| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0167/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/09 |
| Огноо | 2020-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал
Шүүгдэгч: Х.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Хгийн Бт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, С ХХК-нд галч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган ...........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б овогт Хгийн Б/РД:АЭ:.............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 21-04 тоотод гэр бүлийн хамаарал бүхий өөрийн хүү Б.Быг буюу бага насны хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 1912001300095 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Насанд хүрээгүй хохирогч Б.Бын өгсөн:
“...2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би 14 цагийн үед би монгол хэлний хичээлээ хийгээд сууж байтал аав гаднаас гэртээ согтуу орж ирсэн. Тэгээд хичээл хийж байсан ширээн дээр толгой руу дараад ширээ мөргүүлээд байсан. Ээжийг зодох гээд байхаар нь ээж рүүгээ явж байхад сандал руу өшиглөж өшиглөсөн сандал нь миний нүүр рүү ирж цохьсон Тэгээд ээж том эгч хоёр аавыг дарж бага эгч цагдаа дуудсан. Намайг толгойноос дарж ширээ рүү 3 удаа мөргүүлсэн, өшиглөсөн сандал нь нүүрэн дээр цохьсон, өөрөөр зодоогүй. Өмнө нь 2018 оны 1 удаа, тэгээд сая зодож байгаа. Ер нь архи ууж ирэхээрээ зодох гээд байдаг. Байнга ална, шоронд орсон ч гарч ирж байгаад ална гээд заналхийлдэг. Согтуу байхдаа зодож, эсвэл заналхийлдэг. 2018 оны 03 дугаар сард ээж бид хоёрыг зодож цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байсан. Тэр үед дахин зодохгүй гэж байсан. 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэртээ согтуу ирээд намайг төмпөнгөөр нүүр рүү цохьсон. Аав намайг архи уухаараа зодож заналхийлхээр хэцүү байдаг. Гэртээ харихаас айдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр тал/
*Гэрч М.Эгийн өгсөн:
“...Би тухайн өдөр хүүхдүүдтэйгээ гэртээ байж байхад Х.Б нь өөрийн найз болох Дтай хамт орж ирсэн. Манай хүү Б.Б хичээлээ хийж байхад нь чиний хичээл хийх гэж юу байдаг юм гээд толгойноос нь гараараа барьж байгаад ширээ болон дэвтэр дээр мөргүүлээд байсан. Чи болиоч гэж хэлээд салгахад энэ мууг алсан ч яадгийн, алчихаад сайхан амьдарна гээд сандал аваад шидсэн. Тэгээд хүүгийнхээ толгойн тус газар болох хамрыг оносон. Мөн охин Б.Эрдэнэчимэг рүү муу гичийг ална гээд түлээ авч шидэх гэхээр нь би түлээг нь барьж аваад араас нь охинтойгоо нийлээд бариад авсан. Тэгээд орон дээрээ охинтойгоо нийлж дарж байгаад бага охин Б.Бямбасүрэнгээр цагдаад дуудлага өгч баривчлуулсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Угаасаа архи уухаараа байнга агсам согтуу тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Өмнө нь намайг зөндөө зодож байсан тухайн өдөр гар хүрээгүй. Өөрийн хүү болох Б.Бын хамар руу сандлаар цохьсон. Мөн толгойг нь барьж байгаад ширээ мөргүүлээд байсан. Хоёр охинтойгоо нийлж байгаа бүсээр баглаад байж байхад цагдаа нар ирээд аваад явсан. Манай 2 охин байгаагүй бол намайг болон хүү Б.Б бид хоёрыг алах байсан байх, дандаа ийм дарамтанд амьдарч байна, холбогдох хуулийн хариуцлагын арга хэмжээг авч өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар тал/
*Гэрч Н.Угийн өгсөн:
“...Би 2015 онд 1 дүгээр анги дааж авсан. Энэ хугацаанд эхний хагас жилээс л айдастай байгааг нь мэдсэн. Тэгээд ээжийг нь дуудаж асууж хэлж зөвлөсөн. Ээжээс нь асуухад аав нь байнга архи уухаараа айлгаж сүрдүүлдэг гэж байсан. Сүүлд энэ талаар аав Х.Бт нь хэлж анхааруулж ам мөчиг авч байсан. 2016 оны хавар цүнхтэй ном дэвтрийг нь тэр чигээр нь шатаачихсан байсан. Энэ талаар би согтуудаа шатаачихсан байна гээд сургуулийн номын төлбөрийг барагдуулсан. Тэр үөд дахин хэзээ ч ингэхгүй гэж байсан. 2018 оны 03 дугаар сард намайг өвчтэй байх хугацаанд өөр багштай байхад Б.Быг аав нь зодсон гэдгийг сүүлд сонссон. Үүнээс хойш 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хичээлдээ ирэхдээ нүүр хөхөрч хавдсан байдалтай хичээлдээ ирсэн. Тэгээд нийгмийн ажилтандаа мэдэгдэж арга хэмжээ авахуулах талаар хэлсэн. Тэгээд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамтарсан багийнхан гэрт нь очиж уулзсан. Энэ хүүхдийн хувьд сургууль дээрээ л ирж тайвширдаг. Хичээл тараад гэртээ харих болохоор айж түгшдэг байдалтай байна. Зодуулсан нүүр ам нь хөхөрсөн байдалтай ирэхэд бусад хүүхдүүдийн сэтгэл зүйд ч хүнд байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/,
*Гэрч Р.Нийн өгсөн:
“...Ер нь М.Э нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан. Нүүр, нүд нь хөхөрчихсөн байдалтай ажил дээрээ ирж байсан. Яасан юу болсон талаар асуухад нөхөр нь архи уугаад зодсон талаар хэлж байсан. 2018 онд нөхөр нь архи уугаад агсам тавьж өөрийг нь болох хүүхдийг нь зодсон талаар надад хэлж, өргөдөл бичүүлж цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байсан. Ер нь Х.Б нь архи уухаараа агсам согтуу тавьдаг, эхнэр хүүхдээ зоддог байдал ажиглагддаг байсан. Гэрт нь очиж байгаагүй. Зодож байгааг нь харж байгаагүй. Нүүр, нүд нь хөхөрсөн байдалтай явахыг нь харж байсан. Ерөнхийдөө л ийм байдалтай байсан таньж мэддэг болсон. Өөрөө бол манай нөхөр архи уухаараа л болдоггүй талаар хэлж байсан. Цаг хугацааг нь санахгүй байна. Би зах дээр байнга байдаггүй. Ерөнхийдөө 2-3 удаа иймэрхүү байдалтай байсан. 2018 оны 03 дугаар сард байх цагдаад хандан шалгуулж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар тал/
*Гэрч М.Бын өгсөн:
“...М.Эгийн нөхөр Х.Б нь архи уучихсан агсам тавиад байна гэхээр гэрт нь очиход эхнэртэйгээ хэрэлдээд агсам тавиад байж байсан. М.Э нь намайг нөхөр зодлоо гэж хэлж байсан. Яг намайг байхад бол зодоогүй очиход зодчихсон гэж хэлж байсан. Хугацааг нь санахгүй байна. Намайг очиход М.Э нь уйлчихсан үс нь бага зэрэг арзайсан байдалтай байсан. Өөр ил харагдах шарх байгаагүй, тийм зүйл хараагүй. Х.Б нь эрүүлдээ гэр ахуйдаа ямар нэг хэрүүл маргаан үүсгээд байдаггүй тохьтой томоотой байгаа л юм шиг байдаг. Архи уухаараа л байнга агсам тавьдаг үүнээс болж хэрүүл маргаан үүсдэг юм шиг байсан. Бид нэг их ойр дотно байдаггүй. Архи уугаад агсам тавьлаа гэхээр нь 2 удаа очиж байсан. Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Миний очиж байсан 2015, 2016 он, сүүлд очиж байгаагүй. Архи уулаа гэртээ агсам тавьлаа гэж М.Эгөөс сонсож байсан, хугацааг нь санахгүй байна. Ер нь архи уухаараа л болдоггүй байгаа юм шиг байгаа. Нэг удаа зодсон гэж сонссон. 2018 оны хавар хүүхэд, эхнэрээ зодоод цагдаад шалгуулж байгаа талаар сонссон...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар тал/
*Гэрч М.Тын өгсөн:
“...Манай сургуульд байдаг энэ хүүхэд нь 5г ангид сурдаг энэ хүүхдийг би одоогоос 2 жилийн өмнө таньж мэдэх болсон. Энэ хүүхэд нь сэргэлэн цовоо төлөв даруу ааш зантай хүүхэд хичээлтэй идэвхтэй хүүхэд байгаа юм. Энэ хүүхдийг 2019 оны 02 дугаар сарын 19-нд ангийн багш Н.У надад мэдээлэл өгсөн, өгсөн мэдээлэлд энэ хүүхдийн нүүр ам хөхөрсөн хичээлдээ ирсэн талаар хэлсэн юу болсон талаар асуухад аав Х.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүхдээ зодсон байсан. Энэ талаар ажил зохиож тухайн хүүхдийн гэрт очиж аав ээж хоёртой уулзсан уулзахад ээж нь аав Х.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ модон сандал шидээд хамрыг нь цохиж хавтгаж зодож гэмтээсэн байсан. Би өөр энэ хүүхдийн гэрт очиж байгаагүй 2019 оны 02 дугаар сард хүүхдээ зодсон асуудал дээр нь сурагч Б.Бын гэрт очиж байсан өөр энэ хүүхдийн гэрт очиж аав ээж нартай нь уулзаж байгаагүй. Х.Б нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж байдаг тухайн гэр оронд нь очиж тухайн хүүхэд эцэг эхтэй уулзахад аав Х.Б нь сард нэг удаа архи согтууруулах ундаа уудаг архи уусан үедээ хэл амаар доромжилж сэтгэл санааны дарамт үзүүлж айлган сүрдүүлдэг талаар надаа ярьж байсан өдөр сарын тодорхой мэдэхгүй хүүхэдтэй уулзаж байхад энэ талаар надаа ярьж байсан. Миний хувьд 2019 оны 02 дугаар сард зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн асуудлын талаар мэднэ энэ асуудал дээр нь би гэрт очиж аав ээж хүүхэдтэй уулзаж байсан, мөн 2017 онд ангийн багш Н.У надаа хэлэхдээ манай ангийн хүүхэд Б.Балжиням гэх хүүхдийг аав нь хичээлээ хийхгүй байна гээд уурласан үедээ цүнхтэй ном дэвтрийг нь галд шатааж байсан талаар хэлж байсан. Би 2019 оны 02 дугаар сард аав Х.Б нь зодсон асуудал дээр ганцаарчлан уулзаж байсан, уулзахад аав Х.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүхдээ модон сандлаар цохьсон байсан. Өмнө нэг удаа цүнхтэй ном дэвтрийг нь шатааж байсан гэсэн, өөр энэ талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 148-150 дугаар тал/
*Яллагдагч Х.Бын өгсөн:
“...Би 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гаднаас архи ууж орж ирсэн. Тэр үед манай хүүхэд хичээлээ хийх гээд дэвтэр номоо гаргаж ирээд суусан байсан боловч зурагт үзээд сууж байхаар нь уур хүрээд чи ингэж хичээл хийх гэж юу байхав дээ гэж хэлээд очоод толгой дээр нь дарж байгаад ширээ рүү 2-3 удаа мөргүүлсэн. Тэгээд хажууд байсан модон сандлыг өшиглөсөн чинь тэр сандал ойж ирээд буухдаа Б.Бын нүүр рүү оночихсон. Тэгээд байж байтал цагдаа сэргийлэх болоод цагдаа ирээд намайг аваад явсан. Хичээлээ хийхгүй зурагт үзээд сууж байхаар нь уур хүрээд л зодчихсон. Толгой дээрээс нь дараад 2-3 удаа ширээ мөргүүлсэн. Тэгээд хажууд байсан модон сандалыг өшиглөхөд тэр сандал Б.Бын нүүр рүү ончихсон. Тэр үед манай эхнэр хамт байсан. Б.Бын биед учирсан гэмтлийг би учруулсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-42 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаартай“...Б.Бын биед хамрын нуруунд цус хуралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 28 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 527 дугаартай“...Б.Бын биед хамрын нуруунд цус хуралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл тус бүр Гэмтлийн зэрэг тогоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 158 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 21-04 тоотод хохирогч Б.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Х.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий өөрийн хүү Б.Быг буюу бага насны хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хөнгөн хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Бын”... 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би 14 цагийн үед би монгол хэлний хичээлээ хийгээд сууж байтал аав гаднаас гэртээ согтуу орж ирсэн. Тэгээд хичээл хийж байсан ширээн дээр толгой руу дараад ширээ мөргүүлээд байсан. Ээжийг зодох гээд байхаар нь ээж рүүгээ явж байхад сандал руу өшиглөж өшиглөсөн сандал нь миний нүүр рүү ирж цохьсон...” гэх мэдүүлэг, гэрч М.Эгийн”... Манай хүү Б.Б хичээлээ хийж байхад нь чиний хичээл хийх гэж юу байдаг юм гээд толгойноос нь гараараа барьж байгаад ширээ болон дэвтэр дээр мөргүүлээд байсан. Чи болиоч гэж хэлээд салгахад энэ мууг алсан ч яадгийн, алчихаад сайхан амьдарна гээд сандал аваад шидсэн. Тэгээд хүүгийнхээ толгойн тус газар болох хамрыг оносон...” гэх мэдүүлэг, гэрч Н.Угийн”... 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хичээлдээ ирэхдээ нүүр хөхөрч хавдсан байдалтай хичээлдээ ирсэн. Тэгээд нийгмийн ажилтандаа мэдэгдэж арга хэмжээ авахуулах талаар хэлсэн. Тэгээд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамтарсан багийнхан гэрт нь очиж уулзсан. Энэ хүүхдийн хувьд сургууль дээрээ л ирж тайвширдаг. Хичээл тараад гэртээ харих болохоор айж түгшдэг байдалтай байна. Зодуулсан нүүр ам нь хөхөрсөн байдалтай ирэхэд бусад хүүхдүүдийн сэтгэл зүйд ч хүнд байдаг...” гэх мэдүүлэг, гэрч Р.Нийн”...2018 онд нөхөр нь архи уугаад агсам тавьж өөрийг нь болох хүүхдийг нь зодсон талаар надад хэлж, өргөдөл бичүүлж цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байсан. Ер нь Х.Б нь архи уухаараа агсам согтуу тавьдаг, эхнэр хүүхдээ зоддог байдал ажиглагддаг байсан. Гэрт нь очиж байгаагүй. Зодож байгааг нь харж байгаагүй. Нүүр, нүд нь хөхөрсөн байдалтай явахыг нь харж байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Бын”...М.Э нь намайг нөхөр зодлоо гэж хэлж байсан. Яг намайг байхад бол зодоогүй очиход зодчихсон гэж хэлж байсан. Хугацааг нь санахгүй байна. Намайг очиход М.Э нь уйлчихсан үс нь бага зэрэг арзайсан байдалтай байсан. Өөр ил харагдах шарх байгаагүй, тийм зүйл хараагүй...” гэх мэдүүлэг, гэрч М.Тын”... Энэ хүүхдийг 2019 оны 02 дугаар сарын 19-нд ангийн багш Н.У надад мэдээлэл өгсөн, өгсөн мэдээлэлд энэ хүүхдийн нүүр ам хөхөрсөн хичээлдээ ирсэн талаар хэлсэн юу болсон талаар асуухад аав Х.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүхдээ зодсон байсан. Энэ талаар ажил зохиож тухайн хүүхдийн гэрт очиж аав ээж хоёртой уулзсан уулзахад ээж нь аав Х.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ модон сандал шидээд хамрыг нь цохиж хавтгаж зодож гэмтээсэн байсан. Би өөр энэ хүүхдийн гэрт очиж байгаагүй 2019 оны 02 дугаар сард хүүхдээ зодсон асуудал дээр нь сурагч Б.Бын гэрт очиж байсан өөр энэ хүүхдийн гэрт очиж аав ээж нартай нь уулзаж байгаагүй. Х.Б нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж байдаг тухайн гэр оронд нь очиж тухайн хүүхэд эцэг эхтэй уулзахад аав Х.Б нь сард нэг удаа архи согтууруулах ундаа уудаг архи уусан үедээ хэл амаар доромжилж сэтгэл санааны дарамт үзүүлж айлган сүрдүүлдэг талаар надаа ярьж байсан өдөр сарын тодорхой мэдэхгүй хүүхэдтэй уулзаж байхад энэ талаар надаа ярьж байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Х.Бын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 108 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Х.Бын гэр бүлийн хамаарал бүхий өөрийн хүү, бага насны хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед хамрын нуруунд цус хуралт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Бын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу өөрийн төрсөн хүү бага насны Б.Бын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Х.Быг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э нь хохирол төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн болно.
Шүүгдэгч Х.Б өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт 14 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Хгийн Быг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 700/долоон зуу/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бын цагдан хоригдсон 14/арван дөрөв/ хоногийн 1/нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагаар тооцож/112 цаг/ эдлэх ялаас хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Х.Бт оногдуулсан 588/таван зуун наян найм/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Х.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР