Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 00087

 

    2020          03             24                                          2020/ШЦТ/87

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

Хохирогч А.И-, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг, 

Шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 1938002990087 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Т.Б. 

Шүүгдэгч Т.Б- нь иргэн И.А-ийн эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ... тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг И.А-ийн эзэмшлийнх гэж мэдсээр байж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн А.И-д худалдан борлуулж, “Залилах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Т.Б- нь иргэн И.А-ийн эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ...д байрлах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг түүний “надад зээл олдохгүй байна, зээл авч өгөөч” гэх хүсэлтийн дагуу өөрийн нэр дээр шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “ХААН” банкнаас 3.000.000 төгрөгийн зээл авч И.А-т өгөн, улмаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж уг үл хөдлөх эд хөрөнгийг И.А-ийн эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн А.И-д худалдан борлуулж, “Залилах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
  • Хохирогч М.И.А-өөс Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 7 дугаар хуудас/,
  • Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
  • Хохирогч И.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Надад ямар ч банкнаас зээл гаргах боломжгүй тул би өөрийн танил Т.Б-, Д.О- нарыг Хаан банкнаас 3 сая төгрөгийн зээл аваад өгөөч гэж гуйгаад ярьж тохироод би Мөрөн сумын 5-... тоотод байх хашаа байшингаа Т.Б-, Д.О- нарт 9 сая төгрөгөөр зараад түүнийхээ 6 сая төгрөгийг бэлнээр аваад 3 сая төгрөгийг нь Т.Б- Хаан банкнаас зээл авч төлж барагдуулах гэж байгаа мэтээр хуурамч баримт бүрдүүлээд Т.Б- нь 3 сая төгрөгийн зээлийг Хаан банкнаас аваад надад өгч байсан. Зээлийг Хаан банкинд төлж барагдуулаад Хаан банкны эдийн засагчтай уулзаад зээлээ төлж дууссан үл хөдлөх хөрөнгийн болон газрын гэрчилгээгээ авая гэхэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон газрын гэрчилгээ чинь өөр хүний нэр дээр байгаа та тэр хүнтэйгээ ирж бичиг баримтаа ав гэсэн. Тэгээд Т.Б-тай утсаар ярьж эгч нь зээлээ төлөөд дуусгачихлаа бичиг баримтаа авах гэсэн чинь чамтай ирж бичиг баримтаа ав гээд байна гэхэд би завгүй очих боломжгүй байна гээд ирээгүй. Ингээд 2013 оны 05 сард Т.Б- Хаан банкин дээр очоод миний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ газрын гэрчилгээг авчихсан байсан. Тэгээд би Т.Б- руу залгаад чи миний хашаа байшингийн гэрчилгээ, газрын гэрчилгээг авчихсан байна шүү дээ эгч нь хашаа байшингийнхаа гэрчилгээ болон газрын гэрчилгээгээ авья гэхэд мөн л хэлж байсан шигээ за одоохон хөдөө явж байна, 2-3 хоногоос очоод өгье гэж хэлж байсан. ...Ингээд 2019 оны 04 сарын 02-ны орчим Улаанбаатар хотоос Хөвсгөл аймагт ирээд Улсын бүртгэлийн хэлтэс орж Н- гэх тасгийн даргатай нь уулзаж өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээг хэний нэр дээр байгаа талаар лавлаж асуухад 2018 оны 11 сард А.И- гэх хүний нэр дээр шилжсэн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
  • Гэрч П.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11 дүгээр сард иргэн Т.Б- нь Мөрөн сумын 5-... тоотод байрлах хашаа байшинг иргэн А.И-д зарж худалдах гэрээ байгуулж нотариатын газраар баталгаажуулсан байсан. Ингээд холбогдох бичиг баримтын хүрээнд Мөрөн сумын 5-... тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг иргэн Т.Б-аас иргэн А.И- рүү шилжүүлж бичиг баримтыг гаргаж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
  • Хохирогч А.И-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2013 оны 1 сард байх одоо санахгүй байна. Телевизийн урсдаг зараар Мөрөн сумын 1 дүгээр багийн ...д байрлах хашаа байшинг зарна гэж зар явж байхыг нь миний дүү Ариунсанаа харчихаад надад хэлэхээр нь би тухайн хашаа байшингийн эзэнтэй очиж уулзахад эзэн нь Т.Б- болон Д.О- гэх хүмүүс байсан. Тэгээд би энэ хоёр хүнтэй уулзаад Мөрөн сумын ... тоотод байрлах хашаа байшинг нь 14 сая төгрөгөөр худалдаж авахаар тохироод 13 сая төгрөгийг нь эгч А.Б-гийн Хаан банкны данс руу шилжүүлж аваад эгч бид хоёр тоолж Т.Б-д бэлэн аваачиж өгөөд 1 сая төгрөгийг нь хашаа байшингийнхаа гэрчилгээг шилжүүлж аваад өгье гэсэн чинь Т.Б- манай хашаа байшингийн гэрчилгээ Хас банкинд зээлийн барьцаанд байгаа, би таниас авсан мөнгөөрөө Хас банкныхаа зээлийг төлөөд бичиг баримтаа аваад танай эгчид өгчихье гэхээр нь итгээд хөдөө малаа эзэнгүй орхисон байсан учраас яараад хөдөө явчихсан. Ингээд бичиг баримтаа шилжүүлж өгөхгүй болохоор нь 2013 оны 6 сард яав юу болов яагаад хашаа байшингийнхаа гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байгаа юм бол гэж бодоод Мөрөн сум руу орж ирээд хөөцөлдөхөд Т.Б-ы надад зарсан хашаа байшин “Гео-Эрдэнэ” нэртэй банк бус санхүүгийн байгууллагад мөн зээлийн барьцаанд тавигдсан байсан. Ингээд бүр болохгүй болохоор нь би Т.Б-, Д.О- нарыг дагуулаад “Гео-Эрдэнэ” банк бус санхүүгийн байгууллага дээр очиж холбогдох хүмүүстэй нь уулзахад зээлээ төлөөд хашаа байшингийнхаа гэрчилгээг ав гээд өгөхгүй байсан. Тухайн үед үндсэн зээл нь алданги болон хүүтэйгээ нийлээд 9 сая гаран мянган төгрөгийн барьцаанд байсан. Ингээд би тэр зээлийг нь төлж барагдуулаад “Гео-Эрдэнэ” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавигдсан байсан Мөрөн сумын ... тоот болон 5-... тоотод байрлах хашаа байшингийн гэрчилгээг аваад нотариатын газар орж миний Т.Б-ы өмнөөс “Гео-Эрдэнэ”-д төлсөн мөнгийг 2017 оны 05 сарын 03-ны өдрийн дотор Т.Б- төлж барагдуулахаар тохирч гэрээнд тусгуулаад Мөрөн сумын ... тоотод байрлах хашаа байшингаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад Мөрөн сумын 5-... тоотод байгаа хашаа байшингийнх нь гэрчилгээг барьцаа маягаар өөртөө авч Т.Б-ыг надад мөнгөө төлж дуусахаар өөрт нь өгөх болон зээлээ төлөхгүй бол Мөрөн сумын 5-... тоотод байрлах хашаа байшинг би худалдан борлуулж болохоор гэрээ байгуулаад хашаа байшингийнх нь бичиг баримтыг би өөртөө авч үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 77-80 дугаар хуудас/,
  • Гэрч Э.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “И.А- гэх хүн зээл аваагүй. ...2011 оны 01 дүгээр сард ...зээлийн болон барьцааны гэрээг иргэн Т.Б- болон түүний хамтран зээлдэгч Д.О- нартай байгуулж гэрээг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж зээлийг олгосон. Ингээд Т.Б-ы авсан зээл явцын дунд хугацаа хэтэрч эхэлсэн тул ...зээлээ төлөх талаар шаардахад би уг зээлийг аваагүй, И.А- гэж хүн надаар зээл авахуулсан, тэр хүн төлөх ёстой гэсэн утгатай тайлбарыг хэлдэг байсан. ...Бүүр болохгүй болохоор нь Т.Б-тай хамт И.А- гэдэг хүнтэй уулзаж байсан бөгөөд Т.Б-аар зээл авахуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Ингээд манай банкнаас авсан зээл ...2013 оны 03 дугаар сард төлөгдөж дууссан” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ...од байрлах А.И-ийн нэр дээрх газар өмчлөх улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн 520 м.кв талбайтай газрын гэрчилгээний хуулбар, ... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 496 дугаар шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх актын хуулбар /хх-ийн 34 дүгээр хуудас/,
  • Хохирогч А.И-ээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан мэдүүлгийн хуулбар /хх-ийн 39 дүгээр хуудас/,
  • Голомт банкны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Татварын хэлтэст үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны 2 хувь 160.000 төгрөгийг А.И- нэрээр шилжүүлсэн орлогын мэдүүлгийн баримтын хуулбар /хх-ийн 40 дүгээр хуудас/,
  • 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Алтангэрэлийн А.Б-, Алтангэрэлийн А.И- нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 41 дүгээр хуудас/,
  • 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч Т.Б-аас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ...од байрлалтай газар, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах эрхийг А.Б-д олгосон итгэмжлэлийн хуулбар /хх-ийн 42 дугаар хуудас/,
  • 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр И.А-, Т.Б- нарын хооронд байгуулсан орон сууцны бэлэглэлийн гэрээ /хх-ийн 46 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ...од байрлах И.А-, Т.Хулан, Т.Ану-Үжин нарын өмчлөлийн ... дугаарт бүртгэгдсэн 57.75 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
  • ХААН банкны 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн: “Т.Б- нь 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 3.000.000 төгрөгийн зээл авч 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хаасан” гэх тоот /хх-ийн 63 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: “...Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-... тоотод байрлах 57.7 кв.м талбайтай хөрөнгө 2011.01.03-ны өдөр И.А-, Т.Х, Т.А- нараас бэлэглэлийн гэрээгээр Т.Б- -д шилжүүлэн өгсөн бүртгэлтэй байна. ШШГГ-аас 2012.06.26-ны өдрийн 01/669 дугаартай албан бичгээр иргэн И.А-ийн нэр дээрх хөрөнгөд шилжилт хөдөлгөөн хийхгүй байхаар бичиг ирүүлсэн байна” гэх албан тоот /хх-ийн 64 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн: “Тус газарт Т.Б-д холбогдох Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 216 дугаар шүүгчийн захирамжаар 304.825 төгрөг гаргуулж Д.Т-д олгох гүйцэтгэх баримт бичигт ажиллагаа явуулж төлбөрийг 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бүрэн төлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Т.Б-ы өмчлөлд байсан гэх Мөрөн сумын 5-... тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх болон шилжилт хөдөлгөөн хийх эрхийн хязгаарлалт хийгдээгүй байна” гэх албан тоот /хх-ийн 67 дугаар хуудас/,
  • 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Д.О-, А.И- нарын хооронд байгуулсан “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р багийн ...тоотод орших хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний эзэмшлийн газрын хамт 13.000.000 төгрөгөөр худалдах” хэлцлийн хуулбар /хх-ийн 102 дугаар хуудас/,
  • Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.Б- бид хоёроор “Хаан” банкнаас 3 билүү 4 сая төгрөгийн зээл авахуулсан. Зээл авахуулахдаа өөрийн Мөрөн сумын 5-... тоотод байрлах хашаа байшингийнхаа гэрчилгээг Т.Б-ы нэр дээр шилжүүлээд нөхөр бид хоёр тэр хашаа байшинг нь барьцаалж зээл авсан байдаг. Ингээд нөхөр бид хоёр банкнаас зээлж авсан мөнгөө бүгдийг нь И.А-т өгсөн боловч зээлийн эргэн төлөлтөө хугацаандаа төлөхгүй хэтрүүлэн төлж эхэлсэн. ...Улмаар нөхөр бид хоёрт мөнгөний хэрэг гараад банкнаас зээл хөөцөлдөх гэсэн чинь Монгол банкинд 5 жилийн хар данстай байна гээд зээл авч болохооргүй байсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр ярилцаж байгаад Мөрөн сумын ... тоотод байрлах хашаа байшингаа “Гео-Эрдэнэ” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад 4 сая төгрөгийн зээл авсан. ...”Гео-Эрдэнэ”-ээс авсан зээлийнхээ эргэн төлөлтийг эхний хоёр сар ямар ч асуудалгүй төлөөд дараагийн сараас нь зээлээ төлж чадахаа байгаад мөн хугацаа хэтрүүлж эхэлсэн. Ингээд би өөрийн төрсөн эгч О-г “Хас” банкнаас зээл авах гэж байхад нь хашаа байшингийнхаа гэрчилгээг давхар тавиулаад нэмээд 10 сая төгрөг авахуулчихъя гэсэн чинь эгч ямар ч байсан бичиг баримтаа аваад ир гэхээр нь ...5-... тоотод байрлах хашаа байшингийн гэрчилгээг ямар нэгэн гэрээ байгуулахгүй сул тавиад ... тоотод байрлах хашаа байшингийнхаа гэрчилгээг авсан. Ингээд “Хас” банкнаас зээл гарахгүй гэхээр нь буцаагаад “Гео-Эрдэнэ”-д аваачиж өгсөн. Хоёр бичиг баримт хоёулаа “Гео-Эрдэнэ”-д барьцаанд тавигдсан. Ингээд зээлээ төлөхгүй явсаар байгаад үндсэн зээл нь хүүтэйгээ нийлээд 9.758.000 төгрөг болсон. ...Ингээд зээлээ төлж барагдуулахын тулд Мөрөн сумын ... тоотод байрлах байшингаа А.И- гэх хүнд зарж бэлэн 12 сая төгрөг аваад “Гео-Эрдэнэ” банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлөх гэж байсан боловч ...зээлээ төлж чадаагүй. ...Тэгсэн чинь А.И- гуай нэг өдөр бид хоёрт хэлэхгүй “Гео-Эрдэнэ”-ийн барьцаанд тавигдсан байсан 5-..., ... тоот хашаа байшингийн гэрчилгээг зээлийг нь хаагаад аваад явчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/,
  • Гэрч Л.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.Б- надтай ирж уулзаад Мөрөн сумын 1 дүгээр багт байрлах хашаа байшингийнхаа гэрчилгээг түр хугацаагаар авъя, оронд нь энэ бичиг баримтыг тавьчихъя гээд өөрийн нэр дээр байсан Мөрөн сумын 5 дугаар багт байрлах үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг солиод аваад явсан. ...Тэр хүмүүс нэг их удалгүй Т.Б-ы манайхаас авсан зээлийг төлсөн. Ингээд би Улсын бүртгэлийн хэлтэст өр төлбөргүй гэсэн албан тоот хүргүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/,
  • Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Т.Б- гэдэг хүнтэй 2013 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод байх хашаа байшинг 15 сая төгрөгөөр худалдан авахаар болоод 13 сая төгрөгийг нь бэлэн өгсөн. Энэ худалдан авсан хашаа байшин нь “Хас” банк болон “Гео-Эрдэнэ” банк бус санхүүгийн байгууллага гээд хоёр газар барьцаанд байсан. Т.Б- надаас авсан мөнгөөрөө Хас банкны зээлээс чөлөөлсөн. Харин “Гео-Эрдэнэ” банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй байсан болохоор би нэр дээрээ шилжүүлж авах боломжгүй болсон. Би “Гео-Эрдэнэ” банк бус санхүүгийн байгууллагын зээл болох 9 сая гаруй төгрөгийг төлөхөөр болсон. Үүнийхээ хариуд Т.Б- болон эхнэр Д.О- нар нь Мөрөн сумын 5-... тоотод байрлах хашаа байшингаа 3 жилийн гэрээ хийж надад барьцаалуулсан. Тэр гэрээний хугацаа 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дууссан болохоор өөрийн дүү болох А.И-д худалдан борлуулж зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Иргэн И.А- нь Мөрөн сумын 5-... тоотод байрлах хашаа байшингаа миний нэр дээр шилжүүлээд надаар “Хаан банк”-аас гурван сая төгрөгийн зээл авахуулсан. Ингээд зээлийн эргэн төлөлтөө хэтрүүлж алданги тооцуулж явсаар байгаад 2016 онд уг зээлийг И.А- төлж дуусгасан. Тэгээд “Хаан” банкнаас над руу залгаад бичиг баримтаа ирж ав гэхээр очиж авсан. Үүний дараа би өөрийн нэр дээр банкнаас зээл гаргуулах гэсэн чинь маш муу үнэлгээтэй байна гээд зээл гаргаагүй. Тэгэхээр нь Гео-Эрдэнэ банк бус санхүүгийн байгууллагад хандаж Мөрөн сумын ... тоотод байрлах хашаа байшингаа барьцаанд тавиад зээл авах гэтэл барьцаа хөрөнгө чинь бага байна гэхээр нь Мөрөн сумын 5-... тоотод байрлах хашаа байшингийн гэрчилгээг үл хөдлөхөөр оруулахгүйгээр давхар тавьсан. Тэгээд Гео-Эрдэнэ банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлж чадахгүй явсаар байгаад зээл болон зээлийн хүү нь 9 сая төгрөг болсон. Ингээд Мөрөн сумын ... тоотод байрлах хашаа байшингаа А.И- гэх хүнд худалдан боруулж 13 сая төгрөг аваад хүнд машин тэрэгний зээлийн өртэй байж байгаад үүнийгээ дарсан. Ингээд А.И- гуай Мөрөн сумын ... тоотод байрлах хашаан байшингаа шилжүүлж өг гэхээр нь Хас банкинд зээлийн барьцаанд байгаа зээлээ чөлөөлөөд бичиг баримтыг таны нэр дээр шилжүүлье гэж хэлсэн. Үүний дараа дахин дахин ирээд байхаар нь Гео-Эрдэнэ банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд байгаа гэдгээ хэлээд манай эхнэр Д.О-, А.И-, түүний эгч А.Б- бид нар Гео-Эрдэнэ банк бус санхүүгийн байгууллагад дээр очиж уулзсан. Тэгээд бид дөрөв ярилцаад Гео-Эрдэнэ банк бус санхүүгийн байгууллагын зээлээ эхнэр бид хоёр нэг жилийн хугацаанд төлж барагдуулна, хэрэв төлж барагдуулж чадахгүй бол Мөрөн сумын 5-... тоотод байрлах хашаа байшинг худалдан борлуулж болно гэсэн хэлцэл хийж нотариатаар батлуулсан. Тухайн үед А.И- гуай би хөдөө байдаг, манай энэ эгч Мөрөн байдаг учраас та нартай уулзахад амар гээд А.Б- гэх хүнтэй хэлцлийг хийсэн. Ингээд мөнгөө төлж чадалгүй нэг жилийн хугацаа өнгөрсөн учраас А.И- гуай Гео-Эрдэнэ банк бус санхүүгийн байгууллагад 9 сая нэг зуун төгрөг төлөөд Мөрөн сумын ... тоот болон 5-... тоотод байрлах хашаа байшингийн гэрчилгээнүүдийг шилжүүлж авсан байсан. Ингээд И.А- гэх хүний цагдаад өргөдөл өгсөн байна гэхээр нь ирж уулзсан чинь А.И- гуай өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авсан байсан. Ингээд А.И- гэх хүнтэй уулзсан чинь та нар 10 сая төгрөг болгож өг. Тэгэх юм бол бичиг баримтыг нь И.А- рүү шилжүүлээд өгье гэсэн. Тэгээд эхнэр бид хоёр чадахаараа төлсөөр байгаад одоо 7.320.000 төгрөг үлдсэн байгаа. Энэ мөнгийг 2020 оны 07-р сарын дотор төлж барагдуулна гэж гэрээ хийсэн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн Засаг даргын: тодорхойлолт /хх-ийн 107 дугаар хуудас/,

- Т.Б-ы иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 108 дугаар хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад иргэдийн гэнэн итгэмтгий байдал, шүүгдэгчийн хууль зүйн болоод ёс суртахууны мэдлэг дутмаг байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Т.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Т.Б- нь иргэн И.А-ийн эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ...од байрлах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг түүний “надад зээл олдохгүй байна, зээл авч өгөөч” гэх хүсэлтийн дагуу өөрийн нэр дээр шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “ХААН” банкнаас 3.000.000 төгрөгийн зээл авч И.А-т өгөн, улмаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж уг үл хөдлөх эд хөрөнгийг И.А-ийн эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн А.И-д худалдан борлуулж, “Залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хохирогч М.И.А-өөс Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 7 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, хохирогч И.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч П.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, хохирогч А.И-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 77-80 дугаар хуудас/, гэрч Э.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ...од байрлах А.И-ийн нэр дээрх газар өмчлөх улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн 520 м.кв талбайтай газрын гэрчилгээний хуулбар, ... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 31-32 дугаар хуудас/, хохирогч А.И-ээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан мэдүүлгийн хуулбар /хх-ийн 39 дүгээр хуудас/, Голомт банкны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Татварын хэлтэст үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны 2 хувь 160.000 төгрөгийг А.И- нэрээр шилжүүлсэн орлогын мэдүүлгийн баримтын хуулбар /хх-ийн 40 дүгээр хуудас/, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр А.Б-, А.И- нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 41 дүгээр хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч Т.Б-аас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ...од байрлалтай газар, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах эрхийг А.Б-д олгосон итгэмжлэлийн хуулбар /хх-ийн 42 дугаар хуудас/, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр И.А-, Т.Б- нарын хооронд байгуулсан орон сууцны бэлэглэлийн гэрээ /хх-ийн 46 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ...од байрлах И.А-, Т.Х, Т.А нарын өмчлөлийн ... дугаарт бүртгэгдсэн 57.75 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 31-32 дугаар хуудас/, ХААН банкны 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн: “Т.Б- нь 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 3.000.000 төгрөгийн зээл авч 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хаасан” гэх тоот /хх-ийн 63 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-ийн 64 дүгээр хуудас/, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Д.О-, А.И- нарын хооронд байгуулсан хэлцлийн хуулбар /хх-ийн 102 дугаар хуудас/, гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/, гэрч Л.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/, гэрч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/, шүүгдэгч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Т.Б- нь шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилгыг агуулж, бусдыг хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Иргэд өөрсдийн эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандах, бусдад хэт итгэх, шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Т.Б-ы үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 13.000.000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б- нь хохирогч А.И-д 13.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 5.680.000 төгрөгийг нөхөн төлсөн, 7.320.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрийлсэн болох нь хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 79/, төлбөр барагдуулах тухай хэлцэл /хх-ийн 101/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Б-аас 7.320.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.И-д олгохоор шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан..” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Т.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 118/, хяналтын прокуророос шүүгдэгч Т.Б-д “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг харгалзан шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн И.А-ийн эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ...од байрлах улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн 520 м.кв талбайтай газар, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн 57.75 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн И.А-ийн эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ...од байрлах улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн 520 м.кв талбайтай газар, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн 57.75 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-аас 7.320.000 /долоон сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.И-д олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.АЗЖАРГАЛ