| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0276/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/14 |
| Огноо | 2020-01-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Ч.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Чын Лд холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1...ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй,.. настай, бага боловсролтой, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын .....................гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайж тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, Г овогт Чын Л/РД:АО............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Чын Л нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг дэвсгэр Цагаан хөтөл гэх газар иргэн М.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар өгзөг орчим нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 1912006360306 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч М.Гийн өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед би Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багын Цагаан хөтөл гэх газар гэртээ өөрийн нөхөр М.Ио, манай найз Ц.Ж бид 3 байж байхад гаднаас Ч.Л согтуу орж ирэхээр нь би тавагтай идээ авч өгөхөд надаас архи нэхээд байхаар нь би өгөхгүй гэсэн чинь манай нөхөртэй хэрүүл хийгээд эхэлсэн. Танай хамаатан Ж чинь одоо үхчихсэн чи муу, чамд хууль үйлчлэхгүй чи миний өгсөн мөнгөнд сагарч байгаа биз дээ гээд над руу орилоод байхаар нь би харанхуй шөнө битгий хэрүүл маргаан хийгээд бай гээд гаргаж өгье гээд Ч.Лг би дагуулж гараад машинд суулгах гээд хаалгыг онгойлгож өгөөд гэр рүүгээ буцаад алхаж явахад миний хойноос баруун талын хонго руу 2 удаа хөлөөрөө өшиглөчихөөд яваад өгсөн. Би гэртээ ороод өшиглүүлсэн талаар нөхөр найз хоёртоо хэлээгүй манай хүн найранд явж ирээд согтуу байсан болохоор согтуу хүмүүс асуудал үүсэх вий гэж бодоод би тухайн үед нь юм хэлээгүй өглөө миний бие өвдөөд болохгүй болохоор нь би өглөө нь нөхөртөө өшиглөсөн талаар хэлсэн. Манай нөхөр М.Иийг Ч.Л нь өмнө зодоод шүүхээр шийтгүүлж байсан энэ асуудлаас болж манай гэрт согтуу орж ирж хэрүүл маргаан хийж намайг цохиж зодох болсон. Архангай аймгийн Цэнхэр сумын иргэн Ч.Л гэдэг залуу миний баруун өгзөг хэсэг рүү 2 удаа хөлөөрөө өшиглөж миний ахар сүүлийг хугалсан гэмтэл учруулсан өөр гэмтэл учраагүй байна. Ч.Л гэх хүн миний баруун өгзөг хонго хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөж ахар сүүл хугалсан, баруун өгзөг, баруун түнх хэсэгт зөөлөн эдийн няцрал гэсэн гэмтлүүдийг 2 удаа хөлөөрөө өшиглөж миний биед хүндэвтэр гэмтлийг учруулсан. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй манай гэрт манай нөхөр М.Ио, найз Ц.Ж нар манай гэрт байсан өөр хүн байгаагүй.Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байна биеийн эрүүл мэндэд учирсан хохирол мөнгөө авмаар байна, гомдолтой байна, би зарим нэг зүйл нарийн эмчид үзүүлээгүй учраас яг хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/
*Хохирогч М.Гийн дахин өгсөн:
“...Миний биеийн эрүүл мэндэд учирсан хохирлын мөнгө болох баримтаар 850.000 нэхэмжилж байна. 850.000 төгрөгийн баримт байна, үүнээс баримтгүй 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх өөрийн үнээ малаа сааж чадаагүй, хэрвээ би үнээ малаа саагаад саал сүүгээ борлуулаад идээгээ зарж борлуулж өдөрт 30 литр сүү саадаг, энэ сүүгээ зах зээл дээр зарахад 1 литр сүү 2500 төгрөгөөр зардаг энэ мөнгө үржүүлээд үзэхэд 2.250.000 болно. Нийт 3.000.000 төгрөгийг Ч.Лгээс нэхэмжилж байна, миний хохирлын мөнгийг гаргуулж авмаар байна, би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр тал/
*Гэрч М.Иын өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Цагаан хөтөл гэх газар байх манай гэрт тус сумын иргэн Ч.Л манай гэрт согтуу ирээд архи нэхээд байсан. Тэгэхээр нь манай эхнэр чамд өгөх архи манайд байхгүй гэж хэлээд гадаа гаргаж өгсөн машинд нь суулгаж өгөөд гэр рүү орох гээд эргэсэн чинь манай эхнэрийн хойноос нэг удаа өшиглөсөн гэсэн маргааш өглөө босоод манай эхнэр миний хөл алхаж болохгүй байна Ч.Л өчигдөр орой өшиглөсөн гэхээр нь эхнэрийнхээ хувцсыг тайлаад үзсэн чинь баруун талын ташаа хэсгээр хөхөрсөн хавдсан байсан болохоор эмчид үзүүлж цагдаад мэдэгдсэн. Тухайн өдөр эхнэр бид нар айлын найр хуримд яваад ирсэн байсан тэгэхэд Ч.Л манай гэрт согтуу ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. Өмнө намайг зодоод би Ч.Лгээс эмчилгээний зардал мөнгө гаргуулж авч байсан болохоор тэрэндээ юм санаж орж ирээд та нар миний өгсөн мөнгөнд цадаж байна уу гуйлгачингуудаа гээд архи нэхээд байсан. Тэгэхээр нь манай эхнэр чамд өгөх архи байхгүй гэж хэлээд хөөгөөд гаргасан би өшиглөж байхыг нь хараагүй гадаа гаргаж өгөхөөр манай эхнэр ганцаараа гарсан гадаа манай эхнэр Ч.Л хоёроос өөр хүн байгаагүй. Тэр шөнө архи уусан байсан болохоор би шууд унтаад өгсөн өглөө үүрээр манай эхнэр миний бие өвдөөд байна өчигдөр Ч.Л өшиглөсөн юм гэхээр нь өшиглөсөн газар болох баруун ташаа хэсгээр хөхөрч хавдсан байхыг үзээд эмчид хандсан. Өмнө нэг удаа Ч.Л намайг зодож байсан тэрнээс болоод юм санаад байж магадгүй бид нарын хооронд ямар нэг таарамжгүй харьцаа байхгүй. Тухайн үед манай найз Ц.Ж, манай эхнэр бид гурав гэртээ байсан гаднаас Ч.Л байсан өөр хүн байгаагүй. Манай эхнэрийн биед иргэн Ч.Л гэмтэл учруулсан миний эхнэрийн баруун ташаа богино сүүлийг өшиглөж хугалсан эдгээр гэмтлийг учруулсан болно. Манай эхнэр М.Гийн биеийн ташаан толгой, богино сүүл хэсэг хугарсан байсан, энэ гэмтлийг Ч.Л хөлөөрөө өшиглөж гэмтэл учруулсан өөр хүн хараагүй. Манай эхнэр өмнө гэмтэл бэртэл авч байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-12 дугаар тал/
*Гэрч Ц.Жын өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Цэнхэр сумын Цэнхэр баг Цагаан хөтөл гэх газар найз М.Иын гэрт унтаж байхад гэнэт сэрсэн чинь Ч.Л гаднаас ороод ирсэн хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгсэн манай найзын эхнэр М.Г Ч.Лг аваад гарсан. Тэгээд бид нар унтаад өгсөн тухайн өдөр бид нар айлын найранд явж ирээд согтуу байцгаасан өглөө босоход манай найзын эхнэр М.Г миний ташаа өвдөөд байна өчигдөр Ч.Л миний ташааг хөлөөрөө өшиглөсөн талаар хэлээд нөхөр бид хоёрт М.Г өшиглүүлсэн газраа үзүүлсэн М.Гийн баруун өгзөг ташаан дээр 2 жижиг хэсэг газар хөхөрсөн байсан би удалгүй гэртээ харихаар явсан. Би тухайн үед найзынхаа гэрт согтуу унтаж байсан. Намайг харж байхад цохиж зодоогүй тухайн үед би согтуу гэрт нь унтаж байсан. Ч.Л гаднаас согтуу орж ирээд эд нар хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан удалгүй Ч.Лг гэрээсээ дагуулаад М.Г гаргаж өгч явуулсан. Урд өмнө хоёр маргалдсан гэж ярьж байсан таарамж муутай өр авлага байхгүй байх өөр энэ талаар би мэдэхгүй. Өглөө өшиглүүлсэн гэх газраа үзүүлэхэд М.Гийн биеийн баруун ташаа хэсэг хоёр газар хөхөрсөн байсан өөр ил харагдах шарх сорив харагдаагүй. Энэ хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж зодолдоогүй бид нараас өөр хүн гэрт байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар тал/
*Гэрч Б.Аын өгсөн:
“...Тухайн өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багт айлын найран дээр байсан. Манай хамаатан садны хүмүүс хурим найр хийгээд тэнд би байсан, хурим тараад гэртээ ирсэн. Тухайн хурим дээр энэ хоёр хүмүүс байсан, хурим тараад гэр гэр рүүгээ явцгаасан, өөр зүйл мэдэхгүй. Айлын найран дээр хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй, тухайн өдөр М.Г нь айлын хурим дээр аяга шанаг угаагаад үйлчлээд зүгээр байсан. Тэр орчмын хүмүүс мэднэ хурим тараад нөхөр М.Ио М.Г, Ц.Ж нар гэртээ харихаар явсан. Тухайн өдөр иргэн М.Г нь архи уугаагүй эрүүл байсан биедээ ямар нэгэн бэртэл аваагүй, эвтэй найртай хурим болоод тарсан. М.Г, Ч.Л нар айлын найран дээр хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй энэ талаар хүмүүс мэднэ, өөр мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 540 дугаартай“...Иргэн М.Гийн биед, ахар сүүлний хугарал, тархи доргилт, баруун өгзөг, баруун түнх, ахар сүүлний орчим зөөлөн эдэд няцралт, баруун шилбэний гадна дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүснэ. М.Гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь 2019.10.18-нд үзлэг хийхэд шинж байдлаараа шинэ гэмтлүүд байсан тул хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ахар сүүлийн хугарал гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд, тархи доргилт, баруун өгзөг, баруун түнх, ахар сүүлний орчим зөөлөн эдэд няцралт гэмтпүүд нь тус тусдаа * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамх-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд, баруун шилбэний гадна дээд хэсгийн цус хуралт гэмтэл нь * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.Дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт/хх-ийн 39 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2019 оны 10 дугаар сарын 15-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг дэвсгэр Цагаан хөтөл гэх газар иргэн М.Г нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд ахар сүүлний хугарал, тархи доргилт, баруун өгзөг, баруун түнх, ахар сүүлний орчим зөөлөн эдэд няцралт, баруун шилбэний гадна дээд хэсэгт цус хуралт бүхийн хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ч.Л үйлдсэн болох нь хохирогч М.Гийн”... Ч.Лг би дагуулж гараад машинд суулгах гээд хаалгыг онгойлгож өгөөд гэр рүүгээ буцаад алхаж явахад миний хойноос баруун талын хонго руу 2 удаа хөлөөрөө өшиглөчихөөд яваад өгсөн. Би гэртээ ороод өшиглүүлсэн талаар нөхөр найз хоёртоо хэлээгүй манай хүн найранд явж ирээд согтуу байсан болохоор согтуу хүмүүс асуудал үүсэх вий гэж бодоод би тухайн үед нь юм хэлээгүй өглөө миний бие өвдөөд болохгүй болохоор нь би өглөө нь нөхөртөө өшиглөсөн талаар хэлсэн. Манай нөхөр М.Иийг Ч.Л нь өмнө зодоод шүүхээр шийтгүүлж байсан энэ асуудлаас болж манай гэрт согтуу орж ирж хэрүүл маргаан хийж намайг цохиж зодох болсон...” гэх мэдүүлэг, гэрч М.Иын”...Тэгэхээр нь манай эхнэр чамд өгөх архи манайд байхгүй гэж хэлээд гадаа гаргаж өгсөн машинд нь суулгаж өгөөд гэр рүү орох гээд эргэсэн чинь манай эхнэрийн хойноос нэг удаа өшиглөсөн гэсэн маргааш өглөө босоод манай эхнэр миний хөл алхаж болохгүй байна Ч.Л өчигдөр орой өшиглөсөн гэхээр нь эхнэрийнхээ хувцсыг тайлаад үзсэн чинь баруун талын ташаа хэсгээр хөхөрсөн хавдсан байсан болохоор эмчид үзүүлж цагдаад мэдэгдсэн. Тухайн өдөр эхнэр бид нар айлын найр хуримд яваад ирсэн байсан тэгэхэд Ч.Л манай гэрт согтуу ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. Өмнө намайг зодоод би Ч.Лгээс эмчилгээний зардал мөнгө гаргуулж авч байсан болохоор тэрэндээ юм санаж орж ирээд та нар миний өгсөн мөнгөнд цадаж байна уу гуйлгачингуудаа гээд архи нэхээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Жын”...Тэгээд бид нар унтаад өгсөн тухайн өдөр бид нар айлын найранд явж ирээд согтуу байцгаасан өглөө босоход манай найзын эхнэр М.Г миний ташаа өвдөөд байна өчигдөр Ч.Л миний ташааг хөлөөрөө өшиглөсөн талаар хэлээд нөхөр бид хоёрт М.Г өшиглүүлсэн газраа үзүүлсэн М.Гийн баруун өгзөг ташаан дээр 2 жижиг хэсэг газар хөхөрсөн байсан би удалгүй гэртээ харихаар явсан...” гэх мэдүүлэг, хохирогч М.Гийн биед ахар сүүлний хугарал, тархи доргилт, баруун өгзөг, баруун түнх, ахар сүүлний орчим зөөлөн эдэд няцралт, баруун шилбэний гадна дээд хэсэгт цус хуралт бүхийн хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 540 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ч.Лгийн бусдын биед, ахар сүүлний хугарал, тархи доргилт, баруун өгзөг, баруун түнх, ахар сүүлний орчим зөөлөн эдэд няцралт, баруун шилбэний гадна дээд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Лгийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэн шүүгдэгч Ч.Лг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч М.Гийн ирүүлсэн хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтуудаас 1137250 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт хамааралтай байна гэж шүүх дүгнэсэн бөгөөд шүүгдэгч Ч.Л нь урьдчилан 909580 төгрөгийн хохирлыг төлсөн, мөн гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна.
Харин хохирогч М.Г нь шүүгдэгчээс олох байсан орлого болох үнээ сааж, сүүгээ борлуулсаны орлогоо нэхэмжилсэн боловч энэ талаарх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзэн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Л нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Чын Лг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Лг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч М.Г нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР