Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 1245

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01087/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, *** тоотод оршин суух Б*** н Б*** /РД: *** 3/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 7 дугаар баг, майхантын *** тоотод оршин суух Т*** А*** /РД: *******/-д холбогдох,

 

"Зээлийн төлбөр болох 3,600,000 төгрөг, хүү 1,800,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б*** , хариуцагч С.А*** , гэрч Б.х*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би А*** эд 2 500 000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр, 1 000 000 төгрөгийг 2014 оны 5 дүгээр сарын 22-ны өдөр, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 3 000 000 төгрөгийг тус тус бэлнээр зээлж өгсөн. Бид хоёр 8 хувийн хүүтэй тохиролцсон юм. Энэ хугацаанд А*** нь үндсэн мөнгөндөө 3 700 000 төгрөгийг 2014 оны 11 сард өгсөн. Мөн 2 551 100 төгрөгийг хүүд өгсөн байна. Би А*** ээс 2014 оны 11 сараас хойш мөнгө авч чадаагүй байгаа. 3 600 000 төгрөг үлдсэн байхад нь нотариат дээр гэрээ хийх гэж байхад над дээр иргэний үнэмлэхээ үлдээчээд алга болсон юм. Иймээс бид бичгээр гэрээ хийж чадаагүй. Гэхдээ бид хүү тохирсон учраас үндсэн зээлийн үлдэгдэл 3,600,000 төгрөг, хүүнд түүний 50 хувь болох 1,800,000 төгрөг,нийт 5,400,000 гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч С.А*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Д.Б*** гаас нийт 7,300,000 төгрөгийг цувуулж авсан нь үнэн. Би зээлийн үндсэн төлбөрт өөрийн лангуугаа зарж байж, 3 700 000 төгрөгийг өгсөн, сар болгон хүү 200 000 төгрөг өгч байсан. Би нийт 3 752 000 төгрөгийн хүү төлсөн. Мөн 378 100 төгрөгийн бараа өгсөн. Нийт 7 830 100 төгрөг Д.Б*** д буцаагаад өгсөн байгаа. Намайг нотариат руу хүчээр авч орох гэж байсан юм. Манай дүү олон улсын худалдааны төвд лангуу дээр суудаг байхад байнга дарамталж хүүхэд лангуу дээр суулгадаггүй байсан юм. Одоо надад төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Б*** нь хариуцагч С.А*** ээс зээлийн төлбөр, хүүгийн хамт нийт 5,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч С.А*** нь нэхэмжлэгч Д.Б*** гаас нийтдээ 7,300,000 төгрөг зээлж авсан нь үнэн бөгөөд нийт 7,830,100 төгрөг буцаан өгсөн тул одоо төлөх төлбөр байхгүй гэж маргадаг болно.

            Хариуцагч С.А*** нь нэхэмжлэгч Д.Б*** гаас 2013 оноос эхлэн цувуулан нийт 7,300,000 төгрөгийг зээлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

           

            Энэхүү үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч Д.Б*** нь гэрээний зүйл болох мөнгийг тодорхой хугацааны туршид цувуулж, нийт 7,300,000 төгрөгийг хариуцагч С.А*** эд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлжээ.

           

            Хариуцагч С.А*** нь Д.Б*** д нийт 7,830,100 төгрөг буцаан төлсөн, мөнгийг буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэж маргадаг боловч нэхэмжлэгч Д.Б*** нь үндсэн зээлийн төлбөрт 3,700,000 төгрөг буцаан төлсөн, хүүнд бэлэн мөнгө болон бараа оролцуулан нийт 2,551,100 төгрөгийг авсан тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 3,600,000 төгрөг, хүүг зээлийн төлбөрийн үлдэгдэл 3,600,000 төгрөгийн тал хувиар тооцож нэхэмжилж байна гэж тайлбарладаг болно.

 

            Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т: “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байх тул нэхэмжлэгч Д.Б*** хүү шаардах эрхгүй байна.

            Хариуцагч нийт 7,830,100 төгрөгийг буцаан төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “үндсэн төлбөрөөс 3,700,000 төгрөг, хүүнд бараатай нийлээд нийт 2,551,100 төгрөг С.А*** ээс авсан” гэсэн тайлбар, хэрэгт авагдсан хаан банкны орлогын мэдүүлэг зэргээр нийт 6,251,100 төгрөгийг хариуцагч С.А*** буцаан төлсөн болох нь тогтоогдож байна.

 

            Шүүх хуралдаанд хариуцагч С.А*** ийн хүсэлтээр Б.х*** гаас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч “... нийт 7,830,100 төгрөг буцаан төлсөн нь үнэн” гэсэн мэдүүлэг өгсөн боловч энэхүү мэдүүлэг нь бусад баримтаар тогтоогдохгүй байх тул дан ганц түүний мэдүүлгийг үндэслэн хариуцагч С.А*** ийг нэхэмжлэгчид 7,830,100 төгрөг буцаан төлсөн гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: “Зохигч... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд  энэхүү үүргээ талууд биелүүлээгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Б*** гийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,048,900 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

                       

            Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч С.А*** ээс 1,048,900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б*** д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 4,351,100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Б*** гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,350  төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А*** ээс улсын тэмдэгтийн хураамжид 29,724 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б*** д олгосугай.  

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.ОЮУНЦЭЦЭГ