Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0158

 

ГХЯ-ын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу ГХЯ-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 39 дүгээр шийдвэрээр:

“...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ГХЯ-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/87 дугаарын захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө давж заалдах гомдолдоо:

“...1. Нийслэлийн Засаг дарга С.А /асан/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ГХЯ-ны эзэмшил 8 га газрын “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/87 дугаарын захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, буюу “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6 дахь заалт буюу “тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэснийг үндэслэл болгосон.

Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжид “Зөрчил нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эсхүл мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр заавал урьдчилан тогтоогдсон байх бөгөөд түүнийг үндэслэж Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргасан байх ёстой” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч талын газар эзэмшихтэй холбоотой гаргасан зөрчил буюу 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтын ... газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн зөрчлийг тогтоосон баримт /дүгнэлт/ хэргийн материалд байхгүй байгааг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзаагүй, зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг буюу “тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэснийг баримтлан шийдвэр гаргасныг нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

Учир нь ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Д /асан/ тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дэд захирал Б.Баттүвшин нар 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг дарга асан С.А-тай уулзсан уулзалтын тэмдэглэлд эзэмшигчид мэдэгдэлгүйгээр барилгын ажил эхлүүлснийг дурдсан байх бөгөөд шийдвэр гаргагч буюу Нийслэлийн Засаг дарга С.А нь газар эзэмшигч талаас “ШЯХП” ХХК-тай байгуулсан хэлэлцээр санамж бичгийг өөрчлөхгүй, хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх гарцыг судалж үзнэ” гэсэн нь ГХЯ газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй болохыг нотолж байна.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ШЯХП” ХХК компанитай барилгын үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон байсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болж чадахгүй” гэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.4 дэх заалтад заасны дагуу шүүхийн шийдвэрийн энэхүү үндэслэлийг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь ГХЯ дээрх эзэмшил газраа “ШЯХП” ХХК-д шилжүүлэх асуудлаар Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолд заасны дагуу 2019 оны 03 дугаар сард Нийслэлийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.О-аас мөн оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зөвшөөрсөн хариу ирүүлсэн. Уг зөвшөөрлийн дагуу тус компанитай харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд газраа шилжүүлэн, 12 байрыг тус компаниас авч албан хаагчдад хуваарилахаар Төрийн нарийн бичгийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр А/30 дугаарын тушаал гарсан. Энэ нь “барилгын үйл ажиллагаа явуулах тохиролцоо биш” тул үндэслэх хэсгийг буруу томьёолсон гэж үзэж зөвшөөрөх боломжгүй байна.

З. Мөн “УСМ” ХК нь 2019 оны 05 дугаар сараас эхлэн тус яамны эзэмшил газар дээр газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр барилгын ажлаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш 7 сар өнгөрсний дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 23-нд Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж нэхэмжлэгч талын газар эзэмших эрхийг хүчингүй болгон, уг газрыг дээрх компанийн эзэмшилд шилжүүлсэн нь үйл явдал болсноос хойш захиргааны актыг албажуулсан нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах ажиллагааг зөрчсөн байна. “Түүнчлэн “УСП” ХК нь тус яамны эзэмшил газар дээр Архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулахаас өмнө буюу 2019 оны 05 дугаар сард барилгын ажлаа хууль бусаар эхлүүлээд дараа нь 2019 оны 12 дугаар сарын 18-нд уг газрыг өөрийн нэр дээр шилжүүлж өгөх хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад гаргаж байсан нь “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/87 дугаарын захирамжийг процессийн хувьд алдаатай шийдвэр болохыг нотолж байна.

4. Түүнчлэн хариуцагч тал сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулаагүй нэхэмжлэгч тал уг тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч хариуцагч тал тэмдэглэл хөтлөөгүй гэсэн хариу ирүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт заасан сонсох ажиллагаа явуулах заалтыг зөрчсөн нь нотлогдож байхад шүүх сонсох ажиллагааг хийсэн гэж үзэж нотлох баримтыг буруу үнэлсэн.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/87 дугаарын захирамжийн үндэслэх хэсгийн зөвхөн Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг дурдсаныг нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.4 дэх заалтын дагуу шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсч байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/87 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.2-т заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагуудын хотхон байгуулах зориулалтаар 8 га газрыг эзэмшигч ГХЯ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэгт гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц обьект бий болгоогүй байхыг ойлгох бөгөөд мөн “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт газар эзэмшигч нь гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан болон эзэмшигч өвчтэй байсан зэрэг зайлшгүй шалтгаануудыг харгалзан үзнэ.

Хэдийгээр нэхэмжлэгчээс “... “НЯХП” ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 19/05 дугаартай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан, санамж бичгийн дагуу албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хүрээнд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/158 дугаар тушаал гаргасан ... газар ашиглалтын төлбөрийг жил бүр төлдөг байсан ...” хэмээн тайлбарлаж байх боловч анх Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/396 дугаар захирамжаар тус газрыг эзэмших эрх олж авснаас хойш маргаан бүхий 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/87 дугаар захирамж гарах хүртэл аливаа байдлаар гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан талаарх баримт байхгүй байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/1235 дугаар “...бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэгч компанид барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй...” гэх албан бичиг, нэхэмжлэгчээс 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08/1551 албан бичгээр Барилга хот байгуулалтын сайдад хүргүүлсэн “газар шилжүүлэх хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгүүд нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газар ашиглах боломжгүй болсон тул зориулалт өөрчлүүлж, хугацаа сунгуулахаар хандсан хүсэлт гэж үзэхгүй.

Үүнээс гадна анхан шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургаас үзвэл тухайн газарт барилгын ажил явагдаж байх ба энэхүү үйл ажиллагааг гуравдагч этгээд “УСМ” ХК гүйцэтгэсэн бөгөөд үүнд нэхэмжлэгч тал маргаагүй байх тул анхан шатны шүүхийн “...ГХЯ нь 2010-2019 оны хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй...” гэх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч маргаж буй актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэх гомдлын тухайд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02-06/6286 дугаар албан бичгээр нэхэмжлэгч ГХЯ-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр тус газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэнийг мэдэгдсэн байх тул маргаан бүхий акт хууль зөрчиж гарсан болох нь тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо гуравдагч этгээд “УСМ” ХК нь газар эзэмших эрхгүй байх хугацаанд үйл ажиллагаа явуулсан гэх тайлбар гаргах боловч энэ тохиолдолд Нийслэлийн Засаг даргын А/87 дугаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн хууль зүйн үндэслэлтэй тухайд маргаж байх ба нэгэнт нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын А/88 дугаар гуравдагч этгээдэд газар олгосон захирамжтай маргаагүй учир түүний Архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулахаас өмнө хууль бусаар барилгын ажил эхлүүлсэн эсэх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ГХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА