Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0157

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр:

“...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У давж заалдах гомдолдоо:

“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/788 дугаар захирамжийн С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байгаа гэх үндэслэлээр Газрын хэвлийн тухай 7 дугаар зүйлийн 7.2.4, 21 дүгээр зүйлийн 21.1.5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.13-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалж газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 2-т заасан иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэсний дагуу тухайн газар оршин сууж байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар гаргасан шийдвэр болно.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал хөтөлбөргүйгээр тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож, газрын хэвлий ухаж нүх, эрэг үүсгэн, олборлосон түүхий эдээ тээвэрлэн зам эвдэж, тухайн газарт тоосгоны үйлдвэр ажиллуулан тоосго үйлдвэрлэж байхад иргэд энэ үйл ажиллагааны хажууд амьдарч байгаа нь нийтэд илэрхий үйл баримт гэж үзэхээр байхад нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж буруу дүгнэсэн гэж үзэж байна.

Мөн суурьшлын бүсийн талаар хариуцагчийн зүгээс тайлбар гаргаж маргаагүй, холбогдох баримтыг ирүүлж байгаагүй гэж шүүх дүгнэсэн нь буруу бөгөөд холбогдох нотлох баримтуудыг гаргаж шүүх хуралдааны явцад тайлбарласан болно.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/18 дугаар захирамжаар Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоосон бөгөөд тус хязгаарт “С” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай багтаж байгаа талаар баримтуудыг гаргаж өгсөн.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, “шийдвэрийг хүчингүй болгох тухай” хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 21 дүгээр зүйлийн 21.1.5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг тус тус үндэслэн “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 8, 11, 12 дугаар хороодын нутаг дэвсгэрт шавар олборлож, тоосгоны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байна” гэсэн үндэслэлээр 6 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон ба тус захирамжийн хавсралтын 4 дэх хүснэгтэд нэхэмжлэгч “С” ХХК-ийн MV-***** дугаартай 10.26 га талбайг заажээ.

Нэхэмжлэгчээс дээрх захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасанд “...иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал хөдөлбөргүйгээр тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Учир нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Хяналт шалгалт хийсэн тухай” 02-05-198/771 албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/212 удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Найрамдалын ордыг ашиглагч “С” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд “аливаа зөрчил илрээгүй байх ба Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан “хүн  амын  эрүүл  мэндэд  аюултай  байдал бий болсон” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дурьджээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагчаас нэр бүхий 18 иргэний гарын үсэг бүхий хүсэлтийг ирүүлсэн байх боловч үүнд “...маргаан бүхий акт гарснаас хойш бичүүлсэн ... иргэдийн хэд нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэд болох ... тухайн орчны бохирдлыг үүсгэгч нь нэхэмжлэгч компани мөн эсэхийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт, акт, байхгүй …” гэх үндэслэлээр анхан шатны шүүх дүгнэсэн нь нотлох баримтыг зөв үнэлсэн байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасанчлан энэ тохиолдолд Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захирамжийг Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан гэх үндэслэлээр гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн тодруулж, шаардлагатай судалгаа шинжилгээг эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргасны үндсэн дээр “С” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох ёстой байжээ.

Эсрэгээр нэхэмжлэгч “С” ХХК нь 2019, 2020 онд байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний нэмэлт тодотгол болон ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг хуульд заасан хугацаанд батлуулж тайлагнадаг байсан ба хэрэгт нотлох баримтаар хавсаргасан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутагт орших “Нуур нэртэй тоосгоны шаврын ордыг ил уурхайн аргаар ашиглах төслийн техник-эдийн засгийн үндэслэлийн тодотголд Эрдэс баялгын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Т/19-11-17  дугаар дүгнэлтээр “...техник, технологийн сонголт, уулын ажлын төлөвлөлт, цахилгаан болон усан хангамж, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ... чанарт гаргасан дүгнэлтийг шинжээч Монгол Улсын зөвлөх инженер Ц.Ж-д хариуцуулахаар...” шийдвэрлэж, үүнд аливаа зөрчил илрээгүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Т/144 дугаар тушаалаар уг техник-эдийн засгийн үндэслэлийг хүлээн авсан.  

Мөн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга болон Дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтран ажиллах “Гурвалсан гэрээ” байгуулсан зэргээс үзвэл хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгохоос хангалттай сэргийлж, шаардагдах ажиллагааг бүрэн хийдэг гэж үзэхээр байна.

Харин хариуцагчаас давж заалдах гомдолдоо тайлбарлаж буй маргаан бүхий газар нь суурьшлын бүсэд орсон эсэх тухайд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/18 тоот Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоох тухай захирамж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03-07/116 тоот Нийслэлийн Засаг даргын тамгын газар руу хүргүүлсэн албан бичгээс үзвэл суурьшлын бүсэд орсон байна.

Гэвч маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжид энэ үндэслэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээ болон маргааны үйл баримтаас хэтэрсэн дүгнэлт хийх боломжгүй.

Ийнхүү хэрэгт авагдсан баримтуудаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/788 дугаар захирамжаар “С” ХХК-ийн MV-001125 дугаартай 10.26 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэр нь хууль зөрчиж гарсан шийдвэр болох нь тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА