Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/12

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

хохирогч О.А,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч У-н овогт Д-н Г-т холбогдох эрүүгийн 2017000360010 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 29-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын .....дүгээр баг,  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх У овогт Д-н Г /РД:ЗП/,

 

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Д.Г нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн орчим Баянтал сумын 1 дүгээр баг, Лүнгийн 5-1 тоотод хамтран амьдрагч О.А-тай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон зүүн нүдний дээд, доод зовхинд болон нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Д.Г нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн орчим Баянтал сумын 1 дүгээр баг, Лүнгийн 5-1 тоотод хамтран амьдрагч буюу хохирогч О.А-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон зүүн нүдний дээд, доод зовхинд болон нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 28-нд худгийн насос шатчихаад, насосоо янзлаад байж байгаа тэндээ архи уусан. Тэгээд хөдөө айлд архи ууж байгаад тэндээ унтах гэсэн тэр айлынхан жаахан төвөгшөөгөөд айлын хүмүүс гэрт хүргэж өгсөн байсан. Тэгээд өглөө сэрсэн энэ асуудал болсон байсан гэв.

 

1.2. Хохирогч О.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирсэн. Тэгэхэд манай нөхөр согтуу сууж байсан. Би ажил хийсэнгүй, архи уулаа гээд загнасан. Тэгсэн чи намайг загналаа гээд манай нөхөр уурласан. Тэгэхээр нь би гараад ээжийнх рүү орсон. Тэгсэн намайг дагаад ээжийнх рүү орж ирсэн. Тэгээд миний нүд рүү 2 удаа цохисон. Дараа манай дүү цагдаад дуудлага өгсөн байсан гэв.

 

1.3. Гэрч Ц.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1-р баг, Лүнгийн 5-1 тоот хашаанд охин О-тай амьдардаг бөгөөд манай хашаанд хамт худ Д гэр бүлийн хамт, манай охин А нөхөр хүүхдийн хамт тусдаа 3 гэрт амьдарцгаадаг юм. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны орой 19 цаг өнгөрч байх үед манай охин А ажлаа тараад манай гэрт орж ирээд ээж утсаар чинь нэг ярьчихаад өгье гэж хэлэхээр нь гар утсаа өгтөл араас нь манай хүргэн Г ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай манай гэрт орж ирсэн. Тэгтэл Г А-г чи эхийндээ орлоо гэж хэлтэл А би ээжийндээ орохоор яадаг юм гээд хоорондоо маргалдаж эхлэхээр нь би та нар гарцгаа гэр орондоо орж учраа олцгоо гэж хэлэхэд Г А-н үснээс нь зулгаагаад нүүрлүү нь цохиод авахаар нь би дундуур нь орж салгасан. Тэгтэл Г дахиж дайраад байсан болохоор нь би зээ хүү У-т Д гуайг дуудаад ир гэж хэлтэл Д гуай орж ирсэн. Тэгээд Д гуай боль миний хүү гэж хэлээд Г-г бариад авахад манай охин А манай гэрээс гарч явсан бөгөөд араас нь Г, Д нар гарцгаасан юм. Тэгээд би тэд нарын араас гарч яваагүй ба удалгүй манай охин О ажлаасаа тарж гэртээ орж ирсэн. Тэгтэл гадаа Г-н эгч М хашаан дотор дуугарч байгаа сонсогдсон. Тэгээд 20 цаг өнгөрч байхад А манай гэрт орж ирэхээр нь нүүрийг нь хартал зүүн нүдний орчимд нь улайж хавдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

1.4. Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2020.01.28-ны орой 19 цаг 30 минутын үед ажлаасаа тараал нөхрийн хамт гэр лүүгээ явж байгаад Лүн гэр хорооллын баруун талын худган дээр адуу ирсэн байхаар нь манай нөхөр Б үзэнгээ шууд гэр лүүгээ явахаар болоод би аав Д-н гэрээр орохоор болоод салцгаасан юм. Тэгээд аавын хашаанд ортол Г-н гэрийн баруун талд аав Г-г тийшээ явж яах гээд байгаа юм гэр лүүгээ ор гээд байж байхаар нь яваад очтол Г архи үнэртүүлсэн байдалтай байхаар нь загнаад аавын гэр лүү нь дагуулаад орсон юм. Тэгээд гэрт нь ороод Г-г архи уулаа гэж загнаж байгаад Г-г аавынд үлдээгээд гэр лүүгээ харихаар гарсан юм. Тэгээд хашаанаас гараад урагшаа явж байтал хар өнгийн суудлын машин ирээд аавын гадаа зогсоод дотроос нь цагдаа шиг поспортдог хувцастай хүн бууж харагдахаар нь буцаж очилгүйгээр гэр лүүгээ шууд явсан юм... гэх мэдүүлэг  /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

1.5. Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2020.01.28-ны орой 19 цаг 20 минутын үед гэртээ зурагтаар мэдээ харах гээд 19 цаг 30 минутыг хүлээгээд байж байтал хажуу айлын жаахан хүү орж ирээд Г ах А эгчийг зодоод байна гэж хэлэхээр нь хажуу гэр болох худ Ч-нд яваад ортол бэр А газар уначихсан дээрээс нь худ хаагаад хэвтчихсэн Г дээрээс нь А-г нэг цохиод авахаар нь очоод Г барьж аваад А-д хандан чи зодуулаад байж байхын оронд гараад зугтаач гэж хэлтэл А гараад явсан. Тэгээд би Г-тай зууралдаад араас нь гарсан ба худ гэртээ үлдсэн. Тэгтэл Г дахин барьж аваад цохиж авах гээд зууралдаж байтал бэр А-н дүү ирээд дундуур орж ирэхээр нь чи бушуухан яваад цагдаа дуудаад ир би Г-г дийлэхгүй байна гэж хэлтэл дүү нь яваад өгсөн ба удалгүй Г-н төрсөн эгч М ирэхээр нь Г-г үлдээгээд би өөрөө худаг дээр ирсэн байсан адуунуудыг услахаар явчихсан юм. Тэгээд адуу усалчихаад эргээд гэртээ иртэл Г манай гэрт байж байсан. Тэгээд цагдаа ирчихсэн Г-н гэрээр нь орж А-тай уулзчихаад ирж байгаа бололтой манайх руу орж ирээд Г-г дагуулаад гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/

 

1.6. Гэрч О.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2020.01.28-ны орой 19 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад гэрийнхээ хашаанд ороод иртэл манай гэрийн үүдэнд урд талд нь эгч А зогсчихсон ард талд Г ахыг аав нь бариад зогсож байхаар нь юу болоод байгаа юм бэ гээд очтол Г ахын аав цагдаад дуудлага өгөөдөх гэж хэлэхээр нь би гэр лүүгээ ороод сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч рүү залгаж дуудлага өгсөн юм. Тэгээд би гэрээс буцаж гараагүй ба миний араас удалгүй А эгч орж ирсэн. А эгчийг гэрт орж ирэхээр нь царайг нь хартал зүүн нүд орчимд хавдсан байдалтай байсан. Би эгчээс Г ах яагаад таныг цохиж байгаа юм гэж асуугаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

 

1.7. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 42 дугаартай дүгнэлтэд:

- О.А-н биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

1.8. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн12-15 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Г-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Г нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааг зохистой хэрэглээгүй, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулснаас үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Д.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Миний дүү сэргэлэн цовоо, тусархуу, хүнд тусалчихсан юмсан гэсэн сэтгэлтэй, хүмүүст хар буруу санаж явдаггүй, олонтойгоо байдаг хүн байгаа юм. Өмнө нь хүнтэй маргалдаж муудалцаж зодолдож, эхнэртэйгээ муудалцаж цагдаа дээр очиж байгаагүй хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

 

2.2. Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би хүүгээ олонтойгоо яваарай л гэж захидаг юм. Миний хүү бол сэргэлэн цовоо олонтойгоо байдаг л байсан. Архи уугаад ингэж агсам согтуу тавьж эхнэртэйгээ муудалцахыг нь үзээгүй байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

2.3. Хохирогч О.А-н Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

2.4. Шүүгдэгч Д.Г-н Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,

 

2.5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Иймд шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Д-н Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ЭНХМАНДАХ