Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 200

 

Л.О-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/1440/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны  өдрийн 1397 дугаар  шийдвэртэй, 

           Нэхэмжлэгч Тоос овогт Лувсандуламын О-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Цоохор овогт Дорждагвын О-т холбогдох 

           “400.000 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг

            Нэхэмжлэгч Л.О-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Л.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Дархан захын хүүхдийн хувцасны лангуу түрээслэн ажилладаг байхдаа Т.У-ээс мөнгө зээлж аваад буцааж өгөх гэж байхад хамт лангуу түрээслэдэг байсан Д.О- нь “наад мөнгөө түр миний данс руу оруулаад гаргаач, банкнаас зээл авахад дансаар мөнгө орж, гарсан байх ёстой гэдэг юм. Би мөнгө өгөх хүнрүү чинь шилжүүлье" гэж гуйхаар нь   400.000 төгрөгийг Т.У-ийн данс руу тэр дор нь буцаан шилжүүлэг хийсэн. Үүний дараа Т.У- бид хоёрын дунд мөнгөний маргаан гарахад Т.У-, Д.О-ийн дансаар дамжиж орсон 400.000 төгрөгийг тооцоонд оруулалгүй тусдаа авлагатай байсан юм гэж маргаж, шүүх энэ мөнгийг Т.У-ийн тооцоонд оруулан тооцолгүй Д.О-ийн дансанд мөнгө хийсэн бол тэр хүнээсээ л нэхэж ав гэж намайг хохироосон юм. Иймд Д.О-ээс 400.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Л.О- нь Т.У-т 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрийн утаснаас мобайлаар мөнгө шилжүүлэх гэтэл хариуцагч Д.О- нь өөрийн 5075008645 дугаартай харилцах данс руу шилжүүлээч дараа нь Т.У-т шилжүүлье гэж хүссэний дагуу дансанд нь мөнгийг шилжүүлсэн. Энэ нь дансны хуулгаар тогтоогддог. Шүүх Л.О-ээс хариуцагч Д.О-ийн дансанд шилжүүлсэн 400.000 төгрөгийг Т.У-ийн дансанд орсон нь нотлогдоогүй гэж шийдвэрлэсэн. Иймд учраас Д.О-ийн дансанд шилжүүлсэн 400.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан гэжээ.

Хариуцагч Д.О- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүүхдийн хувцасны лангуу ажилуулдаг Л.О- эгчийн Т.У- гэдэг хүний данс руу хийх ёстой байсан 400.000 төгрөгийг түр миний данс руу оруулаад гаргаач гэж гуйгаад дансандаа хийлгэсэн. Би энэ 400.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 5088102517 тоот дансны дугаартай Т.У-ийн дансанд буцаан шилжүүлсэн болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1397 дугаар  шийдвэрээр:   

Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1-д зааснаар Л.О-ийн нэхэмжлэлтэй Д.О-т холбогдох 400.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 12650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.О- давж заалдсан гомдолдоо:

Би Т.У-т нийт 6.759.000 төгрөг төлсөн байдаг. Гэтэл энэ хэргийг шийдвэрлэсэн шүүхийн 1020 дугаартай шийдвэр дээр 200.000 төгрөг нь хасагдаж 6.559.000 төгрөг гэж тооцооны болон бичиглэлийн алдаа гарч бичигдсэн байсан. Энэ алдаанаас болж зээлийн хүү алдангид тооцсон дүнд зөрүү үүсч нийт 400 000 төгрөгийг үндэслэлгүйгээр миний тооцооноос хасч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Ингээд давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдолоо тус тус гаргахад шүүхүүд энэ тооцооны зөрүүг харж зөвтгөж шийдвэрлэж чадаагүй юм. Би шүүхүүдийн буруу тооцоолсон шийдвэрээс болж 400.000 төгрөгөөр хохирч байна. Өмнөх шүүхийн шийдвэр, магадлалд Д.О-ийн дансаар дамжиж Т.У-ийн дансанд орсон 400 000 төгрөгийг оруулж тооцсон эсэх тал дээр тодорхой дүгнэлт хийж бичээгүй байдаг. Д.Алтантуяа шүүгч шүүхийн тооцооны алдаа гаргасан 400 000 төгрөгийг Д.О-ээс нэхэмжилж буй 400.000 төгрөгтэй андуурч нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь миний эрх ашгийг хохироож байна. Энэ тооцооллын алдааг залруулга хийлгэх гэж шат шатны шүүхэд гомдол гаргаж гомдолдоо тооцоог тодорхой сайн бичсэн байдаг. Гэтэл энэ тооцооны алдааг залруулж өгөхгүй хэргийг буруу шийдэж байснаас миний Д.О-ээс авах 400.000 төгрөг надад олгогдсонгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх зохигчдын дунд үүссэн маргаанд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн  үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх боловч тухайн маргаантай харилцаанд холбогдох хуулийн заалтыг оновчтой сонгож хэрэглээгүй тул хууль хэрэглээний хувьд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Л.О- нь хариуцагч Д.О-ээс 400.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж үндэслэлийг нь түүний дансаар дамжуулж уг мөнгийг зээлдүүлэгч Т.У-ийн дансанд шилжүүлсэн гэжээ.

Хэрэгт цугларсан баримтууд болон зохигчдын тайлбараас 2014 оны 12 сарын 09 ны өдөр Л.О- нь 400.000 төгрөгийг Д.О-ийн дансанд шилжүүлсэн энэ өдрөө Д.О- нь Т.У-ийн дансанд мөнгийг шилжүүлсэн нь нотлогдож байна.

Талууд энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа Т.У- нь Д.О-ээс авах авлагадаа миний Д.О-ийн дансаар шилжүүлсэн мөнгийг тооцож авсан гэсэн боловч энэ байдлаа нотлохоор шүүхэд ямар нэгэн баримт ирүүлээгүй байна.

Хэрэгт Л.О- болон Т.У- нарын хооронд үүссэн зээлийн маргааныг шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэр байх боловч уг шийдвэрүүд  Д.О-ийн данснаас орж ирсэн мөнгө Л.О-ийн зээлнээс хасагдаагүй, Т.У- Д.О- нар тооцоотой байгаад тооцоондоо уг мөнгийг суутгасан  болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

            Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх тухай зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болсон бөгөөд нэхэмжлэгчийн хариуцагчийг өөрийнх нь мөнгөөр бусдад төлөх авлагаа төлж үндэслэлгүй хөрөнгөжсэн гэсэн нэхэмжлэлийн үндэслэлийн  агуулга нь Иргэний хуулийн 492.1.1-д илүү нийцэж байна  гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нэхэмжлэгч Л.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1397 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1-д зааснаар гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар гэж өөрчилж бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

       2. Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

       3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

      4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА             

                                              ШҮҮГЧИД                                                      С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                      О.НАРАНГЭРЭЛ