Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 102/2017/00985/и |
Дугаар | 001/ХТ2018/00985 |
Огноо | 2018-06-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2018/00985
С.Мгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/03179 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2018/00502 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: С.М
Хариуцагч: “Н” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад /НҮТББ/ холбогдох
“Н” НҮТББ-ын 2014-09-29-ний өдрийн Үүсгэн байгуулагчдын 01 дүгээр тогтоол, Удирдах зөвлөлийн 02 дугаар протоколыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.М С.Ариунцэцэг, Л.Отгонжаргал нар хамтран хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх түр сургалт явуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор “Н” НҮТББ-ыг үүсгэн байгуулж, С.Мг удирдах зөвлөлийн даргаар томилж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн нийт гурван гишүүнтэйгээр 2014-07-01-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлэн, Улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. 2014-09- 29-ний өдөр Л.Отгонжаргал, С.Ариунцэцэг, мөн бусад гишүүд болох Д.Наранбаатар, М.Мөнх-Очир, Г.Соёлмаа нар нь С.Мд мэдэгдэлгүйгээр С.Мг байлцуулсан мэтээр хурлын протокол, тогтоол гаргаж, хуурамчаар гарын үсэг зурж, “Н” НҮТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Улсын бүртгэлд 2014-10-07-ны өдөр бүртгүүлсэн байна. Дээрх 2014-09- 29-ний өдрийн 02 дугаар Удирдах зөвлөлийн протокол, 01 дугаартай үүсгэн байгуулагчдын 02 дугаар тогтоол зэрэгт зурагдсан гарын үсэг нь С.Мгийн гарын үсэгтэй харьцуулахад өөр байна. Иймд 2014-09- 29-ний өдрийн 02 дугаартай “Н” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн протокол, 2014-09- 29-ний өдрийн 01 дугаартай үүсгэн байгуулагчдын тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: “Н” НҮТББ-ыг байгуулсан байдаг. С.Ариунцэцэг, С.М, Л.Отгонжаргал нар анх үүсгэн байгуулж удирдах зөвлөлийн гишүүдэд нь Д.Наранбаатар, М.Мөнх-Очир, Г.Соёлмаа нар байсан. 2014-09-29-ний өдрийн Удирдах зөвлөлийн хуралдаанд С.М нь өөрөө биечлэн оролцсон. Тус өдрийн хуралдаанд “Н” НҮТББ-ын үүсгэн байгуулагчид, гишүүд болох Л.Отгонжаргал, С.Ариунцэцэг, Д.Наранбаатар, М.Мөнх-Очир, Г.Соёлмаа, С.М нар оролцсон. Тус хуралдааны тэмдэглэл болон хурлын тогтоолыг гарын үсэг зуруулах болон улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхтэй холбоотой ажлыг С.М нь өөрөө биечлэн гүйцэтгэсэн болно. Эхлээд тус хуралд оролцсон гишүүдээр гарын үсэг зуруулж, тамга даруулсан. Хожим нь өөрийн гарын үсэггүй хурлын тэмдэглэл болон тогтоолыг “Н” НҮТББ-д өгсөн. Нэхэмжлэгч талаас 2014-09- 29-ний өдрийн 02 дугаартай “Н” НҮТББ-ын удирдах зөвлөлийн протокол, 2014 оны 01 дугаартай үүсгэн байгуулагчдын тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн 2 шаардлага гаргасан. Нэгт хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол 140 400 төгрөг төлөх буюу нэхэмжлэлийн шаардлага бүрт улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байсан. Гэвч нэхэмжлэгч талаас 70 200 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/03179 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Н” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдох “Н” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай хурлын протокол, Үүсгэн байгуулагчдын 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай С.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Мгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2018/00502 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/03179 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан “Н” НҮТББ-ын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаар үүсгэн байгуулагчдын тогтоол, 02 дугаар удирдах зөвлөлийн хурлын протоколыг хүчингүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” НҮТББ-иас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мд олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг хэт хийсвэрээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “С.М нь өөрийн эрхэлж байсан удирдах зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргаагүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т төрийн бус байгууллагын удирдах дээд байгууллага нь удирдах зөвлөл байна гэж заасан. Харин удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг дүрмээр зохицуулахаар Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.5, 10.1.6, 10.1.8, 10.1.9,10.1.10-д заасан. “Н” НҮТББ-ын дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бөгөөд бүрэн эрхээ хурлаар хэрэгжүүлнэ” 11 дүгээр зүйлийн 11.1-д “Удирдах зөвлөлийн гишүүдийн 3/2 хувь хуралд оролцсноор хуралдааны ирцийг хүчинтэйд тооцно”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Удирдах зөвлөлийн шийдвэр тогтоол байна. Удирдах зөвлөлийн тогтоолд удирдах зөвлөлийн дарга гишүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан. Мөн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний хуралдаанд оролцсон талаар М.Мөнх-Очир, С.Ариунцэцэг нар гэрчийн мэдүүлэг өгдөг. С.М нь удирдах зөвлөлийн хуралдаанд оролцож удирдах зөвлөлөөс гарах саналаа хэлэлцүүлж удирдах зөвлөлөөс гарсан болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсоор байхад давж заалдах шатны шүүх гэрчийн мэдүүлэгт хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Н” НҮТББ-ын удирдах зөвлөлийн хуралдаан болсон. Тус хуралдаанд удирдах зөвлөлийн гишүүн Л.Отгонжаргал, С.Ариунцэцэг, Д.Наранбаатар, М.Мөнх-Очир, Г.Соёлмаа, С.М нар оролцсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэх нь хэсэгт “Улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж эхэлсний дараа С.М нь Л.Отгонжаргал болон С.Ариунцэцэг нарт тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь үлдээж түр хугацаанд байгууллагын дотоод ажлаас хөндийрсөн байдаг” гэж дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.М нь “Н” НҮТББ-ын удирдах зөвлөлөөс гарах хүсэл зоригийг илэрхийлж байсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон бусад бичгэн баримтаар нотлогддог. Гэтэл давж заалдах шатны шүүх С.Мг удирдах зөвлөлөөс гарахыг хүсээгүй байхад удирдах зөвлөлөөс чөлөөлсөн мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
С.М 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Н” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдуулан “...удирдах зөвлөлийн 2014-09-29-ний өдрийн 02 дугаар протокол, 01 дугаарт тогтоолыг тус тус хүчингүй болгуулах..”-г шаардсан бөгөөд үндэслэлээ “... С.Ариунцэцэг, Л.Отгонжаргал нартай хамтран төрийн бус байгууллага 2014-07-01-ний өдөр байгуулсан...гэтэл миний гарын үсгийг хуурамчаар зурж, миний нэрийг улсын бүртгэлээс хасуулсан байна...” гэж тайлбарлажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...нэхэмжлэл үндэслэлгүй байна ...хуралд нэхэмжлэгч өөрөө оролцож, улсын бүртгэлийн өөрчлөлтийг мөн өөрөө хийлгэсэн...” гэжээ. /хх 17/
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... 2014-09-29-ны өдөр С.Мг удирдах зөвлөлийн гишүүнээс... үүсгэн байгуулагчаас хасч шийдвэрлэсэн байна... С.М гарын үсэг зураагүй нь нотлогдож байгаа хэдий ч хуралдаанд өөрийн биеэр оролцсон нь тогтоогдож байна...” гэсэн дүгнэлт хийсэн байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангахдаа “... 2014-09-29-ний өдрийн 02 дугаар протокол, 01 дугаар тогтоолд С.М гарын үсэг зураагүй нь тогтоогдсон...” гэжээ.
Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд хандан, “...улсын бүртгэлд бүртгэгдсэн дүрмийг ...шаардлага хангасан хэлбэрээр ...гаргуулах...”-г /хх 83/ хүссэн бөгөөд уг баримтыг хариуцагчаас бус, харин эрх бүхий байгууллагаас гаргуулах нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцнэ.
Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-г зөрчихгүй юм.
Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.
Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг, тухайлбал, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2014-09-29-ний өдрийн хурлын 02 дугаар протокол, 01 дүгээр тогтоол болон байгууллагын дүрэм зэрэг нь хэргийг хянан шийдвэрлэх үед улсын бүртгэлд ямар байдлаар бүртгэлтэй байгаа нь тодорхойгүй байгаа тохиолдолд нэхэмжлэлийн талаар шүүхээс дүгнэлт хийх нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 23 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчинө.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт нийцээгүй тул шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/03179 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2018/00502 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчид захирамжаар буцааж олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ