Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2021/0177

 

Ж.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.У, нэхэмжлэгчийн төлөөлөгч К.С, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 75 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Ж.Э-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 75 дугаар шийдвэрээр:

“...Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.3, 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 32.6, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдааны 09 дүгээр тогтоол илт хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/31 дүгээр захирамж хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон нэхэмжлэгч Ж.Э-ын ажилгүй байсан 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны цалин 9231430 (есөн сая хоёр зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун гуч)төгрөгийг гаргуулж эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдаан болон уг хуралдааны 10 дугаар тогтоол илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийн 35100 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож...” шийдвэрлэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо:

“...Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдаан болон тухайн өдрийн 09, 10 тоот тогтоолууд нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11, 12, 18, 25 дугаар зүйлийн дагуу хуулийн хүрээнд гарсан тогтоолууд болно. Нэхэмжлэгч нь маргахдаа Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 тоот “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийн 1.1-д зааснаар Иргэн, хуулийн этгээдээс зохион байгуулах олон нийтийн арга хэмжээг хориглосон байсан гэдэг. Гэвч тухайн үед Нийслэлийн засаг даргаас тодруулга авахад иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага тул түүний хуралдаан нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 тоот захирамжийн үйлчлэлд хамаарахгүй гэсэн тайлбарыг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хурлын 09 тоот тогтоолыг илт хууль бус байсан гэж шийдвэрлэжээ. Түүнчлэн үүнээс үүдэн нэхэмжлэгч Ж.Э-д ажилгүй байсан хугацааны 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 23-ны хооронд цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч болох Чингэлтэй дүүргийн Засаг даргаас гаргуулахаар шийдвэрлэжээ.

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдаан нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтын дагуу журмаар хуралдсан. Гэтэл тус хурлын дагуу гарсан 09 тоот тогтоолыг хууль бус тогтоол хэмээн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч нь дээрх тогтоолууд яагаад хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэж үзэж байгаа талаараа анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа дэлгэрэнгүй тайлбарласан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 0792 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн шаардлагыг хэсэгчлэн ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул үүгээр гомдол гаргаж байна. Хэргийн нөхцөл байдлыг тодруулж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0075 тоот шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож , нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Э-аас “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хуралдаан болон уг хуралдаанаар шийдвэрлэсэн 09, 10 дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Нийслэлийн Засаг даргаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.в-д “нутаг дэвсгэрийн ариун цэвэр-халдваргүйжилтийн байдалд хяналт тавьж, хүн амыг гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, уг өвчин гарч болох нөхцөл бүрдсэн буюу гарсан тохиолдолд нутаг дэвсгэртээ бүхэлд нь буюу хэсэгчлэн онцгой дэглэм тогтоох” гэж заасан эрхийн хүрээнд 2020 оны А/108 дугаар захирамжаар үүссэн цаг үеийн нөхцөл байдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан хурал цуглаан хийхийг хориглосон шийдвэр гаргажээ.

Дээрх   захирамж   гарсантай   холбогдуулан   Чингэлтэй   дүүргийн  иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нараас дүүргийн Засаг даргыг огцруулах саналыг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хурлын даргад гаргасан тул хуульд зааснаар 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэх заалттай уялдуулж, тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоолоор дээрх өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэх ээлжит бус хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 09 цагт хуралдуулахаар товлосон.

Гэтэл тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 19 төлөөлөгч хуралдааныг зарлан хуралдуулах эрхгүй атлаа 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ээлжит бус хуралдааныг хуралдуулсан, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, шийдвэрийн төслийг Тэргүүлэгчдээр хэлэлцүүлээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа Засаг даргад мэдэгдээгүй, түүний оролцоог хангаагүй, мөн  маргаан бүхий 09 дугаар тогтоолыг гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”, 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”, 32 дугаар зүйлийн 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэх заалтуудыг дагаж мөрдөөгүй нь хууль дээдлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцооны нэгдмэл байх шинжид халдсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ”, 32.3-д “Дээд шатны Засаг дарга...энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж зааснаар дүүргийн Засаг даргыг ажлаас чөлөөлөх эрх нь Нийслэлийн Засаг даргад хадгалагдаж байх ба харин дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй нөхцөл байдал тогтоогдвол зөвхөн огцруулах санал гаргах эрхтэй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд тус дүүргийн Засаг даргыг огцруулах асуудлыг шийдвэрлэж, маргаан бүхий 09 дүгээр тогтоолыг баталсан Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан нь өөрөө хуульд нийцээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.6-д “иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэж зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Мөн Ж.Э-ын ажилгүй байсан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 9231430 (есөн сая хоёр зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун гуч) төгрөгийг гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хэдийгээр дүүргийн Засаг дарга нь дүүргийн төсвөөс цалинждаг боловч Нийслэлийн Засаг даргаас бүрэн эрхийнхээ хүрээнд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ж.Э-ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн байх тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг түүнээс гаргуулж шийдвэрлэсэн нь зүйтэй. Харин Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчид олгогдох нөхөн олговрыг аль төсвөөс санхүүжүүлэхийг шийдвэрлэнэ.

Гэвч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 5 дахь заалтад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 35100 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хуулийн заалт буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 75 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА