Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2017/0547/З |
Дугаар | 920 |
Огноо | 2017-12-12 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 920
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Боржигон овогт Ж ын Т
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Баяд овогт Л гийн Ц
Гуравдагч этгээд: Онолт овогт М гийн А
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** дүгээр захирамжийн Л.Ц ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Т , гуравдагч этгээд Л.Ц , гуравдагч этгээд Л.Ц , М.А нарын өмгөөлөгч П.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Уг газар нь циркийн жүжигчдийн /албан газрын/ газар байсан ямар үндэслэлээр Ц эзэмшиж, байшин барьсан ба өөрийн газраа эзэмших, зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байна.
Иймд Т миний эрхийг сэргээж өгнө үү. энэхүү шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох нь зүйтэй гэж бодож байна. Сүхбаатар дүүргийн газрын албаны ажилтан удаа дараа таны эрхийг сэргээнэ та хүлээж бай гэсээр өдий хүрсэн.
Одоо миний эрх зөрчигдөж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Энэхүү газрыг Циркийн ахмад жүжигчин И.Жаас 4х5 байшингийн хамт авч байсан.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** дүгээр захирамжийн Л.Ц ид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2005 онд Циркийн жүжигчин И.Ж гэж хүн уг газрыг байшинтай хамт манайд өгсөн. 2005 оны 7 дугаар сард Сүхбаатар дүүргийн Газрын албаны байцаагч н.Б очих хэмжилт хийж, гэрчилгээ олгогдсон.
Дараагаар газрын мөнгө төлөхөөр очиход н.Б Л.Ц гэж хүн таны газарт кадастрын зураг хийлгээд явж байна. Би Кадастрын зургийг нь хураагаад авсан гэж хэлсэн. Дараагаар очиход н.Б ажлаа сольсон байсан. Тэгээд манай нөхөр тухайн газар шороо асгасан байна гэж энэ талаар хөөцөлдөөд явж байсан. Манай хөөцөлдөөд явж байсан учраас би юу ч мэдэхгүй байж байтал гэнэт манай нөхөр нас барсан. Ингээд би дахин шинээр эхнээс нь хөөцөлдөж эхэлсэн.
2015 онд намайг маргаад явахад Нийслэлийн нийслэлийн Засаг дарга Э.Б даргад ханд гэсэн. Би Улсын Их Хурлын Гишүүн Өргөдлийн байнгын хорооны даргад хандаж өргөдөл өгсөн. Миний өргөдлийг шийдвэрлэж н.Ут үүрэг өгсөн. Гэтэл г.У байцаагч олон хүсэлт нийлүүлж нэг хурал хийж захирамж гардаг гэсэн. Тэгээд хурал хийж өгөхгүй байсаар энэ 3 дугаар сард газрын байцаагч солигдож шинэ хүн ирсэн” гэжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ж.Т ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны *** дүгээр захирамжийн Л.Ц ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Л.Ц нь дүүргийн газрын албанд 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дүүргийн 15 дугаар хороо Шарга морьтын зусланд газар эзэмших тухай хүсэлтийг гаргаж, Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** дүгээр захирамжаар зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Маргаан бүхий захиргааны акт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт заасныг баримтлан эзэмшүүлсэн. Л.Ц нь хүсэлт гаргахдаа тус хуулийн 32 дугаар зүйлд заасан иргэний мэдээлэл /иргэний үнэмлэх, газрын тойм зураг, гар аргаар үйлдсэн кадастрын зураг/ зэргийг хуулийн дагуу өгсөн.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 дэх хэсэг “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”-д заасныг үйл баримтаар дурдаагүй. Л.Ц нэхэмжлэгчийн хууль ёсны ямар эрхийг зөрчсөн, түүний улмаас хариуцагчийн гаргасан захиргааны акт хүчингүй болгох ямар үндэслэл байгаа зэргийг дурдаагүй байна.
Иймд Засаг даргын гаргасан захирамж нь хуулийн хүрээнд гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Л.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Иргэн Ж.Т ийн нэхэмжлэлтэй хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот захирамжийн Л.Ц ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ****дугаар захирамжаар намайг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар болсон байна.
Нэхэмжлэлийн шаардлага нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж болзошгүй байх тул дараах тайлбар гаргаж байна. үүнд:
1.Миний бие тухайн үед мөрдөгдөж байсан Газрын тухай хууль, журмын дагуу 2005 оны 03 дугаар сарын 31-нд газар эзэмших өргөдөл гаргаад 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот захирамжийн дагуу **** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүлээн авч өнгөрсөн 12 жилийн хугацаанд зуслангийн хашаа, 2 давхар байшингаа үндсэнд нь барьж дуусгасан.Сүхбаатар дүүргийн газрын албаны 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ****тоотоор холбогдох баримт, зургаар баталгаажин ирж хавтаст хэрэгт авагдсан.
2.Хэргийн материалд авагдсан иргэн Ж.Т ийн нэхэмжлэл, өргөдөл, хавсаргасан нотлох баримтууд болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ****тоот “Нотлох баримт гаргуулах тухай” албан бичгийн дагуу Сүхбаатар дүүргийн газрын албанаас 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ****тоотоор ирүүлсэн архивын баримтуудаас үзэхэд дараах үйлдлүүд нотлогдоогүй байна гэж үзэж байна. үүнд:
-Газрын талбөрийн тухай хууль /1997 он/-ийн 3 ба 9 дүгээр зүйлийн 9.2 болон 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн дагуу тухайн зуслангийн газрыг Улсын цирк гэдэг байгууллага эзэмшсэн, урьд нь эзэмшиж байсан эсэх талаархи албан ёсны нотлох баримт байхгүй.
- Иргэн Жд тухайн зусланг эзэмшүүлсэн тухай Циркийн удирдлагын шийдвэр, баримт материал байгаагүй
-Иргэн И.Жы газар, зуслан мөн гэж батлах өргөдөл, бүртгэл, гэрээ, кадастрын зураг, газрын төлбөрийн баримт, материал байхгүй
-Иргэн И.Жаас иргэн Ж.Т хэзээ, яаж өгсөн тухай 2 хүний хоорондын ямарваа нэгэн гэрээ, хэлцэл, баримтууд огт алга байна.
Хэдийгээр хавтаст хэрэгт авагдсан хувь хүмүүсийн тодорхойлолтоор 1972-1990 онуудад Циркийн зуслан байсан байх магадлалтай боловч 1990-2005 оны хооронд 15 жилийн хугацаанд ямар байдалтай, хэний мэдэлд байсан нь тодорхойгүй байгаагаас гадна 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1 дэх газар эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлсэн талаар ямарваа нэгэн баримтаар нотлох оролдлого, үйл ажиллагааг Улсын цирк гэгч байгууллага нь ч, хувь хүн И.Ж нь ч хийлгүй байсаар 3 жил өнгөрч, 2005 оныг хүргэжээ.
Иргэн Ж.Т нь газар авах тухай өргөдлөө миний өргөдлөөс 3 сар гаруйн дараа, *** дүгээр захирамж 2005 оны 07 дугаар сарын 08-ны д гарснаас хойш 2005 оны 07 дугаар сарын 19-нд өргөдөл /х.х 9 дүгээр хуудас/ гаргасан мөртлөө түрүүлж өгсөн өргөдөл, түрүүлж гаргасан захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 12 жилийн дараа гаргаж байгаа нь бодит үнэнийг санаатай үгүйсгэж, миний хүнд өвчин, удаан хугацааны эмчилгээтэй байдлыг далимдуулан ашиг завшаан хайсан үйлдэл гэж үзэж байна.
Иймээс иргэн Ж.Т ийн нэхэмжлэл, өргөдөлд дурдсан И.Жаас авсан, өгсөн гэх циркийн зуслан гэх үндэслэлүүд 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот захирамжийн надтай холбоотой хэсгүүдийг хүчингүй болгох гэх шаардлага нь хууль, журамд нийцсэн үндэслэл, нотлох баримтгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Л.Ц ийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт хариу тайлбартаа: “Иргэн Ж.Т ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дззргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Л.Ц би дараах нэмэлт тайлбар гаргаж байна.
Нийслэлийн дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж , хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад нэхэмжлэгч Ж.Т нь өөрийн эрх зөрчигдсөн байж болзошгүйг 2010 оноос өмнө мэдэж байсан нь тогтоогдсон байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 лны хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “... иргэн, хуулийн этгээд Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны акт хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтны шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргах, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. 34 дүгээр зүйлийн 34.1-д шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана. 34.1.8-д энэ хуулийн 12.1, 12.2-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн этгээд нь холбогдох захиргааны акт хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтнаас шууд харьяалах, дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргах, түүнчлэн шүүхэд нэхэмжлэх гаргах эрхтэй. Шүүх, нэхэмжлэл гаргагч нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг шүүх хэлээн авахаас татгалзахаар хуульчлагдсан байна.
Харин 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийн Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, ... илт хууль бус болох ... нэхэмжлэлд энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т заасан хугацаа үл хамаарна. Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсгийн “Эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор Захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэх зохицуулалтууд нь тус хуулиуд дагаж мөрдөгдсөн цаг хугацаанаас өмнө гарсан үйл баримт, захиргааны актыг хянаж шийдвэрлэхэд буцааж үйлчлэхэд талаар хуульд тусгайлан заагаагүй тул 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гарсан захиргааны актыг илт хууль бусыг тогтоолгохоор 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2005 онд өргөдлөө өгч шийдвэрлүүлэн миний нэр дээр газрын гэрчилгээ гарсан. Гэтэл энэ хүн миний газрыг авсан, н.Дашдаваагаас худалдаж авсан гэх зүйл яриад байна. Би хүсэлтээ өгч захирамжаар газар авсан” гэжээ.
Гуравдагч этгээд Л.Ц , М.А нарын өмгөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэл хууль зүйл үндэслэл багатай гэж үзэж байна. Нэг газар дээр газрын гэрчилгээ давхардаж гарсан. Л.Ц гуайн газарт Э.Т ийн гэрчилгээ давхардаж гарсан. Л.Ц 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүсэлтээ өгч 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдөр *** дугаар захирамжаар Л.Ц ид газар олгосон. Харин Ж.Т нь 2005 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хүсэлтээ гаргаж 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр газар олгогдсон байна. Циркийн газар гэж ярьдаг нь газар нь ямар нэг байгууллагын нэр дээр байгаагүй, газар төрийн өмч байдаг.
Нэхэмжлэгчийн гэрчүүд өөрийн хэлж байгаа үгээ нотлох үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь нотлогдохгүй байгаа. Ж.Т гуайн шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Энэ үйл явдал 2005 онд болсон тул 2002 он захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар гомдол нэхэмжлэлээ гаргах боломжтой байсан.
Харин одоо 2017 оны шинэ хууль хэрэгжих байна. Т гуай Л.Ц оос өмнө уг газрыг өмчлөгч байсан нь нотлогдохгүй, хавтас хэрэгт байхгүй байгаа зэрэг үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд М.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Ж.Т ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** дүгээр захирамжийн Л.Ц ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй, захиргааны хэрэг нь иргэн М.А миний эрхийг ноцтой зөрчиж байна.
Миний бие 12 жилийн өмнө Л.Ц ид шилжсэн газрыг дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгийн хамт худалдан авсан. Ингээд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаа явуулах гэтэл энэхүү маргаан нь иргэн М.А надад эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгохгүй байна.
Иргэн Ж.Т ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцахад Л.Ц ид биш Ж.Т өөрөө захирамж давхардуулан гаргасан байна гэсэн итгэл төрүүлж байна
Хэрэв энэ маргааны үр дүн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гарвал иргэн М.А надад учрах эд хөрөнгийн хохирлыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга хариуцах ёстой гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн хариуцагч нараас миний эрх ашгийг хамгаалж өгнө үү.
Худалдах, худалдан авах гэрээг хавсаргав.
Шүүх хуралдаанд өмгөөлөгчөө оролцуулна.
Л.Ц ийн өмгөөлөгч П.А шүүх хуралдаанд намайг төлөөлнө.
Шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хийхэд татгалзах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч Ж.Т нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар *** тоот захирамжийн Л.Ц ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ж.Т т Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” дугаар 226 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шаргаморьтод 0.04 га газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Гуравдагч этгээд Л.Ц ид Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” дугаар *** тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтод 0.04 га газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, талбайн хэмжээ өөрчлөх, хамтран эзэмшигч нэмэх тухай” дугаар А/305 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтаар маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод байрлах газрын эзэмших эрхийг Л.Ц оос М.А д шилжүүлсэн байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 226 тоот захирамжаар маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж, Л.Ц ид цаг хугацааны хувьд өмнө нь олгосон газрыг нэхэмжлэгчид давхцуулан олгосон байна.
Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 226 тоот захирамж гарахаас өмнө тус дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар *** тоот захирамжаар Л.Ц ид маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн байна.
Мөн гуравдагч этгээд Л.Ц нь нэхэмжлэгчээс цаг хугацааны хувьд өмнө 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасан байх ба харин нэхэмжлэгч Ж.Т нь 2005 оны 07 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших хүсэлт гаргасан байна.
Дээрх үйл баримтуудаас үзэхэд Л.Ц ийн маргаан бүхий газрыг эзэмшихээр гаргасан хүсэлт, Л.Ц ид газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж нь нэхэмжлэгчийнхээс цаг хугацааны хувьд өмнө болох нь нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь циркын жүжигчин И.Жаас маргаан бүхий газарт байрлах зуслангийн байшинг худалдан авч улмаар уг байшингийн доорх газрын эзэмших эрхийг зохих журмын дагуу шилжүүлэн авсан гэсэн агуулгаар тайлбарлаж байна.
Шүүх И.Жд маргаан бүхий зуслангийн байшинг эзэмших, өмчлөх эрх болон газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн эсэхийг нотлох баримтыг цуглуулах боломжит бүхий л ажиллагаа /цирк, дүүргийн Газрын алба, Үндэсний төв архивт үзлэг хийх, нотлох баримт шаардсан албан бичиг явуулах гэх мэт/-г хийсэн боловч И.Жд маргаан бүхий зуслангийн байшинг эзэмших, өмчлөх эрх болон газрын эзэмших эрх үүссэн нь нотлогдохгүй байна.
Мөн бодит байдалд маргаан бүхий газар дээр амины орон сууцны зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө бодитоор бий болсон болох нь нотлогдож байх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд Л.Ц барьж, бий болгож гуравдагч этгээд М.А д газар эзэмших эрхийн хамт худалдсан байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь тухайн үед буюу 2005 оны үед дүүргийн газрын албанд ажиллаж байсан н.Б, н.У зэрэг хүмүүсийг гэрчээр асууя гэж тайлбарлаж байх боловч тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд дүүргийн Засаг даргыг төлөөлж дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Б.Хадбаатар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, хариуцагчид хадгалагдаж байгаа шаардлагатай бүх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул нэхэмжлэгчийн энэ тайлбар хэрэгт нотолгооны ач холбогдолгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.Т ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** дүгээр захирамжийн Л.Ц ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий Ж.Т ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Т ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ