Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0175

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 74 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 74 дүгээр шийдвэрээр:

“...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/111 тоот Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О давж заалдах гомдолдоо:

“... “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар холбогдох, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/111 тоот “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 0074 тоот шийдвэрээр “Д” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд ингэж шийдвэрлэхдээ нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн , хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/220 тоот тушаалаар Богдхан уулын Түргэний аманд 5 га газар ашиглах эрх авсан бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/11 тоот тушаалаар нэр бүхий 15 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг цуцлах тушаал гаргаж хүчингүй болгоход нэхэмжлэгчийн газар уг тушаалд орсон. Уг тушаалыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэх ажиллагаа хийгдээгүйн улмаас 2019 онд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 923 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлд дурьдагдсан захиргааны актын биелэлтийг 2 сарын хугацаанд түдгэлзүүлж, энэ хугацаанд нэхэмжлэгчийн газрын асуудлыг дахин судалж, газар ашиглах эрхийг олгох эсэхийг шийдвэрлэсэн шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгасан бөгөөд уг хоёр сарын хугацаанд тодорхой шийдвэр гаргахгүй бол “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/11 тоот тушаалын “Деллмарц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцно хэмээн шийдсэн.

Уг шүүхийн шийдвэрт талууд давж заалдах гомдол гаргаагүй тул 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага хангагдсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шүүхийн шийдвэрийг биелүүлж, “Д” ХХК-ийн газрын эрхийг сэргээсэн захирамж гаргах ёстой. Уг асуудлаар бид удаа дараа хариуцагчид болон шүүхэд хүсэлт хүргүүлж хариу шаардсан боловч 2020 оны 6 дугаар сарын сүүл хүртэл бидний хүсэлтэд ямар ч хариу өгөөгүй.

Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэгчтэй холбогдож “танай газрын тушаал гарсан, ирж аваарай” гэсний дагуу 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр очиход 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/111 тоот тушаалаар “Д” ХХК-ийн газрын эрхийг цуцалсан тушаал гардуулсан. Тушаалын дугаар болон огнооны хувьд илт зөрүүтэй санагдсан тул бид уг тушаалыг хүчингүй болгуулахаар дахин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/111 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр уг тушаалтай холбогдуулан “Д” ХХК-д сонсгох ажиллагаа явуулаагүй мөртлөө нэхэмжлэгчийг дуудаж сонсгох ажиллагаа явуулсан тэмдэглэл хуурамчаар үйлдэж ирүүлсэн, уг асуудлыг хариуцаж байсан хуульч ажлаасаа гарсан гэх мэт шалтгаанаар тодорхой баримтууд гаргаж өгөхгүй байсан тул шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байранд очиж, хариуцагчийн баримт бичигт үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр “Д” ХХК-ийн газрын эрхийг дуусгавар болгосон тушаалыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр сайдад танилцуулан гарын үсэг зуруулаад 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөр огноолон дугаарласан болох нь баримтаар нотлогдсон. Ингэхдээ 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл хуурамчаар үйлдэж хэрэгт өгсөн болохыг нотолсон баримтыг нэхэмжлэгчээс гаргаж өгсөн.

Анхан шатны шүүхээс дээрх үйл баримттай холбоотой нотлох баримтуудыг үнэлж, Захиргааны ерөнхий хуулийн 26, 43 дугаар зүйлд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй, нэхэмжлэгчийн маргаж буй тушаалын огноотой холбоотой асуудлыг үзлэгээр баримтжуулж танилцсан, хариуцагчаас энэ талаар тодорхой тайлбар өгч чадаагүй гэж дүгнэсэн мөртлөө, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/248 дугаар “Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай” тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсэд өөрчлөлт оруулж Түргэний амын хязгаарлалтын бүсийг багасгаж, хамгаалалтын бүсийг тэлсэн бөгөөд уг бүсэд “Деллмарц” ХХК-д олгосон газар багтсан тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр өөрийн дархан цаазат газрын дэглэм зөрчин, аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосныг хууль зүйн үндэслэл бүхий болсон гэж шүүх дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн, хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт дахин дүгнэлт хийсэн, түүнийгээ шийдвэрийн голлох үндэслэл болгосон нь уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж бид үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 0074 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Д” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/11 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар шийдвэрээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл уг тушаалыг хоёр сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Үүний дараагаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/111 дүгээр захирамжаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 1, 5, 11 дүгээр хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан “...2017 оны Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай А/248 дугаар тушаалаар тогтоосон Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орсон, дархан цаазат газрын дэглэм хууль зөрчин олгосон...” гэсэн үндэслэлээр анх нэхэмжлэгчид Богдхан уулын Түргэний аманд байрлах 5.0 га газрын ашиглах эрх олгосон 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалыг дахин хүчингүй болгосныг нэхэмжлэгч “Д” ХХК-иас “.... шүүхийн шийдвэрт заасан хугацаанд гаргаагүй буюу огноог урагшлуулан худлаа бичиж, тушаалыг нөхөж гаргасан...” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргаж байна.

Гэвч маргаан бүхий газар нь хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай” А/248 дугаар тушаалын хавсралт Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийн солбилцол, зураг болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06/8713 дугаар албан бичиг бүхий лавлагаа бүхий баримтуудаас үзвэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүстэй давхцалтай болсон байх тул тухайн газрыг “...аливаа иргэн, хуулийн этгээдэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах боломжгүй болсон ...” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” гэж зааснаар хариуцагчаас өөрчлөн тогтоосон дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах газарт дархан цаазат газрын дэглэм болон хууль зөрчин аялал жуулчлалын зориулалтаар олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Хэдийгээр нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг хугацаа урагшлуулан гаргасан хэмээн тайлбарлаж байх боловч энэ нь бүрэн тогтоогдоогүй, нөгөөтэйгүүр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж зааснаар нэгэнт хариуцагч нь газар ашиглах эрхийг хүчингүй болгох тушаал гаргах хуульд заасан эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр байх тул энэ үндэслэлээр уг актыг хууль бус гэж үзэх боломжгүй.

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар шийдвэрээр өмнө маргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/11 дүгээр тушаалыг түдгэлзүүлсэн хугацаанд нэхэмжлэгч “Д” ХХК-ийн газар ашиглах эрх сэргэсэн гэж үзэх боловч захиргааны байгууллага дахин судалж үзсэний үндсэн дээр мөн сайдын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай А/248 дугаар тушаалд нийцүүлэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/111 дүгээр тушаал гаргасан нь үндэслэлтэй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 74 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА