Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 40

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Сундуй,

Шүүгдэгч: О.От,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,            

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бо овгийн О-гийн От-д холбогдох 2028000250023 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, 

Шүүгдэгч О.От нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд тоотод байх өөрийн хашаандаа согтуугаар Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч Н.Сэ-ын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, хүч хэрэглэсэн, мөн үеэр Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч Н.Сэ-ын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, хүч хэрэглэж байхдаа нүүрэн тус газарт нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч О.Отг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.От шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн хашаанд согтуугаар замын цагдаа, зохицуулагч Сэ-ын хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй, эсэргүүцэл үзүүлж, нүүрэн тус газар нь маажсан буруутай.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Сэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагаас цагдаагийн ахлах ахлагч Н-рын хамт 00-30 ӨМҮ улсын дугаартай Приус-30 маркийн автомашинаар замын хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэх хугацаанд 22 цагийн үед худалдааны төвийн орчимд автомашин шалгаад явж байтал жижүүрийн шуурхай албанаас жижүүрийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Ч.Эн утсаар Дундсайханы.......... тоот хашаанд согтуу эмэгтэй тээврийн хэрэгсэл жолоодон мөргөөд байж байна гэсэн дуудлага ирсэн. Хурдхан яваад очоодох гэсний дагуу уг дуудлагад очиход Дундсайханы ......................... тоот хашааны гадна ямар нэгэн автомашин байхгүй зугтаачихсан байсан. Тэгээд тэнд байсан нэг залуу 96-08 ӨМӨ улсын дугаартай автомашин мөргөчихөөд явчихсан гэхээр нь Цагдаагийн газрын сангаас уг тээврийн хэрэгслийн дугаарыг шүүхэд От гэх хүний нэр дээр байдаг, гэрийн хаяг нь Зүүнсайханы ................... тоотод оршин суудаг гэсэн бүртгэл гарч ирэхээр нь тэр хаягаар нь очиход уг хашаан дотор 96-08 ӨМӨ улсын дугаартай Субару Форестер маркийн саарал өнгийн автомашин байсан. Тэгээд би ахлах ахлагч Н-ын хамт тэр машин руу очиход уг автомашин дотор эмэгтэй хүн руль дэрлээд унтаж байхаар нь На бид хоёр цонхыг нь тогшоод машинаас нь буух шаардлага тавихад хэл амаар доромжлоод шаардлага биелүүлэхгүй машинаа ухраахаар нь На зорчигчийн талын урд талын хаалгыг татаж нээгээд машины түлхүүрийг нь авч унтраан жолоочийн талын хаалганы түгжээг тайлсан. Тэгээд би жолоочийн талаар очиж жолоочийн хаалгыг нээж жолоочийг буух шаардлагыг 3-4 удаа тавихад буухгүй нохойн гөлөг минь гэх мэтээр хэл амаар доромжилж байсан. Тэгээд би тэр эмэгтэйгийн энгэрээс нь татаад буу гэхэд өөдөөс эсэргүүцэл үзүүлж миний цээж рүү 2 удаа өшиглөхөөр нь би энгэрээс нь татаад буулгасан. Тэгээд От гэх согтуу жолоочийн эгч нь цааш нь загнаад аваад явсан. На машиныг нь авч явна гээд ярьж байсан чинь эгчийнхээ гарыг тавиулаад миний бүлдэг болон хөл рүү өшиглөөд нүүр самардаад миний хувцаснаас зуураад тавихгүй байсан. Тухайн үед би тавиулах гэж хичээсэн боловч эмэгтэй хүнд хамаагүй гар хүрч болохгүй гэж бодоод нээх их хүчлээгүй. Тэгтэл тавихгүй куртикнээс хазаад байхаар нь би шилэн хүзүүн дээр нь дарж доош нь суулгасан. Тэгээд би эгчийг нь энэ дүүгээ ав гэж хэд хэдэн удаа хэлсэн. Тэгтэл эгч нь уурлаад чи яасан хүн зовоож ханадаггүй юм бэ гээд загнаад авч явах гэхэд нь би дээш нь босготол миний өмдний халаадыг урсан. Тэгээд хоёр эгч нь аваад гэр лүүгээ орсон. Би бас сүүлд сонсоход От нь өрх толгойлсон 3 бил үү 4 хүүхэдтэй эмэгтэй хүн учраас би тэр хүний ар гэр амьдралыг сайн ойлгож байна. Тиймээс дахин архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байгаасай гэж бодож байна. Тухайн үед От нь нэлээн согтуу хийсэн үйлдлээ сайн мэдэхгүй юм шиг анзаарагдсан. Угаасаа бид нар байнгын архи согтууруулах ундаа хэрэглэсэн, агсарсан, уурласан хүмүүстэй харьцдаг ажилтай учраас тэр болгонд нь гомдол гаргаад байх хэцүү байдаг. Тиймээс надад ямар нэгэн гомдол байхгүй...Би гомдолтой байна. Мөн өмсөж явсан албаны хувцсаа яаралтай гаргуулж авахгүй бол өдөр бүр ажилтай байдаг болохоор үүрэг гүйцэтгэхэд хүндрэлтэй байна. Мөн нүүрний самардсан хэсэг бугалж шархлаад байгаа болохоор эмчлүүлэх шаардлагатай байна. /хх-ийн 11-12, 13-14-р хуудас/

Гэрч А.На мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 18 цагаас 00 цагийн хооронд сургагч ахлагч Н.Сэ-ын хамт 00-30 ӨМҮ улсын дугаартай Приус-30 маркийн автомашинаар замын хяналт шалгалтаар Даланзадгад сумын төвөөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 22 цагийн үед жижүүрийн шуурхай албанаас жижүүрийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Ч.Энхбаатар 88780102 дугаарын утсаар Н.Сэ руу залгаж Дундсайханы.............. тоот хашаанд согтуу эмэгтэй тээврийн хэрэгсэл жолоодон мөргөөд байж байна гэсэн дуудлага ирлээ та хоёр яваадах гэсний дагуу уг дуудлагад очиход Дундсайханы ........... тоот хашааны гадна ямар нэгэн автомашин байхгүй зугтаачихсан байсан. Тэгээд тэнд байсан нэг залуу 96-08 ӨМҮ улсын дугаартай автомашин мөргөчихөөд явчихсан гэхээр нь Цагдаагийн газрын сангаас уг тээврийн хэрэгслийн дугаарыг шүүхэд От гэх хүний нэр дээр байдаг, гэрийн хаяг нь Зүүнсайханы ........... тоотод оршин суудаг гэсэн бүртгэл гарч ирэхээр нь тэр хаяг руу очиход уг хашаан дотор 96-08 ӨМҮ улсын дугаартай Субару форестер маркийн саарал өнгийн автомашин зогсож байсан. Тэгээд уг автомашин руу ойртож очиход согтуу эмэгтэй машин дотроо унтаж байхаар нь би хаалгыг нь онгойлгох гэсэн боловч уг автомашины хаалганууд цоожтой байсан. Тэгээд би цонхыг нь тогшоод гараад ир гэхэд гарч ирэхгүй та нар явцгаа би буухгүй гээд машинаа асаагаад ухрах үйлдэл хийхээр нь би жолоочийн талын эсрэг хаалгыг хоёр, гурван удаа хүчтэй татахад хаалга нь онгойхоор нь машиныг нь унтраагаад түлхүүрийг нь авсан. Тэгээд Сэ бууж ирэх шаардлага гарахад эсэргүүцээд гөлөгнүүд минь гэх зэргээр хараагаад байсан. Сэ энгэрээс нь татаад буулгах гэтэл өөдөөс нь өшиглөөд эсэргүүцэл үзүүлээд байхаар нь би нэг эгчийг нь дуудаад эгч нь гарч ирээд Отг автомашинаас авч буух гэсэн боловч буухгүй гээд рулиэ бариад байхаар нь Сэ татаж буулгаад эгчид нь хүлээлгэж өгөөд эгчийгээ дагаад явж байснаа намайг машиныг нь авч явна гэсэн чинь эргэж ирээд Сэтай зууралдаад байсан. Тухайн үед ганц эмэгтэй хүн байсан учраас хоёул хоёулаа очоод согтуу хүнтэй зууралдаад хэрэггүй байх гэж бодоод худлаа утсаа гаргаж ирээд бичлэг хийж байна гэж хэлсэн. Тэгтэл От уг үйлдлээ зогсоогоогүй Сэтай ноцолдож байсан. Тэгж байгаад От нь Сэыг өшиглөөд түлхэхдээ нүүрийг нь самардаад куртикнээс нь зуураад тавихгүй байхаар нь Сэ шилэн хүзүүн дээр нь дараад доош нь суулгахад От санаандгүй өмдний халаасыг нь урчихсан. Тэгээд Сэ эгчид нь энэ дүүгээ ав гэж хэд хэдэн удаа хэлсэн. Тэгтэл эгч нь уурлаад чи яасан хүн зовоож ханадаггүй юм бэ гээд загнаад авч явах гэхэд нь би дээш нь босготол миний өмдний халаасыг урсан. Тэгээд хоёр эгч нь аваад гэр лүүгээ орсон. /хх-ийн 15-16-р хуудас/

Гэрч О.Са мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би дүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй. /хх-ийн 20-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №103 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Сэ-ын биед дээд уруул, баруун завж, эрүүний баруун хэсгийг хамарсан гүн зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 24-р хуудас/

Шүүгдэгч О.От нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Бө гэдэг хүнтэй 1 шил Ерөөл нэртэй архи хувааж уусан. Тухайн өдөр танилцаад хамт жоохон юм ууж суугаад Дундсайханы ....... дугаар гудамжинд буулгасан. Одоо би хаана байгааг нь мэдэхгүй байна. Өөрийгөө Улаанбаатар хотоос ирсэн уламжлалын эмч гэж хэлсэн. Цагдаагийн албан хаагчийн нүүрийг нь самардсан, хувцсыг нь урсан санагдаж байсан. Яг сайн санахгүй байна. Учир нь тухайн үед би нэлээн согтуу байсан. Машинаа журамлуулахгүй гээд л эсэргүүцсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилдөө 400.000 төгрөгөөр торгуулж 1 жилээр эрхээ хасуулсан. /хх-ийн 34-35-р хуудас/

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/

Төрсний бүртгэлийн лавлагааны хуулбарууд /хх-ийн 54-56-р хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаартай тодорхойлолт /хх-ийн 59-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.От нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум 5 дугаар баг, Зүүнсайханы ........... тоотод байх өөрийн хашаандаа согтуугаар Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч Н.Сэын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, хүч хэрэглэсэн, мөн үеэр Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч Н.Сэын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, хүч хэрэглэж байхдаа нүүрэн тус газарт нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч О.От нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэргийг буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэд хэдэн гэмт хэргийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байх тул хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь:             

“Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Сэ нь хууль сахиулагч болох нь: А-0009022 дугаартай албаны үнэмлэхийн хуулбар “Эцэг, эхийн нэр Наранхүү, нэр Сэ, албан тушаал: Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа зохицуулагч” /хх-ийн 51-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.         

“Хүч хэрэглэх” гэж бие махбодын хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн аливаа идэвхтэй үйлдлийг хэлэх бөгөөд шүүгдэгч О.От нь албан үүргээ биелүүлэхээр очсон Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч Н.Сэын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч О.От нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч Н.Сэын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэж байхдаа нүүрэн тус газарт нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 103 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Сэын биед дээд уруул, баруун завж, эрүүний баруун хэсгийг хамарсан гүн зулгаралт гэмтэл үүссэн. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 24-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.                 

Иймд шүүгдэгч О.Отг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Сэын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.                                        

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.                   

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Сэын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ болон шүүхэд “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч О.Отг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.         

Шүүгдэгч О.Отгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.  

Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд бага насны 4 хүүхдийн хамт ам бүл 5-уул оршин суудаг болох нь:  Энэ-ийн М “2013 оны 05 дугаар сарын ...-нд төрсөн” гэх төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 54-р хуудас/, Эн-ийн Тэ “2011 оны 11 дүгээр сарын ...-нд төрсөн” гэх төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 54-р хуудас/, Э-ийн Но “2016 оны 11 дүгээр сарын ...-нд төрсөн” гэх төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 55-р хуудас/, Энэ-ийн Ма “2015 оны 04 дүгээр сарын ...-нд төрсөн” гэх төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 56-р хуудас/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаартай “О-гийн От нь /КЮ86042103/ Даланзадгад сум / хот/-ын Зүүнсайхан ......... дугаар багийн ЗС ........... тоотод ам бүл 5-уул оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 59-р хуудас/, О.От нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст бүртгэгдээгүй” /хх-ийн 39-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан хувийн байдлыг нь тогтоосон баримтуудаар тогтоогдож байна.     

Улсын яллагч: Шүүгдэгч О.Отд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 сар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногт шилжүүлэн 30 хоног хорих ял тооцон биечлэн эдлэх ялыг 7 сараар тогтож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн санал болгож буй хорих ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлээр маргаж мэтгэлцэх зүйлгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэн харгалзаж үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэхийг шүүхээс хүсч байна гэх санал гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасан тул шүүгдэгчийн бага насны 4 хүүхэдтэй хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.             

Шүүгдэгч О.От нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх тус тус шийдвэрлэх болохыг, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж шийдвэрлэв.                         

Шүүгдэгч О.От нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хэрэгт хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Отд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бо овгийн О-ийн Отг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Отд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.От нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх тус тус шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.От нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч О.От нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хэрэгт хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.От-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ДЭЛГЭРМАА