Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 1238

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/01097/и/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, тоотод оршин суух Б** Ж/РД: ТЗ***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** багт байрлах Т*** банкны ********  салбарт холбогдох,

 

"Т*** банкны ******** салбарын захирлын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ж***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ж*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Дархан-Уул аймгийн Т*** банкны харилцааны ахлах менежерээр ажиллаж байна. Би ажиллаж байх хугацаандаа банкны дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл гаргаж байсангүй. Мөн хувийн ашиг сонирхлын үүднээс ажил үүргээ гүйцэтгэж байгаагүй. Би 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ээлжийн амралтаа авсан. Амралттай байх хугацаандаа Дархан-Уул аймгийн орон нутгийн сонгуульд өрсөлдөх шаардлагатай болсон. Намайг амралттай байх хугацаанд Т*** банкнаас Дархан салбарт хяналт шалгалт хийж тухайн хяналт шалгалтыг ахлаж байсан Б*** сахилгын шийтгэл оногдуулах саналын хуудас захирлын зөвлөлд өгсөн байдаг. 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн захирлын зөвлөлөөр хуралдаж миний цалинг 20 хувь бууруулах  сахилгын шийтгэл оногдуулахаар болж уг тушаал нь 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр гарсан байдаг. Энэхүү тушаалыг гаргахдаа тухайн хийгдсэн хяналт шалгалтын газрын акт, хянан шалгагчийн саналын хуудсыг үндэслээгүй. Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн дотоод журам, салбарын захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэж оногдуулсан байдаг. Тушаалын үндэслэх хэсэгт байгаа *** нарт олгосон 3 зээлийг онцолж тушаалын үндэслэл болгосон байдаг. Уг 3 зээл нь миний гардаж судалсан зээл биш. Х.О*** д Т*** банкны Дархан-Уул салбарын харъяа Зах тооцооны төвийн зээл олгосон, А.М*** д Т*** банкны Дархан-Уул салбарын харъяа Тосгон тооцооны төвийн, Я.Ү*** д Т*** банкны Дархан-Уул салбарын олгосон зээлүүд юм. Тухайн тооцооны төвүүд дээр 50 000 000 хүртэлх зээлийг судалж тухайн тооцооны салбарын зээлийн хорооны хурлаар олонхийн саналаар шийдвэрлэж олгодог. Я.Ү*** д олгосон зээлийн Салбарын хорооны 5 гишүүний бүрэлдэхүүнтэй хамтын шийдвэрээр олгосон. Иймд тушаалын үндэслэл болж байгаа зээлүүд нь миний шууд оролцоо байхгүй байна.  Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 94 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Т*** банкны Дархан-Уул салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т*** банкны Дархан-Уул салбарт хяналт шалгалтын газраас 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал шалгалтыг гүйцэтгэсэн. Уг шалгалтаар харилцааны ахлах менежер Б.Ж***д хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж зөрчил гаргасан тул уг тушаалыг гаргасан. Хяналтын газраас хийсэн хянан шалгагчийн саналын хуудсанд 4 зөрчил бичигдсэн байгаа. Ажлын байрны тодорхойлолтод зээлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мэдээлэл, заавар, журмаар хангаж хяналт тавих, нэгжийн зээлийн ажилтнуудыг сургаж дадлагажуулах, салбарын зээлийн чанарыг барьж ажиллах, нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах зэрэг зорилго оршдог. Мөн үндсэн зорилгод удирдан зохион байгуулах, ажлын үр дүнг дээшлүүлэх, эрсдлийг бууруулах, хяналт тавих, зээл олгох төлүүлэх явцын хяналт тавих зэрэг үүргээ зөрчсөн байдаг. Мөн Дархан-Уул салбарт хийгдсэн шалгалтаар тогтоогдож хянан шалгагчын саналын хуудсын дагуу сахилгын арга хэмжээ авагдсан.Иймд сахилгын шийтгэл ногдуулсан тушаал үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч Б.Ж*** нь Т*** банкны Дархан-Уул салбарын захирлын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Ж*** нь Т*** банкны Дархан-Уул салбарт харилцааны ахлах менежерээр ажилладаг бөгөөд тус салбарын захирлын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах тухай сахилгын шийтгэл авагдсан болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3, 12 дугаар зүйлийн 12.2, 13 дугаар зүйлийн 13.5.2, салбарын захирлын зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн **/**/*** дугаартай хурлын шийдвэрийг үндэслэн гаргажээ.

Мөн тушаалаар нэхэмжлэгч Б.Ж***гийн гаргасан зөрчлүүдийг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж, Зээлийн үйл ажиллагааны журмын 24.5.3.а, 24.5.3.б-д заасныг зөрчин зээлдэгч Х.О*** д зээл олгосон, 25.4.6-д заасныг зөрчин А.М*** д зээл олгосон, 13.8.1-д заасныг зөрчин “*** ” ХХК-д цалингийн нэмэлт зээл олгосон, мөн журмын 8.2.1, 8.2.2, 8.3.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.15-д заасан энэхүү журам бусад хууль тогтоомжийг зөрчиж, шууд болон шууд бус харъяалах ажилтанд хууль бус үүрэг, даалгавар өгч гүйцэтгүүлсэн гэсэн заалтыг зөрчиж Я.Ү*** д зээл олгосон зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байна.

 

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлд заасан хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2-т “Банкинд мөрдөгдөж буй дүрэм, журам, заавар, тушаал, шийдвэрийг зөрчих”-ийг хориглохоор заасан байх бөгөөд тушаалын 1 дүгээр заалтад Зээлийн үйл ажиллагааны журмын холбогдох заалтуудад заасан зөрчлийг гаргасан гэсэн боловч энэхүү тус банкинд мөрдөгддөг Зээлийн үйл ажиллагааны журмыг хариуцагч тал шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна.

 

Мөн тушаалын үндэслэлд баримталсан Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3-т Орон нутгийн  /салбарын захирлаас бусад/ ажилтны асуудлыг салбарын захирлын зөвлөл шийдвэрлэх ба салбарын захирлын тушаалаар баталгаажуулахаар заасан бөгөөд энэхүү заалтын дагуу Б.Ж***д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд салбарын захирлын зөвлөлийн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн байна.

Хэрэгт авагдсан Т*** банкны Дархан-Уул салбарын захирлын зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлээр Б.Ж***гийн сарын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулахаар шийдвэрлэсэн гэж тэмдэглэгдсэн боловч мөн хурлын шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Ж*** нь шүүхэд болон шүүх хуралдаанд “сахилгын шийтгэл ногдуулахдаа хэд хэдэн зөрчил гаргасан гэсэн байгаа боловч тухайн зөрчлүүд нь миний гаргасан зөрчил биш бөгөөд зөрчил тус бүр дээр хариуцлага алдсан албан тушаалтнуудыг тогтоохгүйгээр бүх зөрчилд намайг буруутай гэж үзэж арга хэмжээ авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн зээл олгох асуудлыг би дангаараа шийддэггүй 5 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл хамтын шийдвэр гаргаж шийдвэрлэдэг байхад намайг зээл олгосон гэж буруутгасан нь үндэслэлгүй” гэж тайлбарладаг болно.

 

Хэрэгт авагдсан Т*** банкны Дархан-Уул салбар, Б.Ж*** нарын байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4-т: “Ажилтан хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэлийг ногдуулна“ гэж заасан бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд заагдсан тус банкны зээлийн үйл ажиллагааны журмын холбогдох заалтуудыг зөрчсөн зөрчлүүд нь нэхэмжлэгч Б.Ж***д хамааралтай зөрчил гэх үндэслэлийг нотлох баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд Зээлийн үйл ажиллагааны журам зөрчиж, Х.О*** , А.М*** , “*** ” ХХК-д тус тус зээл олгосон гэж байгаа боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “салбар, тооцооны төвүүд өөр дээрээ зээлийн хороотой бөгөөд 50,000,000 төгрөгөөс доош хэмжээтэй зээлийг тооцооны төвүүдийн зээлийн хорооны хурал өөрөө шийдвэрлэж олгодог, түүнээс дээш хэмжээтэйг салбарын зээлийн хорооны хурлаар шийдвэрлэн олгодог, зээлийн хороо 5 гишүүний бүрэлдэхүүнтэй, Б.Ж*** нь салбарын зээлийн хорооны гишүүнд ордог” гэсэн тайлбараар дээрх нэр бүхий иргэн, хуулийн этгээдэд зээл олгох шийдвэрийг холбогдох зээлийн хорооны хурлаар шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

 

Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд заагдсан зөрчил болох Х.О*** д зээл олгох асуудлыг Т*** банкны Зах тооцооны төвийн, А.М*** д зээл олгох шийдвэрийг Тосгон тооцооны төвийн, Я.Ү*** д Дархан салбарын зээлийн хорооны хурлаар тус тус  шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас, болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байгаа бөгөөд ийнхүү зээл олгох асуудлыг шууд шийдвэрлэх эрх бүхий этгээд нь Б.Ж*** биш байхад түүнийг журам зөрчиж зээл олгосон зөрчил гаргасан гэж буруутгаж, сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.  

 

Мөн нэхэмжлэгч Б.Ж*** нь сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг шийдвэрлэдэг салбарын захирлын зөвлөлийн хуралд намайг оролцох боломжоор хангаагүй, мэдэгдээгүй, энэ асуудлаар тайлбар гаргах боломжоор хангаагүй, ээлжийн амралттай байх хугацаанд ажлыг шалгасан нь үндэслэлгүй гэж тайлбарладаг болно.

 

Б.Ж*** нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 06 дугаар сарын 29-ний өдрийг дуустал ээлжийн амралттай байсан болох нь хэрэгт авагдсан амралтын тооцооны хуудсаар тогтоогдож байгаа бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Т*** банкны Дархан-Уул салбарын захирлын зөвлөлийн хуралд оруулаагүй болох нь тус хурлын тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Т*** банкны хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.7, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.13-т тус тус ажилтан нь аливаа асуудлаар санал, өргөдөл, гомдлоо харъяалах удирдлагад гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байхаар заасан боловч Б.Ж***д түүний гаргасан гэх зөрчлийн талаар тайлбар, санал, хүсэлт гаргах боломжоор ажил олгогч хангаагүй байна гэж үзэхээр байна. 

                                                                                                                                                            Нөгөө талаар хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Ж***гийн ажлын байрны тодорхойлолтод шаардлагатай тохиолдолд өндөр дүнтэй зээл судлах, мөн зээл олгох төлүүлэх явцад хяналт тавих, салбарын зээлийн хорооны хуралд саналын эрхтэй гишүүнээр оролцох зэргээр хяналтын болон зохион байгуулалтын чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан бөгөөд энэхүү чиг үүргээ хэрхэн хангалтгүй биелүүлсэн талаарх тодорхой зөрчил сахилгын шийтгэл ногдуулах тушаалд дурдагдаагүй, энэ талаар бичгийн нотлох баримтыг хариуцагч талаас шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Б.Ж*** нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх, мөн шууд бие даан шийдвэрлэх эрхгүй асуудалд хариуцлага хүлээлгэх ямар хууль зүйн үндэслэл байгааг хариуцагч тал нотолж чадаагүй болно. 

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Б.Ж***гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Т*** банкны Дархан-Уул салбарын захирлын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Б.Ж*** нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

    

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Т*** банкны Дархан-Уул салбарын захирлын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгосугай.  

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ж*** тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т*** банкны Дархан-Уул салбараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, Т*** сангийн орлогод оруулсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ