| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0274/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/11 |
| Огноо | 2020-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Билгүүн
Хохирогч: Г.Ш
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Р.Н, А.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дээд хүнүй овогт Ргийн Н, Монгол овогт Аийн Д нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, .. настай, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ......................тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Д овогт Ргийн Н/РД:АЭ.............../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, ..настай, тусгай дунд боловсролтой, аврагч мэргэжилтэй, ......................ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган ............тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М овогт Аийн Д/РД:АМ..................../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Д Р.Н нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Арвис баарны гадаа Г.Ш тай маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Г.Шгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Би тухайн өдөр Г болон түүний найз охинтой гурвуулаа Арвис бааранд орсон. Бид гурав нэг ундаа, хоёр пиво аваад уучихаад баар хаах гэж байна гэхээр нь гарсан. Гадаа цагаан өнгийн Приус-30 маркийн машин зогсож байхаар нь таксинд явах уу гэхэд явна гэж хэлэхээр нь суусан. Машины урд талд нь би, хойно нь Ггийн найз охин ард суусан. Ггийн найзууд нь ирчихсэн Гтай хууч хөөрч байсан. Нэг залуу ирээд жолоочтой юм ярьж байсан. Р.Н намайг буугаад ир бид нар наад таксийг чинь авсан гэсэн. Тэгээд Р.Н намайг авч яваад хавирч унагаагаад өшиглөсөн. Би эмчилгээний 4.000.000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Г.Шгийн өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 17-ны орой Арвис бааранд Г түүний найз охин бид 3 хамт орсон. Тэгээд бааранд ороод нэг ундаа 2 шил пиво захиалж уугаад хэсэг бүжиглэсэн тэгээд баар хаах боллоо гээд баарнаас гарсан. Тэгээд гараад таксинд сууя гээд байж байхад Г гарч ирээд таньдаг хүмүүстэй таараад уулзаад байж байсан. Ггийн найз охин бид 2 гадаа нэг такси байхаар нь суучихсан. Тэгээд байж байтал таксины цонхоор нэг ах ирчихсэн жолоочтой нь юм яриад байсан тэгсэн чинь таксины ах нь энэ хүмүүсийг хүргээд өгчье ахын дүү нар байж бай гэж надад хэлсэн. Тэгээд байж байсан чинь өмнө надтай хамт таксинд явдаг байсан Р.Н гэх залуу надтай мэндлээд намайг машинаас буулгасан. Тэгээд машинаас бууж ирээд байж байтал тэр залуу намайг дагуулаад цаашаа явж байснаа хавсарч газар унагаасан, би юу болсон юм мэдэхгүй нэг мэдсэн эмнэлэг дээр ирсэн байсан. Тэгээд эмнэлэгт хэвтсэн. Би тухайн үед нэг их согтоогүй эрүүл шахуу байсан. Намайг Р.Н гэх залуу дагуулж явж байгаад хавсарч газар унагаасан, тэгээд өөр хэн хэн хэрхэн яаж цохиж зодсонг би санахгүй байна. Миний толгой л маш их өвдөж байсан. Ил харагдах гэмтэл байгаагүй. Миний биед учирсан гэмтлийг Р.Н, А.Д гэх хүмүүс учруулсан. Намайг Р.Н гэх залуу дагуулж явж байгаад хавсарч газар унагаасан тэр үед нэг хүн ирээд өшиглөж байх шиг байсан би тэгээд юу болсон талаар санахгүй байгаа, нэг мэдсэн эмнэлэг дээр ирсэн байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/
*Хохирогч Г.Шгийн дахин өгсөн:
“...Өөрт байсан баримт материалыг гарган өгч хэрэгт хавсаргуулсан байгаа. 2019 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгүүлсэн 2.808.928 төгрөгийн зардал гарсан баримтыг гаргаж өгсөн. Эмч нар дахин 2 удаа ирж үзүүлээрэй гэсэн тэгэхээр 2020 оны 02, 05 дугаар сард Улаанбаатар хот руу явж үзүүлж харуулах ёстой үүний зардал мөнгө гэж 4.000.000 төгрөг нэхэмжилж байна. 4.000.000 төгрөгийн баримт нь байхгүй. Улаанбаатар хот руу явах үед Р.Н, А.Д нар 1.850.000 төгрөг бэлнээр өгч нэг шөлний хонь бид нарт өгсөн. Одоо миний зүгээс 4.000.000 төгрөг нэхэмжилнэ. Миний цаашдын эмчилгээнд зарцуулах 4.000.000 төгрөгийг Р.Н, А.Д нар төлж барагдуулчих юм бол миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Одоо би гомдолтой байна. Нэмэлтээр дахин дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй. Би шинжээч томилж дүгнэлт гаргуулахгүй өмнө гарсан дүгнэлттэй санал нийлж байна. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийн Р.Н, А.Д нар бүлэглэн зодож учруулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-10 дугаар тал/
*Гэрч Б.Бийн өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай хүүхдийн цэцэрлэгийн Алтан намар гээд тэмцээн болсон. Тэр үед манай хүүхдийн ангийн эцэг эхчүүд түрүүлсэн юм. Тэгээд Р.Н, А.Д түүний эхнэр О.У манай нөхөр Баярсайхан бид нар хамт эхлээд Арвис бааранд орж хэсэг дуулж сууж байгаад тэндээ 2 шил архи уугаад гарч ирээд Наран бааранд ороод 1 шил архи уугаад тэгээд харих болоод гараад явж байтал Арвис баарны тэнд нэг приус-20 маркийн автомашин дээр очоод таксидаад явах гэж байтал тэр машинд баахан залуучууд суучихаад бид нар явах гэж байна гээд маргалдаж эхэлсэн. Тэр үед Г.Ш гэх залууг Р.Н машинаас буулгаж ирээд цааш нь дагуулаад явж байсан цаана очоод Р.Н Г.Шг заамдаад зогсож байсан. Тэгээд байж байтал А.Д надтай хэн зодолдох юм бэ гээд орилоод байсан тэгээд хэсэг хугацааны дараа эргээд хартал тэр Г.Ш гэх залууг 2 хүн өргөөд босгож байгаа харагдсан. Тэгэхээр нь би очиж чи зүгээр үү гээд урдаас харахад нэг нүдээ аньчихсан нэг нүд нь нээллтэй нүүр ам нь цус болсон зүйлгүй урдаас юм ярихгүй 2 хүнээр сугдуулчихсан байж байсан тэгсэн А.Д намайг явъя гээд дуудаад байсан. Тэгээд л бид нар явцгаасан. Ямар ч байсан эхлээд тэр залууг Р.Н дагуулаад цаашаа авч яваад заамдчихсан зогсож байсан. Би наана нь тэр залуучуудтай хамт явж байсан нэг эмэгтэйтэй маргалдаад байж байх үед л зодоон болчихсон байсан. Г.Ш гэх залууг хэн хэн хэрхэн яаж цохиж зодсон талаар би хараагүй мэдэхгүй. Тухайн үед харих гээд явж байх замдаа Р.Н, А.Д нар хоорондоо Г.Ш гэх залууг өшиглөсөн гээд юм яриад байхаар нь би Р.Нт хандаж чи Г.Шг өшиглөчихсөн юм уу гээд гутлыг нь бариад үзэхэд би өшиглөөгүй гэж хэлсэн. Тэгсэн А.Д би тэр залууг өшиглөчихсөн юм гэж хэлж байсан. Тэр үед Р.Н, А.Д нар их согтоогүй байсан. Өөр хүмүүс хоорондоо зодоон цохион хийгээгүй. Р.Н, А.Д нарыг өөр хэн нэгэн цохиж зодоогүй. Манай нөхөр тухайн үед тасарчихсан юу ч санахгүй байсан. Би тэр үед өөрийн нөхөрт анхаарлаа хандуулаад хэн нэгэн хүнтэй зодоон цохион хийлгээгүй. Манай нөхөр уг хэргийн талаар огт мэдэхгүй, санахгүй байна лээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-18 дугаар тал/
*Гэрч О.Уын өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 17-ны орой Р.Н, Баярсайхан, Б.Б болон өөрийн нөхөр А.Д нарын хамтаар Арвис болон Наран бааранд орж суугаад архи уусан. Тэгээд харих гээд 23 цагийн үед гарч ирээд явж байгаад Арвис баарны үүдэнд таксинд суух болцгоосон тэгсэн хэдэн залуучууд бид нар энэ такситай явах гэж байна гээд тэгээд л маргалдаж эхэлсэн. Тэгсэн Р.Н тэр таксины урд сууж байсан залууг хараад би наа залууг чинь танина би буулгаад ирье гээд тэр залууг машинаас гаргаж ирээд хүзүүдээд цааш нь авч яваад тэр залууг Р.Н хавсарч газар унагаагаад дээрээс нь 2-3 удаа дэвсээд байсан тэгсэн манай нөхөр А.Д очооод тэр Г.Ш гэх залууг газар унчихсан байх үед нь нүүр цээж орчимд нь 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би араас нь очоод нөхөрөө цааш нь аваад явсан. Тэгээд А.Д эргэж ирээд тэр Г.Ш гэх залууг босгож ирээд ахын дүү зүгээр үү гэсэн чинь тэр залуу зүгээр ахаа намайг уучлаарай гэж байсан. Тэгээд л салаад гэр гэртээ харьцгаасан. Г.Ш гэх залууг Р.Н хавсарч газар унагаагаад дээрээс нь 2-3 удаа дэвссэн, тэр үед манай нөхөр А.Д очоод нүүр цээж орчимд нь 2 удаа өшиглөсөн тэгээд л салцгаасан. Өөр зодоон болоогүй. Тэр үед Р.Н, А.Д хоёр их согтоогүй байсан. Өөр хүмүүс зодоон цохион хийгээгүй. Р.Н, А.Д нарыг хүмүүс цохиж зодож гар хүрээгүй. Тухайн үед Г.Ш гэх залуугийн биеийн байдал хэвийн нүүр амнаас нь цус гараагүй ил харагдах гэмтэл бэртэлгүй байсан. Гэхдээ хүнээр түшүүлээд зогсоод байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-21 дүгээр тал/
*Гэрч Г.Бы өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 17-ны шөнө Г.Ш гэх эрэгтэй хүн өөрийн 2 найзынхаа хамтаар орж ирсэн. Тухайн үед Г.Ш гэх эрэгтэй архи уусан согтуу байдалтай байсан. Тэгээд Арвис баарны гадаа хүнд зодуулчихлаа миний толгой маш их өвдөж байна гэсэн. Тэгээд янз янзын буруу зөрүү юм яриад байсан. Тухайн үед Г.Ш гэх хүний биед ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй зөвхөн толгой өвдөнө гэж зовиур хэлж байсан учраас өвчин намдаах тариа хийж шинжилгээ бүрдүүлсэн. Тэгээд шинжилгээ өгч дуусаад тэр шөнө өө мэс заслын тасагт хэвтсэн. Арвис баарны гадаа хүнд зодуулсан гэж байсан, яг хэнд хэдэн хүнд зодуулсан гэж ярьж байсан талаар нь сайн санахгүй байна. Архи үнэртэж байсан, дунд зэргийн согтолттой байсан болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 484 дугаартай“...Г.Шгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжлүүлэгчийн 2, 3-р шатлалын онош тодруулсан эмнэлгийн баримт ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана...” гэх дүгнэлт/хх-ийн 25 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 52 дугаартай“...Г.Шгийн биед тархи доргилт, баруун дээд үүдэн 1-р шүдний ирмэг эмтэрсэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 2020 оны 01 сарын 03-ны өдрийн эрүү нүүрний мэс заслын эмчийн үзлэгт Г.Шгийн баруун дээд үүдэн 1-р шүдний ирмэг эмтэрсэн гэмтэл болон, 21-р шүд зөөлцийн үхжил, хуучин голонцортой гэсэн нь 21-р шүдний хуучин залгаас нь унасныг харуулж байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын дөрөвийн нэг, 52-н тайлбарт зааснаар шүд унасан гэж үзэхгүй тул эдгээр нь Гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Г.Ш нь хамар ясны хуучин хугарал, суурийн хөндийн ургацаг архаг хууч өвчтэй байна...” гэх дүгнэлт
*Яллагдагч Р.Нын өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр А.Д түүний эхнэр, Батсайхан түүний эхнэр Б.Б нартай хамт Арвис болон Наран бааранд орж хэсэг сууцгаасан. Тэгээд орой харих гээд такси авах гээд гарч иртэл А.Дийн дуудсан такси Арвис баарны гадаа ирчихсэн байсан тэр үед уг таксинд хэдэн залуучууд ирээд суучихсан байсан тэгсэн А.Д миний дуудсан таксинд хүмүүс суусан байна гэх зүйл яриад байсан. Тэр үед миний таньдаг Г.Ш гэх залуу явж байхаар нь би тэр залууг дуудаж уулзаж байгаад хавсараад газар унагаачихсан тэгсэн чинь А.Д ирээд тэр Г.Шгийн нүүр орчимд нь 2 удаа хөлөөрөө өшиглөсен Тэгээд би Г.Шг явъя би чамайг хүргээд өгье гээд босгож ирэх гээд татсан босож ирэхгүй би явахгүй гээд байсан. Тэгсэн А.Д ирээд Г.Шгаас чи зүгээр үү гэж асуусан чинь Г.Ш зүгээрээ ахаа гэхээр нь заза зүгээр гэж байна гээд бид нар таксиндаа суугаад харьцгаасан. Бид 2 хоёулаа тухайн үед архи уусан байсан. Тэр үед би Г.Штай юм ярьж байгаад тоглоод л түүнийг хавсараад унагаачихсан. Би эхлээд нэг удаа хавсарч унагаасан дараа нь А.Д ирээд нүүр орчимд нь 2 удаа өшиглөсөн өөр хүн ямар нэгэн байдлаар гар хүрч цохиж зодоогүй. Г.Шгийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг А.Д бид 2 учруулсан. Би Г.Шд өөрийн зүгээс бэлнээр 900.000 төгрөг өгсөн. Тэгээд нэг шөлний хонь өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-34 дүгээр тал/
*Яллагдагч А.Дийн өгсөн:
“...Би Р.Н, Б.Б, Баяраа болон өөрийн эхнэр О.У нарын хамтаар 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчимд Арвис баар руу ороод тэндээ байж байгаад Наран бааранд ороод 22 цагийн үед утсаар такси дуудаад такси ирсэн байна гэхээр нь Наран баарнаас гараад Арвис баарны гадаа ирсэн. Тэгээд дуудсан таксиндаа суух гэтэл хэдэн залуучууд ирээд манай дуудсан байсан таксинд суучихсан байсан тэгэхээр нь би очоод тэр залуучуудтай уулзаад бид нар наад таксиг чинь дуудсан юм гэтэл өөдөөс тэр залуучууд уурлаад байсан тэгээд бид нар маргалдсан. Тэр үед Р.Н Г.Ш гэх залууг дагуулж явж байгаад хавсараад газар унагаасан. Тэгэхээр нь би Г.Ш гэх залууг газар унасан байх үед нь очоод урдаас нь өшиглөсөн яг хаана нь өшиглөсөн талаараа санахгүй байна. Тэгээд л бид нар салаад Г.Ш гэх залууг би очоод чи зүгээр үү гэж асуухад би зүгээрээ гэж байсан тэгээд бид нар салаад явцгаасан юм. Тухайн үед хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо хэрүүл маргаан хийгээд тэгээд л зодох болсон. Миний дуудсан байсан таксинд суучихаад буухгүй байсан, үүнээс болоод хэрүүл маргаан хийж эхэлсэн. Би тэр залууг газар унчихсан байх үед нь очоод 2 удаа цээж нүүр орчимд нь өшиглөсөн. Г.Шгийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Р.Н бид 2 хамт цохиж зодож учруулсан. Би тухайн үед архи уусан согтуу байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-48 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52, 58 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Арвис баарны гадаа иргэн Г.Ш нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун дээд үүдэн нэгдүгээр шүдний ирмэг эмтэрсэн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Р.Н, А.Д нар үйлдсэн болох нь хохирогч Г.Шгийн”...Намайг Р.Н гэх залуу дагуулж явж байгаад хавсарч газар унагаасан, тэгээд өөр хэн хэн хэрхэн яаж цохиж зодсонг би санахгүй байна. Миний толгой л маш их өвдөж байсан. Ил харагдах гэмтэл байгаагүй. Миний биед учирсан гэмтлийг Р.Н, А.Д гэх хүмүүс учруулсан. Намайг Р.Н гэх залуу дагуулж явж байгаад хавсарч газар унагаасан тэр үед нэг хүн ирээд өшиглөж байх шиг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн”... Тэр үед Г.Ш гэх залууг Р.Н машинаас буулгаж ирээд цааш нь дагуулаад явж байсан цаана очоод Р.Н Г.Шг заамдаад зогсож байсан. Тэгээд байж байтал А.Д надтай хэн зодолдох юм бэ гээд орилоод байсан тэгээд хэсэг хугацааны дараа эргээд хартал тэр Г.Ш гэх залууг 2 хүн өргөөд босгож байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Уын”... залууг Р.Н хавсарч газар унагаагаад дээрээс нь 2-3 удаа дэвсээд байсан тэгсэн манай нөхөр А.Д очооод тэр Г.Ш гэх залууг газар унчихсан байх үед нь нүүр цээж орчимд нь 2 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Бы”... 2019 оны 10 дугаар сарын 17-ны шөнө Г.Ш гэх эрэгтэй хүн өөрийн 2 найзынхаа хамтаар орж ирсэн. Тухайн үед Г.Ш гэх эрэгтэй архи уусан согтуу байдалтай байсан. Тэгээд Арвис баарны гадаа хүнд зодуулчихлаа миний толгой маш их өвдөж байна гэсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч Р.Н, А.Д нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 484, 52 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Р.Н, А.Д нарын бүлэглэн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Н, А.Д нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Р.Н, А.Д нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Ш нь шүүгдэгч нараас хохирол төлбөрт 4.000.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна. Харин хавтаст хэрэгт түүний гаргаж өгсөн хохирол төлбөрийн талаар 1.725.750 төгрөгийн баримт байх бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 1.850.000 төгрөг, нэг хонь өгсөн гэж, хохирогч Г.Ш нь шүүгдэгч нараас нийт 1.850.000 төгрөг, 1 хонь хүлээж авсан талаар тус тус мэдүүлсэн бөгөөд энэ талаар маргаагүй болно. Иймд шүүгдэгч нар нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг нотлох баримтын хэмжээнд төлсөн байна гэж дүгнэв. Хохирогч Г.Ш нь өөрт учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.Н, А.Д нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.Н, А.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Ргийн Н, М овогт Аийн Д нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н, А.Д нарыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н, А.Д нар нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н, А.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Р.Н, А.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Ш нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Н, А.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР