Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 07

 

“Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/05919 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Чин амин итгэл” ХХК-д холбогдох         

Зээлийн гэрээний үүрэгт 369 322 468,36 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч М.Хатанбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бүжидлхам, Г.Баттөгс нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь “Чин амин итгэл” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр №316 тоот зээл, барьцааны гэрээгээр 380 000 000 төгрөгийн зээлийг 96 сарын хугацаатай сарын 0,67 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Ү-2204029122 улсын бүртгэлийн дугаартай, 000098131 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ 22В тоот хаягт байршилтай, 357 м.кв талбайтай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, 6003/5023 нэгж талбарын дугаартай, №0285670 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 22Б байрны хойно байрлах амины орон сууцны зориулалтаар эзэмших 115 м.кв талбайтай 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, Ү-2205010069 улсын бүртгэлийн дугаартай, 000235626 гэрчилгээний дугаартай Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 12 дугаар байрны 45 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц зэргийг барьцаалсан. Тус компанийн №316 тоот зээлийн гэрээний хугацаа 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр дуусна. Хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд №316 тоот зээлийн гэрээний төлбөрт 54 285 720 төгрөг, зээлийн хүү 51 731 838 төгрөг, нийт 106 017 558 төгрөг төлсөн байна. Иймд хариуцагч “Чин амин итгэл” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул нэг талын санаачлагаар зээлийн гэрээг цуцалж,  үндсэн  зээл 325 714 280 төгрөг, зээлийн хүү 36 340 156.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 268 031.39 төгрөг нийт 369 322 468.36 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад бүх хамааралтай үйл ажиллагааны орлогоос тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Чин амин итгэл” ХХК-иас 369 322 468.36 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ”Капитал банк” ХХК-д олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 004 562 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Чин амин итгэл” ХХК-иас улсын тэмдмэгтийн хураамжид 2 004 562 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч “Чин амин итгэл” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн, барьцаа хөрөнгө болох Ү-2204029122 улсын бүртгэлийн дугаартай, 000098131 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ 22В тоот хаягт байршилтай, 357 м.кв талбайтай хоёр давхар үл хөдлөх хөрөнгө, 6003/5023 нэгж талбарын дугаартай, №0285670 гэрчилгээний дугаартай, Банязүрх дүүргийн 6 дугаар хороо, 22Б байрны хойно байрлах амины орон сууцны зориулалтаар эзэмших 115 м.кв талбайтай 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, Ү-2205010069 улсын бүртгэлийн дугаартай, 000235626 гэрчилгээний дугаартай Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 12 дугаар байрны 45 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц зэргийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 369 322 468,36 төгрөгийг гаргуулж “Капитал банк” ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "Чин амин итгэл" ХХК-ийн захирал М.Хатанбаатар би банкны зээлийн хүүнд 51 731 838 төгрөг төлсөн. Одоогоор манай компаний үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаа болохоор зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүй байна. Иймд “Капитал банк” ХХК-иас тооцсон нэмэгдүүлсэн хүү болох 7 268 031.39 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч “Чин амин итгэл” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцлан, зээлийн гэрээний үүрэгт 369 322 468,361 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэмэгдүүлсэн хүү 7 268 031,39 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр №316 тоот зээлийн  болон барьцааны гэрээ байгуулагдаж, 380 000 000 төгрөгийг 96 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ 22В тоот хаягт байршилтай, 357 м.кв талбайтай 2 давхар хувийн сууцны зориулалттай барилга, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 22Б байрны хойно байрлах амины орон сууцны зориулалтаар эзэмших 115 м.кв талбайтай 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 12 дугаар байрны 45 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалж, зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна /хх-15-18, 21-23/.

Дээрх зээлийн болон барьцааны гэрээний дагуу хариуцагч “Чин амин итгэл” ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс төлөлт хийгээгүй байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч гэрээг цуцалж, зээлийг хугацаанаас өмнө төлүүлэхээр шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл авсан этгээд зээлээ хугацаанд нь төлөх, гэрээгээр тохиролцсон хугацааны хүү төлөх, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтрүүлсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх журамтай.

Хэдийгээр талуудын хоорондын зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусаагүй боловч зээлдэгч “Чин амин итгэл” ХХК нь зээл төлөх хуваарийг зөрчин Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан зөрчилд тооцогдох тул зээлдүүдэгч банкны хувьд гэрээг цуцлахаар шаардлага гаргах эрхтэй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.16-д “...гэрээнд заасан ерөнхий хугацаанд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор...“ заасан бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний хуваарь зөрчигдсөн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 11 сарын нэмэгдүүлсэн хүү төлөхөөр байхад анхан шатны шүүх энэ талаар буруу дүгнэлт хийж, нэмэгдүүлсэн хүүг хуульд нийцүүлэн тооцоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх шаардлагатай болно.

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу сар бүр төлөх ёстой 4 523 810 төгрөгөөс 0,13 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх ёстой бөгөөд үүнийг 11 сараар тооцож үзэхэд 388 146 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагч “Чин амин итгэл” ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 325 714 280 төгрөг, хүү 36 340 156,97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 388 146 төгрөг нийт 362 442 583 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Талуудын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээ зохих ёсоор байгуулагдсан, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй тулд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар гаргасан шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/05919 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

      1 дэх заалтад "369 322 468,36” гэснийг “362 442 583” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 879 885,36 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

      2 дахь заалтад “хариуцагч “Чин амин итгэл” ХХК-иас улсын тэмдэгтийн  хураамжид 2 004 562 төгрөгийг” гэснийг ”хариуцагч “Чин амин итгэл” ХХК-иас улсын тэмдэгтийн  хураамжид 1 970 163 төгрөгийг” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 239 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                          ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                    Д.БАЙГАЛМАА