Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/48

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч: Б.М 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Бгийн Мт холбогдох эрүүгийн .. тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Цэнхэр суманд ..-ны өдөр төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн бус дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 2, аавын хамт Архангай аймгийн .................гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, А овогт Бгийн М/РД:АЮ................/ 

 

                             Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгой хороололд хохирогч Б.Джийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн ... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Б.Джийн өгсөн: 

“...2019 оны 08 дугаар сарын 18-ны орой 20 цагийн орчим найз Мтэй тааралдаж айлд очьё гэхээр нь би дагаж очоод дэлгүүрээс 2.5 литрийн Сэрүүн нэртэй пиво 4 ширхэгийг аваад Бортолгойд байдаг Мгийн найзынд бид нар очоод авсан пивоо хувааж ууж байхад манай найз М би хулгайч хүн шүү гээд агсарч дайраад шууд зүүн гараараа миний дух хэсэг рүү цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа цохьсон. М эргээд намайг хөлөөрөө хавсарч унагаад 2 удаа хөлөөрөө миний толгой дагз хэсэг рүү өшиглөсөн. Дараа нь татаж босгож ирээд гараараа нэг удаа хацар чих хэсэг рүү нэг удаа цохьсон, өөр цохиж зодоогүй. Пиво ууж сууж байгаад гэнэт намайг цохиж зодох болсон, ямар нэг байдлаар хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Манай найз Б.М 2 удаа хөлөөрөө миний толгойн дагз хэсэг рүү өшиглөсөн мөн газраас татаж босгож ирээд миний чих хацар хэсэг рүү нэг удаа гараараа алгадсан, миний нуруу ууж хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн, өөр цохиж зодоогүй. Би тухайн үед Б.Мыг нэг удаа цохьсон, өөр хүнтэй маргалдаж зодолдоогүй. Би Б.М, түүний хоёр найз байсан, би тэр хоёр найзынх нь нэрийг мэдэхгүй, танихгүй. Намайг өөр хүн цохиж зодоогүй хамт байсан найз нар нь хараад байж байсан. Миний биед зодуулснаас болж чихнээс цус гарсан, хамраас их цус гарсан, миний толгой дагз хэсгээр хөшиж өвдсөн, нуруу хатгаж өвдөөд байгаа эдгээр гэмтлийг авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хэргийг хурдан хуулийн дагуу шийдэж өгнө үү. Эмчилгээ хийлгээд одоо эдгэрч байгаа, өвчин зовиур байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-11 дүгээр тал/ 

 

*Гэрч Ч.Бийн хохирогч Б.Джтой нүүрэлдэж өгсөн:

“...гэрч Ч.Бийн: 2019 оны 08 дугаар сарын дундуур манай хүү Б.Дж нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгойд айлын хашаанд хүнд зодуулчихлаа гэсэн тэрний дагуу би айлын хашаан дээр яваад очиход манай хүү Б.Дж нь хүнд зодуулсан байхаар нь эмнэлэг, цагдаа дуудаж мэдэгдсэн. Тухайн үед манай хүүгийн дух хэсэг нь хавдсан, хамраас нь цус гарсан, уруул хэсэг нь хавдсан байсан.

Хохирогч Б.Дж: Тухайн өдөр бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Б.Мтай муудалцаж намайг цохиж зодсон, хоёр найз нь намайг цохиж зодоогүй. Би тухайн үед согтуу байсан намайг цохиж авлаа гэж бодсон, өөр цохьсон байхгүй. 

Гэрч Ч.Бийн: Эд нар маргалдаад зодоон дууссан байсан, манай хүү надаа хэлэхдээ намайг Б.М зодлоо гээд байж байсан. Тэгэхээр нь би хамт явсан найз нартайгаа хамжиж зодсон байж магадгүй гэж бодсон

Хохирогч Б.Джийн: Тухайн үед тэнд байсан хүмүүс хоорондоо архи согтууруулах ундааны зүйл  хэрэглэж маргалдан зодоон хийсэн. Биеэ биеэ салгасан тэр үйл явдал нь цохиж зодоон хийж байгаа юм шиг харагдсан. 

Гэрч Ч.Бийн: Б.М гэдэг залуу манай хүү Б.Джийг цохиж зодсон, манай хүү тэд нартай барьцалдаж аваад тэнд байсан найзууд нь салгаад байсан, өөр зүйл болоогүй

Хохирогч Б.Джийн: Тухайн үед бид нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Б.М бид хоёр хоорондоо муудалцаад намайг Б.М цохиж зодох болсон, харин тэнд байсан Б.Мын найз нар бид хоёрыг салгаж байсан, салгах явцад бид нар хоорондоо зууралцаад байсан. Тухайн үед бид нар бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан, тухайн үед бид хоёрыг салгая гэсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-28 дугаар тал/ 

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 390 дугаартай “...Б.Джийн биед гэмтэл учирчээ. Б.Джийн биед, тархи доргилт, духанд, хамрын нуруунд, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Тархи доргилт, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, дух, хамрын нурууны жижин цус хуралтууд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь шинж байдлаараа шинэ гэмтэл байна. хэрэг гарах үед үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 34 дүгээр тал/ 

 

           *Яллагдагч Б.Мын өгсөн: 

“...2019 оны 08 дугаар сарын 18-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бортолгойн хороололд найзуудын хамт пиво ууж байгаад Б.Джтой маргалдаж хэл амаар доромжилж байгаад бид хоёр хоорондоо зодоон хийж би Б.Джийн нүүр толгой хэсэг рүү нь гараараа 3 удаа гараа атгаж байгаад цохьсон, өөр цохиж зодоогүй. Бид хоёрын дунд өр авлага таарамжгүй харьцаа байхгүй. Тухайн өдөр бид нар архи пиво ууж байгаад миний үүрч явсан суран гэртэй дуранг хараад чиний дуран юм хардаг юм уу гэх мэт үгнээс эхэлж маргалдах болсон, өөр ямар нэг шалтгаан байхгүй. Би Б.Джийн нүүр толгой ар дагз хэсэг рүү нь 3 удаа гараа атгаж байгаад цохьсон, өөр цохиж зодсон асуудал байхгүй. Манай найз Мөнхтамир, Мөнхтөгс, Б.Дж бид нар байсан, өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-53 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2019 оны 08 дугаар сарын 18-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгой хороололд иргэн  Б.Дж нь бусдад зодуулж, биед нь тархи доргилт, духанд, хамрын нуруунд, баруун чихний дэлбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.М үйлдсэн болох нь хохирогч Б.Джийн”... Бортолгойд байдаг Мгийн найзынд бид нар очоод авсан пивоо хувааж ууж байхад манай найз М би хулгайч хүн шүү гээд агсарч дайраад шууд зүүн гараараа миний дух хэсэг рүү цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа цохьсон. М эргээд намайг хөлөөрөө хавсарч унагаад 2 удаа хөлөөрөө миний толгой дагз хэсэг рүү өшиглөсөн. Дараа нь татаж босгож ирээд гараараа нэг удаа хацар чих хэсэг рүү нэг удаа цохьсон, өөр цохиж зодоогүй. Пиво ууж сууж байгаад гэнэт намайг цохиж зодох болсон, ямар нэг байдлаар хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Б.М 2 удаа хөлөөрөө миний толгойн дагз хэсэг рүү өшиглөсөн мөн газраас татаж босгож ирээд миний чих хацар хэсэг рүү нэг удаа гараараа алгадсан, миний нуруу ууж хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн, өөр цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Бийн”... 2019 оны 08 дугаар сарын дундуур манай хүү Б.Дж нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгойд айлын хашаанд хүнд зодуулчихлаа гэсэн тэрний дагуу би айлын хашаан дээр яваад очиход манай хүү Б.Дж нь хүнд зодуулсан байхаар нь эмнэлэг, цагдаа дуудаж мэдэгдсэн. Тухайн үед манай хүүгийн дух хэсэг нь хавдсан, хамраас нь цус гарсан, уруул хэсэг нь хавдсан байсан. Эд нар маргалдаад зодоон дууссан байсан, манай хүү надаа хэлэхдээ намайг Б.М зодлоо гээд байж байсан. Тэгэхээр нь би хамт явсан найз нартайгаа хамжиж зодсон байж магадгүй гэж бодсон...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 390 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Мын бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэн шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Хохирогч Б.Дж нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал шүүгдэгч Б.Мын хувьд тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Бгийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

             

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Мт оногдуулсан 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай. 

 

5. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР