| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2019/0181/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/26 |
| Огноо | 2020-01-21 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Хохирогч: Г.Х
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Э, М.А, Ц.Б, Н.Э
Шүүгдэгч: Х.Б, Я.А, Д.Б, Л.Л, Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Хын Б, Бовогт Яын А, Б овогт Дгийн Б, Б овогт Лын Л, Р овогт Б ийн М нарт холбогдох тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын ................тоотод оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Т овогт Хын Б/РД:АО...............1/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн,... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, өвөө, эмээ, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн Цэнхэр сумын ................гэх газарт оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Дгийн Б/РД:АО............/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,...-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Архангай аймгийн ... газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Яын А/РД:АМ............/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн,... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эх. эгч, дүү нарын хамт Архангай аймгийн Хотонт сумын ...................гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Лын Л/РД:АМ.........../,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Хотонт сумын .............оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Р овогт Бийн Мэ/РД:АМ............./,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х.Б, Я.А, Д.Б, Л.Л, Б.Мнар нь 2019 оны 03 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу баг, Богч гэх газраас хохирогч Г.Хийн 9 тооны үхрийг бүлэглэн хулгайлж, 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Г.Хийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Гурван залуу нь манай нутгийн хүүхдүүд байгаа. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр манай үхэр байсан газар очоод үзэхэд 9 тооны үхэр алга болсон байсан. Үхрээ ирж хайж байгаад зарим үхрийг нь олсон. Тэгээд гурван үхрийг ямар учраас тэдний үхэрт байж байгааг асуухад зарсан гэж хэлсэн. Зарсан хүнийг нь асуухад Х.Б, Д.Б нарыг хэлсэн байсан. Тэгээд 9 үхрийг ачиж манайд авч ирж өгөх гээд явж байх замдаа нэг үхэр нь үхсэн байсан. Тэгээд ирээд бас халуураад үхэр үхсэн. Одоо 620.000 төгрөг нэхэмжилж байна. 620.000 төгрөгий Х.Б, Я.А, Д.Б, Л.Л нараас авсан ...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн ... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Г.Хийн өгсөн:
“...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрийнхөө үхрээр орж бүртгэж үзэхэд манай үхэр Хүрмийн үзүүрийн цаахан талд засмал замын ойролцоо байсан. Би үхрээ бүртгэж тоолсон. Тэгтэл манай үхрээс 4 тооны хязаалан насны тугалах гунжин үнээ, 4 тооны охин шүдлэн гунж, 1 тооны шүдлэн эр үхэр дутсан. Би үхрээ түр хугацаанд харж байгаарай гэж хэлээд үлдээсэн ах Ц.Мынд очсон. Үхрээс 9 тооны үхэр дутсан талаар асуухад урьд өдрийн орой Хархорин сумаас ирэхдээ үхрийг харсан. Бүрэн бололтой байсан. Түүнээс өмнө бүрэн байсан гэдгийг хэлсэн. Тэгээд хулгайд алдчихлаа гэдгийг мэдсэн. Манай үхэр урьд өдөр нь Л.Яын хаваржааны амаад өгсөж байсан гэдгийг хэлсэн. Тэгээд үхрээ хайж эхэлсэн. 3-аас 4 хэсэг хүмүүс эрэлд явсан. Тэгтэл манай төрсөн дүү Г.А, О нар Өгийнуур сумаар яваад Төвшрүүлэх, Цэнхэр сумын Хоолт ороод явж байгаад манай 3 тооны үхэртэй таарсан байсан. Хэний үхэр болох талаар асууж байгаад эзэнтэй нь уулзахад Цэнхэр сумын төвөөс Х.Б, Д.Б гэдэг 2 залуугаас худалдаж авсан. 1,500,000 төгрөгөөр авсан гэж хэлсэн байсан. Тэр залуугийн нэрийг Г.Бэ гэсэн санаж байна. Х.Б, Д.Б нартай уулзахад 9 тооны үхрийг хулгайлсан гэдгээ хэлсэн. Араас чинь аваачиж өгнө гэхээр нь гэртээ ирсэн байсан. Тэгтэл удаагүй Х.Б, Д.Б хоёр ачиж авчирч өгсөн. Үхрээ авах гэтэл 1 шүдлэн насны үхэр нь ачигдаж ирэх замдаа үхсэн байсан. Ирснээсээ хойш тугалах 3 гунж нь үхсэн. Одоо 1 хээлтэй тугалах үнээ үлдсэн. Үхэж магадгүй байгаа. Бусад нь зүгээр байгаа. Тугалах үхрийг чихээд ачиж яваад хол газар яваад ирсэн болохоор гэмтэл авсан бололтой үхээд байна. Сүүлд нь Я.А, Л.Л хоёрыг очиж үз гээд үхсэн үхрүүдийнх нь сэгийг үзүүлсэн. Х.Б, Д.Б нартай үхэр ачиж ирэхэд нь уулзахад Цэнхэр суманд байхад утсаар яриад дуудсан. Тэгээд ирж авсан үнэн гэдгээ хэлсэн. Манайх ууланд нутагладаг. Хавар болохоор үхрүүд өөрсдөө тал руу явдаг. Тэгээд ч манай үхэр манай ах Ц.М, төрсөн дүү Г.А нарын малтай холилдоод л байж байдаг. Энэ хоёр хамтраад хариулж маллаад байдаг. Өвөлдөө гэрийнхээ гадаа байдаг. Түүнээс манайх үхрээ хариуллага маллагаагүй орхиогүй. Жил болгон ингэж маллуулдаг. Манайх зарим жил үхрээ дагаад тал руугаа нутагладаг. Хязаалан насны үнээгээ 700.000 төгрөгөөр, шүдлэн насны үхрээ 500.000 төгрөгөөр үнэлнэ. Хохиролд үхсэн үхрийнхээ төлбөрийг авмаар байна. Мөн малаа эрж хайхад гарсан зардлаа төлүүлмээр байна. Өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 25-27 дугаар тал/
*Хохирогч Г.Хийн дахин өгсөн:
“...Архангай аймгийн Хотонт сумын Ар хавцал гэх газар саравчин дотор хийгээд машин дээр хулгай хийсэн 9 тооны үхэрээ ачсан гэж ярьсан. Өөр зүйл яриагүй. Хохирол төлбөрөө барагдуулаагүй. Миний 9 тооны үхэрээс нэг үхэр нь замдаа ачигдаж ирхэдээ үхсэн ирсэн. Мөн хээлтэй 3 гунчин үнээ хээл нь гэмтэж гурвуулаа үхсэн. Би үхсэн үхрүүдээ хулгай хийсэн хүмүүст нь үзүүлсэн. Би одоо 3.100.000 төгрөг нэхэмжилснээс 1.200.000 төгрөгийг авсан. Миний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,
*Гэрч Ц.Мийн өгсөн:
“...2019 оны 03 сарын 05-ны өдрийн орой би эхнэр Чгийн хамт машинтай Хархорин сумаас гэртээ ирж байхад манайхны үхрээс Г.Хийн үхрүүд Л.Я гэж айлын өвөлжөөний Богч гэх газарт бэлчээрлэж явсан. Би харчихаад гэртээ харьсан. Маргааш нь Г.Х үхрээ бүртгэж тоолчихоод ирлээ гээд 06-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад ирсэн. 9 тооны үхэр дутсан байсан. Тугалах гунж, шүдлэн, гуна нийлсэн 9 тооны үхэр алга байна гэж ярьсан. Би Г.Хэд урд өдөр бүрэн бололтой харагдаж байсан гэж ярьсан. Намайг харахад бүрэн байсан. Г.Хийн үхэр манай дээр байдаг. Урд хаваржиж байгаа Г.А бид хоёр хариулж, бүртгэдэг. Г.Хийнх 70-д тооны монголын үхрүүд байдаг. Хийн үхрүүд манай үхрээс тусдаа явдаг. Г.Х үхрээ хайж, эрэл хийж байгаад Цэнхэр сумаас олсон гэж ярьсан, хулгайлсан 3 залуу нь манай нутгийн хүмүүс байсан. Цэнхэр сумаас 2 залуу Портер машинтай ирсэн байсан. 9 тооны үхэр Портерт бараг багтахгүй, гэтэл чихээд ачаад явсан гэж ярьсан байсан. Хавцал гэх газар манайхаас 4 орчим км зайтай байдаг. Л.Я гэж айлын нутаглаж байгаа газрын өвөр талыг хэлдэг...” гэх мэдүүлэг / хх-ийн 34-36 дугаар тал/
*Гэрч Г.Аийн өгсөн:
“...Г.Х ахын үхэр 2019 оны 02 сарын 13-ны үедп манайхыг хаваржаанд Тэмээн хүзүүний аманд байхад ирсэн. Тэгээд тэндээ манайхны үхэртэй хамт байсан. Г.Х ахын үхэрийг өдөр бүр хурааж бүртгэдэг хүн бол Ц.М байсан. Тэгтэл 2019 оны 03 сарын 05-наас 06-нд шилжих шөнө 9 тооны үхэр нь алга болсон. Үхрээ хайж бид нар 3-4 зүгт явсан. Эрлийн ажлыг маш сайн хийсэн. Би өрөө Өгийнуур сум явсан. Тэндээсээ би Цэнхэр сум ороод Цэцэрлэг баг Цагаан сүмд 3 тооны үхэр нь айлд зарагдсан байхад нь таарч худалдаж авсан гэж ярьсан. Би хэн зарсан талаар асуугаад очиж уулзсан. Үхрүүдээ авчирч өгөөртэй гэж хэлсэн. Араас авчирч өгсөн. 9 тооны үхрийг Портер маркийн машинд ачиж хулгайлсан байсан. Ачиж авчирч ирсэн үхрээс нь хоёр нь үхсэн. Г.Х ахын гэрийн гадаа хэд нь үхсэн гэдгийг мэдэхгүй байна. Нэг үхэр нь ачиж ирэхдээ үхсэн гэж дуулсан. 9 тооны үхрийг Портерт ачиж авч явсан талаар санаанд орохгүй байсан. Чихэж ачиж ирснээс болоод үхсэн байсан. Манай нутгаас 3 залуу гаргаж өгсөн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 дугаар тал/
*Гэрч Г.Бийн өгсөн:
“...2019 оны 03 сарын 07-ны үеэр санагдаж байна, яг хэдний өдөр байсныг санахгүй байна Х.Б над руу утсаар яриад сумын төвд үхэр зарна гэж байна чи үхэр авах уу гэж надаас асуусан. Би сумын төв орж үхрийг үзсэн чинь монголын 3 үхэр байсан, би тэр үхрийн шүдлэн гунийг нь 300.000 төгрөгөөр, 2 гунжин үнээг нь 800.000 төгрөгөөр нийт 1.100.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр 3 үхрийг машинаар ачаад гэртээ авч ирсэн. Тэгтэл 2 хоногийн дараа Х.Б, Д.Б хоёр машинтай ирээд чамд зарсан мал чинь хулгайн мал байсан, бид баригдчихсан үхрийг буцааж өгөхөөр боллоо гээд надад зарсан 3 үхрээ ачаад аваад явсан. Би өмнө нь Х.Бт мал худалдаж авна малтай болох санаатай байгаа талаараа ярьж байсан. Тэгээд Х.Б надад үхэр заръя гэж ярьсан юм шиг байна лээ. Миний худалдаж авсан үхэр хар зүсмийн шүдлэн гуна, улаан зүсмийн хязаалан насных байсан байх би насыг нь сайн мэдээгүй, гунж нэг нь улаан хүрэн зүсмийн шүдлэн юм уу хязаалан насны гунж байсан. Би тэр 3 үхрийн имийг нь сайн хараагүй. Би хулгайн үхэр гэдгийг нь мэдээгүй. Х.Б надад хэлэхдээ Д.Б үхэр зарах гэж байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/ хх-ийн 39-40 дүгээр тал/
* Гэрч Л.Яын өгсөн:
“...Манай өвөлжөө, хаваржаа байгаа газрыг Хүрмийн үзүүр гэдэг, Босч гэж бас дууддаг хоёр нэртэй. Манай хаваржааны газраас урд руу байх хэсгийг Хавцал гэдэг. Манай өвөлжөө Г.Аийн эзэнгүй хашаатай 2 км зайтай ойрхон байдаг...”гэх мэдүүлэг/хх-ийн 42-43 дугаар тал/
*Яллагдагч Я.Аын өгсөн:
“...Би хулгайн үхэр гэдгийг мэдэж байсан. Б.Мэ надад зарах бяруу байвал ахдаа хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд Г.Хийн үхэр манай гэрийн доогуур эзэнгүй 7-8 хоног байхаар нь тэр үхрийг Б.Мэтэй хамт зарчихъя гэж бодоод хулгай хийсэн. 9 тооны үхэр байсан, 6 тооны шүдлэн үхэр, 3 тооны гунж байсан. Содон гэвэл алаг зүсмийн нэг гунж, сартай улаан зүсмийн эр шүдлэн үхэр, мухар хүрэн зүсмийн шүдлэн гунж байсан бөгөөд бусдыг нь сайн анзаараагүй. Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн Ар Хавцал гэх газар хулгай хийсэн үхрүүдээ ачсан. Б.Мийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль, Х.Бын эзэмшлийн цэнхэр өнгийн Портер маркийн 09-00 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан. Цагаан өнгийн мяндсан татлагаар нэг нэгээр нь барьж машин дээр ачсан. Машины татлага хаана байгааг нь Х.Б сайн мэдэж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 113-116 дугаар тал/
*Яллагдагч Б.Мийн өгсөн:
“...Би Г.Х гэх хүний үхэр байсан гэдгийг мэдээгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн малыг хулгайлахад Я.А, Л.Л, Х.Б, Д.Б, Б.Мэ бид нар байсан, өөр хүн байгаагүй. Би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй хамт машин дээр ачиж өгсөн. Өөрийн найз Я.Ад тус болсон биш ийм асуудалд орчихлоо. 9 тооны үхэр байсан, 6 тооны шүдлэн үхэр, 3 тооны гунж байсан. Содонгоос алаг зүсмийн нэг гунж, сартай улаан зүсмийн эр шүдлэн үхэр, мухар хүрэн шүдлэн гунж байсан бөгөөд бусдыг нь сайн анзаараагүй. Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн Ар хавцал гэх газраас хулгай хийсэн үхрүүдээ ачсан. Миний өөрийн эзэшлийн Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль, Х.Бын эзэмшлийн цэнхэр өнгийн Портер маркийн 09-00 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан...” гэх мэдүүлэг/хх-ийн 119-122 дугаар тал/
*Яллагдагч Л.Лгийн өгсөн:
“...Би 2019 оны 03 дугаар сарын 05-наас 6-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сум Бургатай багийн Хавцалын ам гэх газар гэртээ байхад гар утас руу Я.А залгаад манай ээж Чимгээгээс намайг гэртээ байна уу гэж асуусан гэсэн. Байна гэж хэлэхэд Я.А Хотонт сум ороод Х.Быг машинтай нь цуг Архангай аймгийн Хотонт сум Хавцалын ам гэх газар очиж байрны гадаа байсан 9 тооны үхэрийг хашаан дотор хийж машин дээр нэг нэгээр нь ачсан. Тэгээд үхэр ачиж дуусаад Х.Б, Д.Б хоёр машин дээр ачсан үхэрнүүдээ аваад сумын төв рүү харин Я.А, Б.Мэ, бид 3 гэр рүүгээ явсан. Б.Мэ, Х.Б, Д.Б, бид нар байсан. Би хулгай хийх талаар юу ч мэдээгүй байсан. Я.А, Б.М хоёр манайд ирээд сумын төв орье гэхээр нь хамт явсан. Тэгсэн ийм үйлдэл болсон. Би тэр машины жолооч болон хамт явсан хүнийг нь танихгүй. Б.Мэ тэр хүмүүстэй холбоо барьж дуудаж хулгай хийх санааг гаргасан юм шиг байна лээ. Би хамт явж тухайн үхэрнүүдийг ачихад миний оролцоо байсан учир би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 9 тооны үхэр байсан, 6 тооны шүдлэн үхэр, 3 тооны гунж байсан. Содонгоос алаг зүсмийн нэг гунж, сартай улаан зүсмийн эр шүдлэн үхэр, мухар хүрэн зүсмийн шүдлэн гунж байсан бөгөөд бусдыг нь сайн анзаараагуй. Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн Ар хавцал гэх газар хулгай хийсэн үхэрнүүдээ ачсан. Б.Мийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль, Х.Бын эзэмшлийн цэнхэр өнгийн Портер маркийн 09-00 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан. Цагаан өнгийн мяндсан машины татлагаар нэг нэгээр нь барьж машин дээр ачсан....” гэх мэдүүлэг/хх-ийн 125-128 дугаар тал/
*Яллагдагч Д.Бын өгсөн:
“...2019 оны 03 дугаар сарын 05-ны орой өөрийн оторын гэрээ буулгачихаад барьж байхад миний гар утас дуугарсан чинь Б.Мэ залгаад Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн Ар хавцал гэх газар уулнаас эзэнгүй үхэр байна гэж Б.Мэ рүү Я.А, Л.Л хоёр тэгж байна Х.Б та хоёр хүрээд ир үхэр ачих унаагүй болчихоод байна гэсэн. Тэгээд би Б.Мийн өөдөөс хулгайн үхэр бол хэрэггүй шүү гэхэд хулгай үхэрнүүд биш эзэнгүй удаж байгаамаа гэсэн юм. Х.Б бид хоёр очиход саравчин дотор хашчихсан байсан. Тэгээд нөгөө үхэрнүүдийг ачаад Архангай аймгийн Цэнхэр сумын баруун талд хээр 9 тооны үхрээ буулгаад харьсан. Я.А, Л.Л, Х.Б, Б.Мэ бид нар байсан. Өөр хүн байгаагүй. Би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй Б.Мэ миний гар утас руу залгаад үхэр ачих гэсэн юм унаа олдодгүй гэхээр нь очсон. 9 тооны үхэр байсан, 6 тооны шүдлэн үхэр, 3 тооны гунж байсан. Содонгоос алаг зүсмийн нэг гунж, сартай улаан зүсмийн эр шүдлэн үхэр, мухар хүрэн зүсмийн шүдлэн гунж байсан бөгөөд бусдыг нь сайн анзаараагуй. Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн Ар хавцал гэх газар хулгай хийсэн үхэрнүүдээ ачсан. Б.Мийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль, Х.Бын эзэмшлийн цэнхэр өнгийн Портер маркийн 09-00 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан...” гэх мэдүүлэг/хх-ийн 131-134 дүгээр тал/
*Яллагдагч Х.Бын өгсөн:
“...Я.А, Л.Л, Х.Б, Б.Мэ бид нар байсан. Өөр хүн байгаагүй. Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн Ар Хавцал гэх газар эзэнгүй үхэр байна унаа олдодгүй машинтайгаа хүрээд ирээч гж Д.Б надад хэлээд бид хоёр хамт яваад Я.А, Б.Мэ нар дээр очсон. 9 тооны үхэр байсан, 6 тооны шүдлэн үхэр, 3 тооны гунж байсан. Содонгоос алаг зүсмийн нэг гунж, сартай улаан зүсмийн эр шүдлэн үхэр, мухар хүрэн зүсмийн шүдлэн гунж байсан бөгөөд бусдыг нь сайн анзаараагуй. Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн Ар хавцал гэх газар хулгай хийсэн үхэрнүүдээ ачсан. Б.Мийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль, миний өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн Портер маркийн 09-00 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан. Цагаан өнгийн мяндсан машины татлага байсан бөгөөд бугуйлдаж барих гээд чадахгүй байсан. Тухайн татлага миний машинд байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 137-140 дүгээр тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 104 дугаартай: “...Тарга хүч дунд зэрэг монголын шүдлэн насны эр үхэр 5, монголын хязаалан насны үхэр 4-ийн үнэлгээг 2019 оны 03 дугаар сарын байдлаар зах зээлийн ханшаар 5.100.000/таван сая нэг зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 65 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 161-165 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 03 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу баг, Богч гэх газраас хохирогч Г.Хийн 9 тооны үхэр алдагдан түүнд 5.100.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Х.Б, Я.А, Д.Б, Л.Л, Б.Мнар бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Хийн “...Тэгээд үхрээ хайж эхэлсэн. 3-аас 4 хэсэг хүмүүс эрэлд явсан. Тэгтэл манай төрсөн дүү Г.А, О нар Өгийнуур сумаар яваад Төвшрүүлэх, Цэнхэр сумын Хоолт ороод явж байгаад манай 3 тооны үхэртэй таарсан байсан. Хэний үхэр болох талаар асууж байгаад эзэнтэй нь уулзахад Цэнхэр сумын төвөөс Х.Б, Д.Б гэдэг 2 залуугаас худалдаж авсан. 1,500,000 төгрөгөөр авсан гэж хэлсэн байсан. Тэр залуугийн нэрийг Г.Бэ гэсэн санаж байна. Х.Б, Д.Б нартай уулзахад 9 тооны үхрийг хулгайлсан гэдгээ хэлсэн. Араас чинь аваачиж өгнө гэхээр нь гэртээ ирсэн байсан. Тэгтэл удаагүй Х.Б, Д.Б хоёр ачиж авчирч өгсөн. Үхрээ авах гэтэл 1 шүдлэн насны үхэр нь ачигдаж ирэх замдаа үхсэн байсан. Ирснээсээ хойш тугалах 3 гунж нь үхсэн. Одоо 1 хээлтэй тугалах үнээ үлдсэн. Үхэж магадгүй байгаа. Бусад нь зүгээр байгаа. Тугалах үхрийг чихээд ачиж яваад хол газар яваад ирсэн болохоор гэмтэл авсан бололтой үхээд байна. Сүүлд нь Я.А, Л.Л хоёрыг очиж үз гээд үхсэн үхрүүдийнх нь сэгийг үзүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Мийн “...Хийн үхрүүд манай үхрээс тусдаа явдаг. Г.Х үхрээ хайж, эрэл хийж байгаад Цэнхэр сумаас олсон гэж ярьсан, хулгайлсан 3 залуу нь манай нутгийн хүмүүс байсан. Цэнхэр сумаас 2 залуу Портер машинтай ирсэн байсан. 9 тооны үхэр Портерт бараг багтахгүй, гэтэл чихээд ачаад явсан гэж ярьсан байсан. Хавцал гэх газар манайхаас 4 орчим км зайтай байдаг...” гэх мэдүүлэг, гэрч Г.Аийн “...Тэгтэл 2019 оны 03 сарын 05-наас 06-нд шилжих шөнө 9 тооны үхэр нь алга болсон. Үхрээ хайж бид нар 3-4 зүгт явсан. Эрлийн ажлыг маш сайн хийсэн. Би өрөө Өгийнуур сум явсан. Тэндээсээ би Цэнхэр сум ороод Цэцэрлэг баг Цагаан сүмд 3 тооны үхэр нь айлд зарагдсан байхад нь таарч худалдаж авсан гэж ярьсан. Би хэн зарсан талаар асуугаад очиж уулзсан. Үхрүүдээ авчирч өгөөрэй гэж хэлсэн. Араас авчирч өгсөн. 9 тооны үхрийг Портер маркийн машинд ачиж хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Бийн”... Х.Б над руу утсаар яриад сумын төвд үхэр зарна гэж байна чи үхэр авах уу гэж надаас асуусан. Би сумын төв орж үхрийг үзсэн чинь монголын 3 үхэр байсан, би тэр үхрийн шүдлэн гунийг нь 300.000 төгрөгөөр, 2 гунжин үнээг нь 800.000 төгрөгөөр нийт 1.100.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр 3 үхрийг машинаар ачаад гэртээ авч ирсэн. Тэгтэл 2 хоногийн дараа Х.Б, Д.Б хоёр машинтай ирээд чамд зарсан мал чинь хулгайн мал байсан, бид баригдчихсан үхрийг буцааж өгөхөөр боллоо гээд надад зарсан 3 үхрээ ачаад аваад явсан...” гэх мэдүүлэг, яллагдагч нарын буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 104 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт олон тооны мал гэж ...найман бодоос дээш малыг ойлгоно...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Б, Я.А, Д.Б, Л.Л, Б.Мнарын бүлэглэн бусдын олон тооны мал буюу 9 тооны үхэр хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Б, Я.А, Д.Б, Л.Л, Б.Мнарыг бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч Х.Б, Я.А, Д.Б, Л.Л, Б.Мнарыг бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь мөрдөн байцаалтын шатанд харилцан эсрэг сонирхолтой байхад 2 шүүгдэгчийн нэгийг өмгөөлөгчгүй байцаасан, хэрэгт Банзрагч гэх хүний талаар шүүгдэгч нар өмнөх шүүх хуралдаан дээр мэдүүлсэн байхад шалгаагүй, шүүгчийн захирамжинд дурдсан асуудлыг шалгаагүй, шүүгдэгч Л.Л, Я.Аын хувьд 9 тооны үхэр хулгайлах санаа зорилго байгаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.6 дугаар зүйлд зааснаар тэдний зүйлчлэлийг хөнгөрүүлэх, шүүгдэгч Х.Б, Д.Б нар нь хулгайлах гэмт хэрэгт оролцсон гэдэг нь эргэлзээтэй байгаа талаар тус тус санал хэлж, хэргийн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: Шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүх өмнө нь 2019 оны 09 сарын 24-ний өдөр 809 дугаартай шүүгчийн захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн захирамжинд заасан ажиллагааг хийж гүйцэтгэн хэргийг шүүхэд 2019 оны 12 сарын 24-ний өдөр ирүүлсэн байна. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарт хэргийн материалыг танилцуулахад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй, мөн шүүхэд хэрэг ирсэнээс хойш шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар дахин хавтаст хэргийн материалтай танилцсан, хэн аль нь урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлгээр анхан шатны шүүх хуралдаанд шилжүүлээгүй асуудлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн. Иймд мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэсэн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжгүй болно.
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Мэ, Я.А нар нь мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд энэ талаар өмнө хэргийн нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан захирамжинд дурдсан, яллагдагч нарын гэмт хэргийг хэн санаачилсан талаар мэдүүлсэн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой гэж үзэх боломжгүй юм. Мөн хавтаст хэрэгт Банзрагч гэх хүн хэрэгт оролцсон талаар ямар нэгэн баримт хэрэгт байхгүй, шүүгдэгч Х.Б, Д.Б нар нь өмнөх хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан шүүх хуралдаанд Банзрагч гэх хүний талаар мэдүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Х.Б, Я.А, Д.Б, Л.Л, Б.Мнар нь бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоодсон тул энэ хэрэгт холбогдуулан дээрх хүнийг шалгах шаардлагагүй гэж үзсэн.
Хохирогч Хийн 9 тооны үхэр алдагдсан, уг 9 тооны үхрийг шүүгдэгч Х.Б, Я.А, Д.Б, Л.Л, Б.Мнар нь 2019 оны 03 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу баг, Богч гэх газраас хулгайлан, портер маркийн машинд ачиж, шүүгдэгч Д.Б, Х.Б нар нь Архангай аймгийн Цэнхэр суманд авч ирсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан, шинжлэн судалсан баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон. Шүүгдэгч Я.А, Л.Л нар нь эхнээсээ 6 тооны үхэр хулгайлах санаа зорилготой байсан гэж өмгөөлөгч Г.Э, Ц.Б нар нь маргаж байгаа боловч шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, 6 тооны үхэр хулгайлаад Я.А Л.Л нар хэргийн газраас явсан, үлдсэн үхрийг хулгайлахад оролцоогүй талаар хэрэгт баримт авагдаагүй байна. Эрүүгийн хуулийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ...” гэж заасан бөгөөд Л.Л, Я.А нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, шүүгдэгч Х.Б, Д.Б нар нь хулгайлах гэмт хэрэгт оролцоогүй гэх өмгөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Хохирогч Г.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ миний 9 тооны үхэр алдагдсан, буцааж 9 тооны үхрээ авсан боловч 1 тооны үхэр ачигдаж ирэхдээ үхсэн, 3 тооны үхэр ирсэнээс хойш хээл нь гэмтэж үхсэн. Уг 4 үхрийн 3 үхэр нь хязаалан, 1 үхэр нь шүдлэн насны үхэр байсан талаар мэдүүлдэг бөгөөд шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хязаалан насны үхрийг 650.000 төгрөгөөр шүдлэн насны үхрийг 500.000 төгрөгөөр үнэлсэн байна. Шүүгдэгч Х.Б, Д.Б, Л.Л, Я.А нар нь хохирогч Г.Хэд тус бүр 620.000 төгрөг, нийт 2.480.000 төгрөг төлсөн талаар баримт ирүүлсэн, уг хохирлын мөнгийг авсан талаар хохирогч Г.Х мэдүүлсэн, хохирогчийн үхсэн 4 үхрийн үнэлгээ нь 2.450.000 төгрөг болж байх тул хохирогчид учирсан хохирол төлбөр төлөгдсөн байна гэж дүгнэлээ. Хохирогч нь шүүх хуралдаанд дээрх дөрвөн үхрийн төлбөрөөс өөр зүйл нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч Г.Бэ нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болохоо илэрхийлсэн болно.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шүүгдэгч Х.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан түүний өөрийн эзэмшилийн 09-00 АРХ улсын дугаартай 4.000.000 төгрөгийн үнэ бүхий Хюндай Портер маркийн автомашины шүүгдэгч Б.Мийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 250.000 төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг тус тус хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 10-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байх бөгөөд 2019 оны 03 сарын 05-наас 6-нд шилжих шөнө буюу уг тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 10-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно, нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна...” гэж хуульчилсан тул Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 10-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Б, Я.А, Д.Б, Л.Л, Б.Мнар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал гэж үзлээ. Учир нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэж заасан бөгөөд бүлэглэн гэмт хэрэг үйлдэхийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжид заагаагүй болно.
Харин шүүгдэгч Я.А, Л.Л, Б.Мнар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Х.Б, Я.А, Д.Б, Л.Л нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 метр 20 см урттай, цагаан өнгийн мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Х.Б, Я.А, Д.Б, Л.Л, Б.Мнар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дгийн Б, Т овогт Хын Б, Б овогт Яын А, Б овогт Лын Л, Р овогт Бийн Мэ нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 2/хоёр/ жилийн хугацаагаар, Х.Быг 2/хоёр/ жилийн хугацаагаар, Я.А 2/хоёр/ жилийн хугацаагаар , Л.Лг 2/хоёр/ жилийн хугацаагаар, Б.Мөнх- Эрдэнийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Я.А, Л.Л, Б.Мэ нарт оногдуулсан 2/хоёр/ жил, шүүгдэгч Д.Бд оногдуулсан 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 05 сарын 24-ний өдрийн 25, 26 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Х.Бын 09-00 АРХ улсын дугаартай 4.000.000/дөрвөн сая/ төгрөгийн үнэ бүхий Хюндай Портер маркийн автомашин, шүүгдэгч Б.Мийн 250.000/хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг тус тус хураан улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 метр 20 см урттай, цагаан өнгийн мяндсан уяаг устгасугай.
8. Шүүгдэгч Х.Б, Я.А, Д.Б, Л.Л, Б.Мнар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б, Я.А, Д.Б, Л.Л, Б.Мнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Б, Я.А, Д.Б, Л.Л, Б.Мнарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР