| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0004/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/34 |
| Огноо | 2020-01-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Хохирогч: Б.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: П.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Пгийн Гт холбогдох ... тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ............гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, А овогт Пгийн Г/РД:АД................./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 14-ний үеэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арсланцохионы 6-9 тоотод байх хохирогч Б.Эгийн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эмэгтэй хүний өвлийн гутал, мөнгөн аяга, хонь, ямаа, үхэр, адууны мах, цагаан идээ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Эд 1.587.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Б.Эгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...П.Гын аав нь манайд байгаа. П.Г өөрөө манайд ирж надаас уучлалт гуйсан, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. П.Гын аавынх нь биеийн байдал хүнд байгаа. Би Улаанбаатар хот явж аавыг нь эмчлүүлэх гэж байгаа. Аав нь хоёр хүнд хагалгаанд орно. Ял шийтгэлээс нь салгаж өгнө үү...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 1... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Эгийн өгсөн:
“...Би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот руу бараа татах зорилгоор гэрээсээ явсан. Би 8 настай ач охиныхоо хамтаар амьдардаг бөгөөд охиныгоо аваад явсан. Харин гэрээ эзэнгүй орхисон. Ингээд Эрээн хот орчихоод 2019 оны 01 дүгээр сарын 13-наас 2019 оны 14-нд шилжих шөнө гэртээ иртэл манай гэрт хулгай орчихсон байсан. Гэтэл манай авга дүү болох П.Г нь манай гэрээс эмэгтэй хүний шинэ хүрэн өнгийн, үстэй дотортой өвлийн гутал 1 хос, 5.5 см-ийн хэмжээтэй мөнгөн аяга нэг ширхэг, 6.5 см-ийн хэмжээтэй мөнгөн аяга 2 ширхэг, хонины мах 15 кг, ямааны мах 10 кг, хурууд ааруул 8 кг, цөрөм ааруул 6 кг, чихэртэй хэвийн ааруул 8 кг, тогооны өрөм 5 кг, бяслаг 4 кг, үзэмтэй хайлсан тос 4 кг, цагаан тос 12 кг, зөөхий 3 кг, аарц 8 кг, сарлагийн сүү 9 кг, үхрийн цул мах 10 кг, адууны цул мах 3 кг зэрэг зүйлсийг хулгайлаад явчихсан байна лээ. Мөн ашиглаад 8 жил болж буй Чанжер маркийн хөлдөөгчийг юмаар хатгаж цоолон ажиллагаагүй болгосон байсан. Дээрх эд зүйлсийг зарж борлуулан архи дарс уусан байх, энэ талаараа надад хэлсэн. Махнууд болон аягануудыг хүнсний зах дээгүүр явж танихгүй хүмүүст хямдхан үнээр зарж борлуулсан гэсэн. Миний мөнгөн аяганууд бүгд шинэ байсан. Би 2018 оны 10 дугаар сард хөдөлмөрийн хүндэт медаль авсан. Энэ үед хүмүүс надад 3 ширхэг мөнгөн аягыг бэлэглэж байсан. Би хэрэглэдэггүй. Манай байшингийн баруун урд талын цонхыг хагалж дотогшоо орсон байсан. Би гомдолтой байна. Хохирлоо авах шаардлагатай байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-13 дугаар тал/,
*Хохирогч Б.Эгийн дахин өгсөн:
“...Миний охин С.Д мэдэж байгаа, манай гэрт хулгай орсон байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би Улаанбаатар хот руу явахад П.Г Архангай аймаг руу зөрөөд гарсан. Тэгээд манай гэрт хулгай орсон болохоор П.Гыг гэж хардаад өөрөөс нь асуутал эхлээд үгүй гээд байснаа сүүлдээ би хулгай хийж архи уусан гэдгээ хэлсэн. Манай гэрийн цонх цуурчихсан байсан. Би хотоос ирээд солиулах гэж байсан болохоор би өөртөө хохирол учирсан гэж бодож үнэлээгүй. Манай цонх вакум биш шилэн цонх байдаг, үнэлүүлсэнч 2.000 төгрөг болох байсан. Надад хохирол гэж нийт 700.000 төгрөг өгсөн, бусад мөнгийг өгөөгүй байна. Би гомдолтой байна. П.Г нь миний төрсөн ах Пгийн 4 дэх хүү нь байгаа. Архангай аймгийн Хүмүүн цогцолбор 2 дугаар сургуульд бага боловсрол эзэмшээд хөдөө мал дээр гарсан. 2015 онд эхнэр аваад түүнээсээ салаад ааш зан нь эвдэрсэн. Тэрнээс төлөв томоотой хүүхэд байсан. Одоо бол ааш нь эвдрээд, өдөр болгон архи уугаад малаа зараад яваад байгаа...’’гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,
*Гэрч С.Дгийн өгсөн:
“...Манай ээжийн гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд Арслан цохионы 06-09 тоотод байх байшинд гэрт бүх төрлийн цагаан идээ, бүх төрлийн мах, тос, бяслаг, эмэгтэй хүний гутал, 3 ширхэг мөнгөн аяга гээд л айлд байдаг бүх зүйл байдаг. П.Г хулгай хийсэн. Манай гэрээс П.Г хулгай хийсэн талаараа ээжид хэлээд хохирол мөнгийг нь төлж байгаа. П.Г зан ааш нь эвдэрсэн өөрийнхөө малыг зараад архи уугаад дууссан одоо хулгай хийгээд байгаа. П.Г их даруу төлөв хүүхэд байсан. Одоо бол архи дарсанд ороод хулгай хийгээд яваад байгаа. Г эхнэрээсээ салсан ганц бие ээж, аав нь нас өндөр гарсан хүмүүс байдаг. П.Г ээжийн гэрээс хулгай хийсэн талаар ээжийн ойр орчмын манайхаар ордог хөрш айлууд мэдэж байгаа. Манай хамаатан садан ах дүү нар мэдэж байгаа...’’гэх мэдүүлэг/хх¬¬¬-¬ийн 16-17 дугаар тал/,
*Яллагдагч П.Гын өгсөн:
“...Би уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч Б.Э эгчтэй уулзсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хулгайлсан бүх эд зүйлсээ мөнгө хэрэгтэй байна гэж худал хэлээд 120.000 төгрөгөөр танихгүй хүнд өгч архи уусан. Би хулгай хийхдээ ганцаараа очиж байшингийн цонхыг хагалж орсон...’’гэх мэдүүлэг/хх-ийн 34-36 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 01 сарын 26-ны өдрийн 37 дугаартай:
“...Эмэгтэй хүний өвлийн гутал, 5.5 болон 6.5 см-ийн хэмжээтэй мөнгөн аяга, хонь, ямаа, адуу, үхрийн мах, ааруул цөрөм, тогооны өрөм, бяслаг, аарц, хайлсан тос, хөлдөөгч зэрэг 17 нэрийн эд зүйлийн үнэлгээг 2019 оны 01 дүгээр сарын байдлаар 1.927.500/нэг сая есөн зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 23 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 40 дүгээр тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 14-ний үеэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арсланцохионы 6-9 тоотод байх иргэн Б.Эгийн гэрээс эд зүйлс алдагдаж, түүнд 1.587.500 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.Г үйлдсэн болох нь хохирогч Б.Эгийн”... Эрээн хот орчихоод 2019 оны 01 дүгээр сарын 13-наас 2019 оны 14-нд шилжих шөнө гэртээ иртэл манай гэрт хулгай орчихсон байсан. Гэтэл манай авга дүү болох П.Г нь манай гэрээс эмэгтэй хүний шинэ хүрэн өнгийн, үстэй дотортой өвлийн гутал 1 хос, 5.5 см-ийн хэмжээтэй мөнгөн аяга нэг ширхэг, 6.5 см-ийн хэмжээтэй мөнгөн аяга 2 ширхэг, хонины мах 15 кг, ямааны мах 10 кг, хурууд ааруул 8 кг, цөрөм ааруул 6 кг, чихэртэй хэвийн ааруул 8 кг, тогооны өрөм 5 кг, бяслаг 4 кг, үзэмтэй хайлсан тос 4 кг, цагаан тос 12 кг, зөөхий 3 кг, аарц 8 кг, сарлагийн сүү 9 кг, үхрийн цул мах 10 кг, адууны цул мах 3 кг зэрэг зүйлсийг хулгайлаад явчихсан байна лээ. Мөн ашиглаад 8 жил болж буй Чанжер маркийн хөлдөөгчийг юмаар хатгаж цоолон ажиллагаагүй болгосон байсан. Дээрх эд зүйлсийг зарж борлуулан архи дарс уусан байх, энэ талаараа надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч С.Дгийн”... Манай ээжийн гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд Арслан цохионы 06-09 тоотод байх байшинд гэрт бүх төрлийн цагаан идээ, бүх төрлийн мах, тос, бяслаг, эмэгтэй хүний гутал, 3 ширхэг мөнгөн аяга гээд л айлд байдаг бүх зүйл байдаг. П.Г хулгай хийсэн. Манай гэрээс П.Г хулгай хийсэн талаараа ээжид хэлээд хохирол мөнгийг нь төлж байгаа. П.Г зан ааш нь эвдэрсэн өөрийнхөө малыг зараад архи уугаад дууссан одоо хулгай хийгээд байгаа...” гэх мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагч П.Гын мэдүүлэг, тухайн алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 01 сарын 26-ны өдрийн 37 дугаартай дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 14-ний үеэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арсланцохионы 6-9 тоот буюу хүн амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна, шүүгдэгч П.Гын хүн амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байгаа болно.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч П.Гыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Гт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Гын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 15/арван тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Анчин овогт Пгийн Гыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 15/арван тав/ хоногийг хорих эдлэх хугацаанд оруулсан тооцсугай.
5. Шүүгдэгч П.Г нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Гт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР