Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 00085

 

    2020          03             24                                          2020/ШЦТ/85

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ч.Батзориг,

Шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 1938007870464 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.А.

Шүүгдэгч Б.А- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наяд” супермаркетын арын 4 замын уулзварт 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ... УНК улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлийг жолоодон яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж иргэн Л.О-ийн жолоодон явсан ... ХӨҮ улсын дугаартай Ист загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Л.О-ийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.А- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наяд” супермаркетын арын 4 замын уулзварт 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ... УНК улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлийг жолоодон яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, Замын хөдөлгөөний дүрмийн 18 дугаар зүйлийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Л.О-ийн жолоодож явсан ... ХӨҮ улсын дугаартай Ист загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Л.О-ийн биед “өвчүүнд хугарал, хавирга өвчүүний холбоосын салалт, баруун 8-р хавирганд цууралт” бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12, 16 дугаар хуудас/,

- Эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хх-ийн 13 дугаар хуудас/,

- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

- Хохирогч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота Ист загварын ... ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 6 дугаар хорооноос хойшоо чигээрээ Мөрөн сумын 11 дүгээр хорооны хойшоо хамгийн арын гудамжинд хашаа бариулж байгаа газар руугаа очихоор явж байгаад 11 билүү 12 дугаар багт байрлах “Наяд” дэлгүүрийн арын 4 замын уулзвараар урдаас хойшоо чиглэлтэй уулзвар нэвтрэх гэж явж байгаад автомашинтай мөргөлдсөн. Тоёота Приус загварын саарал өнгийн автомашин ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ чиглэлтэй явж байгаад намайг өнгөрөөлгүй миний машины зүүн урд дугуй хэсэг рүү мөргөсөн. Би уулвар руу орохдоо тухайн машиныг ирж явааг харсан. Тэгээд гол замаар явсан болохоороо түрүүлж уулзвар нэвтрэх ёстой гэж бодож байсан боловч тухайн автомашины жолооч намайг өнгөрөөлгүй ирж мөргөсөн. Би Б.А- гэдэг хүнээс 1.931.500 төгрөг аваад үлдсэн 500.000 төгрөгөө 2020 оны 05 дугаар сард багтааж авахаар тохирч гэрээ хийсэн. Өнөөдөр Б.А- гэдэг хүн миний ... тоот дансанд үлдэгдэл 500.000 төгрөгөө шилжүүлсэн. Одоо надад өөр нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 20 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд манай “Өмнийн гурван сайхан уул” нэртэй барилгын угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн ажилтан Б.А-д би өөрийн Тоёота приус-30 загварын ... УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгч Хөсгөл аймгийн Хатгал сумаас гадас авчруулахаар явуулсан юм. Гэтэл 2 цаг орчмын дараа над руу Б.А- ... гэсэн өөрийн дугаараасаа залгаад “би Мөрөнгийн дөрвөн замын уулзвар дээр Тоёота Ист тээврийн хэрэгслийн хажуу талаас мөргөчихлөө хүрээд ирээч” гэхээр нь яваад очтол Б.А- бэртэж барьсан зүйлгүй машины хажууд зогсчихсон замын цагдаа ирсэн хэмжилт хийгээд зогсож байсан. Б.А- мөнгөний бололцоогүй байсан учир Тоёота Ист тээврийн хэрэгслийн засварын мөнгийг жолооч гээд эмэгтэйд 14 хоногийн дараа бэлнээр өгсөн. Өөрийн тээврийн хэрэгслийг болохоор нийт 8.500.000 төгрөгөнд засуулсан. Би тухайн зардлыг Б.А-ээс нэхэмжпэхгүй. Би ... УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 10 дугаар сард барилгын компаниас авлагандаа 17.000.000 төгрөгөнд бодуулж хадам ах Н.Б гэх хүний нэр дээр авч байсан. 2020 оны 01 дүгээр сард Увс аймагт танил Б- гэх хүнд зарчихсан гэрчилгээ нь байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өглөө 10 цагийн үед би хамт ажилладаг Б.А- ахын хамт Хатгал тосгонд очиж тэнд байгаа салбараас гадас аваад буцаад Мөрөн ороод 10 дугаар багт байрлах барилга руу явж байгаад 4 замын уулзварын баруунаас зүүн тийшээ чиглэлтэй уулзвар гарах гэж байгаад машинтай мөргөлдсөн. Би зам орчин сайн мэдэхгүй болохоор мөргөлдсөн замын байршлыг сайн мэдэхгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийг Б.А- жолоодож явсан. Би жолоочийн эсрэг талын урд суудал дээр зорчиж явсан. Би яагаад машинтай мөргөлдсөнийг мэдэхгүй байна. Гар утсаараа оролдоод явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 575 дугаартай: “1. Д.Л.О-ийн биед өвчүүнд хугарал, хавирга өвчүүний холбоосын салалт, баруун 8-р хавирганд цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Л.О-ийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

- Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаартай: “...2. Б.А- нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 15-р зүйлийн 15.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол үүссэн байна гэж үзэв. Мөн МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,

- Хохирогч Л.О-ийн эзэмшлийн Тоёота Ист загварын ... ХӨҮ улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын үнэлгээ 1.431.500 төгрөг гэх автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хавсралт, гэрэл зураг /хх-ийн 87-89 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...надад прокурорын тогтоолтой холбоотой санад хүсэлт байхгүй. Би мөнгө төгрөгний боломжгүй байсан болохоор дуудсан үед нь ирээгүй. Тэгээд дахин дахин залгаад байхаар нь хүнд өнөө маргааш очно гэж худлаа хэлээд яахав гэж бодоод утсаа салгаад дугаараа ашиглахаа больсон. ...Өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.А-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/,

- Төв аймгийн Угтаалцайдам сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56 дугаар хуудас/,

- Жолоочийн лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/,

-  Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-70 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй, хууль зүйн мэдлэг дутмаг байдал, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.А- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.А- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наяд” супермаркетын арын 4 замын уулзварт 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ... УНК улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлийг жолоодон яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 18 дугаар зүйлийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Л.О-ийн жолоодон явсан ... ХӨҮ улсын дугаартай Ист загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Л.О-ийн биед “өвчүүнд хугарал, хавирга өвчүүний холбоосын салалт, баруун 8-р хавирганд цууралт” бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруутайгаар, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг зөрчсөн, зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэндэд хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгчийн мэдүүлж байгаа “...уг уулзвараас баруунаас зүүн тийш чигээрээ нэвтрэх гэтэл Тоёота Ист маркын ... ХӨҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн. ...Би замын тэмдгийг анзаарч хараагүй. Хөдөлгөөн багатай байсан. Нар гялбаад холын юм сайн харагдахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/-ээс үзвэл Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 18 дугаар зүйлийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг гэм буруутайгаар зөрчсөн нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Б.А- гэдэг хүнээс 1.931.500 төгрөг аваад үлдсэн 500.000 төгрөгөө 2020 оны 05 дугаар сард багтааж авахаар тохирч гэрээ хийсэн. Өнөөдөр Б.А- гэдэг хүн миний ... тоот дансанд үлдэгдэл 500.000 төгрөгөө шилжүүлсэн. Одоо надад өөр нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20/, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүгдэгч Б.А-, хохирогч Л.О- нарын хооронд байгуулсан “Машины засвар болон эмчилгээний зардалд 1.931.500 төгрөгийг 2019.11.11-ний өдөр төлсөн. Үлдэгдэл төлбөр 500.000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сард багтааж төлөхөөр тохиролцож байна. Төлбөрийг бүрэн барагдуулбал гомдол санал байхгүй болно” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 59/ зэргийг үндэслэн энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, хохирол төлбөрийг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.А- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлж, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 95/, хяналтын прокуророос шүүгдэгч Б.А-д “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг харгалзан шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.А-ийг 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 2 /хоёр/ хоног шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, ...хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан ...нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Б.А-ийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 30.000 /гучин мянга/ төгрөгийг оногдуулсан торгох ялаас хасах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн баривчлагдсан 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгчид оногдуулсан торгох ялаас 30 /гуч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000 /гучин мянга/ төгрөгийн торгох ялыг хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ