| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0003/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/23 |
| Огноо | 2020-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Хохирогч: Г.Б
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч: Т.Г, Т.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Тын Г, О овогт Тын Г нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ...-ийн инженер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, О овогт Тын Г/РД:/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,..-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, эрэгтэй, ..настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын....тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, О овогт Тын Г/РД:/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Г, Т.Г нар нь бүлэглэж, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Автовишн засварын газрын гаднах талбай дээр хохирогч Г.Быг автомашины хаалгаар цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын нуруунд, зүүн нүдний доод зовхины дотор талд шарх, зөөлөн эдэд няцралт, зүүн мөрний ард болон зүүн эгэмний гадна доод хэсгийн зөөлөн эдийн няцралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Т.Гын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө Т.Г цохиогүй гэж мэдүүлсэн байгаа. Харин би хохирогч Г.Бт гар хүрээгүй. Тухайн хэрэг болсон газрын бичлэгийг дахин үзмээр байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв...” гэх мэдүүлэг,
*Шүүгдэгч Т.Гын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тухайн үед би зодох сэдэл төрөөгүй байсан. Пизда минь нааш ир гээд дуудахаар нь Т.Г ах бид хоёр очоод би машинаас буулгахгүй гэж бодсондоо машины хаалгыг түлхсэн. Тэр нурууны гэмтлийг надаас болсон гэж үзэхгүй байна. Тэнд байсан хүмүүстэй маргалдаж, ноцолдоод газар хэд хэдэн удаа унаж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг,
*Хохирогч Г.Бын өгсөн: “...Бид нар байгууллагаараа гол яваад өглөө ирсэн. Тэгээд Д бид хоёр маргалдаад байж байтал машинаа янзлуулж байсан залуу ирээд бид хоёрыг салгасан. Тухайн үед Болдоо ах ирээд бид хоёр маргалдсан, зогсоол дээр зогсож байтал Т.Г, Т.Г 2 ирэхэд би машины хаалга онгойлгоод толгойгоо гаргаад байж байтал урдаас хаалгаар хоёулаа түлхсэн...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 1912005650289 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Г.Бын өгсөн:
“...2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр урд бааз дээр байж байгаад 12-13 цагийн орчимд ажил дээрээ ирцгээсэн, тухайн үед би их согтуу байсан учраас хүлээлгийн өрөөнд ороод байж байх үед араас А.Д орж ирсэн. Тэгээд А.Д Д Ө хоёрыг гараад машинаа хүлээж аваад байж бай гэж хэлэх үед нь би уурлаад А.Дд хандаж чи юу юм бэ гээд хэрүүл маргаан үүсгээд барьцалдаж авсан. Тэр үед тэнд байсан хүмүүс салгаад А.Д гараад явсан тэгэхээр нь миний уур хүрээд хүлээлгийн өрөөнөөс гараад А.Д дээр очоод А.Дгийн толгой руу сууж байх үед нь нэг удаа өшиглсөн. Тэгсэн А.Д босч ирээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон тэр үед би газар унаад эргэж босч ирээд А.Дтай барьцалдаж авах үед хамт байсан хүмүүс салгасан. Тухайн үед Т.Г гэх машинаа янзлуулж байсан залуу намайг барьж аваад салгасан. Ттэр үед Г бид 2 хэсэг маргалдсан тэгсэн Ө гээд манай ажлын залуу ирээд намайг болон Балжиннямыг миний машинд суулгаад хүргэж өгөхөөр хөдлөөд явсан тэр үед би эргээд очих гээд ирээд гадаа зогсоол дээр зогсож байтал Т.Г Т.Г гэх 2 ах миний урдаас ирсэн. Тэр үед нь би машинаас буух гээд хаалгаа онгойлгоод суудлаасаа өндийгөөд толгойгоо гаргаад ирэх үед тэр 2 миний машины хаалганаас барьж аваад машины хаалгыг миний урдаас хүчтэй түлхэхэд миний хамар язарч их цус гарсан тэр үед би доош тонгойх үед Т.Г нь миний араас бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр 2 яваад өгсөн. Тухайн үед ийм л асуудал болсон. Би тухайн үед бараг тасарчихсан байсан. Гэхдээ тухайн үед болсон үйлдлээ муухаан санаад байгаа. Сүүлд нь тэгээд хяналтын камер үзсэн камер дээр бүх юм тодорхой харагдаж байсан. Би уг нь тэр 2 хүнтэй хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Т.Г машинаас бууж ирэх үедээ намайг ална шүү пизда минь гээд л гараад ирсэн. Тухайн үед миний хамар бас зүүн нүдний доод талд язарч их хэмжээний цус гарч байсан. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийн Т.Г, Т.Г нар машины хаалгаар цохиж учруулсан. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардалаа нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-13 дугаар тал/
*Гэрч А.Дгийн өгсөн:
“...2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 12 цагийн орчимд би засварын газраа нээсэн. Урьд өмнө манай ажилтанууд салхинд гарч нийлсэн юм. Тэгээд шөнө нь би засварчидаа үлдээчихээд маргааш өглөө нь очоод авах гэтэл манай засварчид архи уучихсан байсан. Тэгэхээр нь ажил дээр авч ирээд ажилтануудаа хүлээлгийн өрөө рүү оруулсан. Тэгээд Г.Б бид 2 тэнд үл ялих зүйлээс болж хэсэг маргалдсан тэгээд би заал руу орж ирээд Т.Гын машины накладыг сольж өгөөд байж байтал Г.Б ирээд надтай барьцалдаж аваад миний шанаа руу нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нэг удаа түүний шанаа руу цохьсон. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад аваад гарахаар нь машинаа янзлаад сууж байтал хэсэг хугацааны дараа Г.Б дахин орж ирээд миний толгой руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед Т.Г салгаад аваад гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Т.Гын машиныг янзалж дуусаад Т.Г машинаа аваад гарсан. Тэр үед гадаа Т.Г болон түүний ах Т.Г Г.Б нар хоорондоо маргалдаад улмаар Т.Г, Т.Г нар Г.Быг зодчихлоо гээд байхаар нь би гараад хартал Т.Г Т.Г нар явчихсан Г.Б машин дотороо засварчин Ө, Балжинням хоёртой хамт байсан. Тухайн үед Г.Бын хамар болон хацар нь язарч цус гарсан байдалтай байсан, юу болсон талаар асуухад Т.Г, Т.Г хоёр Г.Быг машины хаалгаар цохиж зодчихоод явчихлаа гэж хэлсэн. Тэгээд Г.Быг тэндээс авч яваад эмнэлэг рүү хүргэж өгсөн. Ажил дээр очоод хяналтын камерыг шүүж үзэх үед А.Г, А.Г 2 машинаа засварын газраас гаргаж байх үедээ машинаа Г.Бын байсан машины хажууд зогсоогоод Т.Г, Т.Г хоёр хамт Б руу очоод машинаас бууж ирэх үед нь урдаас нь сууж байсан машиных нь Т.Г, Т.Г гэх 2 хүн хамт гараараа түлхэж савсан. Тэр үед Г.Б хаалганд цохигдож доош тонгойх үед нь Т.Г хөлөөрөө Г.Быг нэг удаа өшиглөчихөэд тэр 2 явсан бичлэг бичигдсэн байсан. Г.Б бид 2 анх эхлээд маргалдсан намайг ажлаа хийгээд байж байх үед Г.Б ирээд намайг нэг удаа цохисон би зөрүүлээд нэг удаа цохисон. Тэр үед Т.Г салгаж байсан тэгээд Г.Б дахин над дээр ирээд намайг нэг удаа хөлөөрөө толгой руу өшиглөсөн тэр үед Т.Г, Г.Быг боль гээд хорих үед л маргалдсан байсан. Тэгээд л уг асуудал болсон. Тэр үед харилцан зодоон хийсэн зүйл байхгүй. Надтай хэрүүл маргаан хийгээд байх үед нь Т.Г салгасан, тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад заамдалцаад зогсож байсан түүнээс биш зодоон хийгээгүй. Тухайн үед манай засварчид болох Ө, Д, Балжинням нар байсан, кассчин Б.Д, үйлчлэгч Мягмарсүрэн нар байсан. Мөн тэр Т.Г гэх хүн сүүлд нь ирсэн байсан. Миний биед гэмтэл учраагүй. Миний толгой руу нэг удаа гараараа цохиж нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Нэг удаа шанаанд нь цохьсон. Өөр байдлаар гар хүрч цохиж зодоогүй. Уг гэмтлийг Т.Г, Т.Г гэх 2 хүн машины хаалгаар хамар руу нь цохиж учруулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-27 дугаар тал/
*Гэрч Б.Дгийн өгсөн:
“...2019 оны 09 дүгзэр сарын 20-ны өдөр манай ажлынхан зугаалганд яваад урд бааз дээр хоноод маргааш нь оуюу 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нь ажил дээрээ ирцгээсэн. Тэр үед 2-3 машин ирсэн байсан тэр машинуудаа засварын газар оруулаад би өөрөө дээшээ гарсан. Хэсэг хугацааны дараа би дээд давхараас буугаад ирэх үед Г.Б Т.Г нар хоорондоо барьцалдаад авчихсан зогсож байсан. Тэнд манай ажлын хүмүүс бүгд л байж байсан. Би тухайн үед өөрийн 2 хүүхэдтэйгээ хамт очсон учраас 2 хүүхдээ аваад дээшээ гараад явсан. Тэгээд байж байтал хэсэг хугацааны дараа би доошоо бууж ирэх үед Г.Бын хамар амнаас нь цус гарсан байдалтай машиныхаа хажууд гадаа зогсоол дээр байж байсан. Тэгээд бид нар даргын өрөөнд орж ирээд гадаа зогсоол дээрх хяналтын камерыг шүүж үзэхэд Т.Г нь машинаа унаад засварын газраас гарч ирээд удаан хөдлөөд явж байсан. Түүний араас Т.Г гэх ах явган явж байтал гэнэт 09-09 улсын дугаартай машин унаж явсан Т.Г машинаа гэнэт зогсоогоод машинаас бууж ирээд Т.Г, Т.Г 2 хамт Г.Бын сууж байсан машины хаалгыг хоёулаа барьж аваад хаалгийг нь онгойлгоод бууж ирэх үед нь Т.Г Т.Г хоёр Г.Бын сууж байсан машины хаалгыг хоёулаа барьж аваад хаалгыг нь цааш хүчтэй савж Г.Бын нүүр рүү цохиод тэгээд цааш тонгойх үед нь Т.Г араас нь өшиглөж байгаа бичлэг хяналтын камерт бичигдсэн байсан. Тэгээд эмнэлэг, цагдаад мэдэгдсэн. Г.Б тухайн үед их согтуу байсан. Т.Г, Т.Г нар эрүүл байсан. Дээд давхарт байж байгаад буугаад ирсэн чинь хэрүүл маргаан болсон байсан. Тэр үед манай ажлын А.Д, Мийгаа эгч, Д, Ө нар байсан. Тухайн үед Г.Бын хамар амнаас нь цус гарсан байсан. Өөр гэмтэл бэртэл сайн мэдэгдээгүй. Т.Г, Т.Г нарын үйлдлээс болж Г.Бын биед гэмтэл учирсан машины хаалганд цохиулсаны дараа нүүр ам нь аймар болчихсон хаанаас цус гараад байгаа нь мэдэгдэхгүй байдалтай болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар тал/
*Гэрч Э.Өын өгсөн:
“...2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр манай ажлынхан урд бааз дээрээс ажил дээр ирцгээсэн юм. Тэр үед Г.Б, Балжинням ах 2 их согтуу байсан учраас хүлээлгийн өрөөнд орсон тэр үед араас нь Д бид 2 орсон араас А.Д ах орж ирээд Д бид хоёрыг гараад машинаа ав гэж хэлсэн. Тэгсэн Г.Б ах чи юу юм бэ гээд маргалдаад байсан тэгээд тэр 2 өрөөнд барьцалдаж авах үед бид нар салгаад А.Д ах Д бид 3 хүлээлгийн өрөөнөөс гарч ирээд ажлаа хийж байсан. Тэгээд байж байтал Г.Б ах хэсэг хугацааны дараа гарч ирээд А.Д ахтай барьцалдаж авах үед машинаа янзлуулж байсан Т.Г гэх ах салгаж байсан гэтэл Г.Б ах тэр Т.Г гэх ахтай бас маргалдаад барьцалдаж аваад байсан. Тэр үед би Пүрэвжаргал ах надад хандаж Балжинням, Г.Б хоёрыг гэрт нь хүргээд өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг Г.Б ахын машинд оруулаад суулгаад машиныг нь хөдөлгөөд явж байтал Г.Б ах намайг байж бай эргээд ажил дээр оч гэхээр нь би эргэж ажил дээр очоод гадаа зогсоол дээр зогсож байсан. Тэр үед Т.Г ах нь машинаа янзлуулаад дуусаад машинаа яг гаргаж ирж байсан тэгээд машинаа гаргаж ирж явж байгаад Т.Г ах машинаасаа гэнэт бууж ирсэн. Т.Г гэх ах нь хамт явж байсан. Тэгээд тэр 2 ах Г.Б ах руу чиглээд чи яах гээд байгаа юм бэ гээд уурлаад ирэх үед Г.Б ах машиныхаа хаалгыг онгойлгоод яг буух гээд суудлаасаа өндийх үед Т.Г, Т.Г гэх 2 ах машины хаалгыг нь урдаас хоёуулаа хамаг хүчээрээ ирээд хамт түлхсэн тэр үед хаалганы дээд ирмэг Г.Б ахын хамар нүүрийг оноод Г.Б ах шууд машинаас буугаад доошоо тонгойх үед Т.Г гэх ах Г.Б ахын бөгс рүү араас нь нэг удаа өшиглөөд тэгээд тэр 2 шууд машиндаа суугаад яваад өгсөн. Тухайн үед Г.Б ахын хамар нь язарч цус их хэмжээгээр гарч байсан. Тэгээд дараа нь эмнэлэг цагдаа болоод явцгаасан. Г.Б ах их согтуу бараг тасарчихсан байсан. Т.Г, Т.Г нар архи уугаагүй байсан. Нэг харсан чинь Т.Г гэх ахтай Г.Б ах барьцалдаад зогсож байсан. Г.Б ах А.Д ахтай хэрүүл маргаан хийгээд барьцалдаад авах үед Т.Г ах салгаад улмаар тэр 2 хоорондоо маргалдсан юм шиг байна лээ. Тэр үед манай ажлын А.Д, Мийгаа эгч, Д, Б.Д эгч бид нар байсан. Тэр үед Г.Б ахын хамар нь язарч их хэмжээгээр цус гарч байсан. Өөр гэмтэл харагдаагүй. Т.Г, Т.Г машины хаалгаар цохих үед уг гэмтэл учирсан. Машины хаалгаар цохиулаагүй байх үед хамар нь зүгээр байсан. Өөр хэн нэгэн хүмүүс зодоон хийгээгүй....” гэх мэдүүлэг/хх-ийн 31-33 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 437 дугаартай “...Г.Бын биед, гэмтэл учирчээ. Г.Бын биед, тархи доргилт, хамрын нуруунд болон зүүн нүдний доод зовхины дотор хэсэгт шарх, зөөлөн эдэд няцралт, зүүн шанаанд жижиг шарх, зүүн мөрний ард болон зүүн эгэмний гадна доод хэсэгт зөөлөн эдэд няцралт, зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтлүүд байх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт, хамрын нуруунд, зүүн нүдний доод зовхины дотор талд шарх. зөөлөн эдэд няцралт, зүүн мөрний ард болон зүүн эгэмний гадна доод хэсгийн зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт, зүүн шанааны жижиг шарх нь * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй, биеийн эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Г.Б нь 2019.09.23-ны чих, хамар, хоолойн эмчийн үзлэгээр хамрын ясны хуучин хугарал, хамрын таславчийн мурийлттай байсан байна...” гэх дүгнэлт/хх-ийн 41-42 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 66 дугаартай “...Т.Гын биед 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үзлэг хийж гаргасан №440 тоот дүгнэлт үндэслэлтэй. Мэс заслын эмчийн тодорхойлолтын урьдчилсан онош хэсэгт тархи доргилт онош тавьсан боловч тархи доргилтын талаар нэг ч шинж тэмдэг тусгагдаагүй шууд онош тавьсан байх тул тархи доргисон гэж үзэхгүй. Дүгнэлт өөрчлөгдөх үндэслэл болохгүй. Шинжээч эмчийн 2019 оны 09 сарын 25-ны өдрийн бодит үзлэгээр тархи доргилтын шинж илрээгүй. Т.Гын биед зүүн гуяны урд дунд хэсэгт цус хуралт, хүзүүний баруун хажууд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт
*Яллагдагч Т.Гын өгсөн:
“...Тухайн үед намайг засварын газар очих үед тэр Г.Б гэх залуу манай дүү Т.Гыг зодсон мөн агсам согтуу тавиад тэрүүгээр нэг юм болж байсан. Би тэр хүнийг танихгүй тэр хүмүүстэй орооцолдох бодол байгаагүй. Тухайн үед машинаа янзлуулчихаад явах гэж байсан. Гэтэл Г.Б гэх залуу засварын газар эргээд ирчихсэн манай дүү Т.Гыг нэг залуугаар дуудуулсан. Тэр үед манай дүү миний эзэмшлийн 09-09 УБЕ улсын дугаартай машиныг жолоодоод хөдөлж байхад би араас нь явган алхааж явсан. Г.Б манай дүү Т.Гыг буугаад ир хүрээд ир гээд орилоод байсан. Тэр үед манай дүү машинаа зогсоогоод буухад Г.Б гэх залуу машиныхаа суудал дээр ухас хийгээд эргэсэн. Тэгээд Т.Г бид хоёр тэр залуугийн машин дээр очих үед Г.Б машиныхаа хаалгыг онгойлгоод урдаас гараад ирэхээр нь би тэр залууг чи суулдаа гээд машиных нь хаалгыг урдаас нь түлхэсэн. Тэгээд би эргээд яваад өгсөн тэр үед манай дүү Т.Г миний хажууд хамт зогсож байсан. Тэгээд бид хоёр машиндаа суугаад явсан. Тухайн үед ийм л асуудал болсон. Би тэр залууг цохиж зодож гар хүрээгүй. Уг авто машины хаалгыг би ганцаараа түлхэсэн. Г.Б гэх залууг би хаалгаар оносон эсэх талаар мэдэхгүй байна. Тэр үед Г.Б хойшоо машины суудал руу суух шиг болсон тэр үед би шууд буцаад явчихсан. Миний түлхэсэн хаалганд Г.Б цохиулсан эсэх талаар би мэдэхгүй байна. Тухайн үед Г.Б, манай дүүг дуудсан залуу, Г.Бын машины арын суудал дээр бас нэг согтуу залуу, манай дүү Т.Г нар байсан. Г.Б тэр үед жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж байсан. Уг автомашин нь зөв талдаа рүльтэй машин байсан санагдаж байна. Тухайн үед Г.Бын биед гэмтэл учирсан талаар хараагүй. Манай дүү өөрөө Г.Б гэх хүнд зодуулсан байсан. Манай дүү Т.Г, Г.Б гэх залууг машины хаалгаар цохиогүй. Би Т.Гыг машинаас буугаад Г.Б руу явах үед Т.Гын урд нь гараад алхаж байсан, намайг машины хаалгыг түлхэх үед манай дүү миний ард л явж байсан байх. Намайг очих үед Г.Б манай дүүг зодсон байсан, манай дүүгийн хөл нь доголж, хоолой нь боогдсон байсан. Тэгээд тэр залуу ална гээд байх үед нь би болиулах гэж тэр машины хаалгыг нь түлхэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 62-65 дугаар тал/
*Яллагдагч Т.Гын өгсөн:
“...Г.Быг бүлэглэж зодсон асуудал байхгүй. Би Г.Б гэх хүнд огт гар хүрч цохиж зодоогүй. Т.Г ах нэг удаа машины хаалгыг нь урдаас нь түлхсэн, тэр үед Г.Б тэр хаалганд нь цохигдсон. Би Г.Бт өөрөө зодуулсан. Уг автомашины хаалгыг манай ах Т.Г түлхсэн, би түлхээгүй. Би тухайн үед Т.Г ахын ард талд нь явж байсан. Би тэр үед ах Т.Гын ард талд явж байсан, манай ах тэр Г.Быг суу гээд л хаалгыг нь түлхэж байсан. Тухайн үед Т.Г ах чи суулдаа гээд машины хаалгыг түлхэх үед Г.Б хамараа бариад доошоо машины гадаа суусан, тэгээд ах бид хоёр шууд явчихсан, ямар нэгэн гэмтэл учирсан эсэхийг хараагүй. Дээрх гэмтлийг хэн хэрхэн яаж учруулсан талаар би мэдэхгүй байна. Г.Б урьд өмнө согтуу унаж тусаад яваад л байсан. Би Г.Бүдгазарт огт гар хүрээгүй, машины хаалгаар ч цохиогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 71-74 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Автовишн засварын газрын гаднах талбай дээр иргэн Г.Б нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын нуруунд, зүүн нүдний доод зовхины дотор талд шарх, зөөлөн эдэд няцралт, зүүн мөрний ард болон зүүн эгэмний гадна доод хэсгийн зөөлөн эдийн няцралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Т.Г, Т.Г нар бүлэглэж үйлдсэн болох нь хохирогч Г.Бын”... Тухайн үед Т.Г гэх машинаа янзлуулж байсан залуу намайг барьж аваад салгасан. Тэр үед гадаа зогсоол дээр зогсож байтал Т.Г Т.Г гэх 2 ах миний урдаас ирсэн. Тэр үед нь би машинаас буух гээд хаалгаа онгойлгоод суудлаасаа өндийгөөд толгойгоо гаргаад ирэх үед тэр 2 миний машины хаалганаас барьж аваад машины хаалгыг миний урдаас хүчтэй түлхэхэд миний хамар язарч их цус гарсан тэр үед би доош тонгойх үед Т.Г нь миний араас бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр 2 яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч А.Дгийн”...Тэр үед гадаа Т.Г болон түүний ах Т.Г Г.Б нар хоорондоо маргалдаад улмаар Т.Г, Т.Г нар Г.Быг зодчихлоо гээд байхаар нь би гараад хартал Т.Г Т.Г нар явчихсан Г.Б машин дотроо засварчин Ө, Балжинням хоёртой хамт байсан. Тухайн үед Г.Бын хамар болон хацар нь язарч цус гарсан байдалтай байсан, юу болсон талаар асуухад Т.Г, Т.Г хоёр Г.Быг машины хаалгаар цохиж зодчихоод явчихлаа гэж хэлсэн. Тэгээд Г.Быг тэндээс авч яваад эмнэлэг рүү хүргэж өгсөн. Ажил дээр очоод хяналтын камерыг шүүж үзэх үед А.Г, А.Г 2 машинаа засварын газраас гаргаж байх үедээ машинаа Г.Бын байсан машины хажууд зогсоогоод Т.Г, Т.Г хоёр хамт Б руу очоод машинаас бууж ирэх үед нь урдаас нь сууж байсан машиных нь Т.Г, Т.Г гэх 2 хүн хамт гараараа түлхэж савсан. Тэр үед Г.Б хаалганд цохигдож доош тонгойх үед нь Т.Г хөлөөрөө Г.Быг нэг удаа өшиглөчихөөд тэр 2 явсан бичлэг бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дгийн ”...Тэгээд байж байтал хэсэг хугацааны дараа би доошоо бууж ирэх үед Г.Бын хамар амнаас нь цус гарсан байдалтай машиныхаа хажууд гадаа зогсоол дээр байж байсан. Тэгээд бид нар даргын өрөөнд орж ирээд гадаа зогсоол дээрх хяналтын камерыг шүүж үзэхэд Т.Г нь машинаа унаад засварын газраас гарч ирээд удаан хөдлөөд явж байсан. Түүний араас Т.Г гэх ах явган явж байтал гэнэт 09-09 улсын дугаартай машин унаж явсан Т.Г машинаа гэнэт зогсоогоод машинаас бууж ирээд Т.Г, Т.Г 2 хамт Г.Бын сууж байсан машины хаалгыг хоёулаа барьж аваад хаалгийг нь онгойлгоод бууж ирэх үед нь Т.Г Т.Г хоёр Г.Бын сууж байсан машины хаалгыг хоёулаа барьж аваад хаалгыг нь цааш хүчтэй савж Г.Бын нүүр рүү цохиод тэгээд цааш тонгойх үед нь Т.Г араас нь өшиглөж байгаа бичлэг хяналтын камерт бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Өын”...Тэгээд тэр 2 ах Г.Б ах руу чиглээд чи яах гээд байгаа юм бэ гээд уурлаад ирэх үед Г.Б ах машиныхаа хаалгыг онгойлгоод яг буух гээд суудлаасаа өндийх үед Т.Г, Т.Г гэх 2 ах машины хаалгыг нь урдаас хоёулаа хамаг хүчээрээ ирээд хамт түлхсэн тэр үед хаалганы дээд ирмэг Г.Б ахын хамар нүүрийг оноод Г.Б ах шууд машинаас буугаад доошоо тонгойх үед Т.Г гэх ах Г.Б ахын бөгс рүү араас нь нэг удаа өшиглөөд тэгээд тэр 2 шууд машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 437 дугаартай дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Т.Г, Т.Г нарын бүлэглэж бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Г, Т.Г нарын бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэн шүүгдэгч Т.Г, Т.Г нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б нь шүүгдэгч Т.Г ямар нэг түлхэх үйлдэл хийгээгүй, Т.Г, Т.Г нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол урчуулаагүй, харин Т.Г нь хохирогч Г.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж маргаж байгаа боловч тухайн цаг хугацаанд шүүгдэгч Т.Г, Т.Г нар нь хоёулаа нэгэн зэрэг машины хаалгыг түлхэж, биед нь гэмтэл учруулсан талаар хохирогч Г.Б мэдүүлдэг бөгөөд хохирогчийн мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан гэх газрын камерийн бичлэгт бичигдсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгээр давхар нотлогдож байна. Шүүгдэгч Т.Г нь би яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өөрийн дүүг хамгаалж мэдүүлсэн, харин тухайн цаг хугацаанд би машины хаалгыг түлхсэн гэж бодохгүй байна гэж мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн түүний мэдүүлгийн эх сурвалжийг батлах баримт хэрэгт байхгүй байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогч Г.Б нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд өөр хүмүүстэй зодоон хийсэн, түүний биед учирсан хөнгөн хохирлыг өөр хүн учруулсан байх боломжтой талаар маргадаг бөгөөд хохирогч Г.Б нь тухайн цаг хугацаанд А.Д гэх хүнтэй маргалдсан, А.Д миний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон, А.Дтай барьцалдаж авах үед хамт байсан хүмүүс салгасан, тухайн үед миний биед гэмтэл учраагүй, харин шүүгдэгч Т.Г, Т.Г нар нь намайг машины хаалгаар цохисоны улмаас хамар язарч их хэмжээний цус гарсан, шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг Т.Г, Т.Г нар учруулсан гэж мэдүүлдэг, гэрч Д “...Т.Г, Т.Г нарын үйлдлээс болж Г.Бын биед гэмтэл учирсан машины хаалганд цохиулсаны дараа нүүр ам нь аймар болчихсон хаанаас цус гараад байгаа нь мэдэгдэхгүй байдалтай болсон байсан...” гэж, гэрч Ө “...Тэр үед Г.Б ахын хамар нь язарч их хэмжээгээр цус гарч байсан...” гэж мэдүүлдэг, хохирогч Г.Бын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд “...Г.Бын биед, тархи доргилт, хамрын нуруунд болон зүүн нүдний доод зовхины дотор хэсэгт шарх, зөөлөн эдэд няцралт, зүүн шанаанд жижиг шарх, зүүн мөрний ард болон зүүн эгэмний гадна доод хэсэгт зөөлөн эдэд няцралт, зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтлүүд байх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт, хамрын нуруунд, зүүн нүдний доод зовхины дотор талд шарх, зөөлөн эдэд няцралт, зүүн мөрний ард болон зүүн эгэмний гадна доод хэсгийн зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна...” гэж заасан, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч А.Д, хохирогч Г.Б нарын хоорондоо зодоон хийсэн талаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчлийн хуульд зааснаар шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Г.Б нь шүүгдэгч нараас хохирол төлбөр нэхэмжлэнэ гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн боловч хохирол төлбөртэй холбоотой баримт ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, хохирогч нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болж байгаа ба Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэргийн шинж болгон заасан байх тул эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч нарын бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэх боломжгүй бөгөөд, шүүгдэгч Т.Г, Т.Г нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан шүүгдэгч Т.Г, Т.Г нарт торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Г, Т.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Тын Г, О овогт Тын Г нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г, Т.Г нарыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г, Т.Г нарт оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г, Т.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Г, Т.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Б нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Г, Т.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР