Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 00097

 

2020          03             26                                          2020/ШЦТ/97

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Наранмөнх,

Шүүгдэгч Ч.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-т холбогдох эрүүгийн 2038002270145 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч.Б.

Шүүгдэгч Ч.Б- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Р-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас биед нь халдаж, хамар ясны хугарал, баруун ухархайн дотор ханын хугарал, тарх доргилт, духанд шарх, хамрын нуруу, баруун дээд зовхи, баруун шилбэнд зулгаралт, баруун нүдний салст, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, баруун гуяанд цус хуралт бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн н.Энхбатын гэрт хөзөр тоглож байхдаа хохирогч Г.Р-тай “бичиг үсэг мэдэх, мэдэхгүй” гэдгээр маргалдан харилцан зодолдож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун ухархайн дотор ханын хугарал, тарх доргилт, духанд шарх, хамрын нуруу, баруун дээд зовхи, баруун шилбэнд зулгаралт, баруун нүдний салст, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, баруун гуяанд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
  • Хохирогч Г.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гадаа гараад Ч.Б-тэй барилцаж авсан байхдаа газарт унасан. Намайг газарт унасан байхад Ч.Б- миний баруун хөмсөг рүү хөлөөрөө 1 удаа хүчтэй өшиглөсөн. Тэгж өшиглөхөд нь хөмсөгний маань хажуу талаас цус гарсан. Тухайн үед надаас цус гарчихаар нь больё гэж хэлээд Батын гэр лүү орсон. Гэрт ороод цусаа цэвэрлээд байж байхдаа дахиад Ч.Б-тэй маргалдсан. Тэгж маргалдаад дахиад хоёулаа гадагшаа гарсан. Би гадаа гараад Ч.Б-тэй маргалдаад газарт дээрээ, доороо орж ноцолдсон, бид хоёрыг ноцолдож байхад хамт байсан хүмүүс маань салгасан. Би салсных нь дараа “чамайг би барахгүй юм байна” гэж хэлээд гэрийн хажууд газарт сууж байхад Ч.Б- над руу гэнэт ирээд миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохьсон. Ингэж цохиулж өшиглүүлээд л миний нүд хавдаж, хөмсөгний хажуу тал задраад цус гарсан. Үүнээс хойш Ч.Б- бид хоёр дахиж зодолдоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
  • Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...буцаад Энхбатын гэрт ирэхэд Ч.Б-, Г.Р- нарын хооронд зодоон болсон байсан. Тэгээд хоорондоо учир зүйгээ олоод байж байхад Д- өөрөө “түрүүн би согтуу байсан, одоо эрүүл болсон дахиад хоёулаа эр хүн шиг зодолдъё” гэж хэлээд Ч.Б-, Д- хоёр дахиж зодолдсон. ...Г.Р-гийн хөмсөгнөөс цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 03-

ны өдрийн 133 дугаартай: “1. Г.Р-гийн биед хамар ясны хугарал, баруун ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, духанд шарх, хамрын нуруу, баруун дээд зовхи, баруун шилбэнд зулгаралт, баруун нүдний салст, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, баруун гуяанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Г.Р-гийн биед хамар ясны хугарал, баруун ухархайн дотор ханын хугарал, тарх доргилт, духанд шарх бүхий гэмтэлүүд нь тус тусдаа бусад хэсгийн цус хуралт, зулгаралт нь нийт хэмжээгээр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,

  • Шүүгдэгч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний хувьд Г.Р-тай харилцан зодолдох явцдаа түүний биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, түүнээс уучлалт гуйж, түүний эмчилгээнд гарсан зардлыг төлж барагдуулан, эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Миний хувь гэм буруугийн асуудалтай маргах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн Засаг даргын: тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ч.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/,
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37 дугаар хуудас/,
  • Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/,
  • Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/,
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгч, хохирогч нар нь тухайн үед ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Ч.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Ч.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Ч.Б-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Г.Р-, шүүгдэгч Ч.Б- нар 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, “Уг гэмт хэргийн улмаас 1.000.000 төгрөгийн хохирол эрүүл мэндэд учирсан. 2020.03.17-ны өдөр уг хохирлыг бүрэн авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 44/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ч.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчийн 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналын хүрээнд шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Б- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

5. Шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.АЗЖАРГАЛ