Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/36

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Буяндалай

Шүүгдэгч: Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Дт холбогдох эрүүгийн... тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хилийн албаны мөр судлаач мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Бын Д/РД:АЭ.............../ 

 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .... тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Мг зодож/тархи доргилт/, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Шүүгдэгч Б.Дын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Эхнэр бид хоёр унтаж байхад эхнэр шөнийн 03 цагийн үед Цогтоо гээд хүний нэр дуудаад байсан. Би сэрээгээд юун хүний нэр дуудаад байгаа юм бэ гэхэд юм ярилгүй унтаад өгсөн. Тэгээд өглөө босч ирэхээр нь яагаад шөнө эрэгтэй хүний нэр дуудаад байсан юм гэж асуухад тэгж хэлээгүй гээд уурлаад намайг цохьсон. Сүүлд нь тодруулахад малчид дуулж байна гэх тэмцээнд нэг залуу гоё дуулж байсан. Тэрнээс болж хардалт бий болсон. Би эхнэртээ гар хүрсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, 

 

       *Эрүүгийн .... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Б.Мгийн өгсөн:

“...Би өөрийн нөхөр Б.Дтай гэр бүл болдоод 6 жил болж байна. Бид хоёр 4-6 насны 2 хүүхэдтэй. Манай нөхөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан уулын хилийн 0129 дүгээр ангийн 9 дүгээр заставт харуулын дарга хийдэг. Би өөрөө ажил хийдэггүй гэртээ байдаг. Манай нөхөр Б.Д 04 дүгээр сарын 20-ны үед ээлжийн амралтаа аваад Архангай аймагт ирсэн. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймагт Малчид дуулж байна тэмцээн болоод би уг тэмээнийг үзсэн тэр тэмцээнд манай дүү оролцсон юм. Үүнээс хойш 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би гэртээ буюу Цагаан давааны 02-14 тоотод байх байшинд нөхөр Б.Дтай мөн 2 хүүхдийнхээ хамтаар байх үедээ нөхөртөө хандаж хуучилж ярилцсан тэр үед Малчид дуулж байна тэмцээнд дүүгээ оруулсан тэр тэмцээнд нэг залуу гоё дуулж байсан гэж хэлсэн чинь манай нөхөр гэнэт уурлаад чи тэр залуутайгаа унтаж хэвтсэн байна гээд босч ирээд гараараа миний толгой руу 2 удаа цохиж нэг удаа хацар руу алгадаж хөлөөрөө нэг удаа миний хөл рүү өшиглөсөн мөн миний зүүн талын бугалга руу цохьсон. Тэр үед нь тэгээд тайвшруулаад унтуулсан. Маргааш орой нь бас дахиад л зодсон. Ямар шалтгааны улмаас зодсон гэхээр бас л тэр Малчид дуулж байна тэмцээний оролцогчтой хардаад өөрөө ургуулан бодоод чи угаасаа тэр залуутай холбоотой гээд дахин зодсон тэр үед бас л гараараа миний толгой тархи руу цохьсон бас гараа атгаж баигаа миний нуруу далд орчимд цохьсон. Тэгэхээр нь би намайг яагаад зодоод байгаа юм бэ гэхэд энийг зодох гэдэггүй юм зодох гэдэг өөр байдаг юм гэж хэлж байсан. Үүнээс хойш бас орой унтаж байгаад гэнэт сэрээд би чамайг гудманд өөр залуутай үнсэлцээд зогсоод байна гэж зүүдэллээ гэж уурлаад намайг зодоогүй ч гэсэн шөнө унтуулаагүй айдастай хонуулсан. Би намайг зодохвий гэж их айдаг магадгүй энэ хүний гарт үхэж магадгүй гэж хүртэл бодогдох юм. Үүнээс шалтгаалж би цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон. 2012 оны 09 дүгээр сард санагдаж байна Улаанбаатар хотод нөхөр бид 2 Б.Дын танил гэх нэг эмэгтэй буудалд уулзсан. Тэр үед Б.Д тэр эмэгтэйтэй хамт архи уусан сүүлдээ намайг Б.Д хөөгөөд агсам тавиад байхаар нь би нуугдсан зугтааж байсан. 2013 оны 02 дугаар сард шинийн 3-ны өдөр Дорноговь аймагт цэргийн анги дээр хамт амьдарч байх үед жагсаалын талбай дээр намайг согтуу байх үедээ шөнжин зодсон. Ямар шалтгааны улмаас зодсон гэхээр орой надад хоол хийж өгсөнгүй гэх шалтгааны улмаас зодож байсан. Тэр үед намайг хагас түрүүтэй гутлаар хаа сайгүй өшиглөж зодсон мөн миний нүүр ам руу цохиж зодож дээд нэг үүдэн шүдийг унагасан байсан. Маргааш өглөө нь би Замын үүд рүү зугтаагаад явсан. 2014 оны намар сарыг нь санахгүй байна. Бас л Дорноговь аймгийн 2 дугаар заставт гэртээ байх үедээ би хоол хийх гээд гурил элдээд зогсож байгаад амандаа дуу аялсан чинь чи шөнө амандаа дуу аялаж гингинлээ гэж уурлаад миний гарын 2 бугалга руу нэг нэг удаа маш хүчтэй цохьсон дараа нь алаг дарам газар хүрэн няц болсон байсан. Энэ талаар хэн ч мэдээгүй би нөхөрийнхөө нэр хүндийг унагаагаад яахав гэж бодоод хэнд ч хэлээгүй. 2014 оны хавар застав дээр тэмцээн зохиогдож бүжиг явуулсан тухайн үед манай нөхөр бид 2 хамт бүжиглэж байгаад манай нөхөр гараад явчихсан тэгэхээр нь би араас нь гэртээ очоод гэрийнхээ хаалгыг нүдтэл хаалга онгойлгож өгөхгүй байсан бараг 30-д минут үүдэн дээрээ хүлээж байтал үүдээ онгойлгож өгсөн тэгээд гэрт оруулж ирээд үүдээ түгжээд намайг хагас түрүүтэй цэрэг гутлаараа хаа сайгүй өшиглөж, намайг үсдэж аваад хана мөргүүлж алгадаж толгой тархи руу олон удаа цохиж мөн гутлаа тайлаад гутлаараа хүртэл цохиж зодсон. Ямар шалтгааны улмаас зодсон гэхээр намайг хардаж зодсон. Тухайн үед намайг хардах юм огт болоогүй. Манай нөхөр намайг гэрээт цэргүүдтэйгээ хий хардаж зодсон. Ер нь бол байнга шахуу л гарч хүрч зоддог байсан.  Ер нь бол манай ах дүү нар бол бараг л бүгд мэднэ дээ. Надад найз нөхөд гээд байх зүйл байдаггүй миний эрхийг зөрчиж намайг өөрийнхөөрөө байлгадаг. Байнга шахуу л айлгаж дарамталдаг. Би байнга айдастай байдаг. Намайг хоосон хий хардаж л зодддог. Б.Д бол ер нь бол байнга л надтай дошгин ширүүн харьцаж байнга л гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж намайг цохиж зоддог. Ер нь бол их дээрэнгүй байдаг 2018 оны 07 мөн 08 дугаар сард бас намайг зодож над руу хутга авч шидэж байсан.  Би маш их гомдолтой байна. Сэтгэл санаа, эрүүл мэнд бие мах бодиороо хохирч байна.  Манай ээж Д.Э /95794672/ манай дүү И.Ж, /99595652/ И. Март /утасгүй/ нар сайн мэднэ..” гэх мэдүүлэг/хх-ийн 12-15 дугаар тал/ 

 

           *Хохирогч Б.Мгийн дахин өгсөн: 

           “...Эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь тухайн үед нөхөртөө гомдсон үедээ энэ талаар мэдүүлэг өгсөн намайг энэ хэрэгтэй холбоотой дарамталж, айлган сүрдүүлсэн ятгасан, ямар нэг байдлаар нөлөөлсөн асуудал байхгүй тухайн үед миний сэтгэл санаа тогтворгүй байсан болохоор удаа дараа зодож байсан гэж мэдүүлэг өгсөн манай нөхөр удаа дараа намайг зодсон асуудал байхгүй.  Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн их эмч Энхболд гэдэг эмчид үзүүлсэн надаа ямар нэг баримт материал байхгүй байгаа нурууны яс хугарсан гэмтэл нь хэзээ юунаас болж үүссэнийг би мэдэхгүй намайг ямар нэг хүн цохиж зодоогүй осол аваарт ороогүй эмнэлэгт үзүүлсэн ийм гэмтэлтэй байна гэж хэлсэн өөр надаа энэ талаар мэдэх зүйл алга байна. 2013 онд өөрийн нөхөр Б.Дт дээд үүдэн нэг ширхэг шүд хугалж байсан энэ гэмтлийг Дорноговь аймгийн хилийн застав дээр гэртээ байхад намайг нэг удаа хөлөөрөө өшиглөж миний шүд хугалсан тухайн үед эмнэлэгт үзүүлж байгаагүй энэ талаар холбогдох баримт материал байхгүй. Одоо надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-24 дүгээр тал/ 

 

*Гэрч Д.Эийн өгсөн: 

“...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр манай охин Б.М нь намайг 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Б.Д зодсон гэж хэлсэн. Тэр үед биед нь ил харагдах гэмтэл харагдаагүй. Би Б.Даас асуухад үгүй ээ ээж би зодоогүй гэж хэлж байсан би хэн нь үнэн яриад байгааг мэдэхгүй юмаа. Б М нь миний хамгийн том охин байгаа юм дараах 2 охин нь эцэг өөр хүүхдүүд байгаа юм. 2013 онд Дорноговь аймагт Б.Д Б.М 2 хамт амьдарч байсан. Тэр үед 2013 оны 02 дугаар сард санагдаж байна Б.Д манай охин Б.Мг зодоод үүдэн нэг шүдийг нь хугалсан байсан энэ тэнд нь хөхөрч хүрэнтсэн байсан. Тухайн үед нилээд их асуудал болж байсан тэр үед Б.Д манай охиныг өөрөө дагуулж ирээд намайг уучлаарай гэж уучлалт гуйгаад Улаанбаатар хот орж үзүүлж харуулаад ирлээ гэж ирж байсан. Тэр үед яалтчгүй манай охиныг Б.Д зодсон байсан. Тэрнээс хойш тэгж нэг их аймар зодсон талаар мэдэхгүй байна. Ер нь бол Б.Д их хартай хий хардаж янз бүр болоод байдаг юм шиг байнэ лээ цэргийн хүн болохоороо их ширүүн догшин л байдаг юм байна лээ. Миний мэдэхээр бол цохиж зодсон талаар мэдэхгүй намайг байх үед цохиж зодоод байдаггүй ганц нэг чимхэж хөхрүүлсэн зүйл харагддаг байсан. Би нэг сар гаруй хамт амьдарч байсан. Байнга хамт байдаггүй болохоор мэдэхгүй юм. Б.М өөрөө надад манай нөхөр намайг зодчихлоо гэж хэлж ярьж байгаагүй. Б.М өөрөө их айдастай байдаг Б.Даас айгаад одоо яанаа яанаа  гээд байдаг Б.М багаасаа их айдастай хүүхэд байсан. Энэ талаар мэдэхгүй байна намайг Улаанбаатар хот явчихаад ирсэн чинь л хамгаалах байранд орчихсон байдаг. Тэр үед Б.Д манайд ирээд надтэй уулзаад Б.Мг хайгаад явж байсан. Б.М бүтэн нэг өдөр гэртээ ирээгүй явсан яасан талаар асуухад чамд миний хайчих хэмаагүй гэж хэлээд л гараад явсан. Тэгээд цагдаад өргөдөл өгч өөрөө хамгаалах байранд орсон байсан би багшийн сургуулийн тэнд явж байгаад хүүхдээ цонхоор харсан тэгээд мэдсэн гэж надад хэлж байсан. Б.М, Б.Д хоёулаа л ширүүн түргэн хурдан түргэн ууртай хэн хэнийхээ үгийг даадаггүй хүмүүс байгаа. Б.М Б.Д намайг зодлоо гэж урьд өмнө юм хэлж байгаагүй 2013 оноос хойш санагдаж байна. Дорноговь аймагт амьдарч байгаа байнга утсаар ярьж чаддаггүй байсан заримдаа нэг ярихаар сайн байгаа гэж хэлдэг байсан. Утсаар ярихаар зодлоо цохилоо гэж хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-27 дугаар тал/, 

 

*Гэрч И.Жгийн өгсөн: 

“...Б.Д Дорноговь аймагт хилийн заставт ажилладаг. Тэгээд амралтаа аваад эхнэр хүүхэд дээрээ ирж амардаг. Б.Д амралтаар ирэх болгондоо архи их уудаг, уусан үед нь Б.М эгч байнга л зугтаачихдаг. Б.Д архи уусан байна би зугтаалаа гээд л зугтаачихдаг. Намайг байхгүй бол наадах чинь зүгээр унтаад амарчихна гээд хэдэн цагт ч хамаагүй яваад өгдөг. Б.Д ирээд эхнэрээ асуугаад байдаг тэгж байгаад унтдаг Б.Д ер нь ширүүн зантай эрүүл согтуу ч тийм байдаг. Б.Дт Б.М эгч 2013 онд Дорноговь аймагт амьдарч байсан.Өөр байдлаар зодуулж байсан талаар нь харж байгаагүй бас сонсож байгаагүй. 2013 онд зодуулсан гэх үед Б.М эгчийн шүд нь унасан байсан. Би сүүлд нь Б.М эгчтэй очиж уулзах үед Б.Дын зан авир дийлдэхээ болилоо амралт нь дуусаж байгаа одоо намайг Дорноговь аймаг руу авч явах гээд байна ааш авир нь дийдэхгүй болоод би энд ирээд хамгаалуулаад байж байна гэж хэлсэн. Түүнээс ямар нэгэн байдлаар зодуулсан гэж юм хэлээгүй. 2018 оны хавар архи ууж ирээд гэртээ ирсэн. Тэр үед  Б.М эгч гэртээ байхгүй байсан чинь Б.Д над дээр ирээд эгч минь хаана байна эгчийгээ олоод ир гэж намайг загнаад миний толгой руу гараараа 2 удаа цохиж байсан. Тухайн үед надад гэмтэл бэртэл учраагүй. Манай гэр бүлийн өөр гишүүдийг цохиж зодож байгаагүй. Б.Д Б.М нар хоорондоо сайхан харьцаатай байдаг, гэхдээ энэ хоёр хоёулаа их хартай хүмүүс шиг санагддаг, 2 биенийгээ хардаад хэрүүл маргаан хийдэг гэж би боддог. Б.Д захирангуй маягийн харьцаатай ширүүн зантай хүн. Зодож цохиод байдаг асуудлын талаар би мэдэхгүй. Б.М эгч нь зодууллаа цохиуллаа гэж хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-30 дугаар тал/ 

 

*Яллагдагч Б.Дын өгсөн: 

“...Би 2019 оны 04 сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 02-14  тоотод өөрийн эхнэр Б.Мтай хэрүүл маргаан хийж байгаад эхнэрээ хардаад толгой руу нь 2 удаа гараараа цохисон нэг удаа хөлөөрөө эхнэрийн хөл шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөсөн мөн гарын бугалга хэсэг рүү нэг удаа гараараа цохисон өөр ямар нэг асуудал болоогүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Манай эхнэр унтаж байгаад өөр хүний нэр хэлээд зүүдлээд байсан чи өөр хүний нэр дуудаад зүүдлээд байна гээд хардаад тэрнээс болж хэрүүл маргаан хийсэн. Би янз бүрийн юмаар цохиж зодоогүй хэрүүл маргаан хийж байгаад 2 удаа гараараа толгой хэсэг рүү нь цохисон нэг удаа хөлөөрөө хөлийн шилбэ хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн мөн гарын бугалга хэсэг рүү нь нэг удаа цохьсон өөр гар хүрээгүй. Хэрэлдэж маргалдахгүй байна гэж юу байх вэ хэрэлдэж маргалдаж байсан гэхдээ тийм сүртэй хэрэлдэж маргалддаг асуудал байхгүй ер нь бол архи ууснаас л болж хэрүүл маргаан гардаг би жаахан архи уусан үедээ урдаас нь янз бүрийн юм ярьдаг тэгээд л хэрүүл маргаан гардаг. Би өөрийн эхнэр Б.Мгийн толгой руу 2 удаа гараараа цохисон нэг удаа хөлөөрөө хөл шилбэ хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн мөн гарын бугалга хэсэг рүү нь нэг удаа цохисон. Өөр гэмтэл бэртэл учиртал цохиж зодоогүй. Манай эхнэр надад гомдол санал байхгүй гэсэн миний асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 86-89 дүгээр тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 205 дугаартай“...Б.Мгийн биед, тархи доргилт, зүүн гарын бугалганы урд дээд хэсэгт, зүүн хөлийн шилбэний урд дунд хэсэгт жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4- 1-д зааснаар хөнгөн гэмтэлд, зүүн гарын бугалганы урд дээд хэсэгт, зүүн хөлийн шилбэний урд дунд хэсэгт жижиг жижиг цус хуралт гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 75 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаандавааны 02-14 тоотод хохирогч Б.М нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Шүүгдэгч Б.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Мд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Мгийн”...2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би гэртээ буюу Цагаан давааны 02-14 тоотод байх байшинд нөхөр Б.Дтай мөн 2 хүүхдийнхээ хамтаар байх үедээ нөхөртөө хандаж хуучилж ярилцсан тэр үед Малчид дуулж байна тэмцээнд дүүгээ оруулсан тэр тэмцээнд нэг залуу гоё дуулж байсан гэж хэлсэн чинь манай нөхөр гэнэт уурлаад чи тэр залуутайгаа унтаж хэвтсэн байна гээд босч ирээд гараараа миний толгой руу 2 удаа цохиж нэг удаа хацар руу алгадаж хөлөөрөө нэг удаа миний хөл рүү өшиглөсөн мөн миний зүүн талын бугалга руу цохьсон...” гэх мэдүүлэг, гэрч Д.Эийн”... 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр манай охин Б.М нь намайг 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Б.Д зодсон гэж хэлсэн. Тэр үед биед нь ил харагдах гэмтэл харагдаагүй. Би Б.Даас асуухад үгүй ээ ээж би зодоогүй гэж хэлж байсан би хэн нь үнэн яриад байгааг мэдэхгүй юмаа. Тэр үед 2013 оны 02 дугаар сард санагдаж байна Б.Д манай охин Б.Мг зодоод үүдэн нэг шүдийг нь хугалсан байсан энэ тэнд нь хөхөрч хүрэнтсэн байсан. Миний мэдэхээр бол цохиж зодсон талаар мэдэхгүй намайг байх үед цохиж зодоод байдаггүй ганц нэг чимхэж хөхрүүлсэн зүйл харагддаг байсан. Б.М өөрөө их айдастай байдаг Б.Даас айгаад одоо яанаа яанаа  гээд байдаг Б.М багаасаа их айдастай хүүхэд байсан. Намайг Улаанбаатар хот явчихаад ирсэн чинь л хамгаалах байранд орчихсон байдаг. Б.М, Б.Д хоёулаа л ширүүн түргэн хурдан түргэн ууртай хэн хэнийхээ үгийг даадаггүй хүмүүс байгаа...” гэх мэдүүлэг, гэрч И.Жгийн”... Б.Д амралтаар ирэх болгондоо архи их уудаг, уусан үед нь Б.М эгч байнга л зугтаачихдаг. Б.Д архи уусан байна би зугтаалаа гээд л зугтаачихдаг. Намайг байхгүй бол наадах чинь зүгээр унтаад амарчихна гээд хэдэн цагт ч хамаагүй яваад өгдөг. Б.Д ер нь ширүүн зантай эрүүл согтуу ч тийм байдаг...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Дын мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 205 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Дын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Мгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед тархи доргилт, зүүн гарын бугалганы урд дээд хэсэгт, зүүн хөлийн шилбэний урд дунд хэсэгт жижиг цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байна. 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр Б.Мгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, бөгөөд шүүгдэгч Б.Дын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Дыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.М нь хохирол төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн болно. 

Шүүгдэгч Б.Д нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч Б овогт Бын Дыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 350/гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

             

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Дт оногдуулсан 350/гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай. 

 

            5. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР