Тоёота ланд крузейр-76” загварын, хар саарал өнгөтэй, JTEEB71J307013859 арлын дугаар бүхий 14-88 УБП улсын дугаартай автомашины хууль ёсны эзэмшигч нь Ц.Э-н болохыг тогтоож өгнө үү” гэсэн талаар шийтгэх тогтоолдоо хэрхэн шийдвэрлэсэн талаар огт дурьдаагүй болно.

Г.Т-р нь миний машиныг залилан мэхэлж аваад зах зээлийн үнээс хамаагүй хямд Б.Бямбажаргалд худалдан борлуулсан ба мэдээж Ц.Э-ны автомашиныг залилан мэхэлж аваад зарж байна гэж хэлэхгүй нь ойлгомжтой юм.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний “Тоёота Ланд Крузейр-76” загварын автомашиныг олгож, хохиролгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогч Ц.Э-ны өмгөөлөгч Б.Төмөрбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Э-ныг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Шүүхийн шатанд Ц.Э-н иргэний нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу хууран мэхлэх хэлцлээр Г.Т-р нь автомашиныг залилж авсан тул автомашинаа буцааж авах талаар байсан. Гэтэл шүүх түүний “Ланд круйзер 76” автомашины хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шийтгэх тогтоолд хэрхэн шийдвэрлэсэн талаараа дурдаагүй учраас шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.” гэв.

 

            Хохирогч Ж.Н-ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Т-рийн намайг залилан мэхэлсэн хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон. Шууданчийн буруугаас болоод миний давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрсөн. Би анхан шатны шүүх хуралдаанд дүүгийн хүүхэд тархины хагалгаанд орсны улмаас оролцож чадаагүй. Г.Т-р бид 2 нийлж Болдбаатар гэх хүнийг залилсан юм шиг буруу ойлголт, тайлбаруудыг шүүх бүрэлдэхүүнд өгөөд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Г.Т-р манай найзын “Тоёота Тундра” загварын автомашиныг гэрээ хийн 45,000,000 төгрөгөөр 3 сарын дотор өгнө гэж хэлээд авсан. Үүнээс болж манай найз 45,000,000 төгрөгөөр тооцсон “Тоёота Тундра” загварын автомашинаа иргэний нэхэмжлэл гаргаж Иргэний шүүхээр шийдвэрлүүлсэн. Би Г.Т-рөөс болж 67,000,000 төгрөгийн өрөнд орсон. Бусад хүмүүсийн хэргийг харахаар миний хэрэг ганцаараа залилах гэмт хэрэг биш гэж үзсэнд гомдолтой байна. Миний хэргийг хэрэгсэхгүй болгосноор ломбарданд байгаа 45,000,000 төгрөгийн үнэтэй “Тоёота Тундра” загварын автомашиныг зарж, борлуулах эрх нь нээгдсэн байх.” гэв.

 

            Иргэний нэхэмжлэгч Б.Бямбажаргалын өмгөөлөгч Б.Баттөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний нэхэмжлэгч Б.Бямбажаргал, хохирогч Ц.Э-н нарт холбогдох иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн. Учир нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шинэ өмчлөгч нь хэвээрээ үлдээд, гэмт хэрэг үйлдсэн этгээдээс тухайн хөрөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгийг гаргуулж, хохирогчид олгохоор заасан байгаа. Энэ зохицуулалтын дагуу шүүх шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Б.Бямбажаргал Г.Т-рөөс “Ланд круйзер 70” загварын автомашиныг худалдаж авсан. Гэтэл хохирогч Ц.Э-н нь анх цагдаагийн байгууллагад 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр автомашинаа бусдад залилуулсан талаар гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл Б.Бямбажаргал автомашиныг худалдаж авснаас хойш 3 сарын дараа гомдол гаргасан учир Б.Бямбажаргал анхнаасаа мэдэх боломж байгаагүй, шударга хэлцлийн үндсэн дээр автомашиныг худалдаж авсан. Г.Т-р, Ц.Э-н, Б.Бямбажаргал нарын удаа дараагийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогддог учраас Г.Т-р, Ц.Э-н нарт холбогдох “Ланд круйзер 70” загварын автомашины иргэний нэхэмжлэлтэй асуудлыг анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

            Иргэний нэхэмжлэгч “Тайган булаг” ХХК-ийн төлөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Г.Т-рт холбогдох гэм буруу болон эрүүгийн хариуцлагатай маргах зүйлгүй. Гэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Г.Т-р болон Ж.Н-ж нартай холбоотой асуудал залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүн, шинжгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэргийг хэрэгсэхгүй болгохдоо иргэний нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэх талаар шийтгэх тогтоолд тодорхой дурдсан зүйл байхгүй, орхигдуулсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхино, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй гэсэн заалтуудын дагуу тухайн шийтгэх тогтоолд “Тайган булаг” ХХК-ийг дахин иргэний журмаар Г.Т-р болон Ж.Н-ж нараас нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн битүүмжилсэн эд хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх талаар шийтгэх тогтоолд тодорхой дурдсан зүйл байхгүй.” гэв.

 

Прокурор М.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Г.Т-рт холбогдох залилан мэхлэх хэрэгт хохирогчоор тогтоох ёстой бүх хүмүүсийг тогтоож, залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх зарим үйлдлүүдийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэний журмаар шийдвэрлэх ёстой гээд хэрэгсэхгүй болгосон асуудал байгаа. Анхан шатны шүүх хуралдааны дараа би ээлжийн амралтаа аваад явсан хойгуур шийтгэх тогтоол гарсан. Хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын ярьж байгаагаар зарим зүйлийг шийтгэх тогтоолд дурдаагүй байна гэсэн. Би шийтгэх тогтоолыг уншаагүй учраас тодорхой ойлголтгүй байна. Оргон зайлсан асуудлын талаар шүүх хуралдаанд дүгнэлтээ хэлсэн. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө яллах дүгнэлт үйлдэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаанд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд оргон зайлсан асуудлыг гэмт хэрэг гэж үзээгүй учраас үүнийг хэрэгсэхгүй болгох саналаа шүүхэд тавьсан. Зөвхөн залилан мэхлэх гэмт хэрэгт гэм буруутай гэж шүүх үзсэн үйлдлүүд дээр нь ялын саналаа хэлсэн. Шүүхээс 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн шударга эзэмшигчдэд автомашиныг нь үлдээж, хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шүүх шийдвэрлээд шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял оногдуулсан.

Шийтгэх тогтоолд хохирогч болон өмгөөлөгч нарын яриад байгаа процессийн зөрчил, дутуу бичсэн зүйл байгаа бол давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Г.Т-рт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлуудад дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, хэргийн бусад оролцогчид гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд дараахь байдал тогтоогдов.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Т-рт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

1. Шийтгэх тогтоолоос үзэхэд “шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж яллах дүгнэлтээс холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” хэмээн дүгнэсэн боловч тогтоолын тогтоох хэсэгт тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох талаар заагаагүй. Мөн хохирогч С.Энхбат, Л.Бат-Эрдэнэ, Ж.Н-ж, Э.Мөнхтулга нарыг залилан мэхэлсэн гэх үйлдлүүдийг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ хэрэгсэхгүй болгосон тухайгаа заагаагүй байх тул Г.Т-рийн мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн, дээрх нэр бүхий дөрвөн хохирогчдыг залилан мэхэлсэн гэмт хэргүүдийг шүүх хянан хэлэлцээд ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэж үзэхээр байна.  

 

Г.Т-р нь хохирогч С.Энхбат, Л.Бат-Эрдэнэ, Ж.Н-ж, Э.Мөнхтулга нарын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан эсэх асуудлаар анхан шатны шүүхээс тодорхой шийдвэр гараагүй байх тул дээрх нэр бүхий дөрвөн хохирогчийн эд хөрөнгийг авсан нь залилах гэмт хэргийн шинжгүй гэсэн тогтоолын дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг хянах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэв.

 

2. Шийтгэх тогтоолоос үзэхэд Г.Т-р нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлээ заагаагүй, түүнчлэн Г.Т-рт хорих ялыг сонгон хэрэглэхдээ ямар хэмжээтэй оногдуулах үндэслэлээ тодорхой дүгнээгүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтуудад заасан шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг хангаагүй байна.

 

3. Шүүх, Г.Т-рийг хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагаагүй зүйлийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн нь мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэснийг ноцтой зөрчсөн байх тул энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авлаа.

 

4. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин гуравдугаар бүлэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааны нэг хэсэг болж хуульчлагдсан байхад шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсэний дараа гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны дундуур шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтэд үндэслэн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үе шат, дарааллыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Т-рт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан ялтан Г.Т-рийн өмгөөлөгч Д.Дарханбаатар, хохирогч Ц.Э-н нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.           

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Т-рт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Г.Т-рт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНСҮХ

 

ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

М.ПҮРЭВСҮРЭН