| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0176/Э |
| Дугаар | 189 |
| Огноо | 2020-03-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 189
2020 03 11 2020/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
Улсын яллагч М.Энхбаатар,
Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганганмөрөнгийн Гансүхэд холбогдох эрүүгийн 1911017830049 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Боржигон овогт Г.Г, Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, вакум цонхны үйлдвэрт ажилладаг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 31а дугаар гудамжны 679 тоотод оршин суух,
урьд: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгэгдсэн,
2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 05 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 07 сар 06 хоног хорих ялаар шийтгэгдэн 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 377 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 260 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар болон өмнөх ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 16 хоногийг нэмж нэгтгэн 5 жил 11 сар хорих ялаар шийтгэгдэн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 290 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 26 хоног хорих ялаар шийтгэгдэн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ..................................................
Шүүгдэгч Г.Г /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 3 дугаар гудамжны 241 тоотод оршин суух иргэн Р.Хонгорзулын байнга амьдрах зориулалт бүхий байшинд нэвтэрч ЛЖ маркийн гар утас, эрэгтэй хүний Адидас брэндийн даавуун материалтай пүүзэн гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 178.112 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Гээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би 6 дугаар сарын 07-ны өдөр найзтайгаа таараад нэг шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд харих гээд автобусанд суутал хэсэгхэн зуур унтчихсан байсан. Нэг сэрэхэд автобус өөр тийшээ яваад байхаар нь би буусан. Дэлгүүр ороод тамхи авчихаад ундаа авах гэсэн чинь мөнгө хүрэхгүй байсан. Тэгээд ам цангаад ус уумаар санагдаад нэг айл руу орсон. Тэр айлын хашааны хаалга онгорхой байсан. Хаалгыг нь тогшиход онгойлгохгүй байхаар нь цонхыг нь түлхсэн чинь онгойчихсон. Тэгээд ороход компьютер байсан. Би тэд нарыг нь аваагүй, ус уусан. Усаа уучихаад дээшээ хартал хөргөгчин дээр нь жижиг гар утас байсан. Тэр утсыг авчихаад гарах гэж байтал хувцасны шкафан дотор пүүз байсан. Би тэр хоёрыг л авч гарсан. Өөр зүйл авч гараагүй” гэв.
Хохирогч Р.Хонгорзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн орчимд гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгорхой байхаар нь хулгай орж гэж сэжиглээд дотогш оролгүй цагдаагийн 102 дугаар дуудлага өгсөн ...Манай гал тогооны өрөөнд печин дээр тавиад цэнэглээд орхисон байсан ЛЖ маркийн номин өнгөтэй ардаа нэг камертэй, бандгар загвартай, хэвийн ажиллагаатай дахин давтагдашгүй код дугаарыг нь мэдэхгүй утас алдагдсан байсан. Би ЛЖ маркийн гар утсыг 2019 оны 04 дүгээр сард 80.000 төгрөгөөр монтел гар утасны худалдааны төвийн гаднаас хувь хүнээс худалдан авсан бөгөөд одоо 80.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн хувцасны шүүгээнд байсан Адидас брэндийн даавуун саарал өнгийн материалтай, цагаан өнгийн ултай пүүз алдагдсан байсан. Уг пүүзийг манай хүү Тэнгист эмээ нь 2019 оны 05 дугаар сард Америкаас ирэхдээ авчирч өгсөн юм. Уг пүүзний хайрцаг сав нь манай гэрт байгаа. Хайрцган дээр нь пүүзний размер бичээстэй байсан. Би алдагдсан пүүзийг 250.000 төгрөгөөр үнэлнэ ...Манай байшингийн урд зүг руу харсан 2 цонхны баруун талын вакум цонхны салхивчаар нэвтэрч орсон байх гэж таамаглаж байна. Уг цонх нь намайг гэртээ ирэхэд онгорхой байсан. Мөн онгорхой байсан цонхны харалдаа сандал дээр эвхээд тавьсан байсан өмдөн дээр гутлын мөр гарсан байсан. Гутлын мөр гарсан сандлын хажууд Хаан банкны билл байсан. Уг биллэн дээр Баяртсайхан Ариунзаяа гэсэн нэр байсан ...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагаас 17 цагийн хооронд нөхөр бид хоёр шинэ машин авах гээд машин үзэж байгаад ирэх хооронд манай гэрт хулгай орсон байсан ...” гэх мэдүүлэг /хх-22-24х/,
Гэрч Б.Ариунзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би картын дугаараа мэдэхгүй байна. Харин миний нэр дээр 5075252310, 5720356383 гэсэн хоёр данс байдаг. 5075252310 дугаартай дансыг би өөрөө ашигладаг. 5720356383 дугаартай дансыг би өөрийн эх нэгтэй ах болох Гансүхэд өгч ашиглуулж байгаа. 2019 оны цагаан сарын дараа Гансүх ахад өгсөн шиг санагдаж байна. Одоог хүртэл Гансүх ах 5720356383 дугаартай дансыг ашиглаж байгаа. Гансүхэд өөрт нь ямар ч бичиг баримт байдаггүй болохоор миний карт, дансыг ашигладаг юм ...” гэх мэдүүлэг /хх-25-26х/,
Хэрэг бүртгэлтийн явцад хэрэгт цугларсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-06х/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-11х/,
Хохирогч Р.Хонгорзулын алдсан гэх Адидас брэндийн эрэгтэй пүүзийг Г.Г гэгчээс хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-46х/,
Дамно хөрөнгө үнэлгээний компаний №ЧД2-194-09 дугаартай үнэлгээний тайлан. Уг тайланд ЛЖ маркийн гар утас, Адидас брэндийн гутал зэргийг нийт 178.112 төгрөгөөр үнэлсэн байв” /хх-37-38х/,
Мөн хохирогч Р.Хонгорзулаас гаргаж өгсөн Хаан банкны төлбөрийн баримтыг эд мөрийн баримтаар хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хх-41-43х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-133х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62х/,
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-73-100х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Г нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 3 дугаар гудамжны 241 тоотод оршин суух иргэн Р.Хонгорзулын байнга амьдрах зориулалт бүхий байшинд нэвтэрч ЛЖ маркийн гар утас, эрэгтэй хүний Адидас брэндийн даавуун материалтай пүүзэн гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 178.112 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 178.112 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Г.Гэд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Р.Хонгорзулаас: “...өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид гомдол саналгүй ...” /хх-129х/ гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Г.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хос Адидас брэндийн пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.