Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/14

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

хохирогч С.М

шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                                                       

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт З-н Б-т холбогдох эрүүгийн 1903013610558 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 30-нд Төв аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Улаанбаатар төмөр замын  Замын 3 дугаар ангид замчин ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Б дүүргийн дүгээр хороо, Р тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан гэх Б овогт З-н Б /РД:У/

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч З.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харъяа Замын 3 дугаар ангийн амрах байранд иргэн С.М-тай согтуугаар маргалдан, улмаар зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч З.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харъяа Замын 3 дугаар ангийн амрах байранд хохирогч С.М-тай согтуугаар маргалдан, улмаар түүнийг зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

1.2. Хохирогч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нь би ажил дээр архи уугаад механик А намайг архи үнэртүүлсэн байна гээд явуулсан. Тэгээд би амрах байранд унтаж байхад Б 2 гоймон тал архитай орж ирсэн. Тэгээд тэр архийг ууж байх явцад би Б-г хоёулаа ажил хийх гэж ирсэн болохоос архи дарс уух гэж ирсэн биш хоёулаа архиа болъё гэсэн, тэгсэн ямар хогийн санаатай лалрын пиздаа вэ гээд маргалдаж эхэлсэн. Тэгсэн миний нүүр лүү шууд цохиж унагаасан тэгээд би орон дээрээс унасан, намайг нүүр нүдгүй зодож эхэлсэн. Тэгээд би зодуулж байхдаа ах нь одоо үхлээ одоо боль гэсэн чамайг ална пиздаа минь гэсэн. Тэгээд нэг мэдсэн ухаан алдсан байсан. Даараад сэрсэн, намайг өргөөд орон дээр гаргаад хөнжил нөмрүүлсэн гэж бодсон. Гэтэл манай инженер хараад намайг үхсэн гэж бодоод боогоод тавьсан байсан гэж манай ерөнхий инженерт хэлсэн. Тэгээд тэр шөнө эмнэлэг дээр очих үед эмнэлгийн сувилагч охидууд подвалктай гүйж байхад би 2 давхар хөнжилтэй байсан. Намайг цустай хутгалдсан байхад албаны инженер, ерөнхий инженер 2 унтах гэж орж ирээд эмч цагдаа нарыг дуудсан байсан гэв.

1.3. Шүүгдэгч З.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би Улаанбаатар Төмөр зам, хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа 3амын 3 дугаар ангид замчин ажилтай бөгөөд миний ажил 10 дугаар хэсэгт байдаг. Би Говьсүмбэр аймгийн төв болох Чойр хотод 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирсэн. Намайг хамт С.М-тай хамт албаны машиныг засварлуулахаар явуулсан учраас ирсэн. Ирээд эхний өдрөө ажлаа хийсэн. Дараагийн өдөр ч мөн адил машинаа янзалсан. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө машинаа янзлахаар Замын 3 дугаар ангийн граж дээр М бид хоёр ажлаа хийгээд байж байхад М ах, ах нь ойрхон гараад ирье гэж хэлээд ганцаараа явсан. Би М ахыг ганцаараа хүлээгээд байж байхдаа 10 дугаар хэсгээс ачиж ирсэн хэвээ няравт тоо ёсоор нь хүлээлгэж өгсөн. Би хэвээ няравт өгөөд буцаад машин засварын газраа ирэхэд М ах ирсэн байсан. Ирэхдээ согтуу байсан. Намайг ирэхэд М хаашаа явдаг юм гэж хэлээд намайг харааж доромжилсон. Би хийсэн ажлаа хэлэхэд чи юм хийж чадахгүй бол зайл гэж надад хэлсэн. Түүнээс болоод бид хоёр маргалдаж эхэлсэн. Маргалдаад байж байхад гражийн механикч хүрч ирээд М-г юм хийхгүй бол яв гэж хэлсэн. М ах бараг гражийн механикт хөөгдөөд явсан. Би үлдээд механиктай хамт ажлаа хийж дуусаад ганцаараа амрах байрт очсон. Намайг амрах байранд очиход М ах унтаж байсан. Ганцаараа архи уусан бололтой архины шил байж байсан. Би М ахын  хамт хоол идэх зорилгоор дуудаж сэрээсэн. Гэвч М сэрж босж ирээд надаас архи нэхсэн. Надад мөнгө байсан болохоор би 1 шил архи авч өгсөн. Би дэлгүүрээс авч ирсэн архиа М ахтай хувааж уусан. Архи уугаад байж байхад дахиад өдөр болсон. Маргааны улмаас дахин бид 2 маргалдаж эхэлсэн. Ингээд маргалдаж байгаад миний уур хүрээд эхлээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохиход шалан дээр унаад өгсөн. Би газар унахаар нь дээрээс нь хэд хэдэн удаа цохисон. Би авч ирсэн архиа ихэнхийг нь ганцаараа уусан болохоор хаана нь хэдэн удаа цохисноо санахгүй байна. Нэг ухаан ортол М шалан дээр хэвтэж байсан. Би ухаан ороод М ахаас уучлалт гуйхад өөдөөс би даараад байна гэж хэлэхээр нь би М ахыг орон дээр хэвтүүлсэн. Дээрээс нь хөнжлийг хучсан. М ах би даараад байна, юмаар хучаад өг гэж гуйхаар нь дээрээс нь хөнжил тавиад удаагүй байж байхад гаднаас хүмүүс ороод ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,

 

1.4. Хохирогч С.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа Замын 3 дугаар ангийн 10 дугаар хэсэгт төвөөс 150 км зайтай 31 дүгээр зөрдөг дээр байдаг. Миний унадаг Зил 130 загварын машины кавиныг солих гээд Говьсүмбэр аймгийн төв буюу Замын 3 дугаар ангийн төв засвар дээр ирсэн. Б надтай хамт ажилладаг ба Говьсүмбэр аймагт надтай хамт машины кавин солих гээд ирсэн. Бид хоёр Говьсүмбэр аймагт 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирээд 2019 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд ажлаа хийсэн. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажлаа хийгээд байж байхад Замын 3 дугаар ангид хамт ажилладаг хүмүүстэй өдрийн хоолонд орсон. Хоолонд ороод ажил руугаа явж байхад найзуудтайгаа тааралдаад бид гурав юм ярьж байгаад нэг газар ороод 1 шил архи хувааж уусан. Би архи уусныхаа дараа ажил дээрээ ирэхэд механик надад хандаж чамаас архи үнэртэж байна, согтуу ажлаа хийгээд хэрэггүй гэж хэлэхээр нь би зөвшөөрөл аваад Замын 3 дугаар ангийн амрах байр буюу буудалдаа амрахаар ирсэн. Би амрах байранд 15 цагийн үед ирсэн. Би амрах байранд ирээд унтсан. Намайг унтаж байхад Б сэрээсэн. Би сэрээд хартал Б 2 бэлэн хоол, тал шил архи авч ирсэн байсан. Би босож ирээд Б-т хандаад чи архи уухаа боль, 2-лаа хурдан ажил төрлөө хийгээд буцъя гэж хэлсэн. Тэгсэн Б  шууд над руу хэл амаар дайрч эхэлсэн. Над руу хэл амаар дайрч байгаад шууд миний нүүр рүү гараараа цохисон. Тэр үед би газар унасан ба намайг газар унасны дараа миний дээрээс нүүр нүдгүй өшиглөж дэвссэн. Би зодуулж байхдаа ухаантай байсан ба Б-с ахыгаа зодохоо болиоч гуйсан чинь чамайг ална гэж хэлээд миний дээрээс өшиглөөд байсан. Энэ үед би ухаан алдсан байсан. Би даараад ухаан ороход шалан дээр хэвтэж байсан. Би Б-с даараад байна, хөнжил нөмрүүлээд өг гэж хэлэхэд Б намайг орон дээр гаргаад дээрээс хөнжил тавьж өгсөн. Намайг орон дээр хэвтээд удаагүй байхад цагдаа ороод ирсэн.

...2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нь ажлаас болж жаахан маргалдсан. Б хүнд юм өгч ирнэ гээд явахаараа алга болоод хурдан ирэхгүй болохоор би уурлаад нэг юманд явахаараа алга болчих юм гэж хэлээд загнасан. Өөр ямар нэгэн юм хэлээгүй.

...272 000 төгрөгийн баримт байгаа. Б намайг зодсоныхоо дараа Улаанбаатар хотод байдаг нэг хувийн эмнэлэгт өөрөө хэвтүүлж өгсөн. Гэвч тэр эмнэлгийн төлбөрийг төлөхгүй байна. Би бас Улаанбаатар хотод ирж очих, такси барих, ажилгүй байх хугацааны зардлаа нэхэмжилж байна.

...Намайг Б унтаж байхад миний халаасанд байсан юм. Тэгээд эвдэрсэн байх. Би гар утсаа төлүүлмээр байна. Би 2018 оны 10 дугаар сард Сайн компьютероос лизингээр 790 000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо би гар утсаа хэдээр үнэлэхээ мэдэхгүй байна. Миний гар утастай адилхан утас надад өгөх юм бол болно... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

 

1.5. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би өнөөдөр орой 20 цагт ажил хүлээж авсан. Би замын ангийн гадна тал болон гражийг манадаг юм. 20 цаг 30 минутын үед намайг ерөнхий инженер А дуудаад хотоос хүмүүс ирсэн байна, буудлын түлхүүр байна уу гэхээр нь байхгүй деспичер дээр байдаг юм гэж хэлсэн. Тэр цаашаагаа яваад өгсөн. Удаагүй тэр намайг дуудахаар нь би түүн дээр яваад очиход тэр буудлын гадаа зогсож байсан. Тэр хоёр жолооч хоорондоо зодолдсон юм шиг байна, цагдаа дуудсан чинь ороод хэрэггүй наанаа байж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би буудал руу ороогүй, ажлын байр луугаа явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

1.6. Гэрч Ж.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цаг 30 минутын үед манай албаны ерөнхий инженер Л Улаанбаатар хотоос ирээд цайны газрын байрыг үзэх гээд буудал руу орсон. Тэгсэн өрөөнд архи үнэртээд байхаар нь гайхаад цаад өрөө рүү намайг ороход шалан дээгүүр нил цус болсон байдалтай байсан. Тэгсэн Б үүдний өөдөөс хараад хар сандал дээр сууж байхаар нь юу болсон юм бэ гэхэд тэр миний хамарнаас цус гарсан гэж хэлсэн. Тэгсэн цаад талд нь орон дээр нэг хүн хэвтэж байсан. Түүний дээрээс гудас, хөнжил тавьсан байгаа харагдсан. Тэгэхээр нь би нөгөө хүн дээр очоод хөнжил гудсыг нь авахад М гэдэг байхаа, тэр залуугийн нүүр нь цус болсон байсан. Тэгэхээр нь би хөөе чи зүгээр үү гэхэд тэр аан гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа, түргэн дууд гэж хэлсэн. Тэгсэн төмөр замын цагдаагаас хүн хүрээд ирсэн. Тэр М-с хэн чамайг ийм болгосон юм бэ гэхэд М Б намайг зодсон гэж хэлж байгаа харагдсан. Удаагүй түргэний эмч ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

1.7. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 342 дугаартай дүгнэлтэд:

- С.М-н биед өвчүүний дунд хэсгийн хугарал, баруун 3,4,5-р хавирганы хугарал, зүүн талын 4,5,6-р хавирганы хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгний дээд хэсгийн дээд уруулд, дотор салстанд, доод уруулд няцарсан шарх, нүүрэнд тархмал цус хуралт, зүүн нүдний зовхинд, цээжинд баруун 2,3-р хавирга орчмын, зүүн хөхний орчимд, баруун тохой шуунд, зүүн шуунд, зүүн бугалганд, баруун гуянд, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2019.11.20-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх хугарал гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Тархи доргилт, зүүн хөмсөгний дээд хэсгийн, дээд уруулд, дотор салстанд, доод уруулд няцарсан шарх, нүүрэнд тархмал цус хуралт, зүүн нүдний зовхинд, цээжинд баруун 2,3-р хавирга орчмын, зүүн хөхний орчимд, баруун тохойн шуунд, зүүн шуунд, зүүн бугалганд, баруун гуянд, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

1.8. Хохирогч С.М-н “Натур эмнэлэг” компьютерт томографикийн оношилгоо /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

1.9. Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 52 дугаар хуудас/,

 

1.10. ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 97-98 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч З.Б-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч З.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч З.Б, хохирогч С.М нар нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч З.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч З.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар/

 

2.2. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 46-51 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч З.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч З.Б нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “надад торгуулийн ял оноож өгнө үү” гэх санал гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Шүүгдэгч З.Б нь хувийн байдлын хувьд урьд нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ба одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогч С.М-т учирсан хохиролыг нөхөн төлөөгүй байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна гэж шүүхээс дүгнэв.

 

             Иймд шүүгдэгч З.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоолоо.

 

 Шүүгдэгч З.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

             Шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

           

            Хохирогч С.М нь хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөрийг шүүгдэгч З.Б-с нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй тул шийдвэрлэх боломжгүй байна.

            Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  тус тус зааснаар гар утасны үнэ болох 234 000 /хоёр зуун гучин дөрвөн мянга/ төгрөг, компьютер томографикт харуулсан төлбөр болох 270 000 /хоёр зуун далан мянга/ төгрөг нийт 504 000 /таван зуун дөрвөн мянга/ төгрөгийг шүүгдэгч З.Б-с гаргуулж хохирогч С.М-т олгох нь зүйтэй байна.

 

            Хохирогч С.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч З.Б-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тус тус баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Б овогт Зэвэгийн Батзоригийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Шүүгдэгч З.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч З.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

           

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гар утасны үнэ болох 234 000 /хоёр зуун гучин дөрвөн мянга/ төгрөг, компьютер томографикт харуулсан төлбөр болох 270 000 /хоёр зуун далан мянга/ төгрөг нийт 504 000 /таван зуун дөрвөн мянга/ төгрөгийг шүүгдэгч З.Б-с гаргуулж хохирогч С.М-т олгосугай.

 

  7. Хохирогч С.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч З.Батзоригоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ЭНХМАНДАХ