| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01099/и |
| Дугаар | 1221 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 1221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
135/2016/01099/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, ***, *** сангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, *** байр, “*** ” ХХК-д холбогдох,
"Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг, хүү 700,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,700,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***, хариуцагчийн төлөөлөгч Н.Г*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус сангаас Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд үйлдвэр хөдөө аж ахуйн төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/*** дугаар тушаалаар олгосон хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт хариуцагч *** ХХК нь хамрагдан 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээг байгуулан, 10,000,000 төгрөгийг жилийн 2,4 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай авсан байна. Хариуцагч нь зээлийн төлбөрөө хуваарийн дагуу төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй өдийг хүрсэн. Иймд зээлийн гэрээний 4.1.1-т зааснаар гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, зээлийн төлбөрийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч “*** ” ХХК-иас үндсэн зээл 10,000,000 төгрөг, гэрээний хавсралтаар батлагдсан хуваарьт төлбөрт заасны дагуу хүү тооцоход 700,000 төгрөг, гэрээний 7.1.1-т зааснаар алданги тооцоход 5,000,000 төгрөг бүгд 15,700,000 төгрөг нэхэмжилж байна.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ү-*** улсын бүртгэлийн дугаартай 678 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар барьцаалсан байх тул уг хөрөнгийг худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага “*** ” ХХК-тай 2013 онд мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрөөс *** тоот зээлийн гэрээ байгуулсан. “*** ” ХХК-нь 10.000.000 төгрөгийг жилийн 2.4 хувийн хүүтэй зээлж авсан. Хариуцагч зээлээ хуваарийн дагуу төлөөгүй, удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй учраас бид зээлийн гэрээний 4.1.1-т заасны дагуу гэрээг нэг талаас цуцалж, зээлийн төлбөрийг нэхэмжилсэн. Үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 700.000 төгрөг, гэрээний 7.1.1-т заасны дагуу алданги тооцоход 5.000.000 төгрөг нийт 15.700.000 төгрөг болж байна.
Мөн 900 мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн *** тоот зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох хүнсний дэлгүүрийн барилга, гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан байх тул уг хөрөнгийг худалдан борлуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Иймээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нийт 15,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлага болох барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Г*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Мал хамгаалах сангаас 10.000.000 төгрөгний зээл авсан. Би энэ зээлийг эрхэлж байгаа байгууллагадаа хөрөнгө оруулах зорилгоор авсан. Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан. Эдийн засгийн болон байгаль цаг уурын нөхцөл байдлаас болж, зээлээ төлөхөд хүндрэл гарч би Мал хамгаалах сантай очиж уулзаж энэ жилдээ зээлээ төлөх боломжгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд 2015 оны намар манай ферм дээр Эрхэмбаяр гэдэг дарга ирж манай фермтэй танилцаад зээлийг зориулалтын дагуу зарцуулсан байна гэж магтаж байсан. Түүнээс зээл төлөх талаар шаардаж ирээгүй. Би тухайн үед маш их зардал гаргаж бяруунуудыг тэжээж байсан болохоор мөнгөний боломж байгаагүйгээс зээлээ төлж чадахгүй байсан нь үнэн. Тиймээс ч энэ байдлаа Мал хамгаалах санд мэдэгдэж, албан бичиг удаа дараа явуулж, уулзаж байсан. Одоо энэ жилээс надад авсан үхэрнүүдээсээ ашиг авах жил ирж байгаа учраас энэ жилаас зээлээ төлөөд хугацаандаа дуусгах боломжтой юм. Гэрээний 5 жилийн хугацаа дуусаагүй байгаа тул гэрээг цуцлахыг зөвшөөрөхгүй байна. Би төлбөрөө төлөхгүй гэж зугатаасан зүйл байхгүй. Надад зээлийн гэрээний нэг хувийг өгөөгүй учир 5 жилийн дотор л зээлээ төлж дуусгана гэдгийг мэдэж байсан. Харин графикийг шүүхэд дуудагдаж ирээд танилцахдаа мэдлээ. Надаас зээлийн төлбөрөө төлөх талаар 2014 оны 6 дугаар сард нэг удаа утсаар ярьж байсан. Тэгээд би Мал хамгаалах сан дээр очиж уулзаж учир байдлаа хэлж байсан. Түүнээс хойш надаас зээл төлөх талаар хэлээгүй учир би 5 жилийн дотор төлнө гэж ойлгож байсан.
Иймээс зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй, харин үндсэн зээл 10,000,000 төгрөг болон хүү 700,000 төгрөгийг зөвшөөрч байна. Энэ мөнгийг би хугацаандаа төлнө. Хугацаа дуусаагүй байхад алданги нэхээд байгааг зөвшөөрөхгүй байна.
Мөн зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох дэлгүүрийн барилга нь ганц хүүхэдтэй эмэгтэйн нэр дээр байдаг. Хэрвээ Мал хамгаалах сан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа бол би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хүний хөрөнгийг зээлэндээ өгөөд сууж чадахгүй. Зээлээ хугацаандаа төлөх учраас хүний эд хөрөнгийг заруулахыг зөвшөөрөхгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** сан нь хариуцагч “*** ” ХХК-д холбогдуулан, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг, зээлийн хүү 700,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,700,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ү-*** улсын бүртгэлийн дугаартай, 40мкв талбайтай хүнсний дэлгүүрийн барилга болон Г-*** дугаартай 678 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнээс хангуулах тухай шаардлагыг тус тус гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*** үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнээс хангуулах тухай шаардлагаасаа татгалзсан болно.
Хариуцагч “*** ” ХХК нь *** сангаас 10,000,000 төгрөгийг жилийн 2,4 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатайгаар үхрийн фермерийн аж ахуйг өргөжүүлэх төсөл хэрэгжүүлэх зорилгоор зээлсэн болох нь хэрэгт авагдсан 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Мөн талуудын хооронд 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр барьцааны гэрээг байгуулж, *** ы өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, Нарантолгойн 5 дугаар гудамжны ** тоот , 40,0 мкв талбайтай дэлгүүрийн зориулалттай барилга, *** нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай, 678,0 мкв талбайтай газрыг тус тус барьцаалжээ.
Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгаа бөгөөд талууд тус гэрээнүүдийн талаар маргаагүй болно.
Хариуцагч “*** ” ХХК-ийн төлөөлөгч Н.Г*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт хамрагдаж, зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг Мал хамгаалах сангаас зээлсэн нь үнэн боловч зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хувийг надад өгөөгүй, гэрээний нийт хугацаа 5 жил учир гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй, 10,000,000 төгрөгөө хүүтэй нь төлнө, хугацаа дуусаагүй байхад алданги нэхэмжлэх үндэслэлгүй” гэж маргадаг болно.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч “*** ” ХХК нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхийг удаа дараа шаардсан боловч энэхүү үүргээ зөрчсөн тул гэрээнд заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй гэж тайлбарлажээ.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч зөрчил, дутагдлыг арилгахыг шаардах, зээлийн гэрээг нэг талаас цуцлан зээлийн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байхаар заасан байна.
Гэрээний дээрх заалтаас харахад гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээний зөрчлийг арилгахыг шаардах эрхийг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч “*** ” ХХК-ийн захирал Н.Г*** г зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэж байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Г*** нь шүүх хуралдаан дээр 2014 онд нэг удаа утсаар ярьж зээлээ төлөхийг хэлж байсан бөгөөд тухайн үед зээл төлөх боломжгүй байсан тул очиж уулзан учир байдлаа ярьсан, түүнээс хойш зээл төлөхийг шаардаж байгаагүй тул 5 жилийн хугацаандаа төлнө гэж ойлгосон, 2015 оны 10 дугаар сард манай компани дээр Эрхэмбаяр гэх хүн өөрөө ирж үзээд, манай үйл ажиллагаатай танилцаад сайхан зүйл хийсэн байна гээд магтаад явснаас биш мөнгөө шаардаж ирээгүй гэж маргадаг болно.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т: “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 225.2-т: “үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ”, 204 дүгээр зүйлийн 204.1-т: “аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, нэмэлт хугацаа тогтоосон болох нь тогтоогдохгүй байгаа бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан 2014 онд нэг удаа зээл төлөхийг шаардаж байсан боловч тухайн үед нь очиж уулзаж учир байдлаа хэлснээр дахин шаардаагүй тул 5 жилийн хугацаандаа зээлээ төлөх боломжтой гэж ойлгосон гэх тайлбар үндэслэлтэй байна гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас 2014 онд утсаар шаардаж байсан гэснээс хойш 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл өгөх хүртэлх хугацаанд хариуцагчаас зээл төлөх талаар шаардлага тавьж байсан нь тогтоогдохгүй байгаа тул дээрх хуульд заасан нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар нэхэмжлэгч тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар хариуцагч талд мэдэгдсэн үйл баримт тогтоогдохгүй байгаа бөгөөд нөгөө талаас Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-т заасан нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр, хүү, алданги нийт 15,700,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч *** сан нь дээрх хуульд зааснаар хариуцагч “*** ” ХХК-д холбогдуулан, нэмэлт хугацаа тогтоосны дараа үүргээ биелүүлээгүй болон өөр үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр, хүү, хохирол нэхэмжлэх эрхтэй бөгөөд ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т тус тус заасныг баримтлан *** сангаас хариуцагч “*** ” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр, хүү, алданги нийт 15,700,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдсан үнээс хангуулах тухай шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч *** сан нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ