Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 212

 

В.Ганзоригийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 869 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 265 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор В.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Авто тээврийн үндэсний төвд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч В.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Lexus-570 маркийн автомашинд 30-30 УНҮ улсын дугаарыг Авто тээврийн үндэсний төвөөс гэрчилгээ бичүүлэн авсан юм. Гэтэл Авто тээврийн үндэсний төв надад олгосон 30-30 УНҮ дугаарыг Toyota Harrier маркийн автомашинд давхардуулан олгоод, олгосон он, сар, өдрийг нь надаас өмнө захиалж авсан мэт ойлголт төрүүлэхийн тулд 2012 оны 07 дугаар сарын 23 хэмээн бичсэн байна. Иймд 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Toyota Harrier автомашинд олгосон 30-30 УНҮ улсын дугаар, гэрчилгээг хүчингүй болгоно уу гэжээ.

Хариуцагч Авто тээврийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: В.Ганзориг нь 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Lexus-570 маркийн автомашиныг улсын хилээр оруулан ирж 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Авто тээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ын тээврийн хэрэгслийн бүртгэлийн газарт бүртгүүлэн 1544 УНҮ улсын дугаарт бүртгэгдсэн байдаг. Уг тээврийн хэрэгсэл өнөөдрийг хүртэл 1544 УНҮ улсын дугаартай гэсэн бүртгэлтэй байна. УНҮ тээврийн бүртгэлийн улсын дугаарыг Замын цагдаагийн газраас олгодог байсны дагуу Toyota harrier маркийн тээврийн хэрэгсэл нь 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр улсын хилээр нэвтэрч 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Замын цагдаагийн газрын Гэрэлмаа гэдэг мэргэжилтэн бүртгэж 30-30 УНҮ улсын дугаар олгогджээ. Одоо тухайн тээврийн хэрэгслийг С.Урантөгс эзэмшиж байна. Иймд В.Ганзоригийн эзэмшлийн Lexus-570 маркийн автомашинд 30-30 УНҮ улсын дугаар олгогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд С.Урантөгс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2013 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр иргэн А.Янтайсүрэнгээс 30-30 УНҮ улсын дугаартай Toyota Harrier маркийн авто машиныг худалдах, худалдан авах авах гэрээ хийсний дагуу 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Авто тээврийн үндэсний төвийн “Хөсөг Трейд” ХХК-ийн байран дахь салбар дээр өөрийн биеэр очин уг авто машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болно. Дээрх хугацаанаас хойш тус авто машины засвар үйлчилгээ, оношилгоо, татвар, даатгал зэргийг цаг тухайд нь хийж байсан ба түүгээр ч барахгүй зам тээврийн зөрчил гарган торгуулийн хуудас авч тухай бүрт төлж барагдуулж байсан. Гэвч 2015 оны 6 дугаар сард нэгэн үл таних хүн чи бид хоёрын авто машины улсын дугаар давхардсан байна хэмээн утсаар залгах болсон. 30-30 УНҮ улсын дугаартай Toyota Harrier маркийн авто машиныг би улсын дугаарт нь дурлан худалдан авч байсан. Иргэн В.Ганзоригийн гаргасан нэхэмжлэлийн дагуу миний авто машины улсын дугаар, гэрчилгээг хүчингүй болговол би гомдолтой байгаагаа энэ тайлбараар илэрхийлж байна гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 869 дүгээр шийдвэрээр: Авто тээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.2-т заасныг баримтлан Авто тээврийн үндэсний төвд холбогдуулан гаргасан “2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Toyota Harrier автомашинд олгосон 30-30 УНҮ улсын дугаар, гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий иргэн В.Ганзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 265 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 869 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч В.Ганзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Тоуоtа hariier маркийн автомашинд 30-30 УНҮ улсын дугаарыг 2012 оны 7 дугаар сарын 23-нд олгосон гэдэг боловч хэрэгт байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр өгсөн тайлбар, улсын дугаарын өмнөх өмчлөгчийн жагсаалтаар 3030 УНҮ улсын дугаарыг Х.Мөнхзулд 2012 оны 7 дугаар сарын 23-нд биш, харин 2012 оны 9 дүгээр сарын 05-нд олгосон болох нь тогтоогддог.

2. 1544 УНЧ улсын дугаарыг анх В.Ганзоригийн LEXUS-570 маркын  автомашинд авсан  байхад 1544 УНҮ улсын дугаарын  өмчлөгчийн  лавлагаануудыг хэргийн материалд авсан байдаг. Авто тээврийн үндэсний төвөөс ирсэн баримтуудад В.Ганзоригийн 1544 УНҮ улсын дугаарыг эзэмших эрх хэзээ дууссан болон тус дугаарыг хэн хэн өмчилж байсан талаар дэлгэрэнгүй түүхийг харуулсан баримтууд байдаггүй, шүүхээс ч гаргуулаагүй.

3. Мөн Хавтаст хэрэгт шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлд “Авто тээврийн үндэсний төвийн архивын шинэ төв 2012 оны 9 дүгээр сарын /589-639/ бүртгэлийн хувийн хэрэг бүхий хавтаснаас 30З0 УНҮ улсын дугаар бүхий Тоуоtа Наrrier маркийн тээврийн хэрэгслийг бүртгэх маягтыг тус тус хувилан нотлох баримтын шаардлага хангуулан авав” гэжээ.

Үүнээс үзэхэд Тоуоtа Нагiier маркийн тээврийн хэрэгслийг 2012 оны 9 дүгээр сард 3030 УНҮ улсын дугаарыг авсныг харуулж байна.

4. Гэтэл анхан шатны шүүхээс үзлэг хийхдээ тус үзлэгт авагдсан 106, 107 дугаар хуудас дахь нотлох баримтаас гадна тус маргааны гол үндэслэл болсон   улсын дугаарыг бүртгэсэн хугацааг хууль ёсны дагуу бүрэн гүйцэд тогтоогоогүй буюу Авто тээврийн үндэсний төвийн архиваас 2012 оны 9 дүгээр сарын бүртгэлийн 589-639 дугаар бүхий баримтыг бүхэлд нь нотлох баримтаар хэрэгт аваагүй байна.

Тус баримтад Тоуоtа Нагiier маркийн тээврийн хэрэгсэл 3030 УНҮ дугаарыг 2012 оны 9 дүгээр сарын 05-нд бүртгүүлж авсан баримт байгаа болно.

5. 2015 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн шүүх хурал дээр В.Ганзориг миний бие “анхны эзэмшигч болох Х.Мөнхзулын нэр дээр гарсан авто тээврийн гэрчилгээний хуулбарыг гаргуулах тухай хүсэлт, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн цагдаагийн "Автомашин журамласан тухай" 2015 оны 6 дугаар сард хөтөлсөн протоколыг гаргуулах тухай хүсэлтийг тус тус гаргасан боловч шүүгч дээрх 2 хүсэлтийг хангаагүй шүүх хурлыг хийж, миний эрх ашгийг зөрчсөн. Учир нь анх 3030 УНҮ улсын дугаар давхардаад байна гэдэг шалтгаанаар тус замын цагдаагийн байцаагч намайг дуудсанаар бичиг баримт хурааж авсан. Миний дараа гуравдагч этгээд С.Урантөгс орсон. Үүний дараа тус байцаагчаас утсаар асуухад “тус 3030 УНҮ улсын дугаар нь В.Ганзориг танд түрүүлж олгогдсон байна, протокол үйлдсэн байгаа Авто тээврийн үндэсний төв асуудлыг чинь шийдвэрлэнэ тэндээс бичиг баримтаа аваарай” гэсэн. Гэтэл энэхүү чухал нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргахад шүүхээс татгалзаж шийдвэрлэсэн нь шүүхээс нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүйн улмаас намайг хохироосон гэж үзэж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч В.Ганзориг нь Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “Toyota Harrier” машинд олгосон 30-30 УНҮ улсын дугаар, гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, “уг дугаарыг түрүүлж эзэмшсэн” хэмээн маргажээ.

Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.2-т автотээврийн хэрэгслийн улсын дугаар олгох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зохицуулж, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дүгээр тушаалаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 1.3.3-т тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаарыг олгох, нэгдсэн бүртгэл хөтлөх ажиллагааг зохицуулсан байна.

Маргаан бүхий дугаарыг захиргааны байгууллага анх 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Х.Мөнхзулд олгосон болох нь Тээврийн хэрэгслийн бүртгэх маягтаар тогтоогдож байх ба харин нэхэмжлэгчид 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр уг дугаарыг давхардуулан олгосон байх тул “нэхэмжлэгчээс өмнө гуравдагч этгээдэд дугаар олгогдсон” тухай анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгчийн “он сар өдрийг надаас өмнө авсан ойлголт төрүүлэхээр өөрчилсөн, нотлох баримтыг бүхэлд нь аваагүй, гуравдагч этгээд 2012 оны 9 дүгээр сарын 5-нд бүртгүүлж авсан баримт байгаа” гэх гомдлын тухайд:

Захиргааны байгууллагаас маргаан бүхий улсын дугаарын бүртгэлийн дугаарыг өөрчилсөн болох нь нотлогдоогүйгээс гадна хэрэгт авагдсан 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Тээврийн хэрэгслийн бүртгэх маягтаар тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэх хангалттай үндэслэл болж чадахгүй байна. Учир нь энэхүү 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлээр гуравдагч этгээдэд уг дугаарыг эзэмших эрх үүссэн байдаг.

Мөн нэхэмжлэгчийн “байцаагчаас утсаар асуухад дугаар танд түрүүлж олгогдсон байна гэж хэлж байсан, тухайн үед үйлдэгдсэн протоколыг хэрэгт цуглуулаагүй” гэх гомдол хэрэгт шууд ач холбогдолгүй,  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар протоколд бичигдсэн үйл баримтаас илүүтэйгээр дугаарыг эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн он сар өдрөөр маргааны үйл баримтыг тооцох ёстой.

Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 869 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 265 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН

        ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ