Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 013/2017/01109/и |
Дугаар | 001/ХТ2018/01109 |
Огноо | 2018-06-28 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2018/01109
М.Лгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00077 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: М.Л
Хариуцагч: З.Бт холбогдох
950.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч З.Бын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Л, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Б 2017 оны 07 дугаар сард надаас 950.000 төгрөг зээлж 1 сарын дараа 1.800.000 болгон өгнө гэж аваад өгөөгүй. Иймд З.Боос 950.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.Л, түүний хүргэн, би нийт 6-уулаа Хантайн нурууны Бодонт хараа гэх явсан. Дээр үеийн хэдэн зуун жилийн юм мэдэхгүй тийм хэрэгсүүр байдаг гэсэн гэж хэлтэл тэрлүү чинь явъя, заагаад өг гэж явсан. Явсан мөртлөө тэр юм аа олоогүй. Гэхдээ хоол, хүнс бүх юм аа би гаргая гэж хэлсэн. Би Л нэг ч төгрөг аваагүй, өөрөө согтуу явж байгаад машинаа чулуу мөргүүлж бага зэргийн эвдрэл гарсан. Ор үндэсгүй юмыг би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00077 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан З.Боос 950.000 төгрөг гаргуулан М.Лд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27.350 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 27.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00077 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч З.Бын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: З.Б миний бие М.Лгаас ямар нэгэн байдлаар мөнгө, төгрөг зээлсэн зүйл байхгүй. Харин 2017 оны 07 дугаар сард М.Л болон түүний хамаатан садангийн дөрвөн хүний хамт Хантайн нурууны Бодонт хараа гэх газарлуу явсан. М.Лд Бодонт хараа гэх газар эртний үеийн булш байдаг гэж хэлж байсан тул намайг тэр газраа заагаад өг гэж өдөр шөнөгүй гуйх болсон. Тэр газраа заагаад өг би бүх хоол хүнс, унааны зардлыг нь гаргана гэж хэлсэн. Ингээд түүний гуйлтын дагуу уг газрыг зааж өгөх зорилгоор түүнтэй болон түүний садан төрлийн 4 хүнтэй хамт Бодонт хараа гэх газар луу явсан. Ийнхүү явж байхдаа М.Л нь өөрийн автомашиныг эвдсэн бөгөөд автомашины эвдрэлээ надаар төлүүлнэ гэж уурлаж байсан. Автомашины эвдрэл 950 000 төгрөг болсон үүнийг төл гэж надаас нэхэж байсан удаатай. М.Л нь шүүхэд уг 950 000 төгрөгийг намайг зээлж авсан мэтээр бичиж нэхэмжлэл гаргасан байсныг миний бие хүлээн зөвшөөрөөгүй. Тэрээр миний гарын үсгийг дуурайлган бичсэн баримтанд үндэслэсэн. Уг баримтанд байгаа гарын үсгийг шинжилгээ хийж шинжээч дүгнэлт гаргахдаа хариуцагч миний гарын үсэг гэж дүгнэлт гаргасан нь буруу байсан тул дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх үүнийг анхаараагүй. Би шүүхэд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Энэ нь миний нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлт юм. Иймд ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
М.Л нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, З.Боос 950.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хариуцагч хяналтын гомдолдоо “...зээл аваагүй...өөрөө автомашинаа эвдээд засварлах мөнгөө надаас шаардаж байна...шийдвэрийн үндэслэл болсон баримтад би гарын үсэг зураагүй...” гэжээ.
Хариуцагч З.Бын гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Хэрэгт нэхэмжлэгч нь З.Бт 950.000 төгрөг зээлүүлэх, хариуцагч зээлж авах талаар тохиролцоо хийсэн нь буюу мөнгийг зээлүүлсэн эсэх, зээлүүлсэн бол ямар хугацаа, нөхцөлтэй өгсөн үйл баримт тогтоогдоогүй байхад талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцээгүй байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...мөнгийг нэг сарын дараа 1,800,000 төгрөг болгож өгнө ...” гэснээс үзвэл талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
2. Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтад мэдээллийг нотлох баримт гэнэ. Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.
Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно. Гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ.
Хариуцагч нэхэмжлэгчээс зээл авах талаар тохиролцсон баримт хэрэгт байхгүй, хэргийн 16 дугаар талд буй баримт зээлийн талаарх мэдээллийг агуулаагүй байна. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2, 198.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1-40.3 дахь хэсгийн зохицуулалтыг анхаарч үзээгүй нь дутагдалтай болсон гэж дүгнэв.
3. Нэхэмжлэлийн үндэслэл болсон нэг баримтын талаарх шинжээчийн дүгнэлтийг хариуцагч эс зөвшөөрч хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-г, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-г зөрчжээ.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00077 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 27.350 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ