Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2012/0232/З |
Дугаар | 779 |
Огноо | 2017-10-25 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 779
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Тайж нар овогтой Т гийн Д
Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд: “Х ”
Гуравдагч этгээд: “И” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн ******дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг (С.Б)-ын нэр дээр бүртгэснийг хүчингүй болгуулж, Х ны зээлийн барьцаанд тавьсан барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Д , түүний өмгөөлөгч П. Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, иргэдийн төлөөлөгч Д.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ** тоот байрны ** тоот үйлчилгээний зориулалттай 200м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ******дугаарт бүртгэж, иргэн Тайж овогтой Сүхбаатарын Б ын өмчлөлд гэрчилгээ олгожээ. Үүнд:
• Нэхэмжлэгч Т.Д нь өмчлөлд бүртгэгдээд байгаа дээрх барилгатай холбоотой асуудлаар С.Б тай 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Иргэний хуульд заасны дагуу хэлцэл байгуулсан.
• С.Б хэлцэлд заасан үүргээ биелүүлээгүй тул Т.Д харьяаллын дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхэд 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өргөдөл гаргаж, уг өргөдлийн дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Иргэний хэрэг үүсгэх тухай 1907 дугаартай захирамжийг 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гаргасан.
• Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 3981 дүгээр захирамжийг 2011 оны ** дугаар сарын 15-ны өдөр гаргаж, С.Бт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үнэ 300.00 ам.доллар, түүнтэй тэнцэх хөрөнгийг битүүмжилсэн. Энэ захирамжид бичилт, техникийн алдаа гарсныг Баянгол дүүргийн шүүх 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 шүүгчийн захирамжаар залруулсан билээ. 2011 оны ** дугаар сарын 15-ны өдрийн шүүгчийн захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа байдалд шүүхийн анхаарлыг зориуд хандуулъя.
• Энэ маргааныг анхан шатны шүүх 2011 оны ** дугаар сарын 20-ны өдрийн 1135 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хүчингүй болгосон боловч Нийслэлийн шүүх 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 719 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, энэ асуудал өнөөдрийг хүртэл шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно.
• Хамтран ажиллагч С.Б, Т.Д нарын барьж гүйцэтгэж Улсын комисст хүлээлгэн өгсөн ** дүгээр объектыг дээр дурьдсанаар шүүх битүүмжилсээр атал Нийслэлийн Улсын бүртгэлийн байгууллага С.Бын нэр дээр гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн байна. Тухайлбал тухайн объектын үйлчилгээний зориулалттай 200м2 талбайг С.Бт өмчлүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлдээ он, сар, өдрийг зориуд онцолж байгаа нь:
• Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үндэслэл, огноо нь шүүхийн хүчин төгөлдөр эрхийн актыг зөрчсөн болохыг
• Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ерөнхий газрын 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн гэрчилгээ нь Монгол Улсын хууль, тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2-т заасныг мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг тус тус зөрчсөнийг нотолж буй юм.
Иймд энэхүү нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 4 дүгээр зүйлийн 4.1.9-т заасны дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, түүний баталгаа хангуулахаар гаргав.
Жич:
А. Дурдаж буй гэрчилгээнд ерөнхий дугаар авагдаагүй
Б. Энэ гэрчилгээ гарсан тухай Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар захирамжийг 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, шийдвэр биелүүлэх үйл ажиллагаа эхлүүлснээр мэдсэн болно.
Тусгайлан гаргах хүсэлт
Нэхэмжлэгч Т.Д нь төлбөрийн чадваргүй тул зохих хууль тогтоомжийн дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөхийг хүсье.
Эрхэм шүүгчид ээ хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг нөхөн сэргээж өгнө үү.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан бичмэл нотлох баримтын хэмжээнд гэрчилгээг нэхэмжлэгч тал гаргаж өгөх боломжгүй тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг баримтыг гаргуулна уу” гэжээ.
Нэхэмжлэгч Т.Д шүүхэд ирүүлсэн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Д гийн нэхэмжлэлтэй Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ дараахь тодруулгыг гаргаж байна. Үүнд:
Баянгол дүүргийн шүүх нь миний хүсэлтээр “***” ХХК-ий гүйцэтгэх захирал Бын өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ** тоот байрны ** тоот үйлчилгээний зориулалттай 200м2 объектийг 300.000 ам.долларийн үнийн дүнгийн хэмжээнд нийцүүлэн шүүхийн шийдвэрийг баталгаажуулах тухай 2011 оны ** дугаар сарын 15-ны өдрийн 3981 тоот захирамжид өөрчлөлт оруулахт тухай 2011 оны ** дугаар сарын 15-ны өдрийн 3981 тоот шүүгчийн захирамж тус тус гарсан.
Гэтэл Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь Баянгол дүүргийн шүүхийн дээрх захирамжаар хамгаалагдсан объектийг С.Бын хүсэлтээр банкны барьцаанд тавих боломж олгосноор дээрх объектийг барьцаалан банкнаас их хэмжээний зээл олгосон байна. Иймд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь хууль зөрчин Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ** тоот байрны ** тоот үйлчилгээний зориулалттай 200м2 объектийг Худалдаа, хөгжлийн банкны зээлийн барьцаанд давхардуулан тавих боломж олгосон үйлдлийг буруутайд тооцож өгнө үү.
Баянгол дүүргийн шүүхээс Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны ** дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 3981 тоот захирамж, 2012 оны 03 лугаар сарын 07-ны өдрийн захирамжид өөрчлөлт оруулах тухай 1638 тоот захирамжуудыг хэрэгжүүлэх талаар хийгдсэн ажиллагааны талаарх лавлагааг гаргуулан авч өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Т.Д шүүхэд ирүүлсэн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “.Д би Улсын бүртгэлийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан билээ. Энэхүү нэхэмжлэлд шүүхээс гаргуулахаар хүсэж буй шийдвэрийг тодорхойлоогүй байх тул үүгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
“***” ХХК-ийн захирал С.Батбаатаай байгуулсан 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлээр Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, III эмнэлгийн урд орших I, II давхартаа үйлчилгээний, дээрээ 48 айлын орон сууцны зориулалттай барилгыг хамтран барьж, дууссаны дараа 300.000 ам.долларын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний м.кв талбайг үл маргах журмаар шилжүүлэн авахаар тохиролцсон болно. С.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэгдэж байсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар дээрх үйлчилгээ, орон сууцны барилгыг битүүмжилсэн захирамж 2011 оны ** дугаар сарын 15-ны өдөр гарсан болно.
Гэтэл “***” ХХК-ийн хөрөнгөөр буюу уг компанийн бусадтай байгуулсан гэрээний үндсэн дээр олж авсан хөрөнгөөр бий болсон хөрөнгийг Шүүгчийн захирамж гарснаас хойш өөрийн нэрээр бүртгүүлсэн болон битүүмжилсэн хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалуулсан нь хууль бус гэж үзэж байна.
Иймд доорх шийдвэрийг гаргуулахаар шүүхээс хүсэж байна.
1. Үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн ******дугаарт бүртгэгдсэн хөрөнгийг С.Бын нэрээр бүртгэснийг хүчингүй болгуулах
2. Худалдаа, хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьсан барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүсэж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Т.Д нь гуравдагч этгээд болох “***” ХХК-тай 300,000 ам.долларыг гэрээ хийсэн. Үүний дагуу нэхэмжлэгч Т.Д нь Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нэгдсэн 3 дугаар эмнэлгийн ард орших 1-2 давхартаа үйлчилгээний зориулалттай, 48 айлын 12 давхар орон сууцыг барих, барилгын ажлын инженэрийн ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулсны дараагаар орон сууцаар сольж суутгахаар тохирсон. Нэхэмжлэгч эдгээр ажлаа ном журмын дагуу хийж гэрээний үүргээ биелүүлж, “***” ХХК хүлээн авсан ч гэрээний төлбөрийг хийгээгүй байх үедээ өөрийн өмчлөлд хууль бусаар шилжүүлэн “Х ” ХХК-ийн барьцаанд тавьж нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тул хууль бусаар бүртгэсэн улсын бүртгэлийн Ү*** тоот гэрчилгээ болон бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.
Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Т.Д гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Эрхийн улсын бүртгэлийн ******дугаартай, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол,/16081/, Энхтайваны өргөн чөлөө ** дүгээр байрны ** тоот үйлчилгээний зориулалттай барилгын хэсгийн өмчлөгчөөр иргэн С.Б бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар “Х ” –тай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна.
Иргэн С.Б нь манайд хандаж 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлэг гаргаж, уг мэдүүлэгтээ иргэний үнэмлэхний хуулбар, “*******” ХХК-ний албан бичиг үйлчилгээний байр бариулах гэрээ, улсын комиссын акт, фото зураг, схем зураг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, үйлчилгээний хөлс төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой, эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан байх тул уг нотлох баримтуудыг үндэслэн иргэн С.Бын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ******дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн *** тоот гэрчилгээ олгосон байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д зааснаар “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан байдаг.
Мөн уг үл хөдлөх хөрөнгө нь “Х ”-тай барьцааны гэрээ бүртгэлтэй байх тул “Х ”-ыг уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтэй байна. Тус газар нь холбогдох нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй байна.
Иймд иргэн С.Бт олгогдсон *** тоот гэрчилгээ, ******тоот бүртгэлийг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2011 онд уг үл хөдлөх хөрөнгийг С.Бын нэр дээр бүртгэхдээ бүх шаардлагатай бичиг баримтыг үндэслэн ү*** дугаартай гэрчилгээг гаргасан. С.Б нь өөрөө “***” ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигч тул албан бичгээр уг үл хөдлөх хөрөнгийг иргэн н.Бын нэр дээр бүртгэх боломжтой байсан. Гэвч 2011 онд бүртгэхдээ захиалгын гэрээ, төлбөр төлсөн баримт гэх зэргийг бүрдүүлэх шаардлагагүй байсан. Барилгын ажил явагдаж байхад бусад байгууллагуудтай хийсэн техникийн нөхцөл, архетектур төлөвлөлийн даалгавар зэрэг зарим баримтууд дээр н.У*******, н.Б******* нарын гарын үсэг зурсан байснаас үзвэл барилгын ажил явагдаж байх үед эдгээр хүмүүс ямар үүрэг даалгавартай ажиллаж байсан талаар нэхэмжлэгч Т.Д мэдэж байх магадлалтай. “***” ХХК-ийн 60 хувийн гүйцэтгэлтэй барилгыг бүртгэсний дараа 2010 оны 04 дүгээр сард битүүмжилсэн захирамж ирсэн бөгөөд 2010 оны 08 дугаар сард уг захирамжыг дахин сэргээсэн” гэжээ.
Гуравдагч этгээд “Х ” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Т.Д нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна.
Уг нэхэмжлэлтэй холбогдуулан 2012 оны ** дугаар сарын 18-ны өдрийн 966 тоот шүүгчийн захирамжаар тус банкыг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн хувийг гардуулсантай танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.
1. “***” ХХК нь тус банканд хандан хүсэлт гаргаж, захирал С.Б нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол/16081/, Энхтайваны өргөн чөлөө ** дүгээр байрны ** тоотод орших, Улсын бүртгэлийн ******тоот дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн *** тоот гэрчилгээтэй, 200м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай мөн дээрх хаягт орших ** дүгээр байрны 7 тоотод орших улсын бүртгэлийн Y-*** тоот дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн *** тоот гэрчилгээтэй, 200м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайг тус тус барьцаалан 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 151 тоот зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, зээлийн хувийн батлан даалтын гэрээнүүдийг байгуулан 200,000,000 (хоёр зуун сая) төгрөгийг зээлийн үндсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүү сарын 1.8 хувь, нэмэгдүүлсэн хүү сарын 0.36 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар авсан болно.
2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь хуульд заагдсан үндэслэл, журмын дагуу иргэн С.Бт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол/16081/, Энхтайваны өргөн чөлөө ** дүгээр байрны ** тоотод орших, 200м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгч болохыг бүртгэн, Улсын бүртгэлийн ******тоот дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн *** тоот гэрчилгээг мөн дээрх хаягт орших ** дүгээр байрны 7 тоотод орших 200м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгч болохыг бүртгэн, Улсын бүртгэлийн Y-*** тоот дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн *** тоот гэрчилгээнүүдийг тус тус олгосон байдаг.
3. “***” ХХК нь банкнаас зээл олгоход тавигддаг шаардлагыг бүрэн хангаж байсан тул тус банк нь дээрх 151 тоот зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн хувийн батлан даалтын гэрээнүүдийг тус тус байгуулан Иргэний хууль болон холбогдох бусад хууль, журамд заасны дагуу нотариатаар гэрчлүүлэн, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд бүртгүүлсний үндсэн дээр зээлийг олгосон.
4. “***” ХХК-ий захирал иргэн С.Б нь нас барсан тул тус компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өнөөдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн нийт төлбөр болох 153.805,197 (нэг зуун тавин гурван сая найман зуун таван мянга нэг зуун ерэг долоо) төгрөгийг хуримтлуулаад байгаа болно.
5. Худалдаа, хөгжлийн банк нь хууль ёсны барьцаалагч бөгөөд тус банкны зээлийн барьцаанд барьцаалагдсан байгаа “***” ХХК-ий захирал иргэн С.Б***ын өмчлөлийн дээрх хөрөнгүүд нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа юм.
Иймд Худалдаа, хөгжлийн банк болон “***” ХХК нарын хооронд харилцан тохиролцож байгуулагдсан 2011 оны 10 дугаар сарын13-ны өдрийн 151 тоот зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, зээлийн хувийн батлан даалтын гэрээнүүдийн үндсэн дээр хууль ёсны барьцаалагч болох манай банкны эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх болж байгаа тул иргэн Т.Д гийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““***” ХХК нь “Х ” ХХК-д хүсэлт гаргаж "***” ХХК-ийн нэг хувийн хувьцаа эзэмшигч С.Бын өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөөний ** дүгээр байр, 6 тоот болон 7 тоот тус тус 200 м.кв талбай объектуудыг барьцаалж “Х ” ХХК-иас 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 151 тоот зээлийн гэрээ байгуулж 200 сая төгрөгийг 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээл авснаас хойш "***” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу зээлийн батлан даагч С.Б 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нас барснаар компанийн үйл ажиллагаа зогсож, зээлийн төлбөрийг хийлгүй өнөөдрийг хүрсэн. “Х ” ХХК-иас энэ асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч компанийг төлөөлөх эрхтэй этгээд, өв залгамжлагч тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Өв залгамжлалын маргаан 5 жил үргэлжилж одоог хүртэл шийдэгдээгүй байна” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн үндэслэл, гуравдагч этгээд, хариуцагчийн тайлбар, асуулт, хариултын үе шатаас харахад нэхэмжлэлийн шаардлагатай холбогдож байгаа ** дүгээр байрны 6 тоот үл хөдлөх эд хөрөнгөөр хэлцэл буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тодорхой харилцан тохиролцоогүй харагдаж байгаа тул уг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргах эрхгүй байна.
Иймээс нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч Т.Д нь “Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн ******дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг С.Бын нэр дээр бүртгэснийг хүчингүй болгуулж, Х ны зээлийн барьцаанд тавьсан барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн эхний шаардлагаа “Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн ******дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг С.Бын нэр дээр бүртгэсэн бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах гэж тодруулсан болно.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-14.1.9-д мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг нэрлэж заасан бөгөөд уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл мэдүүлэг гаргагчийн мэдүүлэгт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан татгалзах үндэслэлүүд тогтоогдохгүй бол улсын бүртгэгч мэдүүлгийг бүртгэх үүрэгтэй байх агуулгаар хууль тогтоогч хуульчилсан байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д мэдүүлэгт хавсаргах баримт бичгүүдийг хуульчилсан.
С.Б нь 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол ** дүгээр байрны 2 давхар 6 тоот 200 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахаар мэдүүлэг гаргаж, түүнд кассын орлогын баримт, өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, “***” ХХК-ийн тодорхойлолт, Үйлчилгээний байр бариулах гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, байрны фото зураг, план зураг гэх мэт баримтуудыг хавсарган өгчээ.
Иймд дээрх хуульд заасан мэдүүлэгт хавсаргах баримтуудыг зохих журмын дагуу гүйцэд бүрдүүлсэн байх тул С.Быг Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ** дүгээр байрны ** тоот 200 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй юм.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна” гэж заасан ба энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан мэдүүлэгт хавсаргах нотлох баримтуудыг гүйцэд бүрдүүлсэн, 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан бүртгэхээс татгалзах үндэслэлүүд тогтоогдохгүй тул хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэн буруутгах боломжгүй.
Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан ба мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй тул бүртгэлийн байгууллагыг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Иймд гуравдагч этгээд С.Бын гаргасан мэдүүлгийг хүлээн авч бүртгэж, гэрчилгээ олгосон хариуцагчийн буюу бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.
2008 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “***” ХХК-ийн ерөнхий захирал С.Б, тус компаний гүйцэтгэх захирал, зөвлөх Т.Д нарын хооронд байгуулагдсан хэлцлээр “Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг 3 дугаар эмнэлгийн зүүн урьд баригдаж буй “***” ХХК-ийн үйлчилгээтэй 48 айлын орон сууцны барилгыг хамтран барьж борлуулалт бүрэн дууссаны дараа Т.Д д ажлын хөлсөнд 300 000 /гурван зуун мянга/ ам.долларыг өгөх буюу түүнтэй тэнцэх м.кв талбайг тухайн өдрийн ханшны зөрүүг харгалзахгүйгээр үл маргах журмаар өгнө. Мөн Т.Д д ажиллах хугацааны цалин, бензин, гар утасны төлбөр, хоолны зардлуудыг “***” ХХК бүрэн хариуцна” гэж тохиролцсон хэлцлийг хийсэн байна.
Дээрх хэлцлээс үзэхэд уг хэлцлээр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ** дүгээр байрны ** тоот 200 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Т.Д д бэлэглэх, худалдах, ажлын хөлсөнд дүйцүүлэн өгөх, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Т.Д д шилжүүлэх гэх мэт ямар нэг хэлбэрээр дээрх ** тоот 200 м.кв үл хөдлөх хөрөнгийг Т.Д гийн өмчлөлд шилжүүлэх талаар заагаагүй, уг хэлцлийн зүйлийг маргаан бүхий ** дүгээр байрны ** тоот 200 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Т.Д нь Баянгол дүүргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 1907 тоот захирамжаар Т. Д гийн нэхэмжлэлээр “***” ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн байна.
Улмаар Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны ** дугаар сарын 15-ны өдрийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” дугаар 3891 тоот захирамжаар “***“ ХХК-ийн эд хөрөнгө буюу төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр 30 000 /гучин мянга/ ам.доллар битүүмжилжээ.
Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” дугаар 1638 тоот захирамжаар тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр захирамжийн удиртгал хэсгийн “30 000 /гучин мянга/ гэснийг 300 000 /гурван зуун мянга/ ам.доллар гэж, Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын “Икслэнд” ХХК-ний гэснийг “***” ХХК-ийн гэж өөрчлөлт оруулжээ.
Дээрх үйл баримтаас үзэхэд бүртгэлийн байгууллагаас 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр С.Быг Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Энх тайвны өргөн чөлөөний ** дүгээр байрны 6 тоот 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж, Улсын бүртгэлийн ******тоот дугаартай, *** тоот гэрчилгээ олгох үед бүртгэлийн байгууллагад 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар шүүгчийн захирамж цаг хугацааны хувьд ирсэн байх боломжгүй юм.
Тодруулбал 2011 оны 3891 дүгээр шүүгчийн захирамжийг өөрчилсөн 2012 оны 1638 дугаар шүүгчийн захирамж гарахаас өмнө буюу 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр С.Б Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Энх тайваны өргөн чөлөөний ** дүгээр байрны 6 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанд тавьж, барьцааны гэрээ байгуулж, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул бүртгэлийн байгууллагыг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
“***” ХХК нь Х анд хүсэлт гаргаж, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 151 тоот Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан 200 000 000/ хоёр зуун сая/ төгрөгийг зээл авсан байх бөгөөд тус барьцааны гэрээний барьцаанд С.Бын өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Энх тайвны өргөн чөлөөний ** дүгээр байрны 6 тоотод орших, Улсын бүртгэлийн ******тоот дугаартай , эд хөрөнгө өмчлөх эрхийн *** тоот гэрчилгээтэй, 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө буюу маргаан бүхий обьектыг барьцаалсан байна.
Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ** дүгээр байрны ** тоот 200 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр С.Быг бүртгэж, гэрчилгээ олгосон бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэсэн тул уг бүртгэлийн дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийн байгууллагын үйлдэл мөн хууль зөрчөөгүй байна.
Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар захирамжаар “***” ХХК-ийн эд хөрөнгийг 300 000 ам долларын нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхээр шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, “***” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ** дүгээр байрны 11 ширхэг авто зогсоол, мөн үүсгэн байгуулагч С.Бын өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол, ** дүгээр байрны ** тоот 200м.кв талбайтай үйлчилгээний төвийг битүүмжлэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн, мөн өмчлөх эрхийн гэрчилгээгүй тус байрны өргөтгөлийн зоорийг 2012 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 182/1 дугаар тогтоолоор битүүмжилж, энэхүү тогтоолоо 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2/2811 дүгээр албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч хэдийгээр маргаан бүхий объектыг “***” ХХК-иас С.Бт шилжүүлсэнд миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж тайлбарлаж байгаа боловч “***” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай бөгөөд тэр нь С.Б тул түүний хөрөнгийг шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилсэн тул хэрэв иргэний хэргийн шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан шийдвэр гарсан тохиолдолд маргаан бүхий объект “***” ХХК болон С.Бын хэн алины өмчлөлд байгаагаас үл шалтгаалан шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “***” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдийн албан бичиг, тодорхойлолтыг үндэслэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Энх тайвны өргөн чөлөөний ** дүгээр байрны 6 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль бус гэсэн агуулгаар маргаж байх хэдий ч “***” ХХК-ийг С.Б гэсэн нэг үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигчтэй бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй компаний нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үүсгэн байгуулагчийн буюу хувьцаа эзэмшигчийн өөрийнх нь өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй.
Шүүх тус хэргийг иргэний хэргийн шүүх дээр шийдвэрлэгдэж байгаа С.Бын өв залгамжлалтай холбоотой маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаагаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасны дагуу тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч өвтэй холбоотой иргэний маргаан шийдвэрлэгдэхгүй уудааширч байгаа, мөн иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх өв залгамжлагчийг тогтоохтой холбоотой маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс үл хамааран, бүртгэлийн байгууллагаас хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулахтай холбоотой тус захиргааны маргааныг шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх шүүгчийн захирамж гарсан байх ба тус 2017 оны ** дугаар сарын 09-ний өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг товлох тухай” дугаар 128/ШЗ2017/3870 тоот шүүгчийн захирамж хүчин төгөлдөр үйлчилж байна.
Нэхэмжлэгч нь иргэний хэргийн шүүхээр өвлөх эрхийн асуудал шийдвэрлэгдсэний дараа 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “***” ХХК-ийн ерөнхий захирал С.Бтай байгуулсан хэлцлийг үндэслэн иргэний хэргийн шүүхээр эрхээ хамгаалуулж, өвлөгчөөс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1** дугаар зүйлийн 1**.1, 1**.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг тус тус баримтлан “Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн ******дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг С.Бын нэр дээр бүртгэсэн бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах, Х ны зээлийн барьцаанд тавьсан барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий Т.Д гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ