| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0018/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/27 |
| Огноо | 2020-01-21 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч. Н.Э
Шүүгдэгч: Ж.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Жгийн Бд холбогдох 1912006440342 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Жн Б/РД:.........../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн нутаг дэвсгэр Дэлийн ам, Усан толгой гэх газраас иргэн Д.Тийн 1 тооны адууг хулгайлж 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Ж.Бы шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Миний маш буруу хэрэг хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 1912006440342 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Тийн өгсөн:
“...2019 оны 07 сарын 29-30-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Дэлийн ам Усан толгойн аманд бэлчээрт байсан 30 тооны адуунаас хээл алаг зүсмийн зөв талынхаа ташаанд 9 тоо тамгатай нас гүйцсэн, жирийн унааны морио хулгайд алдсан. Би адуу алдсан газрын орчимд хоёр хоног эрэл хийж явсан. Би адуугаа эзэнгүй хашаанд хашигдаж хулгайд алдагдсан байж магадгүй гээд Усантолгойн малын эзэнгүй байрнаас гар утас, бүрэн улаан шонхор тамхи, нэг мяндсан хуйв зэргийг олсон. Олоод аймгийн цагдаагийн газрын 102 дугаарын утас руу ярьсан. Надад хэсгийн төлөөлөгч Анхбаярт хэлж шалгуул гэсэн. Анхбаярт хэлэхэд би аймагт байна, орой очно гээд маргааш нь ирсэн. Би хэргийн газраас олдсон эд зүйлүүдийг өгч газар дээр нь очиж үзүүлсэн. Анхбаяр шалгаж байгаа талаар яриад 10 орчим хоногийн дараа Анхбаяр утсаар яриад би хоёр хулгайч олсон. Танай морийг хулгайлсан байан. Хэргээ хүлээсэн. Үнэлгээ гаргахад 30.000 төгрөг гэж ярихаар нь данс руу хийж, адууныхаа үнэлгээг 1.500.000 төгрөг гэж хэлсэн. Түүнээс хойш 08 сарын сүүлээр Анхбаяртай уулзсан. Анхбаяр С гэдэг 19 настай хүүхэдтэй уулзуулсан. С би хамт явсан хүнээ зааж өгнө гээд Сүрьеэд байдаг Бороо гэж айлынд очсон. Бороо байхгүй, эмэгтэй хүүхэд аав байхгүй гэж ярьсан. Түүнээс хойш хохирол төлбөр олгогдоогүй өдий хүрсэн. Бороотой 99980375 утсаар ярихад хохирол төлбөр төлнө гэсэн. Морио 1.500.000 төгрөгөөр үнэлнэ, тарган морь байсан. Хохирлоо барагдуулах шаардлагатай байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/,
*Хохирогч Д.Тийн өгсөн:
“...Миний морийг хулгайлсан Ж.Б гэх хүнийг танихгүй, садан төрлийн холбоо байхгүй. Надад үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би хохирол төлбөрөө авсан. Надад гомдол санал хүсэлт байхгүй...’’гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,
*Гэрч Б.Сын өгсөн:
“...Би хулгай хийгээгүй. Надад Ж.Б ах орой нар жаргахаас өмнө нь мотоцикль эвдэрсэн айлд хүргүүлье гэж дуудсан. Би өөрийнхөө мотоцикльтой очсон. Бид хоёр мотоциклийг нь айлын гаднаас авчирахаар болсон. Намайг анх гуйхдаа ахынх нь мотоцикль эвдэрчихсэн гэж хэлээд надтай хамт мотоцикль байгаа айлдаа очихоор яваад Ж.Б ах айлаар ороод архи уусан. Сүүлдээ согтоод замаа зааж өгч чадахгүй болсон. Би зам мэдэхгүй байсан. Ж.Б ах эндээ буугаад ойрхон айл байвал хоноод маргааш мотоцикпь байгаа айлдаа очихоос гэж хэлсэн. Тэгснээ миний муу гар утсыг аваад, маргааш утсаар ярьж чамайг дуудна гэж хэлээд явсан. Би гар утсаа авалгүй Ж.Б ахад үлдээгээд явсан. Би андройд гар утсаараа ярьдаг. Ж.Б ахад би хуучирсан хар өнгийн гар утсаа өгөөд явуулсан. Би Ж.Б ахыг хээр үлдээгээд харьсан. Ж.Б ах хулгай хийсэн. Би хулгай хийгээгүй. Шөнө харанхуй болчихсон. Би буцаж эргээд мотоцикль байгаа айлыг нь хайгаад олоогүй. Ж.Б ах нөгөө айлаа хаана байдаг талаар мэдэхгүй байна гэсэн. Ж.Б ахыг нэг өвөлжөөний хажууд буулгаад үлдээсэн. Ж.Б ахыг айлын морь хулгайлсан талаар би мэдээгүй. Дараа нь цагдаа ирэхээр нь мэдээд Ж.Б ахыг бор гэдэг нэрээр нь зааж өгсөн нь үнэн. Би өмнө нь МСҮТ-д сурч байхад Ж.Б ах галч хийдэг, бид хоёр загсанд хамт явдаг байсан...’’гэх мэдүүлэг/хх¬¬¬-¬ийн 10-12 дугаар тал/,
*Гэрч Б.Бгийн өгсөн:
“...2019 оны 07 сарын 08-ны үед наадмаас өмнө Ж.Б ах манайд ганцаараа ирсэн. Мотоцикль нь эвдэрсэн, манай эхнэр засмал замд хүргэж өгсөн байсан. Би наадам болох гээд морь уяж байсан. Одоо мотоцикль манай хаваржааны амбаарт байгаа. Мотоциклио ирж аваагүй байгаа. Мотоцикль нь их муу юм байна лээ. Би мотоциклийн сэлбэг өгөөд асаагүй. Манайд Батаа гэж хүнтэй ирсэн, мотоциклио авна гээд ирээгүй...’’гэх мэдүүлэг/хх¬-и鬬¬¬¬н 18-19 дүгээр тал/,
*Гэрч Д.Бийн:
“...2019 оны 07 дугаар сарын сүүлээр манай хүү Б.С таньдаг ах гуйгаад байна Батцэнгэл сумын наахан талд эвдэрсэн мотоциклийг нь чирч ирнэ гэж яриад явсан. Тэгснээ ирэхгүй болчихоор нь би дуудаад одоо наад хүнээ наанаа үлдээгээд ир, Улаанбаатар хот руу ажил хийлгэх гэж байсан болохоор утсаар нь дуудсан. Манай хүү шөнө 23 цагийн үед ганцаараа өөрийнхөө мотоциклиор ирсэн. Дараа нь Батцэнгэл сумын хэсгийн төлөөлөгч гэж залуу ирээд хулгай хийсэн байна гээд асуугаад байсан. Манай хүү хулгай хийгээгүй гэдгээ хэлсэн. Хэргийн газарт манай хүүгийн гар утас нь байна гэж ярьсан. Манай хүү наад гар утсыг чинь би хааяа барьдаг утас Ж.Б ах гар утасгүй гээд гуйж аваад үлдсэн. Миний барьдаг гар утас байгаа гэдгээ хэлсэн. Ийм л асуудал болсон. Улаанбаатар хотод байгаа. Тэр үеэр манай хүү зодооны хэрэгт асуугдаж байсан болохоор би орой үдэш гадуур гаргахгүй байж байгаад Улаанбаатар хотод ах руу нь явуулахаар ярьсан байсан. Манай хүү хулгай хийж байгаагүй. Одоо 19 настай жоохон хүү болохоор мал хулгайлж чадахгүй. Аймгийн төвд өссөн хүүхэд болохоор морь унаж шөнө морь барьж чадахгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр тал/
*Яллагдагч Ж.Бы өгсөн:
“...Хээр хөдөө явгарчихаад явж байхад айлын байрны ойролцоо явж байсан хэсэг адуунаас барьж авч унаад аймгийн төвд оруулж ирээд тавих гэж байгаад болиод нядалж зарсан. Хээр алаг зүсмийн бүдүүн морь байсан. Мотоцикль чирэх гэж байсан цагаан эрээн өнгийн 5 метр мяндсан уяагаар барьсан. Би хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Би айлын адуунаас хээр алаг зүсмийн морь мяндсан уяа ашиглаж барьж аваад тухайн морийг унаад аймгийн төв орж ирсэн. Би урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Би эрхэлсэн тодорхой ажилгүй. Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Бортолгойн 58-03 тоотод сууж байгаа. Би хохирол төлбөрөө төлж барагдуулсан...’’гэх мэдүүлэг/хх-ийн 33-36 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 154 дугаартай:
“...Нас нийлсэн, тарган, жирийн унааны морины үнэлгээг 2019 оны 07 сарын байдлаар зах зээлийн ханшаар 950.000/есөн зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 25 дугаар тал/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 49 дүгээр тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн нутаг дэвсгэр Дэлийн ам, Усан толгой гэх газраас иргэн Д.Тийн 1 тооны адууг хулгайлагдаж, 950.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Б үйлдсэн болох нь хохирогч Д.Тийн”...2019 оны 07 сарын 29-30-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Дэлийн ам Усан толгойн аманд бэлчээрт байсан 30 тооны адуунаас хээл алаг зүсмийн зөв талынхаа ташаанд 9 тоо тамгатай нас гүйцсэн, жирийн унааны морио хулгайд алдсан. Би адуу алдсан газрын орчимд хоёр хоног эрэл хийж явсан. Би адуугаа эзэнгүй хашаанд хашигдаж хулгайд алдагдсан байж магадгүй гээд Усантолгойн малын эзэнгүй байрнаас гар утас, бүрэн улаан шонхор тамхи, нэг мяндсан хуйв зэргийг олсон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Сын”...Ж.Б ах эндээ буугаад ойрхон айл байвал хоноод маргааш мотоцикпь байгаа айлдаа очихоос гэж хэлсэн. Тэгснээ миний муу гар утсыг аваад, маргааш утсаар ярьж чамайг дуудна гэж хэлээд явсан. Би гар утсаа авалгүй Ж.Б ахад үлдээгээд явсан. Ж.Б ахад би хуучирсан хар өнгийн гар утсаа өгөөд, хээр үлдээгээд харьсан. Ж.Б ах хулгай хийсэн. Би хулгай хийгээгүй. Шөнө харанхуй болчихсон. Би буцаж эргээд мотоцикль байгаа айлыг нь хайгаад олоогүй. Ж.Б ах нөгөө айлаа хаана байдаг талаар мэдэхгүй байна гэсэн. Ж.Б ахыг нэг өвөлжөөний хажууд буулгаад үлдээсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бгийн”... 2019 оны 07 сарын 08-ны үед наадмаас өмнө Ж.Б ах манайд ганцаараа ирсэн. Мотоцикль нь эвдэрсэн, манай эхнэр засмал замд хүргэж өгсөн байсан. Би наадам болох гээд морь уяж байсан. Одоо мотоцикль манай хаваржааны амбаарт байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бийн”...2019 оны 07 дугаар сарын сүүлээр манай хүү Б.С таньдаг ах гуйгаад байна Батцэнгэл сумын наахан талд эвдэрсэн мотоциклийг нь чирч ирнэ гэж яриад явсан. Тэгснээ ирэхгүй болчихоор нь би дуудаад одоо наад хүнээ наанаа үлдээгээд ир, Улаанбаатар хот руу ажил хийлгэх гэж байсан болохоор утсаар нь дуудсан. Манай хүү шөнө 23 цагийн үед ганцаараа өөрийнхөө мотоциклиор ирсэн. Дараа нь Батцэнгэл сумын хэсгийн төлөөлөгч гэж залуу ирээд хулгай хийсэн байна гээд асуугаад байсан. Манай хүү хулгай хийгээгүй гэдгээ хэлсэн. Хэргийн газарт манай хүүгийн гар утас нь байна гэж ярьсан. Манай хүү наад гар утсыг чинь би хааяа барьдаг утас Ж.Б ах гар утасгүй гээд гуйж аваад үлдсэн. Миний барьдаг гар утас байгаа гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 154 дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ж.Бы бусдын малыг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнээд шүүхээс шүүгдэгч Ж.Быг мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Т нь хохирол төлбөрөө авсан гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн /хх-8-9хуудас/ тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал шүүгдэгч Ж.Бы хувьд тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Жийн Быг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх алдбадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуульд заасны дагуу ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Бд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР