Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01110

 

М.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 153/ШШ2018/00009 дүгээр шийдвэр,

     Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 11 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: М.М

         Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох

         2.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгч М.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

        Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 3 дугаар сард Б ХХК-ийн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт барьсан Цагдаагийн 18 айлын орон сууцны  өрөө 72,85 метр квадрат байрыг худалдан авсан. Уг байрны метр квадрат нь гэрчилгээнд бичигдсэн 72,85 метр квадратын хэмжээнээс бага хэмжээтэй байна. Сууцны өрөө тасалгааг А ХХК-р хэмжилт хийлгэхэд 70,15 метр квадрат хэмжээтэй буюу 2.70 метр квадрат дутсан. Би 2015 оны 09 дүгээр сард гэрээ хийсэн. Тухайн байр 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр баригдаж дууссан бөгөөд байраа 2015 оны 12 дугаар сард хүлээж аваад орсон. Би байрныхаа урьдчилгааг өгөх зорилгоор банкинд 1.200.000 төгрөгөөр өсгөж харагдуулахаар гэрээ байгуулсан ч 1,000,000 төгрөгөөр  авсан. Хариуцагчаас  2.700.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.М нь 2016 оны 03 сард Б ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах Цагдаагийн 18 айлын орон сууцыг худалдан авсан бөгөөд 72,85 метр квадрат хүрэхгүй талаар дурджээ. Гэтэл 2015-05- 27-ны  гэрээг захиалагч талаас Ховдын шуурхай зар сонин ТББ, гүйцэтгэгч талаас Б ХХК гэрээ байгуулж Цагдаагийн газрын албан хаагчдын 18 айлын орон сууц бариулахаар ерөнхий зүйл, гэрээний хугацаа, ажлын хөлс, захиалагчийн эрх үүрэг, гүйцэтгэгчийн эрх үүрэг, талуудын маргааныг шийдвэрлэх бусад зүйлээр ерөнхий нөхцөлөө харилцан тохиролцож барилгын ажил эхэлсэн. Мөн Барилгын ББМЗЗ ХХК-тай гэрээний дагуу Ховд аймгийн ерөнхий архитектор З.Өмертэй Ховд аймгийн ОБГ-ын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Д.Очирбадам, зургийн ерөнхий инженер Б.Даваасүрэн, архитектор Л.Ууганбаяр нарын зөвшөөрөл батламжийн дагуу Ховд аймгийн Жаргалант суманд баригдах Цагдаагийн газрын ажилчдын орон сууцны барилгын ажлын зургийн дагуу баригдсан. Холбогдох хууль тогтоомжийн дагуу Техникийн нөхцөлүүдээ захиалагч талаас бүрдүүлж өгсөн. 2015-11-19-нд барилга ашиглалтанд орж улмаар барилга байгууламжийг ашиглалтанд оруулах 53/2015 дугаартай комиссын актын дагуу Цагдаагийн албан хаагчдын орон сууц ашиглалтанд орж дээрх комиссын гишүүнд М.М өөрөө орсон байдаг бөгөөд 2 жилийн дараа метр квадратын зөрүү гэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч М.М нь А ХХК-ийн хэмжилтийг үндэслэж зөрүү 3,240,000 төгрөг нэхэмжлэх учиргүй юм. Нэхэмжлэгч М.М нь байрны урьдчилгаа байхгүй гэсэн тул орон сууц захиалах гэрээгээ 1 м.кв-ыг 1,200,000 төгрөгөөр өөрийнх нь гуйлтаар бичигдсэн юм. Хаан банкны зээл гараад Б ХХК-д 1 м.кв-ыг 1,000,000 төгрөгөөр төлбөр хийсэн байгаа болно. ...Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-р үнэлж, М.Мийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 153/ШШ2018/00009 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан М.Мийн нэхэмжлэлтэй Б ХХК-д холбогдох  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 11 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 153/ШШ2018/00009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: М.М миний бие 2015 оны намар “Б” ХХК-ийн баригдаж байсан 18 айлын орон сууцнаас 3 нь өрөө 72.85 м.кв байр худалдаж авахаар 2015.09.14-ний өдөр орон сууц захиалгаар бариул тоот гэрээ байгуулсан. “Б” ХХК-ийн барьсан Цагдаагийн 18 айлын орон сууц 2016 оны 2-р дугаар улиралд ашиглалтанд орж захиалгын дагуу 3 өрөө байранд нүүж орсон. Байрандаа нүүж ороод 2016.03.16-ны өдөр Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000206309 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр 72.85 метр квадрат бүхий байрны гэрчилгээ гарсан. Тус байрны гэрчилгээн дээр үндэслэж Хаан банкны ипоктекийн зээлэнд хамрагдаж 61.100.000 төгрөгийн 144 сарын хугацаатай зээл авч “Б” ХХК-ийн дансруу шилжүүлж, байрны төлбөрийг 100 хувь төлсөн юм. 2016.12.23-ны өдөр тусгай зөвшөөрөлтэй “А” ХХК-р сууцны өрөө тасалгааны хэмжилт хийлгэхэд миний авсан байр нь 70.15 метр квадрат болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Үүнээс харахад Улсын бүртгэлд биет байдлын эрхийн доголдолтой үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдсэн. Биет байдлын эрхийн доголдолтой үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн хувьд насан туршдаа үл хөдлөх эд хөрөнгийн урсгал зардал төлж амьдрах нөхцөл бүрдсэн. Орон сууц захиалан бариулах гэрээний гол нөхцөл нь орон сууцны өрөө, талбайн хэмжээ. Иргэн хүн тухайн орон сууцны талбайн хэмжээг нүдэн баримжаагаар эсвэл гар метр барьж тогтоох боломжгүй юм. Эдгээр үйл баримтаар магадлалдаа нэхэмжлэгч М.М миний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдсөн байна гэдгийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгааг дурдсан атал үндэслэл болгож байгаа хууль нь дүгнэлтээ үгүйсгэсэн хоёрдмол утгатай, төөрөгдөлд оруулж байна. Нэхэмжлэгч М.М миний бие энэ орон сууцны зээл, хүүг 144 сарын турш буюу 12 жилийн турш үр хүүхдийнхээ ходоодыг дундуур байлгаж төлөх гэж байгааг, энэ барилгын газрыг байгууллагаас үнэгүй шийдэж өгссөнөөр албан хаагчдад хямдралтай өгнө гэж ярьснаа мартаж ахин дахин хохироож байгаад маш их гомдолтой байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         М.М 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Б ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 3,240,000 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ “...Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт Цагдаагийн 18 айлын орон сууцанд 72,85 м.кв хэмжээтэй 3 өрөөг худалдан авсан боловч талбайн хэмжээ нь 70,15 м.кв байгаа тул 2,70 м.кв буюу 3,240,000 төгрөгийн зөрүүтэй байна...” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.

       Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Зохигч нь гэрээг “захиалгаар бариулах” гэж нэрлэсэн боловч хэрэгт авагдсан баримтаар талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь нотлогдсон, хоёр шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

        Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ. Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана.   

        2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаар гэрээгээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг, 18-н айлын орон сууцны 7 тоот 3 өрөө орон сууцыг  Б ХХК барилгыг 2015 оны 04-р улиралд өгөх үүрэг хүлээж, орон сууцыг 2015 оны 12 сард нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн, М.М  орон сууцыг хүлээн авч 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өмчлөх эрхээ бүртгүүлсэн байна. 

       Орон сууцыг хүлээн авснаас хойш эд хөрөнгийн доголдлын талаар худалдан авагч маргаан үүсгэсэн бөгөөд хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

       Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

       Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 153/ШШ2018/00009 дүгээр шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 11 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 58.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ