Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01107

 

Г.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

         2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/00391 дүгээр шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 676 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Г.Д

         Хариуцагч: Нт холбогдох

    Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулж, уг ажиллагааг хуулийн дагуу явуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

     Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ах Г.Цэнгүүнбаяр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7895 дугаар шийдвэрээр Б.Эрдэнэ-Очирт 71,968,549 төгрөг төлөх болсон. Уг шийдвэрт надаас мөнгө гаргуулах,  заалт байхгүй байхад  миний хөрөнгөнд халдсан. Шүүхийн шийдвэрт дурдсан төлбөрийг төлж чадахгүй байсан тул Г.Цэнгүүнбаяр, Д.Энэбиш, Г.Д нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, 202 дугаар байрны 101 тоотод оршин суух, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар төлбөр барагдуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ажиллагаа хийгдэж, нүүлгэн гаргах мэдэгдэл өгснөөс хойш мэдсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн орон сууцны өмчлөгчийн хувьд уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд огт оролцуулаагүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүрэг хариуцсан 160 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч миний 3 өрөө орон сууцыг 2016-03-16-ны өдөр битүүмжлэх тогтоол үйлдэж, маргааш нь  хураах тогтоол гаргаж  энэ талаар надад огт мэдэгдээгүй. Мөн 2016-04-10-ны өдөр тогтоол гарган албадан дуудлага худалдаанд оруулахдаа надаас зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй, үнийн санал аваагүй. 2 дахь дуудлага худалдааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15.3-г зөрчсөн. Миний ах Г.Цэнгүүнбаяр нь ээж Д.Энэбишийн хамт уг орон сууцанд амьдардаг. Тасгийн дарга, шийдвэр гүйцэтгэгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15.2, 15.2.6, 68.6-т заасны дагуу 2017-04-01-ний өдөр хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, үнийн санал авах тогтоол протоколтой танилцах, хамтран өмчлөгч нараас санал авах болон түүнд мэдэгдэх тухай хүсэлт гаргасан байна. Гэвч НШГА-ны тасгийн дарга нь хариу мэдэгдэх хуудсандаа  татгалзсан хариу өгсөн. Би энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдаж байгааг мэдээд дээрх шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнуудад хандсан боловч хүлээн аваагүй. Иймд миний өмчлөлийн  101 тоотод  3 өрөө орон сууцтай холбоотой  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг холбогдох хуулийн дагуу явуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 7895 дугаар шийдвэрээр Г.Цэнгүүнбаяраас 71,968,600 төгрөг гаргуулж, Б.Эрдэнэ-Очирт олгохоор шийдвэрлэсний дагуу ажиллагаа явуулж, төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 202 дугаар байрны 101 тоот хаягтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн Г.Цэнгүүнбаяраас хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авахад 260 сая төгрөгөөр үнэлж, хүсэлтээ төлбөр төлөгч Г.Цэнгүүнбаяр, өмчлөгч Д.Энэбиш, Г.Д нар нотариатаар баталгаажуулан ирүүлсэн. Төлбөр авагч Б.Эрдэнэ-Очир зөвшөөрснөөр албадан дуудлага худалдааны үнийг тогтоож байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016-02- 22-ны өдрийн 3/14902 дугаар албан бичгээр үнэлгээг төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн. Барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар 2 –р оруулсан боловч  борлогдоогүй, төлбөр төлөгч, өмчлөгч нар төлбөрт тооцуулан төлбөр авагчид шилжүүлэх тухай хүсэлтээ нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-р барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон шилжүүлж авахыг хүлээн зөвшөөрсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүхий л шатанд холбогдох ажиллагааны талаар төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэл хүргүүлж байсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг хангаж байсаны нотолгоо болно.  Г.Д  ижил утга бүхий нэхэмжлэлийг  шүүхэд гаргаж,  2017 оны 181/ШШ2017/00730 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2 удаагийн хурлаар орж барьцаагаар хангуулах шийдвэр гарсан ч удаа дараа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд янз бүрийн шалтгаан тоочиж өдий хүртэл ажил амьдралд минь цаг хугацааны хохирол гаргаж байна. Хамгийн сүүлд Г.Дын нэхэмжлэл надад ирсэн тул дээрх асуудлыг дахин шүүхэд гомдол гаргахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/00391 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан  Г.Дын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/00391 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.1” гэж өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа, 160 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Э.Ундармаа нар 2016-03-16-аас 2016-06-06-г хүртэлх хугацаанд явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хамтран өмчлөгч нарын эрхийг ноцтой хохироож энэ нь Үндсэн хууль, Иргэний хуулийн 103-р зүйлд заасан үндэслэлээр хамгаалах зохицуулалттай. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн БЗД 5-р хороо, 15-р хороолол 202 байрны 101 тоотод орших, 3 өрөө орон сууцыг  төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч 2016-03-16-ны өдрөөс  2016-06- 06-ны өдөр хүртэлх хугацаанд явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  хуулийн дагуу явагдаагүй. Энэ нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, хошууч Р.Энхтайваны 2017 оны 1 дүгээр тогтоол,гаргаж байсан  гомдол хүсэлтүүдээр  тодорхой нотлогдоно.  Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Г.Д 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2016 оны 03/16, эд хөрөнгө хураах тухай 2016 оны 03/17, үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 5/210, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 6/193 тоот тогтоол болон дуудлага худалдаанд оруулсан болон үнэлгээ хийлгэсэн тухай 2016 оны 3/21374, 3/27621 дугаар мэдэгдэл нь хүчингүй болгох мөн  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулахыг хариуцагчид даалгахыг шаарджээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн талын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Г.Цэнгүүнбаяраас 71,453,333 төгрөг гаргуулж Б.Эрдэнэ-Очирт олгох талаар    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11  дүгээр сарын 19-ний өдөр 7859 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 125 дугаар магадлал гарсан байх бөгөөд уг шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг хариуцагч явуулсан үйл баримт тогтоогдсон байна. 

       Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дундын өмчлөлийн хөрөнгийн хувьд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа өмчлөгч Г.Дын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлд заасан тогтоол, мэдэгдлийг хүчингүй болгохыг шаарджээ.

       Дундаа хэсгээр буюу дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн төлбөр төлөгчид оногдох хэсгээс төлбөрийг гаргуулах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн зохицуулалтыг зөрчихгүй бөгөөд энэ талаар шүүх зөв дүгнэлт хийсэн байна. 

       Хариуцагч байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийг тогтоох ажиллагааг явуулж улмаар үнэ тогтоосон мэдэгдэл, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны  тогтоолыг зохих журмын дагуу Г.Дд хүргүүлсэн байна.

       Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээв. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 676 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ