Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2084

 

       Монгол банкны нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/00915 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Монгол банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч “Цөлийн заг” ХХК-д холбогдох

           

Зээлийн гэрээний үүрэгт 361 312 761 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Орших, Б.Эрдэнэхуяг нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Орших, Б.Эрдэнэхуяг 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Сарангэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анод банк” ХХК нь “Цөлийн заг” ХХК-тай 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 200 000 ам.долларыг 12 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлсэн. Ингээд 2004 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусгах ёстой боловч 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрээгээ сунгасан бөгөөд “Цөлийн заг” ХХК нь зээлээ эргэн төлөөгүй. Гэхдээ 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 38 854 ам.доллар, 2010 оны 3 дугаар сарын 18-нд 154,34 ам.долларыг эргэн төлж, үлдэгдэл 160 995 ам.доллар нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулсан зээлийн муу ангилалд орсон. 2014 онд Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчаас Монгол банкны зээлийн гэрээний шаардах эрхийг хүлээж авсан. Тиймээс шаардах эрхийг хүлээж авсан үүрэг гүйцэтгүүлэгч учраас нэхэмжлэл гаргасан. “Цөлийн заг” ХХК нь зээлийн гэрээг байгуулаагүй гэсэн тайлбар гаргадаг. Б.Цэнд-Аюуш нь тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан баримтуудыг Монгол банк гаргаж өгсөн байгаа. Гүйцэтгэх захирлаар н.Цэнд-Аюуш ажиллаж байгаагүй, гарын үсэг минийх биш гэж гэрчээр мэдүүлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэл гаргаж байх хугацааны “Цөлийн заг” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний ард Б.Цэнд-Аюушийг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн тэмдэглэгээ байгаа тул түүнийг ажиллаж байсан гэж үзэж байна. Түүнчлэн 2004 оны нэмэлт гэрээнд “Цөлийн заг” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Буянжаргал нь зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч, 2004 онд гэрээг сунгасан. н.Буянжаргал “Цөлийн заг” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Алтангийн дүү юм. Иймээс хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж үзэж байна. Мөн 2006, 2010 онд зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч 38 854 ам.доллар, 154,74 ам.доллар төлж байсан учраас хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж нэхэмжлэлээ дэмжиж байна.

Нэхэмжлэлтэй холбоотой эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх асуудал “Анод банк” ХХК-ийн удирдлагуудыг шалгах явцад хянагдсан байдаг. Энэ дагуу Улсын дээд шүүх 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээж авахдаа бусад эрүүгийн хэргийн журмаар шалгаж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2013 оны 11 дүгээр сарын 13-нд банкны эрх хүлээн авагч нэхэмжлэлийг дахин гаргасан. Учир нь: Улсын дээд шүүхийн тогтоолоор энэ хэрэг эцэслэн шийдэгдсэн. Энэ тогтоолд “Цөлийн заг” ХХК болон бусад 11 компанитай холбоотой асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй, эрүүгийн хэрэгт холбогдолгүй гэсэн байдаг. Үүний дагуу Улсын дээд шүүхийн тогтоолыг Ерөнхий шүүгч хянаад иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн хариуг өгсөн. Иймд Иргэний хуулийн дагуу 2 талын хүсэл зориг нийлж зээлийн гэрээ байгуулж бэлэн валютын зарлагын баримтаар тухайн үеийн “Цөлийн заг” ХХК-ийн төлөөлөгчид энэ мөнгө олгогдсон байх тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Монгол банкнаас 2003 оны 12 дугаар сарын 31-нд “Цөлийн заг” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Алтан нь Анод банкны үүсгэн байгуулагч болсон байдаг. Энэ хугацаандаа гаргаж өгсөн баримтууд дээр “Цөлийн заг” ХХК өөрийнхөө дансанд 1,1 тэрбум орчим төгрөгийн бэлэн мөнгөтэй гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Зээл авсныхаа дараа Монгол банкинд гаргаж өгсөн баланс дээрээ бэлэн мөнгөний баримтыг тусгаж өгсөн учраас манайхаас мөнгө авч байснаа хүлээн зөвшөөрөөд татварын хэлтэст гаргаж өгсөн баримтанд тусгасан гэж ойлгож байгаа. Иймээс хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж үзэн, үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

    Хариуцагч “Цөлийн заг” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч Л.Сарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анод банкнаас 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Цөлийн заг” ХХК нь 00030407 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл аваагүй болох нь Анод банкны удирдлагуудад холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад гаргасан шинжээчийн 2011 оны 1877 тоот дүгнэлтээр тогтоогдсон байхад иргэний журмаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн Анод банкны эрх хүлээн авагч нь 2004 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 00030591а тоот гэрээний хугацаа сунгахыг хүссэн нэмэлт гэрээг хавсаргасан дээрх 00030407 тоот зээлийн гэрээтэй хамааралгүй. Анод банкны Тэргүүн дэд захирал Э.Гүр-Аранз тус компанид “2005 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 02/325 тоотоор тайлбар гаргасан. Нэгэнт тухайн үед зээлийн гэрээг хийсэн Анод банк тухайн зээлийг тус компани аваагүйг гэрчилсээр байхад Анод банкны эрх хүлээн авагч нар тус компаниас эрүүгийн болон иргэний журмаар дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Анод банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбарыг гаргаж байна.

1. 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0730400 тоот гэрээний дор Б.Цэнд-Аюушийн бланкан дээр бөглөсөн зээл хүсэгчийн овог нэр, регистр, иргэний үнэмлэхний дугаар гэсэн бичлэгүүд байна. Овог гэдгийн ард Б гэсэн мөн регистрийн дугааргүй, үнэмлэхний дугааргүй гэрээ байдаг. Энэ нь гэрээний шаардлага хангаагүй хурамч баримт гэдгийг нотолж байгаа.

2. Зээлийн хүү төлөлтийн хуваарь дээр зээлдэгч нь тамга дараагүй гарын үсэг ч зураагүй, хоосон байдаг.

3. Анод банкны зээлийг бэлнээр олгосон тухай 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн валютын зарлагын 407 тоот баримтанд гарын үсэг зураагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр батлагддаг. Мөнгө хүлээж авсан хүний гарын үсэг харагдахгүй байгаагийн зэрэгцээ мөнгө хүлээн авсан талд дарагдсан тамга Анод банкны тамга байгаа нь хэргийн 157 дугаар талд хэн мөнгө хүлээж авсан нь тодорхой байна.

4. Анод банкинд зээл төлж байсан тухай нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зээл бэлнээр төлсөн баримтын зээл төлсөн талд зурагдсан гарын үсэг байгаа. Энэ гаргацгүй тамгууд нь Анод банкны тамга байдаг /хх-183-186/. “Цөлийн заг” ХХК-ийн тамга дөрвөлжин, санхүүгийн тамга гурвалжин юм. Иймд Анод банкны тамга байна.

5. Анод банкны 2005 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02325 тоот албан бичигт “Цөлийн заг ХХК-ийн нэр дээр байгаа 2000 ам.долларын зээлийг бодит байдлаар “Цөлийн заг” ХХК аваагүй тул Анод банкны хүсэлтээр үйлдэгдсэн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх асуудал тус компанитай холбоогүй болно” гэсэн байдаг. Үүнийг хэргийн 64 дүгээр хуудсанд байгаа шүүхийн тогтоолд “бусдын нэрийг ашиглан зээл олгох шийдвэр гаргах замаар 36 иргэний 40 тэрбум төгрөгийн зээлийг хууль бусаар авсан байна” гэж Гүр-Аранзад ял шийтгэсэн. Тиймээс зээл аваагүй нь энэ баримтаар тогтоогдож байна. Мөрдөн байцаалтын шатанд Анод банкны зээлийн эдийн засагч Э.Пагмадорж зээлийн судалгаа хийгээгүй гэдгээ мэдүүлсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн газар барьцаалсан эд хөрөнгийг бүртгүүлээгүй. Зээлийн 200 000 ам.долларыг хэнд өгснөө мэдэхгүй байна гэж мэдүүлжээ. Үүнээс үзэхэд Анод банк өөрсдөө авсан болох нь энэ олон баримтуудаар тогтоогдож байхад нэхэмжлээд байгаа нь утгагүй. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар “Цөлийн заг” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 361 312 761 төгрөг гаргуулахыг хүссэн Монгол банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Орших, Б.Эрдэнэхуяг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримт бүрдүүлээгүй, шүүх хуралдаан явуулахдаа хариуцагчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нотлох баримт гаргаж өгснийг хүлээн авч, нэхэмжлэгчид танилцах хариу тайлбар гаргах боломж олгоогүйгээс хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчснөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1. Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт бүрдүүлэх, шинжилгээ хийлгэх хүсэлтийг хүлээн авсан ч нотлох баримт дутуу бүрдүүлсэн. Монгол банкнаас хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтуудыг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 02 дугаар сарын 05, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус тус хүсэлт гаргасан. Үүнд: Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархасаас тус шүүхэд "Анод банкны 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 407 тоот валютын зарлагын ордерын хүлээн авсан хэсэгт зурагдсан н.Цэнд-Аюуш гэсэн гарын үсгийг бусад этгээд зурсан эсэх, 00030407 тоот зээл, барьцааны гэрээнд дарагдсан "Цөлийн заг” ХХК-ийн тамга нь тус компанийн тамга мөн эсэх... хэргийг хянан шийдвэрлэхэд дээрх баримт шаардлагатай байгаа тул хүсэлтийг хангаж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 14864 дугаар захирамжаар шинжээч томилж, хүсэлтийг хангасан. Гэвч уг захирамжид 2003 оны валютын зарлагын ордерын огноог "2013 оны" гэж буруу бичсэнээс Үндэсний төв архивын газраас "2013 оны" баримт байхгүй байна гэсэн хариу ирүүлж, үүнээс шалтгаалж шинжээчийн дүгнэлт гараагүй. Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуульд заасны дагуу захирамжийн алдааг залруулж, холбогдох шинжилгээ хийлгэх, дүгнэлт гаргуулах асуудлыг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан боловч шүүгч "...шинжээчтэй утсаар ярьсан, дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн, хэргийг шийднэ" гэх тайлбарыг нэхэмжлэгчид өгч хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй буюу өмнө гаргасан шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн. Ийнхүү нотлох баримтыг дутуу бүрдүүлснээр Анод банк болон хариуцагч "Цөлийн заг" ХХК-ийн хооронд 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан "Зээлийн гэрээ"-нд "Цөлийн заг" ХХК тамга дарж, гэрээ байгуулсныг нотолж, шүүхээс үнэлэх боломжгүй болсноос уг гэрээг байгуулагдаагүй гэж дүгнэхэд хүргэсэн.

2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж шийдвэр гаргасан.

а/ "Цөлийн заг" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх Б.Цэнд-Аюушийн нэрийн өмнөөс өөр этгээд зээлийн гэрээнд гарын үсэг зурж, мөнгө авсан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй үүднээс уг хэргийг шалгуулахаар Монгол банкнаас Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газарт 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-10/1114 дүгээр албан бичгээр хэрэг шалгуулах тухай хүсэлтийг хүргүүлсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хэргийг түдгэлзүүлэх үндэслэл болсон байхад шүүгч дээрх хэргийг шалгасан тухай дүгнэлт, албан ёсны хариу ирээгүй байхад хэргийг түдгэлзүүлэлгүйгээр шийдвэрлэсэн.

б/ 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч тал "Цөлийн заг" ХХК-ийн өмгөөлөгч “Анод банк" ХХК-ийн зээлийн эдийн засагч гэх нэр бүхий ажилтны Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газарт гаргасан мэдүүлгийг шүүх хуралдааны үед гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байхад, шүүгч хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн. Мөн дээрх заалтын дагуу шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, шинээр гаргасан нотлох баримттай нэхэмжлэгч тал танилцах, тайлбар гаргах эрхээр хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчснөөс гадна нэхэмжлэгчийн "эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх" эрхийг ноцтой зөрчсөн.

в/ “Цөлийн заг" ХХК-иас 2004 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 00030407-а дугаар "Хугацаа сунгасан нэмэлт гэрээ"-г Анод банктай байгуулж 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 0030407 дугаар "Зээлийн гэрээ"-ний хугацааг 5 сараар сунгасан бөгөөд уг гэрээнд зээлдэгч "Цөлийн заг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Буянжаргал гарын үсэг зурж, компанийн тамгыг дарж өмнө байгуулсан "Зээлийн гэрээ"-ний үүргээ хүлээн зөвшөөрсөн байхад уг нотлох баримтыг огт үнэлээгүй, зөвхөн хэрэгт авагдсан, хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг буюу нэхэмжлэлийн шаардлагын үгүйсгэх нөхцөл байдлыг барьж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

г/ Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "Цөлийн заг" ХХК нь Анод банкнаас зээл авсны дараа татварын байгууллагад гаргаж өгсөн санхүүгийн тайлан тэнцэлд 1 тэрбум гаруй хэмжээний бэлэн мөнгийг тусгасан бөгөөд Анод банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхээр Монгол банкинд гаргаж өгсөн баримт бичигт компани дээрх хэмжээний мөнгөтэй гэдгээ нотолсон зэрэг "Цөлийн заг" ХХК-ийн зээлийн  гэрээ байгуулж, бэлэн валютын зарлагын ордероор 200 000 ам.доллар буюу 233 000 000 төгрөгийг бэлнээр авсантай цаг хугацаа, утга агуулгын хувьд хамааралтай байхад уг үйл баримтыг шийдвэртээ харгалзан үзээгүй нь нотлох баримтыг үнэлэх талаар хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн эс үйлдэл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч “Цөлийн заг” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 361 312 761 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээл аваагүй гэж маргажээ.

 

“Анод банк” ХХК, “Цөлийн заг” ХХК-ийн хооронд 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 00030407 тоот зээлийн болон барьцааны гэрээнд  “Цөлийн заг” ХХК-ийг төлөөлөн тус компанийн захирал Д.Цэнд-Аюуш гарын үсэг зурсан баримт, мөн Анод банкнаас “Цөлийн заг” ХХК-д 200 000 ам.доллар хүлээлгэн өгсөн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байх ба анхан шатны шүүх дээрхи баримтуудыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгожээ.

 

Дээрхи баримтууд нь талуудын хооронд үйлдэгдсэн байх бөгөөд шүүх баримтуудыг өөр хэргээс хуулбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хуулбар үнэн тэмдэг дарж буй байгууллагын өөрийнх нь баримт байх шаардлагад хамаарахгүй байна.

 

 Иймд эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас нь 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ”00030407 тоот зээлийн болон барьцааны гэрээнд ”Цөлийн заг” ХХК-ийн захирал Б.Цэнд-Аюуш гэсэн зээлдэгч талын гарын үсэг, мөн зээлдүүлэгч Анод банкны 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн валютын зарлагын ордерын хүлээн авсан хэсэгт зурагдсан гарын үсэг “Анод банк” ХХК-ийн тэргүүн дэд захирал Э.Гүр-Аранзынх мөн эсэх, 00030407 тоот зээлийн болон барьцааны гэрээнд дарагдсан “Цөлийн заг” ХХК-ийн тамга тус компанийн тамга мөн эсэх” талаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж /1 хав 195/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 14864 дүгээр захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилжээ /1 хав 196-197/.

 

Уг шүүгчийн захирамжид 2003 оны зээлийн болон барьцааны гэрээ, валютын зарлагын ордерын баримтын огноог “2013” гэж буруу бичсэнээс Үндэсний архивын газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03/300 тоот албан бичгээр “Анод банкны төвийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн мемориалын баримтыг шүүж үзэхэд “Цөлийн заг” ХХК-д холбогдох баримт байхгүй байна” гэж хариу ирүүлсэн байна /1 хав 222/.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 04/1035, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 04/1277 тоотоор “Э.Гүр-Аранзын гарын үсгийн хэв загварыг хангалттай ирүүлээгүй тул шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй” /1 хав 227-228/ гэсэн нь шинжээч томилсон захирамжийн үйлчлэл дуусгавар болсон гэж үзэхгүй юм.

 

Шинжээчийн дүгнэлт гаргахад саад болж байгаа нөхцөл байдлыг арилгахгүйгээр шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан зохигчийн гаргасан хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Түүнчлэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч талаас шинээр гаргасан 4 хуудас нотлох баримтыг нэхэмжлэгчид танилцуулсан баримтгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг нэхэмжлэгчид олгоогүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчмыг хангаагүй гэж үзнэ.

 

Мөн нэхэмжлэгч талаас Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгүүлэх тухай гаргасан гомдол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл үүссэн  гэж  үзэн  хүсэлт  ирүүлсэн  нь Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн  80.1.4  дэх  хэсэгт  заасан  үндэслэлд

 

хамаарахгүй буюу эрүүгийн хэрэг үүсгэсэн баримт хэрэгт авагдаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар “Цөлийн заг” ХХК болон үүсгэн байгуулагч Г.Алтан нарыг тодорхойлсон боловч шүүх “Цөлийн заг” ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба хэн аль нь энэ талаар гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/00915 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                        ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                              Д.БАЙГАЛМАА