| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00445/и |
| Дугаар | 1230 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 1230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/00445/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** тоотод оршин суух, *** Э*** /РД: *** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** албанд холбогдох,
“Шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 11 өдөр *** дугаар тай шийдвэрээр Э*** аас 8.900.000 төгрөг гаргуулан Э*** т олгохоор болсон. Энэ шийдвэрт аль нэг тал давж заалдаагүй тул хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр *** дугаартай гүйцэтгэх хуудсыг бичүүлэн ирсэн учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас *** дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаашраад 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай ** дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолд талууд хоорондоо, эвлэрсэн гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болгосон гэсэн байна. Гэтэл Э*** гэх хүний хөрөнгө болох дүнзэн байшингийн торхыг нэг сарын дараа барьцаа маягаар өөрт нь худалдах худалдан авах гэрээ байгуулан Э*** ын гадагш явах эрхийг нь сэргээн Оросын холбооны улсаас бараа оруулан заруулж төлбөрөө гаргуулах боломжтой гэх тайлбарыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Солонго хэлсэн учраас төлбөр авагч зөвшөөрч 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хийсэн байдаг. Үүгээр Э*** , Э*** нарыг тохиролцон эвлэрсэн гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчийн эрх хэмжээний хүрээнд хоорондоо тохиролцлоо гэх бичиг хийж өгсөн байдаг. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Э*** аас төлбөр барагдуулах талаар ямар нэгэн зүйл аваагүй буюу 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар тай шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Э*** тай байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Энэ нэхэмжлэлтэй холбогдуулж өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл түдгэлзсэн байсан. 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар тай шүүхийн шийдвэр гарсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаах үндэслэл болсон талууд тохиролсон гэх гэрээ эхнээсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг талууд худалдах худалдан авах гэрээ мэтээр халхавчилсан нь үндэслэлгүй байна. Хууль зөрчин хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл. *** дугаар тай шүүхийн шийдвэрт аль аль тал нь давж заалдах гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон. 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар тай шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болсон 2014 оны 05 дугаар сарын 02-ний өдөр төлбөр төлөгч болон төлбөр авагчийн хооронд байгуулсан гэх тохиролцоо нь хүчингүй болсон учраас шийдвэр гүйцэтгэгчийн ** дугаар тогтоол хүчингүй болох нөхцөл бүрдсэн. Монгол Улсад хүчин төгөлдөр байгаа шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой зарчим байдаг учраас Э*** аас Э*** 8.900.000 төгрөг гаргуулах тухай шийдвэр биелэгдээгүй байгаа. ** дугаартай тогтоолыг хүчингүй болгосноор Э*** ийн Э*** аас 8.900.000 төгрөг гаргуулах тухай шүүхийн шийдвэрт дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх боломж нээгдэнэ. Иймд тус тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч *** алба шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр *** дугаар тай шийдвэрт Э*** аас Э*** т 8.900.000 төгрөг гаргуулах гүйцэтгэх хуудас бичигдэн ирсэн байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Д.Э*** тус албанд хүсэлт гаргасан. Хүсэлтэд Э*** бид хоёр харилцан тохиролцсон тул бидэнд холбогдох баримт бичгийг хааж өгнө үү гэж тусгасан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрхэн дуусгавар болох дөрвөн үндэслэлийг заасан байдаг. Үүний нэг нь төлбөр төлөгч болон төлбөр авагч хоорондоо эвлэрсэн тохиолдолд тэдгээрийн гаргасан тодорхойлолт гэсэн байдаг. Иймээс 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болгох ** дугаар тогтоол хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Төлбөр авагчийн өөрийнх нь сайн дурын үндсэн дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 гэж заалтыг андууран бичсэн байна. Энэ нь ажлын ачааллаас болж буруу зөрүү бичих алдаа гардагтай холбоотой юм. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э*** нь анх шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон гэж тус ажиллагааг сэргээлгэх тухай гомдол гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж, Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж, шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргажээ.
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа төлбөр авагч буюу нэхэмжлэгч Б.Э*** нь өөрөө тус албанд төлбөр төлөгчтэй эвлэрсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар хүсэлт гаргасны дагуу тус ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гарсан тул гомдол үндэслэлгүй гэж маргадаг болно.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.7-д заасныг баримтлан Ж.Э*** аас 8,900,000 төгрөг гаргуулж, Б.Э*** т олгож, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Ж.Э*** аас улсын тэмдэгтийн хураамжид 164,710 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э*** т олгохоор шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар тай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн *** дугаартай гүйцэтгэх хуудас бичигджээ.
Дээрх шийдвэр, захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, *** тоотод байрлах, Ү-*** дугаар улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцыг газрын хамт битүүмжлэх, хураан авах ажиллагаа хийгдэж, 2014 оны 02 дугаар сарын 29, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд тус тус үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулж, үнийн санал ирээгүй тул үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгохоор шийдвэрлэсэн болох нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар гомдол гаргаагүй болно.
Нэхэмжлэгч Б.Э*** нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Ж.Э*** бид хоёр тохирсон тул гүйцэтгэх хуудас материалыг хааж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасны дагуу 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасныг удирдлага болгон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгожээ.
Нэхэмжлэгч Б.Э*** нь Ж.Э*** ын хашаа байшин нь түүний дүүгийн банкны зээлийн барьцаанд тавигдсан болохыг мэдээд шийдвэр гүйцэтгэгчид хэлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч 2014 оны 05 сарын 02-нд намайг дуудаж, байшингаа нэг сарын хугацаатай танд барьцаалж, хил гарах эрхээ нээлгээд 1 сарын хугацаандаа төлбөрөө бүрэн барагдуулчихна гэсний дагуу түүнийг нь зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээ хийснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэж тайлбарладаг болно.
Хэрэгт авагдсан тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Б.Э*** , Ж.Э*** нарын хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон бөгөөд энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Мөн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлээр үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цагт төлбөр авагчид санал болгох хурлыг хийхийг төлбөр төлөгч Ж.Э*** т мэдэгдэж байсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн газрын гэрчилгээ банкны барьцаанд байгаа талаар тэмдэглэсэн байна.
Эдгээр баримтуудаас дүгнэхэд төлбөр авагч Б.Э*** т албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, *** тоотод байрлах, Ү-*** дугаар улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууц, газрыг төлбөр авагч буюу гомдол гаргагч Б.Э*** т санал болгох хурлыг 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй байхад *** албаны 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ***/*** дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Ж.Э*** нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан гэсэн мэдэгдлийг улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн зэрэг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцох хуульд заасан үндэслэлийг зөрчсөн байна гэж үзэхээр байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-16.1.6-д шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлийг заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаартай “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай” тогтоолд удирдлага болгосон заалт нь мөн хуулийн 16.1.4 буюу “төлбөр төлөгч иргэн, эсхүл төлбөр авагч иргэн нас барсан гэж зарлагдсан... үед тэдгээрийн эрх үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй” гэсэн заалт байгаа боловч тогтоолын үндэслэлд төлбөр авагч Б.Э*** нь төлбөр төлөгчтэй харилцан тохиролцсон гэсэн нь энэхүү тогтоолд баримталсан заалт үндэслэлтэйгээ тохирохгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М*** шүүх хуралдаанд “... тус ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасан үндэслэлээр хаасан бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны ачааллаас болж, тогтоолд хуулийн заалтыг андуурч бичсэн байна” гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т: “төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрвэл тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор” шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор заажээ.
Б.Э*** ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2014 оны 05 сарын 02-ны өдөр гаргасан гүйцэтгэх хуудас материалыг хаалгах тухай хүсэлтийг дээрх хуульд заасан төлбөр төлөгч, төлбөр авагч хоёрын эвлэрлийг илэрхийлсэн баримт гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан төлбөр авагч, төлбөр төлөгч нарын эвлэрэл нь нэг талаас Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасан иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох тодорхой зорилго бүхий талуудын хооронд хийгдсэн хэлцэл бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д зааснаар бичгээр хийсэн хэлцлийн хувьд талууд гарын үсэг зурснаар хийгдсэнд тооцогдоно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасан төлбөр авагч, төлбөр төлөгч хоорондоо эвлэрвэл тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор гэсэн нь агуулгаараа талуудын аль алины эвлэрэх хүсэл зориг бичгээр илэрхийлэгдсэн байхыг шаардаж байна гэж ойлгогдохоор байна.
Дээр дурдсан тус шүүхийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн *** дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болсон эвлэрлийн агуулга болох Б.Э*** , Ж.Э*** нарын хооронд байгуулсан орон сууц, худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон байгаа бөгөөд нөгөө талаас тус шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичигдсэн Ж.Э*** ын шүүх хуралдаанд өгсөн “Б.Э*** ийн ярьж байгаа нь үнэн. Би мөнгө төгрөг өгөөгүй нь үнэн” гэх тайлбараар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар шийдвэр биелэгдээгүй болох нь тогтоогдож байна.
Ийнхүү шүүхийн шийдвэр биелэгдээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад тус ажиллагааг дуусгавар болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т: “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, 11.2-т: “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т: “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимд үндэслэнэ” гэж тус тус заасныг зөрчсөн байна гэж дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр Б.Э*** ийн шүүхэд гаргасан гомдлыг хангаж, шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаартай “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай” тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Э*** т шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдааныг түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Б.Э*** нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасныг баримтлан *** албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаартай “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоол”-ыг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан Б.Э*** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *** албанаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ