Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/38

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У 

Шүүгдэгч: Н.У 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Н-ын Уд холбогдох ... тоот хэргийг хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, эрэгтэй, 58 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын ..........гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Ломбо овогт Нын У/РД:АЕ........./ 

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч Н.У нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын залгаа нутаг Цайдам гэх газраас хохирогч Д.Оын 2 тооны адууг хулгайлж, 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Эрүүгийн ...тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

*Хохирогч Д.Оын өгсөн:

“...Миний 100 гаран тооны адуу маань Архангай аймгийн Өгийнуур суманд өөрийн төрсөн ах Д.Оынд байдаг. 2018 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө миний төрсөн ах Д.О Улаанбаатар хот руу өөрийн автомашинаар явж байхад миний хоёр тооны адууг Т.Мэ гэх залуу Портер автомашинаар аччихсан Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг дэвсгэр Майхан уул гэх газар явж байгаад тааралдсан. Тэгээд Д.О ах Т.Мэ гэх залууд хандаж чи яагаад уг адууг ачиж яваа юм бэ? энэ адуу чинь миний төрсөн дүүгийн адуу би малладаг гэхэд уг хоёр адууг надад Өлзийт сумын харъяат Н.У гэх хүн өгсөн гэж хэлсэн гэсэн. Тэр шөнөдөө Д.О ах Н.Утай очиж уулзахад би уг хоёр адууг Т.Мэ гэх залууд өгсөн, Т.Мэ гэх залуу уг адууг хулгайн адуу гэж мэдээгүй гэж миний ах Д.От хэлсэн. Тэр өдрөө уг хоёр адуугаа Д.О ах адуундаа эргэж тавьсан гэж надад хэлсэн. Би уг алдсан адууныхаа зүсийг сайн санахгүй байна. Саран дэвсгэртэй гал тамгатай адуунаад байгаа. Уг хоёр адууны зүс им тамганы талаар миний төрсөн ах Д.О сайн мэдэж байгаа. Би гүүгээ 5.000.000 төгрөгөөр үнэлнэ. Уг гүү маань угшил сайтай болохоор би өндөр үнэлж байна. Нөгөө адууг нь тухайн үеийн зах зээлийн ханшаар 800.000 төгрөгөөр үнэлнэ. Би Н.Уд миний адууг хулгайлсанд гомдолтой байна. Н.У нь ямар учраас миний адуунаас хулгайлаад байгаа санаа сэдлийг нь олмоор байна. Надад өс хонзон санаж миний адууг хулгайлж байгаа эсэх талаар мэдмээр байна. Мөн тэр дошгин адуунуудыг яавч Т.Мэ, Н.У хоёр хоёулахнаа аваагүй. Өөр хүн байгаа байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-11 дүгээр тал/, 

 

*Гэрч Т.Мийн өгсөн:

“...Би Батцэнгэл сумын Улаанчулуут багт эхнэр хоёр хүүхдийн хамт мал маллан амьдардаг. 2018 оны 08 дугаар сард би хоёр хүүхдийнхээ үсийг авсан юм. Миний аавын төрсөн эгчийн нөхөр Н.У нь миний хоёр хүүхдийн үсний найрнаар нэг нэг адуу бэлэглэсэн юм. 2018 оны 09 дүгээр сарын 20-оор би бэлэгнийхээ адууг авахаар Н.У ахтай ярихад, хүрч ирээд ав гэж хэлсэн. Би 2018 оны 09 дүгээр сарын 22-нд Батцэнгэл суман дахь гэрээсээ гараад явсаар байтал орой 22:00 цагийн үед Н.У ахынд очсон. Гэтэл Н.У ах яваад адуугаа гэрийнхээ хажуу талын өөрийнхөө хаваржаан дээр хашсан. Н.У ах бид хоёр хоёулаа машинтай хаваржаан дээр очоод, хул хонгор морь, хүрэн гүү хоёрыг барьж надад өгсөн. Би уг хоёр адууг аваад, шууд Улаанбаатар хот руу оруулж, Эмээлт дээр зарахаар явтал Булган аймгийн Майхан уулын цаах нь уурхайн ойролцоо миний хажуугаар хөх вонго-3 унасан ах орж ирж, намайг зогсоогоод, наад ачиж яваа адуу чинь миний адуу байна гэж хэлсэн.Тэр ах өөрөө мах ачиж явсан болохоор шууд Улаанбаатар хот руу яваад өгсөн. Би тэр ахад хандаж би танай адууг мэдээгүй, Н.У ах надад өгөх ёстой хоёр адуугаа гэж барьж өгсөн гэж хэлээд, эргээд адуунд аваачиж тавьчихаад би Батцэнгэл суман дахь гэр рүүгээ явсан. Би бага байхдаа Н.У ахад морь унадаг байсан. Тэр үед Н.У ах овоо олон адуутай байдаг байсан. Би Батцэнгэл сумын хүргэн болоод Батцэнгэл суманд 6 жил гаран амьдарч байна. Тэрнээс өмнө цэрэгт явсан бөгөөд Н.У ахынхаар очоогүй 10 гаран жил болж байгаа болохоор адууг нь мэдэхгүй байна. Би уг хоёр адууг ачихдаа өөрийн хадам ах Б.Бат-Очирын эзэмшлийн 60-14 АРА улсын дугаартай Портер маркийн автомашиныг гуйж авч явсан. Уг автомашиныг Улаанбаатар хот руу зарах гэж байсан. Би уг хоёр адууг зараад, уг автомашиныг Улаанбаатар хотод үлдээх байсан. Одоо уг автомашиныг зарчихсан байх. Би Батцэнгэл сумаас шууд Өгийнуурын залгаа Өлзийтийн нутгаас Н.У ахаас хоёр морийг авсан бөгөөд Өлзийтийн сумын төв хол байсан болохоор шууд явсан. Би Н.У ахаас малын гарал үүслээ хаанаас авах талаар асуухад Н.У ах надад хандаж гарал үүслийн бичиг авах шаардлагагүй, чи Өлзийтөөс авна гэвэл нилээн тойрно гэж хэлэхээр нь засмал зам руу гараад шууд Улаанбаатар руу явсан. Н.У ахынх засмал замтай их ойрхон байсан юм. Уг хоёр адуу нь саран дэвсгэр дээр дөл тамгатай адуунууд байсан. Би Н.У ахыг миний хоёр хүүхдийн үсний найрнаар өгсөн адуугаа авч байгаа болохоор хулгайн адуу өгнө гэж санаагүй. Би уг хоёр адууг зарж, хоёр хүүхдийнхээ ойр зуурын хэрэгцээнд хэрэглэх гэж байсан...’’гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/,

 

*Гэрч Д.Оын өгсөн:

“...Би 2018 оны 09 дүгээр сарын 22-нд орой Улаанбаатар хот руу Бонго машинтай хэдэн үхэр, хонь янзлаад явсан. Засмал дээр гараад шөнө 12:00- 01:00 цагийн үед Майхан уулын цаахан Уурхайн хажуухан талд зам дээр явж байхад миний дүүгийн эзэмшлийн би малладаг хүрэн гүү, хул хонгор морийг цагаан өнгийн Портер автомашинд аччихсан нэг залуу явж байсан. Би зогсоогоод хартал нэг танихгүй залуу уг Портерийг жолоодчихсон явж байсан. Би тэр залууд хандаж чи яахаараа уг хоёр морийг ачиж явдаг юм бэ ? гэж хэлэхэд: Тэр залуу Н.У ах надад уг хоёр морийг өгсөн юм гэж хэлсэн. Би наад хоёр морь чинь миний морьдууд байна эргэж адуунд нь тавь гэж хэлчихээд, би цаашаа Улаанбаатар хот руу явсан. Тэр залуу наашаагаа Өгийнуур сум руу ирж уг хоёр адууг адуунд нь тавьсан байна лээ. Би уг асуудлыг дүүдээ хэлэхэд дүү маань хотод цагдаад уг асуудлыг мэдэгдсэн байна лээ. Улаанбаатар дугаартай цагаан өнгийн портер байсан. Би одоо санахгүй байна. Уг автомашиныг жолоодож явсан залуу Н.У гэх манай хажуухан талд нутагладаг айлын төрлийн хүүхэд гэхээр нь би адууг минь эргээд адуунд нь тавьчих байх гээд мах янзалсан байсан болохоор шууд явсан. Уг хоёр адуу нь хоёулаа дөлтэй саран тамгатай, хүрэн зүсмийн гүү, хул хонгор зүсмийн морь хоёр тооны адуу байсан. Уг асуудал болсон дараа би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад, хүүгийнхээ байдаг Солонгос улсад байж байгаад 2019 он 05 дугаар сарын сүүлээр Монголд ирсэн. Н.У гэх хүнийг танина. Н.У нь Өлзийт сумын хүн байгаа юм. Одоогоор эхнэрийн хамт амьдардаг. Уг залуу өөрийгөө Батцэнгэл сумынх Н.У ахаас авах адуугаа автал таны морийг ачуулчихсан байна. Дүү нь буцаагаад тавьчихъя гэж хэлсэн. Би цаашаа Улаанбаатар руу явсан. Сүүлд нь хүмүүсээс дуулахад Т.Мэ гэдэг гэж дуулсан...’’гэх мэдүүлэг/хх¬¬¬-¬ийн 20-22 дугаар тал/, 

 

*Яллагдагч Н.Уын өгсөн:

“...Би иргэн Д.Оын эзэмшлийн 2 тооны адууг хулгайлсан нь үнэн. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Тийм сайн ярьж чадахгүй байна. Хүүхдийнхээ хувцасыг бэлдэх гээд мөнгөний хэрэг гараад хулгайлсан. Би ганцаараа байсан. Би урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Би Архангай аймгийн Өлзийт сумын Цайдам багийн Ямаат гэх газар оршин сууж байгаа. Миний авсан 2 тооны адуу нь зүсээрээ эзэндээ буцаж очсон...’’гэх мэдүүлэг/хх-ийн 43-45 дугаар тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 08 сарын 27-ны өдрийн 164 дугаартай: 

“...Нас гүйцсэн хурдан удамтай гүүний үнэ 950.000 төгрөг, нас гүйцсэн морины үнэ 800.000 төгрөг, нийт 1.750.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 33 дугаар тал/, 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 51 дүгээр тал/ зэргийг шинжлэн судалсан болно. 

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын залгаа нутаг Цайдам гэх газраас иргэн Д.Оын 2 тооны адуу хулгайлагдаж, 1.750.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

 

Дээрх  гэмт хэргийг шүүгдэгч Н.У үйлдсэн болох нь хохирогч Н.Оын”...2018 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө миний төрсөн ах Д.О Улаанбаатар хот руу өөрийн автомашинаар явж байхад миний хоёр тооны адууг Т.Мэ гэх залуу Портер автомашинаар аччихсан Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг дэвсгэр Майхан уул гэх газар явж байгаад тааралдсан. Тэгээд Д.О ах Т.Мэ гэх залууд хандаж чи яагаад уг адууг ачиж яваа юм бэ? энэ адуу чинь миний төрсөн дүүгийн адуу би малладаг гэхэд уг хоёр адууг надад Өлзийт сумын харъяат Н.У гэх хүн өгсөн гэж хэлсэн гэсэн. Тэр шөнөдөө Д.О ах Н.Утай очиж уулзахад би уг хоёр адууг Т.Мэ гэх залууд өгсөн, Т.Мэ гэх залуу уг адууг хулгайн адуу гэж мэдээгүй гэж миний ах Д.От хэлсэн. Тэр өдрөө уг хоёр адуугаа Д.О ах адуундаа эргэж тавьсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Т.Мийн”... Би 2018 оны 09 дүгээр сарын 22-нд Батцэнгэл суман дахь гэрээсээ гараад явсаар байтал орой 22:00 цагийн үед Н.У ахынд очсон. Гэтэл Н.У ах яваад адуугаа гэрийнхээ хажуу талын өөрийнхөө хаваржаан дээр хашсан. Н.У ах бид хоёр хоёулаа машинтай хаваржаан дээр очоод, хул хонгор морь, хүрэн гүү хоёрыг барьж надад өгсөн. Би уг хоёр адууг аваад, шууд Улаанбаатар хот руу оруулж, Эмээлт дээр зарахаар явтал Булган аймгийн Майхан уулын цаах нь уурхайн ойролцоо миний хажуугаар хөх вонго-3 унасан ах орж ирж, намайг зогсоогоод, наад ачиж яваа адуу чинь миний адуу байна гэж хэлсэн.Тэр ах өөрөө мах ачиж явсан болохоор шууд Улаанбаатар хот руу яваад өгсөн. Би тэр ахад хандаж би танай адууг мэдээгүй, Н.У ах надад өгөх ёстой хоёр адуугаа гэж барьж өгсөн гэж хэлээд, эргээд адуунд аваачиж тавьчихаад би Батцэнгэл суман дахь гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Оын”...Засмал дээр гараад шөнө 12:00- 01:00 цагийн үед Майхан уулын цаахан Уурхайн хажуухан талд зам дээр явж байхад миний дүүгийн эзэмшлийн би малладаг хүрэн гүү, хул хонгор морийг цагаан өнгийн Портер автомашинд аччихсан нэг залуу явж байсан. Би зогсоогоод хартал нэг танихгүй залуу уг Портерийг жолоодчихсон явж байсан. Би тэр залууд хандаж чи яахаараа уг хоёр морийг ачиж явдаг юм бэ ? гэж хэлэхэд: Тэр залуу Н.У ах надад уг хоёр морийг өгсөн юм гэж хэлсэн. Би наад хоёр морь чинь миний морьдууд байна эргэж адуунд нь тавь гэж хэлчихээд, би цаашаа Улаанбаатар хот руу явсан...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2019 оны 08 сарын 27-ны өдрийн 164 дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Н.Уын бусдын малыг  нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Уд холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Уыг мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Н.У нь хулгайлсан хоёр тооны адуугаа буцааж хохирогчид өгсөн талаар хэрэгт хохирогч, гэрч нар мэдүүлсэн бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжилсэн хохирол төлбөргүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

 

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал шүүгдэгч Н.Уын хувьд тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөгдсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн  4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ломбо овогт Нын Уыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Уд хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Уд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх алдбадлагын арга хэмжээ авсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуульд заасны дагуу ял оногдуулахыг  мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Уд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

6. Шүүгдэгч Н.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР