Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00984

 

Г.Оы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02967 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 542 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Г.О

          Хариуцагч: Б.Мд холбогдох

          Зээлийн гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч Б.Мын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Г.З, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа: Г.О миний бие хариуцагч Б.Мын нөхөрт 2015-08-04-ний өдөр 10 сая төгрөгийг 2 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Хариуцагчийн нөхөр Л.Энхжаргал нь 2015-09-21-ний өдөр таалал төгссөн бөгөөд эхнэр Б.М нь өв хүлээн авахаас татгалзаагүй, өвийг хүлээн авсан тул өвлөгч Б.Маас талийгаач Л.Энхжаргалын 2015-08-04-ний өдөр зээлсэн 10 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.О нь талийгаач нөхрийн минь түүнээс зээлсэн мөнгийг өв хүлээн авсан гэж үзэж надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 527.1-д “өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасан ба би өвийг хүлээн аваагүй. Иймд Иргэний хуулийн 528.3-т зааснаар би өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй, өв хүлээн авах хүсэлт гаргаагүй. Миний бие өвлөгч биш бөгөөд өвлүүлэгчийн үүргийг хүлээх үндэслэл байхгүй. Зээлийн гэрээ хариуцагчийн нөхөр болох Л.Энхжаргалтай хийгдсэн. Талийгаачийн хөрөнгийг өвлөхгүй талаар нотариатад бүртгүүлсэн байгаа.  Эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ.  Өвлөхөөс татгалзсан эд хөрөнгийг хүлээн авсан байгууллага байхгүй хуулиараа төр тухайн эд хөрөнгийг хүлээн авна. Тэгэхээр төр хүлээн авсан хөрөнгийнхөө хэмжээгээр зээлийн гэрээний үүргийг хариуцах ёстой гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02967 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Оы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Г.Оы төлсөн174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 542 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02967 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

        Хариуцагч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.М нь   Л.Энхжаргалын СБД, 10 дугаар хороо, их тойруу 86 байр, 06 тоот орон сууц, СБД, 13 дугаар хороо, рашааны 16-799 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг хүлээн авахаас татгалзаагүй болох нь СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны  181/Ш32016/01146 дугаар шийдвэрээр нотлогддог” гэжээ. Гэтэл уг шүүхийн шийдвэрт тухайн  дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нь анхнаасаа Б.М байсныг  тодорхой бичсэн байгаа, үүнийг  нэхэмжлэгч ч  мэдэж байсан. Б.Мын өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийн хувьд өв залгамжлах тухай асуудал яригдахгүй, давж заалдах шатны шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж шийдвэр гаргасангүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх биелүүлээгүй гэж гомдолдоо дурдсан байна. Хариуцагч Монголын нотариатчдын танхимаас нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан эд хөрөнгийн талаар лавлагааг авч нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд хүргүүлсэн тул нотлох баримт бүрдүүлэх журам зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Г.О 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б.Мд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг шаарджээ.

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...талийгаач нөхөр Л.Энхжаргалын зээлсэн мөнгийг надаас нэхэж байгааг зөвшөөрөхгүй...өвийг хүлээн аваагүй...” гэжээ. 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... Б.М өвийг хүлээн авахаас татгалзсан тул Л.Энхжаргалын үүргийг хүлээлгэх үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийсэн байна. 

       Давж заалдах шатны шүүх “...хөдлөх эд хөрөнгийн талаар лавлагаа гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөнөөс гадна өвлөгдөх эд хөрөнгийн хэмжээ тодорхойгүй байна...” гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.  

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд хүсэлт гаргаж /хх 19/ Л.Энхжаргалын эзэмшиж байсан хөдлөх эд хөрөнгийн талаарх лавлагаа Автотээврийн төвөөс, “Сидико Аудит” ХХК нь ямар үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байсан тухай лавлагааг Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас тус тус гаргуулахыг хүссэн байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 181/ШЗ2017/13579 дүгээр захирамж гаргаж уг хүсэлтийг “...хариуцагчаар оролцоогүй Л.Энхжаргалын эд хөрөнгийн талаарх лавлагаа хэрэгт ач холбогдолгүй...Б.М хариуцагч тул хуулийн этгээдийн эд хөрөнгийн лавлагаа ач холбогдолгүй...” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. /хх 20-21/

       Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-г зөрчихгүй гэж үзлээ. 

       Л.Энхжаргалын нэр дээр ямар эд хөрөнгө бүртгэлтэй болох нь, мөн “Сидико Аудит” ХХК-д Л.Энхжаргал хувь эзэмшдэг эсэх, эд хөрөнгө бүртгэлтэй бол эдгээр нь Л.Энхжаргал нас барснаас хойш бусдын эзэмшил, өмчлөлд шилжсэн эсэх нь нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой байна. 

       Шүүх өвлөгдөх эд хөрөнгийн талаарх мэдээллийг  “...хэргийн оролцогч биш этгээдийн эд хөрөнгө...” гэж үзэж хүсэлтийг хангаагүй нь буруу болжээ.

       Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 542 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ