| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0016/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/24 |
| Огноо | 2020-01-20 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хн овогт Б -ын Б-д холбогдох тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, эрэгтэй, ..настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Архангай аймгийн _..........гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Хн овогт Бын Б/РД:АЙ................/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Ар хаяа гэх газраас иргэн Ү.Бийн 1 тооны үхрийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 650.000/зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Б.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Би Архангай аймгийн Тариат сумын Гичгэнэ багт хүргэн ах Д.Бын хонь үхрийг малладаг. 2019 оны 04 сарын сүүлээр Өлийн ам гэх газраас орой үхэр хурааж явтал үхэр дотор зүс танихгүй үхэр байсан. Тэр үхрийг эзэн нь сураглаж ирэхгүй байсан. Тэгээд тэр үхрийг хувцас авч өмсөх гээд хүнд зарсан...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн ... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ү.Бийн өгсөн:
“...Манайх Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Ар хаяа гэх газарт хаваржиж намарждаг. Энэ газар нь сумын төвөөс урагш 21 орчим км зайтай байдаг. Уг газраар Гичгэнэ гэх гол урсдаг. Манайх Гичгэнэ голын урд гарч зусаж намарждаг, голын хойд талдаа гардаггүй зөвхөн урд талдаа мал харж хариулдаг. Манайх нийтдээ 1000 гаруй үхэртэй. Үхрүүдээ зарим тохиолдолд 14 хоноод зарим тохиолдолд 1 сар болоод тоолдог. Олон тооны үхэр байдаг болохоор зүсээр бүртгэх боломжгүй байдаг. 2019 оны 3-р сард манайх үхрээ бүртгэж тоолж бүртгэхэд 4 үхэр тоогоороо дутсан. Ингээд уг газар орчимд эрж хайгаад олдоогүй. 2019 оны 8-р сард манай үхрүүд бэлчээрлэж явдаг газраас урагш манай адуун дунд нэг үхэр явж байхаар нь манай малчин Эрдэнэбат очиж үзэхэд манайх халтар сарлагийн шүдлэн бух байхаар нь тууж авч ирээд үхэртээ нийлүүлсэн байсан. Тэгсэн дараа нь манай Тариат сумын иргэн Г.С гэгч ирээд нөгөө үхрийг манай үхэр байна Чаас авсан гэж хэлсэн. Тэгээд бид нар нөгөө халтар шүдлэн бухыг барьж аваад имийг нь үзэхэд манай имтэй үхэр байсан. Манайх үхэрнүүддээ 3 им хийдэг баруун талын чихэнд урдаасаа ухмал, үзүүрээсээ цуулбар, араа исгэлэн имтэй. Халтар шүдлэн бух мөн ийм имтэй байсан. Тэгээд хэнээс авсан талаар нь асуугаад байсан Хангай сумын харъяат Б.Б гэх залуу Д.Ч гэх хүнд зарсан байсан. Манайх хаваржаандаа 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр буусан тэр үед үхрүүдээ бүртгэхэд бүрэн байсан. Дараа нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний үеэр тоолж үзэхэд 4 үхэр дутсан. Манай алдагдсан 4 тооны үхэр яг нэг өдөр бөөндөө алга болсон эсвэл цувж ганц нэгээрээ алга болсон талаар нарийн сайн мэдэхгүй, мэдэх боломжгүй байгаад байна. Би өөрөө бодохдоо нэг дор бөөндөө алга болсон юм болуу гэж бодоод байгаа. Би халтар сарлагийн шүдлэнгээ тухайн үеийн орон нутгийн ханшаар 700.000 төгрөгөөр үнэлнэ. Мал бэлчээрлэж байсан газраас зүүн тийшээ 20 км газарт шавар гэх газарт хойшоо сумын төв хүртэл 10 гаруй км газар, урагш, зүүн тал руу мөн 10 гаруй км газарт царам, ангархай гэх газруудаар эрж хайсан. Эрж хайхад мотоциклоор явсан нийтдээ 15 литр бинзен зарцуулсан. Би өөрийн малаа олж авсан болохоор үхрийн хохирол гэж байхгүй харин эрж байхад 15 литр бинзений өртөг 27.300 төгрөгийн хохирол учирсан өөр ямар нэгэн хохирол байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-9 дүгээр тал/,
*Хохирогч Ү.Бийн дахин өгсөн:
“...Миний халтар шүдлэн бух өөрөө 2019 оны 08 дугаар сарын 20-ны үеэр гүйгээд ирчихсэн, адуун дотор байсан. Тэгсэн худалдаж авсан хүн Г.С гэх хүн эрж хайж ирээд манай бух гээд байсан. Би имийг үзүүлээд манай бух гэж хэлээд тэгээд Д.Чаас авсан гээд Д.Ч нь Б.Б гэдэг хүнээс авсан болж таарсан. Би 2019 оны 03 дугаар сарын үеэр 4 үхрээ алдсан. Манайх Б.Бынхтой 10 км орчим зайтай голын наана цаана байдаг. Би алдсан малаа эрж хайхдаа 5, 5 литрээр нийт 27.000 төгрөгөөр шатахуун хийсэн. Энэ асуудлаас болоод Тариат сумын төв рүү 2 удаа дуудагдан орж мэдүүлэг өгсөн. Нийтдээ 40.000 төгрөгийн шатахуун хийсэн. Аймгийн төв рүү 15.000 төгрөгөөр ирсэн. Одоо буцахдаа 15.000 төгрөг төлнө. Би нийтдээ Б.Боос дээрх гарсан зардал буюу 97.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний мал хайх үедээ хийсэн шатахуун баримт одоо байхгүй, харин сүүлд Тариат сумын төв рүү ирж очихдоо хийсэн 2 баримт Тариат суманд миний машинд л байгаа байх гэж бодож байна. Би Архангай аймгийн төв рүү ирэхдээ хувь унаагаар ирсэн болохоор баримт энэ тэр байхгүй...’’гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,
*Гэрч Д.Чын өгсөн:
“...Би Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Хясаа гэх газарт мал маллаж амьдардаг. Хааяа нутгийн хүмүүсээс мал авч Улаанбаатар хот болон аймгийн төвд авчирч зарж борлуулдаг. 2019 оны 6-р сарын сүүлээр манай суманд гадны нэг хүн Улаанбаатар хотоос ирж үхрээр суглаа явуулсан. Тэр сугалаагаар цугларсан 5 тооны үхрийг би худалдан авч аймгийн төвд авч ирэн зарж борлуулчихаад маргааш нь суманд гэртээ байхад миний утас руу Б.Б гэх залуу утасдаад надад нэг зарах сарлагийн үхэр байна та үзэж хараад аваадахаач гэж хэлсэн. Тэгээд над руу хүнээр туулгуулъя би ажилтай болчихоод байна гэж хэлсэн. Маргааш нь нутгийн Монхор гэх залуу нүүдэл хийж яваад замд Б.Б гэх залуу чамд өгчихөөрэй гээд нэг үхэр манай үхэртэй хамт нийлүүлсэн чи ирж энэ үхрээ аваачээ гэж хэлсэн. Би уг өдөр нь очиж чадаагүй маргааш нь сумын төвд Монхорыг хашаандаа үхрүүдээ хашчихсан байхад нь портер машин авч очиход Б.Б ирчихсэн байсан. Тэгээд үхрээ үзээд намайг 600.000 төгрөгөөр авчих гээд гуйгаад байхаар нь хэлсэн үнэнд нь 600.000 төгрөгөнд худалдаж авсан. Би тухайн үед хэний мал юм гэж асуухад миний өөрийн нэр дээр байдаг мал юм минийх гэж байсан. Энэ үхэр нь манай үхэрт бараг 1жил гаруй болж байгаад би Г.С гэх хүнд зарсан. Г.С надад жижиг бухны хэрэг байна гэхээр нь 600.000 төгрөгөнд зарсан. Г.С нь надаас уг үхрийг аваад үхэртэйгээ нийлүүлээд шөнө нь алдчихсан гэсэн. Тэгээд олохгүй байж байгаад дахин нэг сар гаруй болж байгаад Ү.Бийн үхэрт нийлсэн байхад нь таниад манай үхэр байна гээд авах гэтэл Ү.Б нь энэ манай үхэр, би 3 сард алдчихсан байсан юм гэж хэлсэн байсан. Тэр үхэр нь Ү.Бийн үхэртэй чихны им нь таарч байна гэж хэлж байсан. Б.Б айлын мал хардаг. Малын эзэн нь Баавай гэж ах байдаг бүтэн нэрийг нь мэдэхгүй нутгийн хүмүүс Баавай гэж дууддаг. Би хааяа Баавай ахаас ганц нэг мал авч байсан. Тэр үед Б.Б гэж залуу малыг нь хардаг байсан болохоор таньдаг болсон. Б.Боос авсан үхэр нь халтар зүстэй шүдлэн сарлагийн бух байсан. Тухайн үед авахдаа би им байсан эсэхийг нь үзээгүй. Би өөрөө аваад баруун талын чихэнд араас нь ухам им хийсэн байсан. Үхэр авахаар тохиролцсон өдөр Монхорынх сумын төвийн урд байж байгаад сумын төвөөр дайрч хойшоо гарч айлын мал харахаар явж байсан юм билээ. Тэгээд ганц үхэр тууж явахад амаргүй байх тул тэр нүүж байсан айлын үхэртэй нийлүүлж сумын төв оруулсан байсан. Би яг хэдний өдөр байсан талаар мэдэхгүй байна. 2019 оны 6-р сарын 10-ны үед байсан санагдаж байна. Яг хэдний өдөр байсан талаар өдрийг сайн санахгүй байна. Би тухайн үед хэний үхэр юм Баавай ахаас асууж тодруулна гэж хэлэхэд Баавай ахаас асуух шаардлагагүй миний нэртэй ганц нэг үхэр байдаг юм миний өөрийн үхэр гэж хэлсэн. Тэгэхээр нь би асуугаагүй. Дараа нь тэгсэн Ү.Бийн гэх хүний үхэр болоод ирэхээр нь би Б.Боос чи хүний үхэр хулгайлаад надад зарсан байна гэж хэлэхэд манай үхэрт 3 сард ирсэн юм тэгээд хүн гарч ирэхгүй болохоор нь би маллаж байгаад зарчихсан юм гэж хэлсэн. Би тухайн үед сумын Хаан банкны мөнгөний машинаас бэлэн авч Б.Бод мөнгө бэлэн тоолж өгсөн. Би Б.Бын овгийг нь мэдэхгүй Баавайгийнд л амьдраад малыг нь харж хариулж амьдардаг залуу байдаг...’’гэх мэдүүлэг/хх¬¬¬-¬ийн 15-17 дугаар тал/,
*Гэрч Г.Сын өгсөн:
“...Манайх зуны улиралд Архангай аймгийн Тариат сумын төв замын урд талд хэдэн малтай зусланд гарч зусдаг. 2019 оны 7-р сарын эхээр Д.Ч гэгч бух зарна гэхээр нь халтар зүстэй шүдлэн бух 600.000 төгрөгөөр авсан. Ингээд авсан халтар шүдлэн бухаа Д.Чынхаас машинаар ачиж авч ирээд өөрийн үхэрт нийлүүлсэн. Орой нь үхэр бөөгнүүлэхэд нөгөө авсан бух үхэр дотор байсан. Маргааш нь өглөө үхэр хураахад байхгүй алга болсон байсан. Тэгээд ойр хавьд байгаа байх гэж бодоод нилээд хайсан боловч олдоогүй. Тэгээд 2019 оны 8-р сарын 10-ны үед бас мал хайж яваад Ү.Бийн үхэр дотор миний нөгөө Д.Чаас авсан халтар шүдлэн бух байхаар нь энэ миний үхэр байна алдчихсан үхэр байна гэж Ү.Бийн мал харж байсан 2 малчинтай уулзахад энэ Ү.Б ахын үхэр гэж хэлсэн. Дараа нь Ү.Бтэй уулзахад энэ миний алдсан үхэр байгаа юм чи Д.Чтай уулзаж учраа ол гэдэг юм хэлсэн. Би Д.Чтай уулзахад би Гичгэнэ гэх газраас Аадай гэгчээс авсан гэх юм ярьсан. Аадай гэгчийг мэдэхгүй. Би Д.Чтай ямар нэгэн холбоо байхгүй. Нутгийн хүний хувьд таньдаг юм. Миний авсан үхэр халтар зүсний шүдлэн сарлагын бух авсан. Сүүлэндээ үелсэн /хайчилсан/ байсан. Авах үедээ чихэнд нь эм байгаа эсэхийг үзэхэд баруун чихэндээ 3 ширхэг им хийсэн байсан. Би өөрөө аваад нөгөө талын чихэнд нь ухам им хийсэн. Бага зэрэг догшиндуу бух байсан. Тариат сумын төвийн баруун тийш 2 хясаа гэх газарт Д.Чын гэрийн гаднаас очиж авсан. Би тухайн үед ганцаараа үхэр хайж яваад Ү.Бийн үхэрт очсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-25 дугаар тал/
*Гэрч Г.Сын дахин өгсөн:
“...Би 2019 оны 07 дугаар сарын 06-нд Дорж овогтой Чаас 600.000 төгрөгөөр сарлагын шүдлэн бух худалдан авч ирээд шөнө өө алдсан. Хайгаад олохгүй байсан чинь 8-р сарын 20-ны үед Батдоржийн үхэрт байхаар нь авах гэсэн чинь Батдорж манай бух гэж хэлсэн. Тэр худалдаж авсан хүнтэйгээ учраа олоо гэсэн. Би Д.Чтай уулзахад би Б.Боос худалдаж авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би учрыг нь олж өгөөрэй мөнгөө авна шүү гэсэн. Би Б.Боос мөнгөө авсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал/
*Гэрч М.Бын өгсөн:
“...Манайх Архангай аймгийн Хангай сумын харъяат айл байгаа юм. 1998 оноос хойш Архангай аймгийн Тариат суманд амьдрах болсон. Тариат сум руу албан ёсоор шилжүүлэг хийгдээгүй явж байна. Би 3 дүүтэй байсан дүү нарын нэг болох Д гэж хүн байж байгаад 1999 оны хавар өвчны улмаас нас барсан. Д нөхөр нь гэж Б гэж байж байгаад 1995 онд мөн өвчны улмаас нас барж 2 жаахан хүүхэд нь өнчирч хоцорсон. Ингээд ингээд дүүгийнхээ хүүхэд болох Б.Быг би өөр дээрээ авч өсгөсөн. Б.Бын дүү Батсүх гэгчийг миний өөрийн дүү Батчулуун өөр дээрээ авч өсгөсөн. Б.Быг би өсгөж Тариат сумын 10 жилд сургуульд суулгаж 8-р ангийг төгсгөсөн. Ингээд 8-р анги төгссөнөөс хойш сургуулиас гарч энэ тэнд мал дээр гарах болсон. Хангай сумын Гичгэнэ багт миний төрсөн дүү Чимэддолгорын нөхөр нь Бынд ихэвчлэн мал харж амьдрах болсон. Саяхан Б.Б хүний мал зарсан асуудалд холбогдсон байсан. Надад ямар асуудалд холбогдсон талаараа хэлээгүй. Дээр таарч гэртээ харих болоогүй юм уу гэсэн чинь удахгүй харина гэж хэлсэн. Хаана хэний малыг харж яваад байгаагаа хэлэхгүй бие даагаад яваад байх болсон. Надад Б.Бын гэх ямар нэгэн өмч хөрөнгө байхгүй. Манай хүргэн Бынд Б.Бын нэртэй 30 гаруй хонь болон цөөн тооны үхэр адуу мал байдаг. Бид нар хоорондоо ярилцаад тусдаа гарахад нь өгч гаргахаар бодож байдаг юм. Би Б.Боос ямар асуудалд холбогдоод байгаа талаар нь асуухад Бынд мал харж байхад нь ойролцоо эзэнгүй нэг үхэр байгаад байхаар нь харж байгаад зарчихсан юм гэж хэлсэн. Тэгэхээр чи хэдийдээ яаж зардаг юм шөнө орой тууж авч ирээд зарчихсан юм уу гэхэд Монхор гэж Хангай сумын Гичгэнэд байдаг залуу малаа туугаад Тариат сум руу явж байхаар нь гуйгаад үхэрт нь нийлүүлж Тариат суманд авчирсан талаар хэлсэн. Тэгээд энэ талаар чинь Б мэдэж байгаа юм уу гэхэд Б ах мэдэхгүй гэж хэлсэн. Надад өөр тоймтой юм хэлээгүй. Миний хувьд багаас нь өсгөсөн зан араншингийн хувьд төлөв томоотой хүүхэд байсан. Сүүлийн үед үгэнд орохгүй өөрийгөө мэдэж бие дааж явах болсон. Юм хэлэхээр та нарт хамаагүй гэдэг болсон байсан. Хаана юу хийгээд яваад байгаа талаар мэдэхгүй болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-32 дугаар тал/
*Яллагдагч Б.Бын өгсөн:
“...Би Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн мянгат малчин хүргэн ах Д.Бын хонь, үхрийг малладаг. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Тариат сумын Хорго баг Өлийн ам гэх газраас үхэр хурааж явтал үхэр дотор зүс үзээгүй халтар шүдлэн үхэр нийлчихсэн байсан. Тэр үхрийг манай үхэр дотор яваад л байсан хүн амьтан эрж сурч ирээгүй. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын иргэн Д.Ч гэдэг хүнд 600.000 төгрөгөөр зарсан. Өрөөсөн нүд цэхэр, халтар шүдлэн үхэр байсан. Сүүлийг нь доороос нь хайчилсан байсан. Уг үхэр нь нилээн ааштай үхэр байсан, им тамгыг нь мэдэхгүй байна. Тэр үхрийн талаар хэн нэгэн хүн надаас эрж хайж ирээгүй. Би өөрөө ч үхрийн эзнийг эрж сураглаагүй. Би тэр үхрийн талаар Бд хэлээгүй. Надад хувцас хэрэгтэй байсан. Тэгээд мөнгөний хэрэг болоод зарчихсан. Би Д.Чаас 600.000 төгрөгийг бэлнээр авсан. Би хохирлыг барагдуулсан. Би 1992 онд Архангай аймгийн Хангай суманд төрсөн. Би төрсөн эцэг эхээ мэдэхгүй, бага байхад өнгөрчихсөн. Намайг Б гэх хүн үрчилж авсан. Миний үрчилж авсан эцэг Б Тариат сумын төвд амьдардаг. Миний төрсөн дүү Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багт Батчулуун гэх айлд үрчлэгдээд тэр айлын малыг хардаг. Би 2000 онд Архангай Тариат сумын 10 жилийн сургуульд 2009 онд 9 дүгээр анги төгссөн. Цэргийн алба хаагаагүй, эхнэр хүүхэдгүй. Би урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй...’’гэх мэдүүлэг/хх-ийн 43-46 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин Э.Дийн 2019 оны 10 сарын 28-ны өдрийн 238 дугаартай:
“...Шүдлэн насны бухны үнийг 2019 оны 03 дугаар сарын байдлаар 650.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 36 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 49 дүгээр тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь хүргэн ах Д.Бын хонь, үхрийг маллаж байх хугацаанд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Ар хаяа гэх газар иргэн Ү.Бийн алдуул мал болох 1 тооны үхрийг завшиж хохирогчид 650.000/зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Б үйлдсэн болох нь хохирогч Ү.Бийн”...2019 оны 3-р сард манайх үхрээ бүртгэж тоолж бүртгэхэд 4 үхэр тоогоороо дутсан. Ингээд уг газар орчимд эрж хайгаад олдоогүй. 2019 оны 8-р сард манай үхрүүд бэлчээрлэж явдаг газраас урагш манай адуун дунд нэг үхэр явж байхаар нь манай малчин Эрдэнэбат очиж үзэхэд манайх халтар сарлагийн шүдлэн бух байхаар нь тууж авч ирээд үхэртээ нийлүүлсэн байсан. Тэгсэн дараа нь манай Тариат сумын иргэн Г.С гэгч ирээд нөгөө үхрийг манай үхэр байна Чаас авсан гэж хэлсэн. Тэгээд бид нар нөгөө халтар шүдлэн бухыг барьж аваад имийг нь үзэхэд манай имтэй үхэр байсан. Манайх үхэрнүүддээ 3 им хийдэг баруун талын чихэнд урдаасаа ухмал, үзүүрээсээ цуулбар, араа исгэлэн имтэй. Халтар шүдлэн бух мөн ийм имтэй байсан. Тэгээд хэнээс авсан талаар нь асуугаад байсан Хангай сумын харъяат Б.Б гэх залуу Д.Ч гэх хүнд зарсан байсан. Манайх хаваржаандаа 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр буусан тэр үед үхрүүдээ бүртгэхэд бүрэн байсан. Дараа нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний үеэр тоолж үзэхэд 4 үхэр дутсан. Манай алдагдсан 4 тооны үхэр яг нэг өдөр бөөндөө алга болсон эсвэл цувж ганц нэгээрээ алга болсон талаар нарийн сайн мэдэхгүй, мэдэх боломжгүй байгаад байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Чын”...маргааш нь суманд гэртээ байхад миний утас руу Б.Б гэх залуу утасдаад надад нэг зарах сарлагийн үхэр байна та үзэж хараад аваадахаач гэж хэлсэн. Тэгээд над руу хүнээр туулгуулъя би ажилтай болчихоод байна гэж хэлсэн. Маргааш нь нутгийн Монхор гэх залуу нүүдэл хийж яваад замд Б.Б гэх залуу чамд өгчихөөрэй гээд нэг үхэр манай үхэртэй хамт нийлүүлсэн чи ирж энэ үхрээ аваачээ гэж хэлсэн. Би уг өдөр нь очиж чадаагүй маргааш нь сумын төвд Монхорыг хашаандаа үхрүүдээ хашчихсан байхад нь портер машин авч очиход Б.Б ирчихсэн байсан. Тэгээд үхрээ үзээд намайг 600.000 төгрөгөөр авчих гээд гуйгаад байхаар нь хэлсэн үнэнд нь 600.000 төгрөгөнд худалдаж авсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Сын”...2019 оны 7-р сарын эхээр Д.Ч гэгч бух зарна гэхээр нь халтар зүстэй шүдлэн бух 600.000 төгрөгөөр авсан. Ингээд авсан халтар шүдлэн бухаа Д.Чынхаас машинаар ачиж авч ирээд өөрийн үхэрт нийлүүлсэн. Орой нь үхэр бөөгнүүлэхэд нөгөө авсан бух үхэр дотор байсан. Маргааш нь өглөө үхэр хураахад байхгүй алга болсон байсан. Тэгээд ойр хавьд байгаа байх гэж бодоод нилээд хайсан боловч олдоогүй. Тэгээд 2019 оны 8-р сарын 10-ны үед бас мал хайж яваад Ү.Бийн үхэр дотор миний нөгөө Д.Чаас авсан халтар шүдлэн бух байхаар нь энэ миний үхэр байна алдчихсан үхэр байна гэж Ү.Бийн мал харж байсан 2 малчинтай уулзахад энэ Ү.Б ахын үхэр гэж хэлсэн. Дараа нь Ү.Бтэй уулзахад энэ миний алдсан үхэр байгаа юм чи Д.Чтай уулзаж учраа ол гэдэг юм хэлсэн. Би Д.Чтай уулзахад би Гичгэнэ гэх газраас Аадай гэгчээс авсан гэх юм ярьсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Бын”... Би Б.Боос ямар асуудалд холбогдоод байгаа талаар нь асуухад Бынд мал харж байхад нь ойролцоо эзэнгүй нэг үхэр байгаад байхаар нь харж байгаад зарчихсан юм гэж хэлсэн. Тэгэхээр чи хэдийдээ яаж зардаг юм шөнө орой тууж авч ирээд зарчихсан юм уу гэхэд Монхор гэж Хангай сумын Гичгэнэд байдаг залуу малаа туугаад Тариат сум руу явж байхаар нь гуйгаад үхэрт нь шийлүүлж Тариат суманд авчирсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг, тухайн алдагдсан үхрийн үнэлгээг гаргасан үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 10 сарын 28-ны өдрийн 238 дугаартай дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Бын өөрийн маллаж байсан үхэрт нийлсэн бусдын 1 тооны үхрийг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж зарж борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын алдуул малыг завших гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Алдуул мал гэдэг нь гэм буруутай этгээдийн оролцоогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй хүчин зүйлийн улмаас ижил сүргээсээ салж, нутаг бэлчээрээсээ холдон, хараа хяналтгүй болсон өмчлөгч эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй байгаа малыг ойлгох бөгөөд алдуул мал завших гэмт хэрэг нь шууд санаатай үйлдэгддэг, гэм буруутай этгээд алдуул малыг өөрийн эзэмшилдээ авах, захиран зарцуулах идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрч өөрийн хууль бус өмчлөлд шилжүүлэн завшинаар гэмт хэргийн шинж хангагдах юм.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Быг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ү.Б нь өөрийн алдагдсан 1 тооны үхрээ олж авсан, харин тухайн үхрийг эрж хайсаны зардлаа нэхэмжилнэ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн боловч үүнтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ү.Б нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатигин овогт Бын Быг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ү.Б нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР