Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 738

 

 

 

 

 

 

 

 

 

        Б.Б, Б.Ц, Б.Э нарт

           холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                             

            прокурор Б.Батбаяр,

            шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, Э.Ганбат,

            шүүгдэгч Б.Ц, Б.Э нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнгөн, түүний өмгөөлөгч Б.Дамба,

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Батбаярын бичсэн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 1 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Б, Б.Ц, Б.Э нарт холбогдох 201601080568 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

1. Өөлөг овгийн Батсүхийн Б.Б, Улаанбаатар хотод 1992 оны 10 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст гал сөнөөгчөөр ажиллаж байсан, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Наадмын 3-14 тоотод оршин суух хаягтай,

2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. /регистрийн дугаар: УД92100956/

 

2. Боржигон овгийн Баянмөнхийн Б.Ц, Улаанбаатар хотод 1992 оны 7 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын операторч мэргэжилтэй, “Буян” телевизед зураглаач ажилтай, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчин 14-100 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: УД92070516/

 

3. Сартуул овгийн Баатарчулууны Б.Э, Улаанбаатар хотод 1991 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын операторч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчин 14-100 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: УД91062871/

 

Б.Б нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо, 41 дүгээр байрны 30 тоотод Т.Мөнхбатыг “цагаан будаа авч ирсэнгүй” гэж хэлснээс болж маргалдан улмаар нүүр, толгой тус газар нь гараараа цохиж, зодож алсан,

Б.Ц нь дээрх гэмт хэргийг харсан атлаа Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст 2016 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүд гэрчээр байцаагдахдаа “Талийгаач орон дээрээ сууж байснаа гэнэт татаад хойшоо саваад унасан... сонин дуугарч эхэлсэн бид хэд сандараад хүйтэн усаар цээжийг нь арчсан, нүүр лүү нь алгадсан” гэж мөрдөн байцаалтын шатанд зориуд худал мэдүүлэг өгсөн,

Б.Э нь дээрх гэмт хэргийг харсан атлаа Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст 2016 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд гэрчээр байцаагдахдаа “Мөнхбат орон дээрээ суусан. Удалгүй сонин дуугарч орон дээрээ татсан... Мөнхбат хаалгаа тайлсан. Тэгээд тамхи байна уу гээд Б.Цаас нэг тамхи аваад асаагаад орон дээрээ суусан. Гэнэт сонин дуугарч хойшоо унасан” гэж мөрдөн байцаалтын шатанд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар, Б.Ц, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Налайх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар гаргасан улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт, тайлбаруудаас үзэхэд Б.Б, Б.Ц, Б.Э нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15 дахь хэсэгт заасан заалтууд зөрчсөн байх тул шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэсний дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгээр тэдгээрийн хэрэгт нотлогдвол зохих асуудлуудыг гүйцэд шалгаж тогтоон, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг зөвтгүүлэхээр Б.Б, Б.Ц, Б.Э нарт хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзсэн. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно” гэж заасан ба энэ зүйл, заалтад заасан талийгаачийн эх, хууль ёсны эхнэр нь байсаар байхад талийгаачийн төрсөн ах Т.Мөнгөнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоогоогүй.

Талийгаач, түүний хууль ёсны гэх эхнэр А.Оюунзаяа нарын гэр бүлийн баталгаа, тэдний 2 хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг холбогдох бичиг баримт хэрэгт авагдаагүй болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15-д заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна” гэж заажээ. Гэтэл хэргийн 2-р хавтасны 10-р хуудаст байх бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэсэн шинжээч томилсон тогтоолыг сэжигтэн, яллагдагч, хохирогч нарт танилцуулаагүй, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч нарын дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах гэсэн хүсэлтийг анхаараагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15-д заасан заалтыг, оролцогчийн эрхийг зөрчин, хууль бусаар хязгаарласан.

Иймд дээрх ажиллагаануудыг хийлгэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, заалтуудын зөрчлийг зөвтгүүлэх гэсэн үндэслэлийг заан, шүүгдэгч Б.Бт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Б.Ц, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Ганбат бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал.

Б.Б нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх бүрэлдэхүүн болон шүүгчийг томилсон 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2017/ШЗ/124 дугаартай захирамжаар уг хэргийн шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэж байсан шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг нарыг томилж, шүүх хуралдаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

Уг хэрэгт яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугийн шүүх хуралдааныг хийхээр тогтоол гарган, шүүх хуралдааныг явуулсан боловч шүүхээс цагаатгах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэлгүй, үндэслэлгүйгээр урьдчилсан хэлэлцүүлгийн үед баримтлах хуулийн заалтаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

2. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Тухайлбал: Хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр талийгаач Мөнхбатын төрсөн ах Т.Мөнгөнийг хохирогч, иргэний  нэхэмжлэгчээр тогтоон байцаасан. Энэ нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 5 дугаар зүйлийн 5.1.11 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хохирогчоор тогтоогдсон. Мөн амь хохирогч Мөнхбатын эхнэр А.Оюунзаяа, эх Д.Оюун нар нь хэрэгт удаа дараа гэрчээр байцаалт өгөхдөө хохирогчоор тогтоогдох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн солих талаар мэдүүлэг болон хүсэлт гаргаагүй болно. Гэтэл анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирогчоор тогтоож, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн хэрэгт 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэгт Б.Бийн өмгөөлөгч Т.Энхтүвшингээс 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр А/05 дугаартай “бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах” гэсэн хүсэлт, өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Д.Энхцэцэг нараас 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр “дахин шинжээч томилуулах” гэсэн хүсэлт тус тус гаргасан байх бөгөөд хүсэлтүүдийг хяналтын прокурор С.Эрдэнэбаяр хүлээн авч 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 5/08, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 5/09 дугаар хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн тухай тогтоол гаргаж өмгөөлөгч нарт мэдэгдсэн байна. Гэтэл шүүхээс шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч нарын дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах гэсэн хүсэлтүүдийг анхаараагүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хэрэгт 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах тогтоолыг хохирогч Т.Мөнгөнд танилцуулахад “өмгөөлөгчтэйгээ танилцах талаар тэмдэглэл” үйлдсэн байна. Дээрх тогтоолыг яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хангаж, прокурорын даалгаврын дагуу 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу үйлдсэн байна. Оролцогч нараас мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлд заасан эрхээ эдлэх талаар хүсэлт гаргаагүй. Гэтэл шүүхээс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэгт 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж, мөрдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан “нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол”, 6.14-д заасан “хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол”, 6.15-д “Мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт” зэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэсэн хуулийн заалтыг мөрдөн байцаалтын явцад ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнгөн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талийгаачийн төрсөн ахын хувьд намайг хууль ёсны төлөөлөгчөөр эх Оюун, талийгаачийн эхнэр Оюунзаяа нар сонгосон. Би эцэг, эхээс хоёулаа. Миний эцэг нас бараад 2 жил өнгөрсөн. Эх Оюун зүрхний хагалгаанд орсон байгаа.” гэв.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнгөний өмгөөлөгч Б.Дамба тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанаар 2 асуудлыг шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт юм. Нэг нь гэм бурууг тогтоох, нөгөө нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал. Хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцаах тухай хуулийн зохицуулалт байхгүй гэж үзэж байна. Нэгэнт шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны журмаар хэлэлцэнэ гэдгээ шийдвэрлэсэн тохиолдолд шийтгэх, цагаатгах хоёр шийдвэр гарна. Өөр хуульд заасан зохицуулалт байхгүй буюу хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

 

            Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд дутуу хийгдсэн ажиллагаа байна гэж үзэж шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр өмгөөлөгч нарын зүгээс хүсэлт гаргасан. Гэхдээ шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг шүүхэд шилжүүлэхээс 15 хоногийн дотор хүсэлт гаргаагүй учраас хүлээж авах боломжгүй гээд гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаан үргэлжилсэн. Шүүх хуралдааны явцад яах аргагүй мөрдөн байцаалтын ажиллагааны шатанд буцааж, засах шаардлагатай үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт авагдсан болох нь гарч ирсэн. Урьдчилсан хэлэлцүүлэг явуулах саналыг хүлээж аваагүй боловч шүүхийн тогтоолд урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас явуулахыг үгүйсгэхгүй байр суурьтай байгаа. Прокурор ч гэсэн мөн адил. Тэгэхээр өөр хуулийн гарц байгаагүй, эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Аль нэг цагаатгах болон шийтгэх тогтоол гаргаж болохгүй нөхцөл байдал үүссэн. Прокурорын эсэргүүцэлд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг хүлээж аваагүй атлаа ийм шийдвэр гаргасан учраас хэргийг дахин хэлэлцүүлэх санал гаргаж байна. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхдээ урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас эхлүүлэх нь зүйтэй гэсэн байдлаар шийдвэрлэх байх гэж бодож байна. Хуульд зааснаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах талаар анхан шатны шүүхээс буцаах асуудал хоёрдмол байдал үүссэн. Иймд хэргийн процессийн алдаа зөрчлийг арилгахын тулд хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.”  гэв.

 

            Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Ганбат өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна.” гэв.

 

            Шүүгдэгч Б.Ц, Б.Э нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Б.Б, Б.Ц, Б.Э нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ”, мөн зүйлийн 42.4 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан, эсхүл эрх зүйн чадамжгүй болсон бол энэ зүйлд заасан эрхийг түүний гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүн эдэлнэ” гэж тус тус заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11 дэх заалтад гэр бүлийн гишүүн гэдэгт хохирогчийн төрсөн ахыг хамааруулан ойлгохоор хуульчилсан байдаг.

 

Дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэн амь хохирогчийн төрсөн ах болох Т.Мөнгөнийг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаагчийн тогтоолоор /1-р хх 28/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь тухайн цаг үедээ хууль ёсны шийдвэр байсан.

 

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр батлагдаж, мөн оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд уг хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт байхгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явагдсан ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрхэн нийцүүлэх асуудлыг зохицуулсан хууль гараагүй учраас өмнөх хуулийн дагуу явагдсан, тухайн үедээ хуульд нийцсэн, одоо энэ талаар хэргийн оролцогчдоос гомдол, хүсэлт гаргаагүй ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй үндэслэлээр хууль бус гэж үзэх боломжгүй юм.

 

2. Талийгаач Т.Мөнхбатын гэрлэлтийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг нь шүүгдэгч Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт биш бөгөөд талийгаачийн ар гэрийн зүгээс тэжээн тэтгүүлэх үндэслэл байна гэж үзвэл холбогдох баримтуудаа шүүхэд өгч шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно.

 

3. Хавтаст хэргийн материалд бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох тухай мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн тогтоолыг хэргийн оролцогчдод танилцуулахад “...өмгөөлөгчийн хамт танилцана, одоогоор танилцахгүй...” гэж тайлбар бичсэн /2-р хх 10/, хэрэгт цугларсан баримтуудыг хэргийг оролцогчдод танилцуулахад дахин шинжилгээ хийлгэх тогтоолын талаар гомдол, хүсэлт гараагүй, яллагдагч Б.Бийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, Н.Цэцэгмаа, Д.Энхцэцэг нарын мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтийг хангаж шинжилгээг дахин бүрэлдэхүүнтэй хийхээр шийдвэрлэсэн /1-р хх 234-2445/, 513 тоот дүгнэлтийг яллагдагч Б.Бийн өмгөөлөгч нарт танилцуулахад ямар нэгэн гомдол, хүсэлт гараагүй /2-р хх 17/ байх тул шинжээч томилсон тогтоолыг хэргийн оролцогчдод танилцуулаагүй гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл муутай байна.   

 

4. Б.Бийг сэжигтэн, яллагдагч цагдан хорих асуудлыг шүүгч Д.Лувсандорж, цагдан хорих хугацааг сунгах асуудлыг шүүгч Д.Чинзориг нар шийдвэрлэж, шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан атал түүний холбогдсон хэргийг шүүхээр хянан хэлэлцэхэд дээр нэр нь дурьдагдсан шүүгчид оролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуулиар харьяалуулсан асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүгч хэргийг хянан шийдвэрлэхэд оролцохыг хориглосон зохицуулалтыг зөрчсөн байна.

 

Иймд прокурорын дээрх асуудлуудаар бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй, хэрэгт шалгавал зохих зүйлүүдийг шалгасан, цаашид хийх ажиллагаа байхгүй байх тул эсэргүүцлийг хүлээн авч Б.Б нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн хэлэлцүүлэхээр хэргийг тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13 /нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол/, 6.14 /хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол/, 6.15 /мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт/, 6.16 /хөрөнгө хураан авах ажиллагаатай холбоотой санал, хүсэлт/-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхээс гадна яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үеэр дээрх үндэслэлээр гарсан гомдол, хүсэлтүүдийг давхар шийдвэрлэхээр байна. Энэ тохиолдолд урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шийдвэрлэх боломжгүй байсан асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар хэрэгт байгаа нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж, хамтын зарчмаар хэлэлцэн шийдвэрлэж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн дагуу хэргийг прокурорт буцаасан нь хууль зөрчөөгүй болохыг дурьдав.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Б.Б, Б.Ц, Б.Э нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Б.Бт урьд авсан цагдан хорих, Б.Ц, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                                                          Т.ӨСӨХБАЯР

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН