Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анужин

Улсын яллагч Л.Солонго

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал

Шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14  дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боль овогт Ө.Б холбогдох 1902008850009 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт

Шүүгдэгч Ө.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр 2017 онд, 2019 оны 05 дугаар сараас 10 дугаар сарын хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 8-14 тоот гэртээ эмийн түүхий эд болох “каффейн”-ийн агууламжтай Ми ми гэх нэршилтэй бодисыг худалдсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Г.Эрдэнэцогттой 2016 онд суугаад 2017 оны 03 дугаар сарын 30-нд хүүтэй болсон. Хүүгээ төрүүлсэн чинь хөхөнд сүү орохгүй байсан. Мөнгө муутай байсан учир Хорлоо эгчийнд очиж манай нөхөр машин тэрэг янзалж долигонож байгаад ганц хоёр тамхи олж ирээд, би тэрийгээ зараад хүүхдийн сүү, нан авч хүүхдээ тэжээдэг байсан. Мөн “Оюу толгой” компанийн хувцсанд цацруулагч нааж олсон мөнгөө бас хүүхдийнхээ сүүнд нэмэрлэдэг байсан. Наадмын үеэр Цагаан хад явж 20 ширхэг тамхи олж ирсэн. Мөн 10 дугаар сард манай нөхөр хашаа хийж зараад 600.000 төгрөгтэй болсон. Тэр мөнгөө өсгөх гээд би Цагаан хад явж хэдэн тамхи олж ирээд зарж байгаад тагнуулынханд баригдаад 49 ширхэг тамхиа хураалгасан. Тэрнээс хойш дахин тамхи зараагүй” гэв.

Гэрч Г.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны өвөл Г.Э, Ө.Б хоёр хүүхэдтэй болсон юм. Ө.Б төрсөн цагаасаа эхлээд хөхөнд нь сүү ороогүй учраас хүүхдээ тэжээсэн. Энэ хоёр хоёулаа ажилгүй болохоор сүүний мөнгөгүй болчихлоо гээд надаас мөнгө гуйж ирээд байхаар нь өөрийн зарж байсан “Ми ми”-нээс Ө.Б өгч заруулсан. Олсон мөнгөө хэрэгцээндээ зарцуул гэж анх би ми ми өгсөн. ...Тэгээд би 2017 оны намар ми ми зарж байгаад цагдаагийн байгууллагад баригдаад 2018 онд шүүхээр ял шийтгүүлсэн. Түүнээс хойш би мими зарахаа байсан. Би Батжаргалд дахин ми ми өгөөгүй...” гэжээ. /хх-ийн 36-р тал/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намар Батжаргалаас сонинд боосон “Ми ми”-г 10.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Худалдаж авсан “Ми ми”-гээ татаад дуусгасан...” гэжээ. /хх-ийн 37-р тал/

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сард байх Ө.Б эгчээс нэг удаа мөнгөлөг цаасанд боодолтой ми ми 10.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хэд хэдэн удаа авч байсан. Хамгийн сүүлд 9 сард худалдаж авсан. Дараа нь авах гээд очсон чинь “Ми ми”-гээ хураалгасан гэж байсан. Ми ми хэрэглэхээр нэг их мэдэгдээд байх зүйлгүй. Тамхи шиг хааяа л татмаар санагддаг юм. Тэгээд хааяа авч хэрэглэдэг” гэжээ. /хх-ийн 38-р тал/

Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай эхнэр 5-6 сарын өмнөөс энэ бодисыг зарах болсон. Эхлээд Хорлоо эгчээс нэг удаа авч зарсан. ...Эхнэр өөрөө ийш тийшээ явж авч ирээд зардаг байсан. Хүнээс 8000 төгрөгөөр бөөндөж аваад 10.000 төгрөгөөр зардаг гэсэн. Хаанаас хэнээс авдаг талаар нь сайн мэдэхгүй. ...Гэрээрээ зардаг, хүмүүс гэрт ирээд авчихдаг байсан” гэжээ. /хх-ийн 22-23, 24-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5837 дугаартай дүгнэлтэд:                                                                                  

1. Шинжилгээнд ирүүлсэн 1-49 дугаартай түгжээ бүхий ууттай цагаан өнгийн нунтаг зүйлс шинжилгээнд тэнцэнэ.

2.3.4  Шинжилгээнд ирүүлсэн “Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газар эд мөрийн баримтаар хураагдсан нунтаг бодис 49 ширхэг” гэсэн хаягтай нийт 593,2413 г цагаан өнгийн нунтаг зүйл тус бүрд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй.

Шинжилгээнд ирүүлсэн “Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газар эд мөрийн баримтаар хураагдсан нунтаг бодис 49 ширхэг” гэсэн хаягтай нийт 593,2413 г цагаан өнгийн нунтаг зүйл тус бүрд каффейн /caffeine/ илрэв. Каффейн /caffeine/ нь НҮБ-ын мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд хамаарахгүй гэжээ. /хх-ийн 41-42, 43-55-р тал/                

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч У.Дөшбатын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16/03/004/01 дугаартай дүгнэлтэд:

“Хариулт А: Каффейн нь сэргээх болон амтлагчаар хэрэглэгдэхээс /кофе, цайны навч, кокоа, кола болон энергийн ундаанууд (energy drink, вакус) гэх мэт/ гадна эмийн түүхий эд болдог бөгөөд толгойн өвчлөл намдаах зориулалтын олон төрлийн эмийн найрлагад ордог болно.

Хариулт Б: Каффейны хүний биед хэрэглэх ердийн тун 100 мг байдаг бөгөөд шош, жимс гэх мэт 60 гаруй ургамлын төрөлд агуулагддаг. Каффейн нь хүн бүрт адил үйлчилгээ үзүүлдэггүй бөгөөд хувь хүний биеийн онцлог болон хамт хэрэглэсэн бүтээгдэхүүнээс нь хамаараад үйлчилгээ нь харилцан адилгүй байна.

Тус бодис нь анхаарал сайжруулах, ядаргааг бууруулах, диабет болон зүрх судасны өвчлөлийн эрсдлийг бууруулах, метаболизмыг хурдасгах зэрэг эерэг нөлөөг үзүүлнэ.

Харин сэтгэл түгшилт, донтолт, судас нарийсалт, даралт ихсэх, хөдөлгөөн удирдах, чадамж багасгах, шээс ялгаруулалтыг хурдасгах зэрэг сөрөг нөлөөтэй байна. Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх ханган нийлүүлэх журам батлах тухай” 68 тоот, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Журамд өөрчлөлт оруулах тухай” А/184 тоот, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” А/28 тоот тушаалуудад заагдсан Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтанд багтдаггүй болно” гэжээ. /хх-ийн 58-59-р тал/

Ө.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 03 дугаар сард би төрсөн. Тэгээд мөнгө төгрөг байхгүй, хүүхдээ хөхөөрөө хооллож чадахгүй байсан учраас сүүгээр тэжээдэг байсан юм. Тэр үед мөнгө, төгрөг хэрэг болоод Хорлоо эгчийн гэр орныг цэвэрлэж өгдөг байсан. Тэгж байхдаа ганц удаа л ми ми авч зарж байсан. Өөр Хорлоо эгчээс авсан зүйл байхгүй. 5 дугаар сард Цагаан хад руу өөрөө явж 20 боодол ми ми авчирч зарж байсан юм. 10 дугаар сард яваад 60 ширхэг Ми ми авч ирээд зарах гэж байгаад баригдаж хураалгасан юм. Ер нь бол удаан зарагддаг юм. Танихгүй хүмүүст зардаггүй, таньдаг ганц нэг хүндээ зардаг байсан юм. Ми ми зараад мөнгийг бэлнээр болон дансаар авдаг байсан” гэжээ. /хх-ийн 66-67-р тал/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11-р тал/

Үзлэг хийж эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 15, 17-р тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 85-88-р тал/

Ө.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 70-р тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 71-р тал/

Г.Энгүүний төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 72-р тал/

Э.Д-ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 73-р тал/

Г.Ц, Б.Ө нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 74-р тал/

Ө.Б-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77-р тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Эд мөрийн баримтаар цаасанд боосон нунтаг зүйл 48 ширхэг, “гуашь” гэсэн бичиг бүхий жижиг савтай нунтаг бодис 1 ширхэг, ногоон өнгийн асаагуур 1  ширхэг, нарийн хуйлсан мөнгөн дэвсгэрт 4 ширхэг, хар өнгийн хайрцагтай хуйлсан мөнгөлөг цаас 2 хайрцаг, нунтаг бодисоор дээж болгон авч тестний саванд хийн шалгасан гэх цэнхэр өнгийн тагтай, хуванцар савтай шингэн 1 ширхэг болон хэргийн газрын үзлэгийг бэхжүүлэн авсан дүрс бичлэгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ө.Б холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд уг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.Б нь 2017 он, 2019 оны 05 дугаар сараас 10 дугаар сарын хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 8-14 тоот гэртээ эмийн түүхий эд болох “каффейн”-ийн агууламжтай ми ми гэх нэршилтэй бодисыг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ө.Б-ын “...5 дугаар сард Цагаан хад руу өөрөө явж 20 боодол ми ми авчирч зарж байсан. Мөн 10 дугаар сард явж 60 ширхэг ми ми авч ирээд зарах гэж байгаад баригдаж хураалгасан. Түүнээс өмнө Хорлоо эгчээс ганц нэг удаа тамхи авч зарж хүүхдийнхээ сүүний мөнгийг олж байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон, мэдүүлгийг эх сурвалж тодорхой гэрч Д.Б-ын “...Намар Ө.Б сонинд боосон “Ми ми”-г 10.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Худалдаж авсан “Ми Ми”-гээ татаад дуусгасан...” гэх, гэрч Б.С-ын “...2019 оны 09 дүгээр сард байх Ө.Б эгчээс нэг удаа мөнгөлөг цаасанд боодолтой ми ми 10.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хэд хэдэн удаа авч байсан....” гэх, гэрч Г.Э-ын “...Манай эхнэр 5-6 сарын өмнөөс энэ бодисыг зарах болсон. Эхлээд Хорлоо эгчээс нэг удаа авч зарсан. Эхнэр өөрөө ийш тийшээ явж авч ирээд зардаг байсан. Гэрээрээ зардаг. Хүмүүс гэрт ирээд авчихдаг...” гэх, гэрч Г.Х “...сүүний мөнгөгүй болчихлоо гээд надаас мөнгө гуйж ирээд байхаар нь өөрийн зарж байсан “Ми ми”-нээс Ө.Б өгч заруулсан. Олсон мөнгөө хэрэгцээндээ зарцуул гэж ми ми өгсөн” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5837 дугаартай дүгнэлт, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч У.Дөшбатын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16/03/004/01 дугаартай дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, үзлэг хийж эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Ө.Б Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 8-14 тоот гэртээ зохих зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан “Ми ми” гэх нэршилтэй цагаан өнгөтэй нунтаг бодис нь шинжилгээ хийх эрх бүхий этгээдийн гаргасан хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5837 тоот дүгнэлтэнд “Шинжилгээнд ирүүлсэн “Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газар эд мөрийн баримтаар хураагдсан нунтаг бодис 49 ширхэг” гэсэн хаягтай нийт 593,2413 г цагаан өнгийн нунтаг зүйл тус бүрд каффейн /caffeine/ илрэв. Каффейн /caffeine/ нь НҮБ-ын мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд хамаарахгүй” гэснээр каффейн /caffeine/ агууламжтай болох нь тогтоогдож байхаас гадна уг бодис нь эмийн түүхий эд болох талаар Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16/03/004/01 дугаартай “...Каффейн нь сэргээх болон амтлагчаар хэрэглэгдэхээс /кофе, цайны навч, кокоа, кола болон энергийн ундаанууд (energy drink, вакус) гэх мэт/ гадна эмийн түүхий эд болдог бөгөөд толгойн өвчлөл намдаах зориулалтын олон төрлийн эмийн найрлагад ордог болно...” гэх дүгнэлт гарчээ.

Иймд шүүгдэгч Ө.Б нь эмийн түүхий эд болох “каффейн”-ийн агууламжтай ми ми гэх нэршилтэй бодисыг өөрийн гэртээ зохих зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж байсан болох нь дээр дурдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ө.Б 2017 он, 2019 оны 05 дугаар сараас 10 дугаар сарын хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 8-14 тоот гэртээ эмийн түүхий эд болох “каффейн”-ийн агууламжтай ми ми гэх нэршилтэй бодисыг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байх тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.Б-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Шүүгдэгч Ө.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, ар гэрийн байдал, цаашид хөрөнгө орлого олох боломж, амьдарлын нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.Б хувийн байдлын тухайд тэрээр 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд нөхөр, дөрвөн хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй болно.

Шүүгдэгч Ө.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс гадна дөрвөн хүүхэдтэй, түүн дотроо гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 72-74-р тал/-аар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ө.Б шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 2 жилийн хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн болон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй юм.

Шүүгдэгч Ө.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цаасанд боосон нунтаг зүйл 48 ширхэг, “гуашь” гэсэн бичиг бүхий жижиг савтай нунтаг бодис 1 ширхэг, ногоон өнгийн асаагуур 1  ширхэг, нарийн хуйлсан мөнгөн дэвсгэрт 4 ширхэг, хар өнгийн хайрцагтай хуйлсан мөнгөлөг цаас 2 хайрцаг, нунтаг бодисоор дээж болгон авч тестний саванд хийн шалгасан гэх цэнхэр өнгийн тагтай, хуванцар савтай шингэн 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлэн авсан дүрс бичлэг бүхий DVD 2 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө.Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эмийн түүхий эдийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ө.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 2 /хоёр/ жилийн хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн болон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шүүгдэгч Ө.Б хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цаасанд боосон нунтаг зүйл 48 /дөчин найм/ ширхэг, “гуашь” гэсэн бичиг бүхий жижиг савтай нунтаг бодис 1 /нэг/ ширхэг, ногоон өнгийн асаагуур 1 /нэг/ ширхэг, нарийн хуйлсан мөнгөн дэвсгэрт 4 /дөрөв/ ширхэг, хар өнгийн хайрцагтай хуйлсан мөнгөлөг цаас 2 /хоёр/ хайрцаг, нунтаг бодисоор дээж болгон авч тестний саванд хийн шалгасан гэх цэнхэр өнгийн тагтай, хуванцар савтай шингэн 1 /нэг/ ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлэн авсан гэх дүрс бичлэг бүхий DVD 2 /хоёр/ ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.ПАГМА