Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 737

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Ц.Гд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                              

            прокурор П.Даваасүрэн,

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингисийн гаргасан 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 946 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ц.Гд холбогдох 201525012907 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Баруунхээр овгийн Цолмонгийн Ц.Г, Улаанбаатар хотод 1987 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3; эх, дүүгийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, к107-48 тоотод оршин суух хаягтай,

2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 9 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 8 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосон, /регистрийн дугаар: ХЛ87042070/

 

Ц.Г нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул тэнгэр-2” хотхоны гадна О.Энх-Эрдэнэ, Э.Алтан-Оч нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, Ц.Баасанжавд хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, уг үйлдлийн улмаас Ц.Баасанжавын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Гд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг байгаа хэдий ч тус хуулийн 17 дугаар бүлэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг баримтлахгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Прокурорын 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дугааргүй тогтоолтой Ц.Гд холбогдох хэргээс О.Энх-Эрдэнэд холбогдох хэргийг тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үндэслэлийг зөрчсөн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэсэн үндэслэлийг заан хэргийг прокурорт буцааж, Ц.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Даваасүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокуророос Ц.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба ял сонсгосон дээрх зүйл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-д заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гэмт хэрэгт хамаарах тул уг зүйл ангид заасан тусгайлан зохицуулсан хялбаршуулсан журмаар шалгаж, шийдвэрлэхээр байна.

Мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна” гэж тодорхой зааж өгсөн байхад хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж, мөрдөн байцаалт явуулж болно”, 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж заасан.

Мөрдөн байцаалтын явцад хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, О.Энх-Эрдэнэ, Э.Алтан-Оч нарыг яллагдагчаар татан байцааж хэргийн талаар тодруулбал зохих асуудлыг бүрэн тодруулсан боловч О.Энх-Эрдэнэ, Э.Алтан-Оч нар нь хаана байгаа нь тодорхойгүй, оргон зайлсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул О.Энх-Эрдэнэ нарын хэргээс Ц.Гантулгын хэргийг тусгаарлан шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн болно. Гэтэл шүүгч захирамждаа хэргийг тусгаарласнаас болж хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болох ямар нөхцөл байдал үүссэн нь тодорхойгүй, ойлгомжгүй заалт оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлага хангаагүй гэж үзлээ.

Иймд шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Ц.Гд холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд дараах байдал тогтоогдов.

 

Анхан шатны шүүх “Ц.Гд холбогдох хэргээс О.Энх-Эрдэнэд холбогдох хэргийг тусгаарласан нь хэргийг тал бүрээс бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болно” гэж үзсэн нь үндэслэл бүхий байна.

 

Ц.Гантулгын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийн заавал байх шинж нь бүлэглэн үйлдсэн байхаар хуульчлагдсан байх тул О.Энх-Эрдэнэ, Э.Алтан-Оч нарыг энэ гэмт хэрэгт нь гэм буруутай эсэхийг тогтоохгүйгээр Ц.Гантулгын холбогдсон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. 

 

Шүүгчийн захирамжийн дээрх үндэслэлээс гадна Ц.Гд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг талаар гаргасан прокурорын санал хуульд нийцээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заажээ. Үүнээс үзэхэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр байна.

 

Гэтэл прокурор яллагдагч Ц.Гд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргасан /2-р хх 5/ нь Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр заасантай зөрчилдөж, шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэх боломжгүй санал тавьсан.

 

Мөн түүнчлэн уг саналдаа “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар хүртэл ...” гэж тодорхой хугацаа заагаагүй болохыг тэмдэглэж байна.

 

Харин яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хэрэгт тогтоогдсон эсэхийг хянах эрх зүйн үндэслэлгүй байх тул энэ үндэслэлээр хэргийг буцаасан шүүгчийн захирамж хууль бус байна.

 

Иймд шүүгчийн захирамжийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй” гэсэн хэсгийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 946 дугаар шүүгчийн захирамжийн удирдлага болгосон хуулийн зүйл, хэсгийг “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт...” гэж бичснийг “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад ...” гэж өөрчилж, шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгээс “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж, прокурорын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар эсэргүүцлээс “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй...” гэснийг хүлээн авч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                                     Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                                     М.ПҮРЭВСҮРЭН