| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00875/и |
| Дугаар | 1244 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 1244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00875/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *** тоотод оршин суух, Х*** С*** /РД: *** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, *** тоотод оршин суух, Б*** Д*** /РД:*** /-д холбогдох,
"Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээлийн төлбөр, хүү, алданги нийт 34,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э***, хариуцагч Б.Д*** , хариуцагчийн өмгөөлөгч И.А*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэл юм. Үндсэн зээл, хүү, алданги нийт 34,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулахыг хүсч байна. Д.С*** нь Б.Д*** д 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 3,500,000 төгрөг зээлж, хүүнд 100,000 төгрөг төлнө гэж анх зээлсэн юм. 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 3,500,000 төгрөг мөн нэмж зээлсэн. Хүүг 10 хувь гэж тохирч байсан. Мөн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг нэмж авсан байдаг. Ингээд нийт 17,000,000 төгрөгийг Б.Д*** нь зээлж авсан бөгөөд энэ хугацаандаа нэг ч төлбөр төлөөгүй бөгөөд сүүлийн 10,000,000 төгрөг зээлэхдээ талууд бичгээр гэрээ байгуулан, сар тутам 10 хувийн хүүтэй төлөхөөр тохирсон. Зээл авахдаа энэ хоёр нь бичгийн хэлцэл хийсэн. 10,000,000 төгрөг зээлэхдээ хуульд зааснаар гэрээ байгуулсан. Б.Д*** нь зээлийн төлбөрөөс төлөөгүй одоо 8,500,000 төгрөгийн хүү, төлөөгүй үлдсэн төлбөрөөс 0,5 хувийн алданги тооцож 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 4 сар 24 хоног, нийт 144 хоногийн алдангийг, өдрийн 85,000 төгрөг бодож 12,155,000 төгрөг болж байгаа ба үүнийг хуулинд нийцүүлэн, үндсэн зээлийн 50 хувиар бодоход 8,500,000 төгрөг, нийт 34,000,000 төгрөг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргаж байгаа. Зээлийн гэрээ хийхдээ барьцааны гэрээ давхар хийсэн бөгөөд барьцааны зүйл болох Дархан сум, 5 дугаар багт байрлах *** ын ард байрлах 28 мкв талбай бүхийн хувийн орон сууц, 590,1 мкв талбай бүхий газрыг худалдан борлуулж, борлуулсан үнээс 34,000,000 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн байна” гэв.
Хариуцагч Б.Д*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр С*** гаас 3,500,000 төгрөгийг Олон улсын худалдааны төвд лангуу түрээслэхээр авсан юм. Тухайн үед энэ мөнгөний хүүнд 100,000 төгрөгийг төлөхөөр тохирсон.
3-4 хоногийн хугацаанд төлнө гэж ярилцсан байсан. Тухайн үед би банкнаас зээл авахаар хөөцөлдөж байсан юм. Тэр зээлийг бүтэхээр С*** гийн мөнгийг төлнө гэж бодсон. Гэвч банкнаас зээл бүтээгүй учир дахин С*** гаас 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 3,500,000 төгрөг зээлсэн. Гэтэл банкны зээл 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр түдгэлзсэн тул төлбөрийг төлж чадаагүй. Би зээлж авсан мөнгөө төлж чадахгүй байдалд хүрсэн. 2014 оны 10 дугаар сард миний бизнесийн үйл ажиллагаа дампуурсан. 2015 оны 5 дугаар сард “Рапс” тарихаар болоод С*** гаас 10,000,000 төгрөгийн зээл нэмж өгч болох уу гэхэд С*** 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр надад 10,000,000 төгрөг зээлдүүлсэн юм. С*** энэ мөнгийг өгөхдөө өмнө өгсөн 7,000,000 төгрөгөө нэмээд нийт 17,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулъя гэж хэлэхэд нь би зөвшөөрөөд гэрээг байгуулсан. Тухайн үед зээлийн үндсэн төлбөр болон хүү нь нийт 25,000,000 төгрөг болгож өгье гэж тохиролцсон боловч гэрээнд энэ талаар тусгаагүй. 2015 оны 10 дугаар сард миний тарьсан “Рапс” ургаагүй байсан учир би С*** г дагуулж очиж тарьсан талбайгаа харуулсан. Би тэр жил зарж байсан бараанаас хямдруулаад 870,000 төгрөгийн барааг 570,000 төгрөгөөр 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өгсөн. Эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж очиж байсан. Би С*** г хууран мэхэлсэн юм байхгүй. Хавар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусах гээд байна шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөхөөс өөр арга байхгүй гэж хэлэхэд нь би энэ үнийн дүнгээрээ эвлэрье гэж С*** д хэлсэн. С*** би гадаад явах гэж байгаа гэж хэлсэн. Би 25,000,000 төгрөг төлөх боломжтой, бусад төлбөрийг нь төлөхгүй. С*** хадгаламжаасаа 17,000,000 төгрөг аваад надад өгсөн гэж хэлж байсан. Энэ гэрээгээр хүү алданги тооцох боломжгүй гэж үзэж байгаа. 25,000,000 төгрөг С*** д өгөхөд түүнд ямар нэгэн хохиролгүй, тэр хүнийг хохироохгүйн тулд би 8,000,000 төгрөгийг хүүнд өгөхийг зөвшөөрч байгаа. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөг авахдаа хүү алданги төлөхөөр гэрээ байгуулсан, 7,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулахгүйгээр авсан. Барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй. Боломжийн мөнгөөр тохирвол мөнгөө төлөөд хашаа байшингаа авна гэж бодож байгаа. Хувь хүнээс авсан зээлийн хүүгээс болоод би дампуурсан. Иймд үндсэн зээл 17,000,000 төгрөг, хүүнд 8,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бусад шаардлагыг зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С*** нь хариуцагч Б.Д*** гаас зээлийн үндсэн төлбөр 17,000,000 төгрөг, түүний хүү 8,500,000 төгрөг, алданги 8,500,000 төгрөг, нийт 34,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, *** байрны ар талд байрлах 28,0 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, *** дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын *** дугаар бүхий 590,1 мкв талбайтай амины орон сууцны зориулалттай газрыг тус тус худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Д*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Д.С*** гаас нийт 17,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн тул энэхүү авсан 17,000,000 төгрөг, хүүнд 8,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин алдангийг зөвшөөрөхгүй, учир нь 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн гэрээгээр 10 сая төгрөг л надад бэлнээр өгсөн бөгөөд 7,000,000 төгрөгийг өмнө нь цувуулан авсан байсан ба энэ 7,000,000 төгрөг дээр бичгээр гэрээ хийгээгүй байсан” гэж маргадаг болно.
Хариуцагч Б.Д*** нь нэхэмжлэгч Д.С*** гаас 2014 оны 04 сарын 01-ний өдөр 3,500,000 төгрөг, 2014 оны 06 сарын 12-ны өдөр 3,500,000 төгрөг, 2015 оны 05 сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 04 сарын 01-ний өдрийн Төрийн банкны зарлагын мэдүүлэг, түүний ард бичигдсэн хүлээн авсан Б.Д*** гийн гарын үсэг бүхий тэмдэглэл, 2014 оны 06 сарын 12-ны өдрийн Төрийн банкны зарлагын мэдүүлэг болон түүний ард бичигдсэн мөнгө хүлээн авсан гэсэн Б.Д*** гийн гарын үсэг бүхий тэмдэглэл, 2015 оны 05 сарын 15-ны өдрийн Төрийн банкны зарлагын мэдүүлэг, түүний ар талд бичигдсэн 10,000,000 төгрөг бэлэн авлаа гэсэн Б.Д*** гийн гарын үсэг бүхий тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
Хэрэгт Д.С*** , Б.Д*** нарын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ авагджээ.
Тус зээлийн гэрээгээр 17,000,000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, заасан хугацаанд мөнгийг эргүүлэн төлөхөөр тус тус тохирсон байна.
Хариуцагч Б.Д*** нь 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дээрх зээлийн гэрээг байгуулах үед 10,000,000 төгрөгийг л авсан, харин 7,000,000 төгрөгийг өмнө нь гэрээгүйгээр авсан байсан. Түүнийгээ нэмээд нийт авсан мөнгөн дээрээ гэрээ хийсэн бөгөөд эргүүлж төлөхдөө 25,000,000 төгрөг болгоод өгнө гэж тохирч байсан боловч гэрээнд энэ талаар тусгаагүй юм” гэж тайлбарладаг болно.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримтуудаас үзэхэд зээлийн гэрээнд дурдсан 17,000,000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 01, 06 дугаар сарын 12, 2015 оны 05 сарын 15-ны өдрүүдэд тус тус цувуулан хариуцагч Б.Д*** д өгсөн байх бөгөөд хэрэгт авагдсан хариуцагч Б.Д*** гийн өөрийн тэмдэглэсэн баримтад дурдагдсан “2014 оны 04 сарын 01-нд 3,500,000 төгрөгийг 100,000 төгрөгийн хүүтэй зээлж авлаа, 2014 оны 06 сарын 12-ны өдөр нэмж 3,500,000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлэв Бадарч Д*** ” гэсэн бичвэр, зохигчдын тайлбар зэргээс дүгнэхэд талууд 2014 оны 04 сарын 01, 2014 оны 06 сарын 12-ны өдрүүдэд шилжүүлэн өгсөн нийт 7,000,000 төгрөгийн хувьд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч зээлийн хүүг 10 хувийн хүүтэй байхаар амаар тохирсон байна.
Талууд энэхүү тохиролцоогоо хожим буюу 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нийт зээлийн дүн болох 17,000,000 төгрөг дээр сарын 10 хувийн хүү тооцож бичгээр гэрээ хийсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т: “.... 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ” гэж заажээ.
Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 05 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр нийт зээлийн төлбөрүүдээ нэгтгэн гэрээг бичгээр хийж, хүүг 10 хувиар тооцсон нь дээрх хуульд заасантай нийцэж байна.
Мөн нэхэмжлэгч Д.С*** нь хүүг тооцож нэхэмжлэхдээ гэрээнд зааснаар 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 5 сарын хугацааны хүү гэж 8,500,000 төгрөгөөр тооцож байгаа болохыг дурдах нь зүйтэй юм.
Хариуцагч Б.Д*** нь үндсэн зээлийн төлбөр болох нийт 17,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн гэрээгээр тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч Д.С*** нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр, гэрээгээр тохирсон хүү төлөхийг тус тус шаардах эрхтэй байна.
Хариуцагч Б.Д*** нь нэхэмжлэгч Д.С*** д 570,000 төгрөгийн үнэ бүхий барааг шилжүүлэн өгсөн гэж байгаа боловч үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч Б.Д*** нь энэхүү тайлбарын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6-д Б.Д*** нь зээлсэн мөнгөө хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлбэл хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги төлөхөөр тохирсон байх бөгөөд нэхэмжлэгч нь үндсэн төлбөр болох 17,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож, 8,500,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т: “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4-т: “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч Д.С*** алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.Д*** гаас зээлийн үндсэн төлбөр 17,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 8,500,000 төгрөг, алданги 8,500,000 төгрөг нийт 34,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.С*** д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.С*** нь талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийг худалдсан үнээс хангуулах тухай шаардлага гаргасан бөгөөд талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, *** байрны ар талд байрлах 28,0 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, *** дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын *** дугаар бүхий 590,1 мкв талбайтай амины орон сууцны зориулалттай газрыг тус тус барьцаалжээ.
Тус барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т тус тус зааснаар бичгээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр гэрээ байгаа байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Б.Д*** гаас үндсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 34,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.С*** д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримтлан хариуцагч нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, *** байрны ар талд байрлах 28,0 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, *** дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын *** дугаар бүхий 590,1 мкв талбайтай амины орон сууцны зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.С*** гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д*** гаас улсын тэмдэгтийн хураамжид 327,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.С*** д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ