Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 572

 

105/2020/0542/Э

 

 

 

 

 

  2020        03        31                                  2020/ШЦТ/572

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

           улсын яллагч Ц.Ганцэцэг,

           шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г. холбогдох эрүүгийн 2006 00813 0650 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.                 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г, Монгол улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мөнгөн хүлэг” авто захад машины ченж ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3-507 тоотод оршин сух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

  Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 84-66 УБҮ улсын дугаартай “Приус”-20, маркийн тээврийн  хэрэгслийн зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Баярбатад 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

                    Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 84-66 УБҮ улсын дугаартай “Приус-20 маркийн тээврийн  хэрэгслийн зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Баярбатад 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Г гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

             1. Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Надтай хамт явсан хүн мэдээгүй. Зөөлөн янданг 500,000 төгрөгөөр авдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],

             2. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[2],

             3. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мөрийнн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл[3],

             4. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[4],

             5. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Дамно” ХХК-ний эд зүйлийн үнэлгээний тайлан. /Үнэлгээний дүн 380,000  төгрөгөөр үнэлсэн/[5],

             6. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйл, баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл[6],

             7. Гэрч Б.Отгонбаатарын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр буяны ажилтай байсан бөгөөд ажилдаа ирээгүй. 12-13 цагийн үед Ганзориг над руу 94946400 дугаараас залгаад “нэг яндан өгсөн шүү мөнгийг нь хийчихээрэй” гээд тасалсан. Би 16-17 цагийн үед 500,000 төгрөгийг Ганзоригийн “Хаан” банкны 5057442288 тоот данс руу шилжүүлсэн. Тэр янданг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Өмнө нь яндан авч ирж өгдөг байсан бөгөөд ямар ч асуудал гарч байгаагүй” гэх мэдүүлэг[7],

             8. Гэрч Л.Баярмагнайгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн хүү Баярбатын “Тоёота приус-20” маркийн 84-66 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарахаар “Мөнгөн хүлэг” нэртэй хуучин машины зах дээр байж байхад 12 цаг өнгөрч байхад хоёр залуу ирээд машин үзээд нэг нь машин унаад явсан. Би нөгөө залуугаас нь асуухад “наадах чинь явж үзэж доогуур дуу чимээ байгаа эсэхийг шалгах гэж байгаа юм” гэж хэлсэн. Гэтэл 30 гаран минут болоод ирэхгүй байхаар нь асуутал “доор түгжирсэн байна” гэж хэлсэн. Би хүү Баярбатыг дуудаад бүх болсон зүйлийг ярьсан. Доошоо уруудаад явж байхад нөгөө залуу миний машиныг унаад доороос ирж байхаар нь болсон зүйлийн талаар асуутал “ахдаа  үзүүлсэн” гэж хэлсэн. Тэгээд удалгүй нөгөө хоёр залуу явсан. Удалгүй өөр нэг хүн ирж машин үзэж байгаад копудыг нь сөхөж  үзэхэд яндан сольсон байсан. Тэр өдрөө оройтоод амжаагүй тул гэртээ харьсан. Маргааш нь зах дээр ирээд камер шүүгээд хэн гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг[8],

             9. Гэрч О.Лхагвасүрэнгийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз намайг машин үзээд өгөөч гэхээр нь “Да хүрээ” зах дээр “Мөнгөн хөлөг” хэсэгт машин үзэж байгаад зүс таних найз Г.Г дуудаад машин хамт үзээд өгөөч гэхэд ойрхон байсан тул ирсэн. Тэгээд нэг өвгөний зарж байсан “Приус-20” маркийн, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг үзэж байхад Ганзориг унаад явчихсан. Араас нь залгахад зах дотор түгжрээнд орсон гэж хэлсэн бөгөөд 10-20 минут болсон байх. Тэр хугацаанд би тухайн машины эзэнтэй үнийн талаар ярьж байсан. Тэгж байтал хүү нь ирсэн тул үнийн тал дээр тохиролцож чадаагүй. Би цааш явж хоёр машин үзчихээд гэр рүүгээ харьсан. Маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ганзоригийн 94946400 дугаараас залгахаар нь аваад ярихад “үл таних хүн машины эд зүйлийг авсан байна” гэснээр би янданг сольсон байсан талаар мэдсэн” гэх мэдүүлэг[9]

             10. Гэрч Б.Ганчимэгийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Ганзориг 1992 онд Улаанбаатар хотод төрсөн, айлын 5 дахь хүүхэд. Бага насаа эцэг, эхийн гар дээр өссөн. 2011 онд 87 дугаар дунд сургууль төгсөж, 2011-2012 онд цэргийн алба хааж, 2012-2016 оны хооронд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2016 оноос хойш “Да хүрээ” зах дээр хувиараа машин худалдан борлуулж байна. Би нөхөртэйгээ 2011 оноос хойш гэр бүл болж, 2013 онд ууган хүүхэд төрсөн. 2018 онд хоёр дахь хүүхэд төрсөн. Манай нөхөр Ганзориг нь элдэв муу зуршилгүй, гэр бүлдээ халамжтай, ажилдаа хичээнгүй, даруу төлөв зантай” гэх мэдүүлэг[10],

             11. Гэрч Б.Отгонсүлдийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “...Би тухайн өдөр ахынхаа яндан засдаг газар ажиллаж байсан. Гэтэл гаднаас зүс таних Ганзориг “Приус-20” маркийн, 84-66 УБҮ улсын дугаартай, машин унаж орж ирээд өөрөө машин өргөгч дээр машинаа гаргаад “надад үүнийг суллалцаад өгөөч, хүн машин авах гээд яараад байна” гэхээр нь би суллаж өгсөн. Ганзориг өөрөө манайд байсан янданг сольж хийгээд гараад явсан” гэх мэдүүлэг[11],

             12. Хохирогч Б.Баярбатын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 12-13 цагийн орчимд “Мөнгөн хөлөг” авто зах дээр өөрийн 8466 УБҮ “Приус-20” маркийн автомашинаа зарахаар зогсож байтал 3 хүн ирж үзсэн. Нэг нь түлхүүрээ өгч бай гээд үзэж байгаад манай машиныг унаад явчихсан. Тухайн үед аав байсан ба “машин унаад явчихлаа” гэж над руу залгахаар нь би төв замаас гүйгээд очиход төв зам түгжрэлгүй байсан. Маргааш нь би хүнд машинаа үзүүлэх гээд грашнаас гаргахад зөөлөн янданг нь солиод хийчихсэн байсан тул цагдаад хандсан” гэх мэдүүлэг[12],

             13. Шүүгдэгч Г.Гийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би “Мөнгөн хөлөг” хуучин машин зардаг зах дээр машин зардаг. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажил дээрээ манай найз Лхагва хамт машин үзээд өгөөч гэж хэлсэн. Бид хоёр зах дээр машин үзээд явж байхад нэг өвгөн цагаан өнгийн “Приус-20” маркийн машин зарж байхаар нь үзэж, би машиныг нь унаж үзэх гэж яваад өөрийн таньдаг яндан засдаг газар очиж авч явсан машиныхаа янданг өгөөд яндангийн мөнгө гэж 700,000 төгрөг, өмнө авсан авлага нэмээд нийт 900,000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны дансаар шилжүүлэн авсан. Тэгээд машиныг нь буцаагаад өгсөн. Би өөрийн зарж байсан машинуудын янданг өмнө нь 2-3 удаа очиж өгч байсан тул өгчихсөн” гэх мэдүүлэг[13] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзсэн. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

             Хохирогчийн зүгээс хохирол төлбөрт 500,000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол, саналгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.

                                        Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

            Шүүх шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Г.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.

            Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г.Гт анхааруулах нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г.Гт анхааруулсугай.

           4. Ялтан Г.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

           5. Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хавтаст хэрэгт хадгалсугай.

           6. Ялтан Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АМАРГЭРЭЛ                                              

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 3 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 5 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 26 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 52 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 12-14, 19 дүгээр тал

[8] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 8-9 дүгээр тал

[13] Хавтаст хэргийн 68-69 дүгээр тал