Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 923

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б овогт С гийн Х  

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга 

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: “С.Х ийг ажилд нь буцаан томилохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, С.Х ийг Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нийгмийн ажилтны албан тушаалд буцаан томилохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Х , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Х  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар 3 дугаар хорооны нийгмийн ажилтнаар ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа өөрийн эрхэлсэн ажилдаа хариуцлагатай байж өргөсөн тангаргХөдөлмаа зөрчилгүй иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг чирэгдэлгүй хүргэж байсан бөгөөд энэ хугацаанд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Нийслэлийн 375 жилийн ойн медаль, Сонгинохайрхан дүүргийн 20 жилийн ойн медаль, баярын бичиг зэргээр шагнуулж зэрэг дэв ахин ажиллаж байсан 2015 онд жирэмсний болон амаржсаны амралт авсан. 

2017 оны 06 дугаар сард хуулиар олгогдсон амралтын хугацаа дуусч байгаа тул ажилдаа орох тухай хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан боловч өргөдлийг шийдвэрлэж өгөлгүй элдэв шалтаг хэлж хойшлуулсаар 2 сар болсон тул 2017 оны 08 дугаар сард Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлд хандан энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан. 

2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хөдөлмөрийн тухай 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах гэж заасан байх тул холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэсэн хариу гарсан боловч өнөөг хүртэл намайг ажилд томилоогүй байна.

Иймд хуулиар олгогдсон эрхээ хамгаалуулахаар хандаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч С.Х  2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 3 сар гаруй хугацааны цалин нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх гэж бичсэн нь хугацааны хувьд тодорхойгүй буруу ойлгогдохоор байгаа тул шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны болгож өөрчлөн тодруулах хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмнөх шүүх хуралдааны үе болон гэрч асуусан тэмдэглэл дээр нэхэмжлэгчийн зүгээс өргөдөл гаргасан гэдэг нь нотлогдож байна. Гэрч С.Мижиддорж хувьд 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлөөс бичиг ирсэн гэх боловч уг бичиг нь 08 дугаар сарын 29-ний өдөр ирсэн шүүхэд авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. 

Мөн С.Мижиддорж нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг өөрөө авсан байж аваагүй гэж шүүхэд худал мэдүүлэг өгч байгаа бөгөөд нэхэмжлэгч ажилдаа орохгүй байгаа гэдэг тайлбарыг хэлж байна. Нэхэмжлэгчид гарсан тушаалыг танилцуулах ёстой субъект С.Мижиддорж өөрөө байж тушаал танилцуулаагүй шалтгаанаа тайлбарлаж чадахгүй байгаа нь харагдлаа. н.Болдбаатар гэх хүн 2017 оны 08 дугаар сард С.Мижиддоржын сейфийг ухаж нэхэмжлэгчийн өргөдлийг гаргаж ирээд С.Мөнхцэцэгт өгүүлж байсан. 

Өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байхаар нь тэсэлгүй Төрийн албаны салбар зөвлөлд хандсан. Тэгээд төрийн албаны салбар зөвлөлөөс ирсэн албан бичгийн дагуу тушаал гарч ажилдаа орох боллоо гэтэл Тамгын газрын дарга тушаал гаргалгүй байж байгаад гадагшаа явчихсан байсан. 

Хариуцагч талаас нотлох баримтуудыг хуурамчаар үйлдэж байна. өнөөдрийн асуудал ганцхан С.Х тэй холбоотой асуудал биш нийт төрийн албанд ажиллаж байгаа эмэгтэйчүүдтэй холбоотой асуудал юм. Учир нь төрийн албанд ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч дуусгаад буцаж ажилдаа орох гэтэл С.Х д тохиолдож байгаа асуудал бусад эмэгтэйчүүдэд адилхан байгаа. 

Төрийн албаны салбар зөвлөлд ганц хандсан нь би болохоос биш ажилдаа ороогүй хүн 3-аас 4 байгаа гэдгийг нэхэмжлэгч дээрх тайлбартаа дурдсан. Шүүх үүнийг анхааралдаа авч үзнэ үү” гэжээ. 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн С.Х ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч С.Х  нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 44 дугаар тушаалаар дүүргийн 3 дугаар хорооны Нийгмийн ажилтны албан тушаалд томилогдсон байна. 

Тамгын газрын дарга нь С.Х ийн хүсэлтээр 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөө, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/218 дугаар тушаалаар 192,000 төгрөгийн /тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ/ буцалтгүй тусламжийг тус тус олгосон байна.

С.Х  нь ажилдаа орох тухай хүсэлтээ гаргасан тул Тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/171 дугаартай тушаалаар дүүргийн 3 дугаар хорооны нийгмийн ажилтнаар эргүүлэн томилсон боловч ажлаа хүлээж аваагүй байна.

С.Х ийг Тамгын газрын Хууль зүйн тасгийн дарга Б.Мөнгөншагай нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр утсаар ярин дуудсан боловч ирээгүй, Ж.Л  миний бие 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр утсаар холбогдон дуудаж уулзалт хийн ажлаа хүлээн авах талаар мэдэгдсэн боловч татгалзсан.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч С.Х ийн нийгмийн даатгалын шимтгэлийн 2015 оны 05 дугаар сараас 2016 он 06 дугаар сарын хооронд тасралтгүй төлсөөр ирсэн болно. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч нь өмнө нь Сонгинохайрхан дүүрэгт Нийгмийн ажилтнаар ажилладаг байсан бөгөөд 2015 онд жирэмсний амралт болон хүүхэд асрах чөлөө хүссэний дагуу Тамгын газрын даргын тушаалаар амралт олгосон.

Мөн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 онд нэхэмжлэгчийг ажилд нь эргүүлэн томилуулах буюу хуулийн дагуу шийдвэрлэнэ үү гэсэн албан бичиг ирсэн. Үүний дагуу Тамгын газрын даргын тушаалаар ажилд нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр эргүүлэн томилсон. 

Мөн ажилд эргүүлэн томилох тушаал гарсан учраас 09 дүгээр сарын 06 өдөр ирж ажлаа хүлээлцэх гэсэн боловч нэхэмжлэгч өөрөө ажилдаа ирээгүй. Энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Түүнээс хойш 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр болон 24-ны өдөр ажилдаа орохыг шаардсан боловч нэхэмжлэгч өөрөө ажлаа хүлээж авахаар ирээгүй. 

Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч С.Х  нь “2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс ажилд орох хүртэлх 3 сар гаруй хугацааны үндсэн цалин, цалингийн нэмэгдэл 12 хувь, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал нөхөн төлүүлэх, ажлын байраар хангуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан.

Улмаар 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны үндсэн цалин, цалингийн нэмэгдэл 12 хувь, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал нөхөн төлүүлэх, ажлын байраар хангуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “С.Х ийг ажилд нь буцаан томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.Х ийг Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нийгмийн ажилтны албан тушаалд буцаан томилохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” гэж тодруулсан болно.

Нэхэмжлэгч С.Х ийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Ажилд томилох тухай” дугаар 44 тоот тушаалаар Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нийгмийн ажилтнаар томилсон байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Жирэмсний болон амаржсаны хүүхэд асрах чөлөө олгох тухай” дугаар Б/105 тоот тушаалаар тус дүүргийн 3 дугаар хорооны нийгмийн ажилтан С гийн Х  нь хүсэлт гаргасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөө олгосон байна.

Нэхэмжлэгч С.Х  нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд хандан “хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч, эргэн ажилдаа орох хүсэлтээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргасан боловч ямар нэгэн хариу өгөхгүй байгаа талаар” гомдол гаргасан байх бөгөөд Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн № 14/259 тоот албан бичгээр “... Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах гэж заасан байх тул холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн хариуг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраад өгсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална”, 35.1.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” гэж тус тус заасан байна. 

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд бага насны хүүхэдтэй буюу хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхийн эрхийг Хөдөлмөрийн тухай хуулиар онцгойлон хамгаалж, тусгайлан, нарийвчлан зохицуулсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд нь буцаан томилохгүй байгаа эс үйлдэхүй гаргасан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

С.Х  нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа буцаж орох өргөдөл өгсөн болох нь, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд нь буцаан томилохгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч С.Мижиддорж, С.Туулмаа, Х.Буянжаргал, Ш.Сарангэрэл нарын мэдүүлгүүд, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Тодруулбал нэхэмжлэгчид өөр ажил санал болгох, ажлыг нь хүлээлцүүлэхгүй байх, ажилдаа буцаж орох өргөдлийг нь шийдвэрлэхгүй удаах, орхигдуулах зэрэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эс үйлдэхүйг хариуцагч гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн ажилдаа орохыг хүссэн /2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн/ хүсэлтийг шийдвэрлэхгүй удаасан болох нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “С.Х ийг ажилд томилох тухай” дугаар Б/171 тоот тушаалыг гаргасан байгаагаар нотлогдож байна. 

Хэдийгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “С.Х ийг ажилд томилох тухай” дугаар Б/171 тоот тушаалыг бичгээр гаргасан байгаа боловч бодит байдалд албан тушаалд нь томилохгүй, ажил, албан тушаалыг нь хүлээлгэн өгөхгүй байгаа болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх үйл баримт, үндэслэлүүдээс үзэхэд нэхэмжлэгчийг эрхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нийгмийн ажилтны албан тушаалд нь буцаан томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь нотлогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг эрх эдэлнэ”, 14.1.5-д “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.

Шүүх С.Х ийг ажилд нь буцаан томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.Х ийг Сонгинхайрхан дүүргийн 3 дугаар хорооны Нийгмийн ажилтны албан тушаалд томилохыг хариуцагчид даалган шийдвэрлэж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах нь зүйтэй байна.

“С.Х ийг ажилд томилох тухай” 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар Б/171 тоот тушаал, цалингийн картын дагуу тооцон үзэхэд нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг үндсэн болон нэмэгдэл цалинг оруулан 491,444 (дөрвөн зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун дөчин дөрөв) төгрөгөөр тооцож, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх нийт 3,182,566 (гурван сая, нэг зуун наян хоёр мянга, таван зуун жаран зургаа) төгрөгийг нэхэмжлэгчид олгож, С.Х ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1,  Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Х ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж С.Х ийг ажилд нь буцаан томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.Х ийг Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нийгмийн ажилтны албан тушаалд томилохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,182,566 (гурван сая, нэг зуун наян хоёр мянга, таван зуун жаран зургаа)  төгрөгийг С.Х д олгож, С.Х ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.БАТЗОРИГ