Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 1257

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01108/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбатар хот, Баянзүрх дүүргийн ****** дугаар хороо, Их дарь эхийн ****** тоотод оршин суух,******* овогт *******гийн ******* /РД: *******/-ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ****** дугаар баг, Мангиртын ****** дугаар хэсэг******тоотод оршин суух, ******* овогт*******гийн ******* /РД: *******/-д  холбогдох

 

"Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Миний бие Х.*******тай 2004 оны намар танилцан, нэг удаа дотно харьцаанд орж, хүүхэдтэй болсон. 2005 оны 05 сарын 31-ний өдөр охин М.Амарзаяаг төрүүлсэн. Бид хамтдаа амьдарч байнгын харилцаатай байгаагүй. Хэд хэдэн удаа уулзаж байсан. Охин М.Амарзаяагийн төрсөн эцэг нь Х.******* мөн гэж үзэж байгаа тул эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү" гэв. 

 

Хариуцагч Х.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2004 онд танилцсан. Тухайн үедээ бид дотно харьцаанд огт ороогүй. Хамт ч амьдарч байгаагүй. 2005 оны зун Н.*******ын найз надтай таараад түүнийг хүүхэд төрүүлсэн, тэр хүүхэд нь чиний хүүхэд гэж хэлсэн. Тухайн үедээ би түүнийг 2-3 удаа эргэж очиж байсан. Түүнээс хойш уулзаагүй. Бидний хооронд ямар нэгэн дотно харьцаа байгаагүй тул миний хүүхэд биш гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна“ гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Х.*******д холбогдуулан, охин М.Амарзаяагийн төрсөн эцэг болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н.*******ын шүүх хуралдаанд гаргасан “бид хамт амьдарч байгаагүй, нэг удаа дотно харьцаанд орсон...” гэсэн тайлбар, хариуцагч Х.*******гийн шүүх хуралдаанд гаргасан “бидний хооронд дотны харилцаа байгаагүй...” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд Н.*******, Х.******* нар нь эр, эмийн харилцаатай байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.*******гийн хүсэлтээр шүүгчийн захирамжаар охин М.Амарзаяагийн биологийн эцэг мөн эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 15-ны өдрийн 7364 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Х.******* нь М.Амарзаяагийн биологийн эцэг байх боломжгүй байна гэсэн хариуг ирүүлжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т: “Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харьцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар М.Амарзаяагийн төрсөн эцэг нь Х.******* мөн болох нь тогтоогдохгүй байх тул хүүхдийн тэтгэлэг төлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Н.*******ын Х.*******г охин М.Амарзаяагийн төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.******* нь нэхэмжлэл гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус заасныг баримтлан Н.*******ын Х.*******д холбогдуулан гаргасан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Н.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ