Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 224

 

Д.Баттогтох, Н.Отгонжаргал нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр,

хохирогч Б.Хангарьд,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 403 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 370 дугаар магадлалтай, Д.Баттогтох, Н.Отгонжаргал нарт холбогдох эрүүгийн 201526012156 дугаартай хэргийг хохирогч Б.Хангарьд, түүний өмгөөлөгч Д.Өлзийбаяр нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бичээч овогт Доржсүрэнгийн Баттогтох нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Баяуд овогт Навааны Отгонжаргал нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Д.Баттогтох, Н.Отгонжаргал нарын “2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр бусдын эд хөрөнгийг бүлэглэн, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авч 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож,

Д.Баттогтох, Н.Отгонжаргал нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар авч 4.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Д.Баттогтоход эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 сар баривчлах ял, Н.Отгонжаргалд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Д.Баттогтох, Н.Отгонжаргал нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.Баттогтохоос 1.900.000 төгрөг, Н.Отгонжаргалаас 1.900.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Хангарьдад олгож, Д.Баттогтохын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Н.Отгонжаргалын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Отгонжаргалд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Н.Отгонжаргалыг цагаатгасугай” гэж, Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Баттогтоход Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэж, “Д.Баттогтоход холбогдох Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн заалтыг тус тус нэмж, шийтгэх тогтоолын 3, 5 дахь заалтыг бүхэлд нь, 9 дэх заалтын “Н.Отгонжаргалын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, 2 дахь заалтыг “Шүүгдэгч Д.Баттогтохыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авч, бусдад 4.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай” гэж, 8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан Д.Баттогтохоос 3.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хангарьдад олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Д.Баттогтохыг нэн даруй суллаж, Д.Баттогтох нь энэ хэрэгт 48 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Б.Хангарьд нь хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… шүүгдэгч Д.Баттогтох түүний эхнэр Н.Отгонжаргал нарыг таньдаг болсноос хойш их хэмжээгээр тус болж байсан. Гэтэл тусыг усаар гэгчээр Д.Баттогтох, Н.Отгонжаргал нар нь өнөөдөр намайг бага бус хэмжээгээр хохироочихоод ичих ч үгүй намайг буруутгаад худал мэдүүлэг өгөөд явж байна. Д.Баттогтох, Н.Отгонжаргал нар нь анхнаасаа намайг хуурч залилсан гэдгийг Н.Отгонжаргалын найз Хишигжаргал, Бархас-Од нараас сонсож мэдсэн юм. Анх Д.Баттогтох нь хуурамч жолооны үнэмлэхээр Д.Батхүү гэдэг нэрээр үйлчлүүлж, өөрийгөө танилцуулж байсан. Гэтэл энэ хүний нэр Д.Баттогтох гэдгийг сүүлд гэрээ байгуулахад мэдсэн. Үүнээс үзэхэд анхнаасаа хуурамч бичиг баримт хэрэглэн хуурч мэхлэх зорилготой байсан нь харагддаг. Д.Баттогтох, Н.Отгонжаргал нар анхнаасаа бага багаар миний итгэлийг олоод иргэд хоорондын гэрээг ашиглан залилан хийх санаатай байж түүнийгээ хэрэгжүүлсэн нь сүүлд энэ хоёрын надтай харьцах харилцаа болон яриа мөн түүнчлэн байцаалтанд өгсөн мэдүүлгүүдээр нь нотлогддог. Мэдүүлгүүд нь бүгд худал. Би энэ хоёрт урьд нь өндөр хүүтэй мөнгө зээлж байгаагүй атал өндөр хүүтэй мөнгө зээлдэг байсан гэж мөн 1, 2 сая төгрөг өгье гэтэл намайг авдаггүй байсан гээд дандаа худал мэдүүлэг өгсөн. Тэгж худал мэдүүлэг өгөхийн оронд үнэнээ хэлээд уучлалт гуйж болдоггүй юм байхдаа. Өнөөдөр би зүгээр байсан хүмүүсийг гүтгээд худал яриад хэрэгт холбогдуулаагүй, тийм шаардлага ч байхгүй. Д.Баттогтох, Н.Отгонжаргал нар иргэд хоорондын гэрээгээр халхавчилж бага бус хэмжээгээр хүмүүсийг залилж байгаа энэ үйлдлийг зогсоож, зүгээр сууж байгаад хүмүүсийн зовж хөдөлмөрлөж хураасан хөрөнгийг худал ярьж, залилж, хуурч мэхэлж байгаад авч болдоггүй гэдгийг тэдэнд ойлгуулахгүй бол дараа дараагийн над шиг хохирогчийг үүсгэж болзошгүй. Иймд хэргийг хянан шүүж иргэн Б.Хангарьд намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Өлзийбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “…  анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байхад давж заалдах шатны шүүх Д.Баттогтох, Н.Отгонжаргал нарыг бүлэглэж гэмт хэрэг хийгээгүй, “Меланж” ломбардтай Н.Отгонжаргал биш Д.Баттогтох зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан, Н.Отгонжаргал өөрийн нөхөр Д.Баттогтохтой тухайн үед машинаар цуг очсон, 1 удаа өөрийн данснаас нөхөр Д.Баттогтохын зээлийн хүүг төлсөн, гэр бүлийн хүнийхээ хувьд бизнесийн үйл ажиллагааг дэмжиж хамт явсныг эрүүгийн гэмт хэрэг үйлдэх субьектив санаа зорилго агуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй харин өөрийхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, хэргийн талаар заавал үнэн зөв мэдүүлэх үүрэггүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэгт ач холбогдол өгч Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт зарчмыг алдагдуулж гэм буруутай этгээдүүдэд ял завшуулж жирийн нэгэн иргэн хохироод үлдэж байгааг эрс эсэргүүцэж байна. Д.Баттогтох, Н.Отгонжаргал нар бүлэглэн 70 айлын цонхны захиалга авсан, мөнгө хэрэгтэй байна гэж “Керби” брэндийн хивс цэвэрлэгээний төхөөрөмжийг барьцаалж 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 4.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсаныхаа дараа барьцаа хөрөнгийг мэргэжлийн хяналтын газар үзүүлчихээд буцаагаад авчирч өнгө гэж худал хэлэн буцаан авч зээлийн гэрээгээр халхавчлан, урдын харилцааг ашиглан итгэл эвдэж Б.Хангарьдад хохирол учруулсан. Б.Батгогтох, Н.Отгонжаргал нар Б.Хангарьдаас авсан мөнгийг авсан зорилгоосоо өөр зүйлд зарцуулсан, барьцаа хөрөнгийг өөрсдийн хөрөнгө гэж барьцаанд тавьсан боловч уг хивс цэвэрлэх төхөөрөмжийг нь Хишигжаргал зээлээр авсан байсан, барьцаа хөрөнгийг мэргэжлийн хяналтын газарт үзүүлчихээд өгнө гэж итгүүлэн авч яваад буцааж өгөөгүй, зээлийн гэрээг Б.Баттогтохын нэрээр хийсэн боловч тухайн гэрээ хийх, мөнгө зээлэх, барьцаа хөрөнгө тавих, буцааж худал хэлж авч явахад Б.Баттогтохтой үйлдлээрээ нэгдэн хамтран оролцсон Н.Отгонжаргалын идэвхтэй үйлдэл байсан гэдгийг нотлох хангалттай нотлох баримтууд байхад Б.Хангарьдын мэдүүлгээс өөр түүний үйлдлийг нотолсон баримт байхгүй гэж үзсэн нь нотлох баримтыг бүрэн бодитой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзэхээр байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл “... Д.Баттогтох, Н.Отгонжаргал нар нь бүлэглэн “Миланж” ломбарднаас 6.130.600 төгрөгийг зээлийн гэрээгээр халхавчилж, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан талаарх хавтаст хэрэгтэй танилцахад 3.700.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулахдаа хүүг тооцсон эсэх нь эргэлзээтэй байсан учраас энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийн материалаас Д.Баттогтох, Н.Отгонжаргал нар нь бүлэглэн уг гэмт хэргийг үйлдсэн гэх субьектив санаа зорилго харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Д.Баттогтох нь 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Melange” барьцаалан зээлдүүлэх газрын эзэн Б.Хангарьдаас 4.000.000 төгрөг зээлж, зээлийн гэрээ байгуулахдаа өөрийн найз Хишигжаргалын зээлээр худалдаж авсан “Kirby” хивс цэвэрлэгч төхөөрөмжийг барьцаалж, улмаар “мэргэжлийн хяналтын газраас шалгах гээд байна” гэж хуурч мэхлэн барьцаалсан хөрөнгийг буцааж аваад зээлийг төлөлгүй залилан мэхэлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдсон талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Баттогтохыг ганцаараа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, түүний эхнэр Н.Отгонжаргал нь “тухайн үед машинаа бариад цуг очсон, 1 удаа өөрийн данснаас зээлийн хүүг төлсөн болон гэр бүлийнхээ бизнесийн үйл ажиллагааг дэмжиж явсныг гэмт хэрэг үйлдэх субьектив санаа зорилго агуулсан үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, хохирогч Б.Хангарьдын мэдүүлгээс өөр түүний үйлдлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэж Н.Отгонжаргалд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Д.Баттогтоход холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Н.Отгонжаргал нь гэмт хэрэг хамтран үйлдэхээр өөрийн нөхөр Д.Баттогтохтой урьдчилан үгсэж тохиролцсон эсхүл урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн гэх үйл баримт нотлогдоогүй байх тул хохирогч Б.Хангарьдийн “... хэргийг үнэн зөвөөр хянан шүүж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү”, түүний өмгөөлөгч Д.Өлзийбаярын “... давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 403 дугаар шийтгэх тогтоол түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 370 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Б.Хангарьд, түүний өмгөөлөгч Д.Өлзийбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

    ДАРГАЛАГЧ,

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Т.УРАНЦЭЦЭГ

    ШҮҮГЧ                                                                           Б.ЦОГТ