Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/89

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Ж.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-од холбогдох эрүүгийн 1938006750009 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж.Б.

Шүүгдэгч Ж.Б- нь 2019 оны 09 сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Даахийн хөндий гэх газар Приус-20 маркын ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.1-д заасан заалтыг зөрчсөн зам тээврийн осол гаргаж иргэний Ш.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Ж.Б- нь 2019 оны 09 сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг “Даахийн хөндий” гэх газар засмал замд Приус-20 маркын ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэний Ш.Д-ийн эрүүл мэндэд “баруун атгаалж чөмөгний дээд хүзүү хэсэг хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-8 дугаар хуудас/,

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13 дугаар хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

- Хохирогч Ш.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би нойр хүрээд зүүрмэглэчихсэн явж байсан бөгөөд нөгөө хамт явж байсан хүүхэн хүүе аллаа шүү дээ гэх дуунаар сэргээд хартал машин 170 км цагийн хурдтай хоёр тийшээ далбилзаж явсан. Тэгж байгаад замаас гарсан. Би цааш юу болсоныг санахгүй байна. Ухаан алдсан байх, нэг сэргэхэд би машины гадна талд шидэгдсэн байсан. Ж.Б- нөгөө эмэгтэй хоёр босож ирчихсэн явж байсан. Би ухаан орж гараад юу болоод байсныг санахгүй байна. Ж.Б- надаас утас асуугаад авч байсан, тэгж байтал Алаг-Эрдэнэ сумын эмч ирж үзээд машиндаа өргөж суулгаад Мөрөн сумын эмнэлэгт хүргэж ирсэн. Ослын улмаас миний баруун гар мөрний үеэрээ мултарсан, мөн мөрний холбоос яс хоёр хугарсан байна гэж эмч хэлсэн. Би осолд орсоныхоо дараа нэг хэсэг хэвтэрт байсан, одоо миний хүзүү толгойгоор удаан суухаар чилдэг, гарын гэмтэл бүрэн эдгэрээгүй байгаа. Тэгэхээр би одоо ядаж 7 сая төгрөг нэхэмжлэх саналтай байна. Уг хохирлыг барагдуулчихвал надад гомдол санал хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 85 дугаар хуудас/,

- Гэрч Н.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019 оны 09 сарын 25-ны өдөр өглөө 10:00 цаг өнгөрч байхад нарийн тодорхой санахгүй байна, Алаг-Эрдэнэ сумын нутагт Приус-20 маркын тэзврийн хэрэгсэл осолдсон дуудлагаар очиж ажилласан. ...Хэргийн газарт дуудлагаар очиход хоёр эрэгтэй, хорь орчим насны нэг эмэгтэй байсан. Жолооч гээд нэг эрэгтэй нь нүүрний зүүн дээд хэсэгт шархалсан гэмтэлтэй байсан. Мөн эрүү нь хугарсан байсан болохоор юм ярьж чадахгүй зовиуртай байсан. Нөгөө эрэгтэй нь баруун гар нь эгэм хэсгээрээ хугарсан юм шиг байсан, нэлээд зовиуртай байсан. Тэгээд би анхан шатны тусламж үзүүлээд шарханд нь оёдол тавьж, өвчин намдаах тариа хийгээд авч явж шууд Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

- Гэрч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ж.Б- болон түүнтэй хамт явсан залуу нь нэлээн согтуу байсан бөгөөд Ж.Б- машин барьж явсан. Тэгээд Алаг-Эрдэнэ сумаас цааш яваад засмал замын тойрог дээр эргэхдээ багтаж эргэж чадалгүй замаас гарч осолдсон. Тэгээд нэг сэрэхэд гаран дээр цус дусаж байхаар нь харсан чинь жолоо барьж явсан Ж.Б- намайг налаад уначихсан, нүүрнээс нь цус гарсан байдалтай байсан. Нөгөө хойно сууж явсан залуу нь машины гадна урд талд хэвтэж байсан, би жолоочийн хажуу талын зорчигчийн суудал дээр сууж байсан. ... Осол гарах үед 180 км цагийн хурдтай явсан. Би 180 км цагийн хурдтай яваад байхаар нь жаахан аяархан яваач гэхэд хурдаа хасахгүй байсан. Тэгээд замын тойрог дээр багтаж эргэж чадалгүй осолдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 623 дугаартай: “1. Ш.Д-ийн биед баруун атгаалж чөмөгний дээд хүзүү хэсэг хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаандаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Ш.Д-ийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

- Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаартай: “...2. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг “Даахийн хөндий” гэх газар асфальтан замд Т.Приус маркын ... УБА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Ж.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна. ...4. Уг зам тээврийн осол нь тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулан сонгож яваагүйгээс гарсан байна” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Алаг-Эрдэнэ сумаас өглөө 06:30 цагийн үед гараад цааш Хатгал орохоор явж байтал машин гэнэт замын ховил дээр оволзоод явчихсан. Тэгээд цагаан зурааснаас гараад эсрэг урсгал руу орчихоор нь толиндоо хартал надтай хамт явсан хоёр хүн унтаж байсан. Тэгээд руль түгжигдээд тэр чигээрээ замаас гарсан. Машин замаас гараад юу болсныг санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 02-ны

өдрийн: “Ж.Б-ын биед эрүү ясны зөрөөтэй хугарал, доод үүдэн баруун зүүн 1-р шүднүүдийн хугарал.. бүхий гэмтэл тогтоогдлоо. ...эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ж.Б-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 57 дугаар хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй, хууль зүйн мэдлэг дутмаг байдал, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Ж.Б- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.Б- нь 2019 оны 09 сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг “Даахийн хөндий” гэх газар засмал замд Приус-20 маркын ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэний Ш.Д-ийн эрүүл мэндэд “баруун атгаалж чөмөгний дээд хүзүү хэсэг хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруутайгаар, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг зөрчсөн, зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэндэд хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Ж.Б- хэдийгээр “Би осол гарах үед 70-80 км/цагийн хурдтай явсан” гэж мэдүүлж байх боловч хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13/, хохирогч Ш.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...машины хянах самбар руу харахад 180км/цаг хүрээд бууж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 85/, гэрч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...осол гарах үед 180км/цагийн хурдтай явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23/ зэргээс үзвэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг гэм буруутайгаар зөрчсөн нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Ж.Б-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ш.Д- нь 7 сая төгрөгийн хохирол нэхэмжилж, хэрэгт Төрийн банкны 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн шинжилгээний төлбөр 8.000 төгрөг тушаасан баримт, Энхтуяа нэрээр бичигдсэн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 36.000 төгрөгийн Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, Ш.Д- нэрээр бичигдсэн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 36.000 төгрөгийн Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарыг гаргаж өгснийг,  “Үлэмж” эмийн сангийн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн наалт, бинт боолтны үнэ 45.600 төгрөгийн зарлагын баримт, “Үлэмж фарм” эмийн сангийн 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гарын сойлт гэх 11.500 төгрөгийн зарлагын баримт, “Мандах шим” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эмийн үнэ 25.300 төгрөгийн зарлагын баримт шүүх хуралдаанд гаргаж өгсөнийг тус тус шүүх нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч Ж.Б-оос 307.800 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Д-ид олгож, хохирогчийн бусад нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, хохирол төлбөр төлөөгүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ж.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид “600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх” хүсэлт гаргасныг тус тус харгалзан шүүхээс шүүгдэгчид торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-од оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-од нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Ж.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар шүүгдэгч Ж.Б-оос 307.800 /гурван зуун долоон мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Д-т олгож, хохирогчийн бусад нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.Б-оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

8. Шүүгдэгч Ж.Б-од оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ