| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2020/0029/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/35 |
| Огноо | 2020-01-28 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч: Э.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эын Ад холбогдох ... тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн...............гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Эын А/РД:АЖ............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.А нь 2019 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрийн хугацаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор багийн нутаг Өндөр хөх гэх газраас иргэн З.Дгийн 1 тооны үхрийг хулгайлж 1.4000.000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Э.Аийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...2019 оны 10 сарын 17-ны өдөр энэ хэрэг болсон. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Би малынхаа байранд уясан байсан нь үнэн. Миний буруу...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 1.... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч З.Дгийн өгсөн:
“...Би Архангай аймгийн Батцэнгэл сум Дайр бор баг, Өндөр хөх гэх газар оршин суудаг. Би өөрийн нөхөр Г.Тгийн хамт мал маллаж амьдардаг. Бид хоёр 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед өөрийн үхрээ бүртгэхэд манай үхэр бүрэн байсан. Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байтал манай нутгийн Б /бүтэн нэрийг нь санахгүй байна/ гэх залуу утсаар “Танай Баян булагийн ойролцоогоос авч ирсэн улаан зүсмийн үхэр энд 4 хөлийг нь багласан байна, авч ирсэн хүнээс асуухад танай гэрийн ойролцоогоос авсан гэж байна” гэсэн. Тэгээд нөхөр бид 2 үхрээ бүртгэхэд манай улаан зүсмийн хязаалан үхэр алга байсан. Тэгээд манай нөхөр Б-гийнд очтол нөгөө үхрийг цагдаа нар аваад явсан байсан. Ийм учир би цагдаагийн байгууллагад хандсан. Манай үхэр улаан зүсмийн хязаалан үхэр байсан. 2 талын чихэндээ сам имтэй үхэр байсан. Би алдсан улаан зүсмийн үхрээ 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Манай үхэрнүүд махны чиглэлийн үхэрнүүд байгаа. Би тэр хүнийг огт танихгүй, аавыг нь муухан танина. Би гомдолтой байна, манайх олон удаа малаа алдаж байгаа, манай үхрийг өөр хүмүүстэй хамтарч авсан гэж бодож байна. Бусад хүмүүсийг нь би олмоор байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/,
*Гэрч Г.Тгийн өгсөн:
“...Би Батцэнгэл сумын Дайр бор баг, Өндөр хөх гэх газар эхнэр З.Д гийн хамт мал маллаж амьдардаг. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эхнэр бид хоёр 17 цагийн үед үхрээ бүртгэсэн. Тэгэхэд манай үхэр бүрэн байсан. Дараа нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай нутгийн Болдоо гэх залуу манай утас руу залгаж “Манай байран дээр улаан зүсмийн үхэр баглаад хүлсэн байна, танай тэр хавиас авч ирсэн үхэр байна” гэсэн. Тэгэхээр нь би Болдоогийн өвөлжөө рүү оройхон очтол уг үхрийг цагдаа нар аваад явсан гэсэн. Тэгээд би үхрээ бүртгэж үзтэл манай улаан зүсмийн хязалан үхэр алга байсан. Ийм учир цагдаад мэдэгдсэн. Тухайн үед үхэр алга болсон талаар мэдээгүй, тийм учир цагдаад мэдэгдсэн зүйл байхгүй, манай нутгийн Болдоо гэх залуу улаан зүсмийн үхэр хүлээтэй байна гэж хэлсэний дараа уг үхрийг очиж үзэх гэтэл цагдаа нар аваад явсан байсан. Миний бодлоор манай үхрийг ганцаараа хулгай хийгээгүй гэж бодож байна, бусад этгээдүүдийг олмоор байна...’’гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар тал/,
*Гэрч Х.Бийн өгсөн:
“...2019 оны 10 сарын 17-ны өдөр манайх гэртээ малаасаа мал нядлаад аймгийн төв оруулж зарчихаад шөнө өө буцаж гэртээ ирсэн. Маргааш өглөө нь манай нөхөр Б.Э нэг тооны бяруугаа хайгаад Э.Аийн үхрээр яваад Э.Аийн хаваржааны дотор үхэр мөөрөөд байсан. Б.Э очиж үзэхэд улаан зүсмийн эр үхэр пүнзэндээ хийж хаалгыг нь түгжсэн цонхыг нь бөглөөд нууж орхисон байсан гэсэн. Тэндээсээ манай нөхөр яваад Л.Булгантамирынд очиж Э.Аийн хаваржааны хашаанд үхэр хашсан байна гэж хэлсэн. Манай нөхөр Б.Э Булгантамирт чи ойрхон нутаглаж байгаа юм чинь өдөр нь харж бай, би шөнө нь харъя гэж хэлчихээд гэртээ ирсэн гэсэн. Б.Э хүү Бын хамт харанхуй болохын үед урд хамар дээр нь гарч дурандаад сууж байхад Э.А хонгор морьтой ганцаараа давхиж ирээд пүнзнээс гаргаад өвөлжөө рүүгээ хөөгөөд үхэр дотроо оруулчихаад хажууд нь суугаад байсан гэсэн. Тэгэхээр нь манай нөхөр Б.Э, хүү Б хоёр харж араас нь дагаж яваад байсан гэсэн. Э.А үхрээ туугаад харьсан. Энэ үед их харанхуй болоод юм харагдахаа больсон гэсэн. Манай хүү Б морь нь байна уу гэж гэрийнх нь гадаа явган очоод хашааных нь сүүдэрт зогсож байтал Э.А аав Эын хамт гэрээсээ гарч ирээд морь руугаа аавтайгаа хамт алхаад ирсэн гэсэн. Манай хүү морьнийх нь хажууд байсан болохоор хажууд нь байсан хашааны ёроолд хэвтээд нуугдсан гэсэн. Э.А, аав Этайгаа хамт хажууд нь зогсоод хоорондоо юм ярьж аав Э нь хүү Э.Аээсээ нөгөө үхэр чинь хаана байна, Болдоо буюу манай нөхөр Эыг үхэр пүнзэнд байгааг яаж мэдчихсэн юм бол гэж асуусан гэсэн. Э.А хариуд нь нөгөө үхрээ хөөгөөд ирсэн. Одоо энэ үхэр толгой нь эргэсэн хаашаа явдаг юм гэж яриад инээгээд байсан гэсэн. Тэгж ярьж эмээлээ авчихаад гэртээ орсон гэсэн. Манай хүү Б аав Б.Эын хамт гэрт нь ороод үхэр хулгайлсан талаар ярьж цагдаа дуудаад шалгуулсан. Би З.Д эгч рүү залгаж танайх үхэр алдсан уу гэж асуухад үхэр алдсан гэдгээ хэлээд цагдаа авч явсан. Энэ талаар манай хүү Б, нөхөр Б.Э хоёр ярьсан. Э.А гэж залууг өмнө нь хулгайн гэмт хэрэгт нутгийн хүмүүс хардаж ярьдаг. Э.Аийг мал хулгайлдаг талаар аав Э, ээж Эрдэнэчимэг нар мэддэг гэж боддог...’’гэх мэдүүлэг/хх¬¬¬-¬ийн 15-18 дугаар тал/,
*Гэрч Б.Эын өгсөн:
“...2019 оны 10-р сарын 18-ны өглөө бяруугаа хайж явж байгаад Э.Аийн хаваржаан дээр очсон. Пүнзэнд нь үхэр уяатай байсан. Тэгэхээр нь цаашаа яваад Булгантамирын гэрт нь очиж энд нэг үхэр байна Э.Аийн эзэнгүй хаваржааны пүнзэнд оруулаад уячихсан үхэр байна гэж хэлсэн. Өдрийн цагаар чи харж байгаарай, би шөнө харах уу гэж хэлсэн. Тэгээд гэртээ харьсан. Орой нь хүү Бтай хамт үхэр байгаа эзэнгүй хашааны урд толгой дээр очиж дурандсан. Харанхуй болох гэж байхад Э.А гэрээсээ морьтой гараад үхэр хашсан пүнзтэй хашаанд очоод нөгөө үхрээ гаргаж гэр рүүгээ хөөгөөд явсан. Нөгөө үхрийг хөөж өөрийнхөө үхэрт нийлүүлж хамт хөөгөөд гэртээ авчирсан. Би хүү Бын хамт Э.Аийн гэрийнх нь гадаа очсон. Манай хүү Б бид хоёр мотоциклио тавьчихаад нөгөө үхрийг гэрийнхээ гадаа байлгаж байгаа эсэхийг харах санаатай гэрийнх нь гадаа очсон. Манай хүү Б морийг нь харчихаад ирье гэж хэлээд морьнийх нь уяаны хажууд алхаад очсон. Тэгтэл Э.А аав Эын хамт гэрээсээ гарч ирсэн. Манай хүү ирэхгүй байгаад байсан. Э.А аавынхаа хамт буцаад гэртээ орж ирснээ Э.А аав Этайгаа хамт хоорондоо яриад энэ үхрийг Болдоо юу гэж ярьж байна гэж хүү Э.Аээс асуугаад байсан. Э.А Болдоо аймгаас хэзээ ирчихсэн юм бол мал гаргаж байсан хэзээ ирчихэв гэж яриад байна. Э.Аийн аав Э нөгөөх чинь байна уу гэж хүү Аээс асуугаад А энэ үхрийн толгой эргэсэн, одоо явахгүй гээд гэрэл тусгаж хулгайлсан үхрээ харчихаад гэртээ орохдоо эмээлээ аваад орсон. Манай хүү энэ яриаг сонсоод хажууд нь хашааны сүүдэрт харагдахгүйгээр хэвтчихсэн гэж ярьсан. Би хүү Бын яриаг сонсоод шууд гэрт нь орсон. Э.Аийн гэрт Э.А, Э, Э гуай, Аийн эхнэр байсан. Би үхэр хулгайлсан байна гэж хэлсэн. Үгүй гэж ярьсан. Сүүлдээ үнэнээ хэлээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд үхрийг нь авч яваад хохирогчид нь өгсөн. Э.А эхнэрийн хамт амьдардаг, аав Э, ээж Энар аймгийн төвд байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-21 дүгээр тал/
*Гэрч Л.Бын өгсөн:
“...2019 оны 10-р сарын 20-ны орчимд өдөр Б.Э ах ирж уулзаад Э.Аийн хаваржааны пүнзэнд үхэр хийсэн байна, үхрийг нь уясан байна гэсэн. Би өмнө нь харчихсан байсан болохоор харин үхэр хийгээд уясан байна гэж хэлсэн. Болдоо буюу Б.Э ахад би Э.Аийн үхэр байх гэж хэлэхэд өөрийнх нь үхэр биш гэж хэлсэн. Б.Э ах өдөр нь чи харж бай, би орой харна гэж яриад явсан. Би өдөр нь малд явахдаа харж байсан. Шөнө болох үед Б.Э ах харж байгаад барьж авсан байсан. Би Э.Аийн хулгайлж ирсэн үхэр гэдгийг дараа нь сонссон. Уг үхэр нь улаан ягаан зүсмийн эр үхэр байсан. Б.Э ах Булгантамир гэж намайг дуудаад байдаг. Миний иргэний үнэмлэхний нэр Б...” гэх мэдүүлэг/хх-ийн...’’гэх мэдүүлэг/хх¬-и鬬¬¬¬н 24-25 дугаар тал/,
*Яллагдагч Э.Аийн өгсөн:
“...Баригдахгүй байх гэж бодоод хулгай хийсэн. Улаан зүсмийн хязаалан насны эр үхэр байсан. Цагаан өнгийн 2 метр орчим урттай мяндсан уяагаар барьсан. Одоо манай гэрт байгаа. Би хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Би урьд нь ял шийтгүүлж байгаагүй. Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Нурамт гэх газар хувийнхаа малыг маллаж амьдардаг. Би хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...’’гэх мэдүүлэг/хх-ийн 41-44 дүгээр тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 155 дугаартай:
“...Хязаалан насны, тарга хүч сайн, махны чиглэлийн улаан зүсмийн эр үхэрий үнэлгээг 2019 оны 10 сарын байдлаар орон нутгийн зах зээлийн ханшаар 1.400.000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 33 дугаар тал/,
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол/хх-ийн 61-63, 69-70 дугаар тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, прокурорын зөвшөөрөл/хх-ийн 56-59 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 49 дүгээр тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрийн хугацаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор багийн нутаг Өндөр хөх гэх газраас иргэн З.Дгийн 1 тооны үхэр хулгайлагдаж, түүнд 1.4000.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Э.А үйлдсэн болох нь хохирогч З.Дгийн”... Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байтал манай нутгийн Болдоо /бүтэн нэрийг нь санахгүй байна/ гэх залуу утсаар “Танай Баян булагийн ойролцоогоос авч ирсэн улаан зүсмийн үхэр энд 4 хөлийг нь багласан байна, авч ирсэн хүнээс асуухад танай гэрийн ойролцоогоос авсан гэж байна” гэсэн. Тэгээд нөхөр бид 2 үхрээ бүртгэхэд манай улаан зүсмийн хязаалан үхэр алга байсан. Тэгээд манай нөхөр Болдоогийнд очтол нөгөө үхрийг цагдаа нар аваад явсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Тгийн”...Дараа нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай нутгийн Болдоо гэх залуу манай утас руу залгаж “Манай байран дээр улаан зүсмийн үхэр баглаад хүлсэн байна, танай тэр хавиас авч ирсэн үхэр байна” гэсэн. Тэгэхээр нь би Болдоогийн өвөлжөө рүү оройхон очтол уг үхрийг цагдаа нар аваад явсан гэсэн. Тэгээд би үхрээ бүртгэж үзтэл манай улаан зүсмийн хязалан үхэр алга байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эын”... 2019 оны 10-р сарын 18-ны өглөө бяруугаа хайж явж байгаад Э.Аийн хаваржаан дээр очсон. Пүнзэнд нь үхэр уяатай байсан. Орой нь хүү Бтай хамт үхэр байгаа эзэнгүй хашааны урд толгой дээр очиж дурандсан. Харанхуй болох гэж байхад Э.А гэрээсээ морьтой гараад үхэр хашсан пүнзтэй хашаанд очоод нөгөө үхрээ гаргаж гэр рүүгээ хөөгөөд явсан. Сүүлдээ үнэнээ хэлээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд үхрийг нь авч яваад хохирогчид нь өгсөн...” гэх мэдүүлэг, Л.Бын”... 2019 оны 10-р сарын 20-ны орчимд өдөр Б.Э ах ирж уулзаад Э.Аийн хаваржааны пүнзэнд үхэр хийсэн байна, үхрийг нь уясан байна гэсэн. Шөнө болох үед Б.Э ах харж байгаад барьж авсан байсан....” гэх мэдүүлэг, яллагдагчийн өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 155 дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э.Аийн бусдын малыг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.Аийг мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч З.Д нь хохирол төлбөрөө авсан гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн/хх-ийн 9 дүгээр тал/ тул шүүгдэгдийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал шүүгдэгч Э.Аийн хувьд тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Э.Аээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 950.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны морийг улсын орлого болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн мяндсан уяа 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Эын Аийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх алдбадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуульд заасны дагуу ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Ад хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 57 тоот тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Э.Аийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 950.000/есөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1/нэг/ тооны морийг хураан улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн мяндсан уяа 1/нэг/ ширхэгийг устгасугай.
8. Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР